| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/04785/И |
| Дугаар | 101/ШШ2024/05764 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2024/05764
| 2024 12 02 | 101/ШШ2024/05764 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Харчу овогт ын ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,анд байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох,
Гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн дугаар хороо,,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/,
Гуравдагч этгээд: ,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/,
Хууль бус эзэмшлээс ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагчийн өмгөөлөгч Б., гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., гэрч М.*******, Н.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан хайрга дайрга нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээгээр Булган аймаг Хангал сумын нутаг дэвсгэр Хангал сумаас Хялгант гүүр хүртэлх зам ажилд хэрэглэх хайрга дайргын буталгааны ажилд чулуу бутлуур ашиглах зорилгоор Ротер бутлуур 1 ширхэг, 600*900 Хацарт бутлуур 1 ширхэг, тэжээгүүр 1 ширхэг зэрэг чулуу бутлуурын тоног төхөөрөмжүүдийг 2022 онд худалдан авсан юм. Худалдан авсан чулуу бутлуурын тоног төхөөрөмжүүдийг 2022 оны 05 дугаар сард Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр Хялгант тосгонд хайраг дайргын бутлуурын ажилд ашиглахаар зөөж тээвэрлэн суурилуулсан. 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр Хялгант тосгонд байрлах өөрийн өмч болох Ротер бутлуур 1 ширхэг, 600*900 Хацарт бутлуур 1 ширхэг, тээжээгүүр 1 ширхэг, техникийн зөөврийн байр 1 ширхэгболон цахилгааны эд анги, туузан дамжуулагч /конвейр/ 6 ширхэгийг авахаар очиход ******* гэх компани энэ чулуу бутлуурын тоног төхөөрөмжүүд нь манай өмч, бид өр төлбөрт авсан гэх зэргээр янз бүрийн шалтаг хэлж миний чулуу бутлуурын тоног төхөөрөмжүүдийг өгөөгүй.
Ингээд компанийн захирал гэх н.******* гэдэг хүнтэй уулзаад миний өмч би үүнийг худалдан авсан гэхэд бутлуурыг өгөхөөр тохиролцсон хүнтэй уулзаж байж энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн боловч чулуу бутлуурын тоног төхөөрөмжүүдийг өгөөгүй өдий хүрч байна.
Иймд Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр Хялгант тосгонд байрлах миний өмчлөлийн Ротер бутлуур 1 ширхэг, 600*900 Хацарт бутлуур1 ширхэг тээжээгүүр 1 ширхэг, техникийн зөөврийн байр 1 ширхэг болон цахилгааны мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч /конвейр/ 6 ширхэгийн хамт *******" ХХК-ийн хууль бус эзэмшлээс надад гаргуулан өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай ******* ХХК нв чиглэлийн орон нутгийн чанартай авто замын 2-р багц буюу Хангал сумын төвөөс Хялганатын төмөр бетон гүүр хүртэлх 16 км авто замын ажлыг гүйцэтгэх гэрээний хүрээнд ******* ХХК-тай 2022 оны 05 сарын 20-ны өдөр №22/17, №22/18 тоот гэрээг тус тус байгуулан ажилласан. Тухайн гэрээнд авто замын ажлын Буталсан чулуун суурь болон Асфальт бетон хучилтийг хийж гүйцэтгэхтэй холбогдон захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулахаар заасан.
Дээр дурдсан ******* ХХК нь ******* ХХК-тай Хайрга дайрга нийлүүлэх, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөн ******* ХХК нь Тэ Би Гэгээн тал ХХК-тай 2022 оны 09 сарын 28-ны өдөр №2202 тоот гэрээг тус тус байгуулан ажилласан боловч манай компанитай байгуулсан гэрээний дагуу Хайрга, дайргыг хугацаанд нь бэлтгэж нийлүүлээгүй болно. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* ХХК болон Тэ Би Гэгээн тал ХХК нарын хамтран /өөрийн биеэр/ ирж баталгаа гаргасан баримт бичигт Тэ Би Гэгээн тал ХХК нь ******* ХХК-тай тохиролцож өөрийн бутлуурыг угсарч ажиллаж байна. Мөн бичгийн 2 дахь заалтанд 2022.10.30-ний байдлаар үндсэн хүчин чадлаар бүрэн ажиллаж байгаагаа нотлох дахь заалтанд хэрэв энэ хугацаанд хүчин чадлыг бүрэн хэмжээгээрээ ажиллуулж харуулж чадахгүй бол Угсарч байрлуулсан Бутлан ангилах төхөөрөмжийг барьцаа болгон өгөх болно гэж баталгаа гаргаж өгсөн болно. Тус баталгааны хугацаанд шаардлагыг хангаагүй тул Тэ Би Гэгээн тал ХХК-ийн бутлан ангилах төхөөрөмжийг хураан авсан болно. Тухайн нэхэмжлэл нь манай компанитай хамааралгүй болно. ******* ХХК нь манай ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Мөн иргэн Г.*******тэй хамтран ажиллах ямар ч гэрээ байгуулаагүй
гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай ******* ХХК нь ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Эрдэнэт Хялганат чиглэлийн 23.63 км авто замын ажилд хамтран ажиллаж байсан. Авто замын буталсан чулуу, асфальтбетон, бетон зуурмагийн ажилд шаардлагатай 75000 м.куб буталсан чулууг бутлах ажилд ******* ХХК-ийн Ерөнхий захирал БНХАУ-ын иргэн -иар гүйцэтгүүлэх болж гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр болон бусад төлбөрүүдийг тус компанийн заасан дансанд шилжүүлсэн. Тус компани нь ажлын гүйцэтгэлд доголдол үүсэж ажил хийж чадахгүй бол гэрээ цуцлах талаар удаа дараалан мэдэгдсэний дагуу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-ийн Ерөнхий захирал БНХАУ-ын иргэн нь баталгаа гарган бутлуурыг сайжруулахад шаардлагатай 50,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Мөн ******* ХХК-иас 1,377,685,083 төгрөгийг чулуу бутлуурын үйл ажиллагаанд зориулж ******* ХХК-ийн Ерөнхий захирал БНХАУ-ын иргэн -ны төлбөрийг заасан дансанд шилжүүлж ирсэн бөгөөд ******* ХХК-ийн Ерөнхий захирал БНХАУ-ын иргэн нь 75000 м.куб чулуу бутлах ёстой байтал ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй, ажил дуусгаагүй хаяж явсан, буталсан чулуугаар замын суурь тавих ёстой байтал буталсан чулуу нь цаг хугацаандаа гаргаагүй, тоо хэмжээндээ хүрээгүйгээс болж технологоо өөрчлөн цементэн суурь тавьснаас үүдэн манай компани болон Хурдны ХХК-д их хэмжээний хохирол учруулсан юм.
Хөрөнгө барьцаа болгон шилжүүлсэн ******* ХХК-ийн Ерөнхий захирал БНХАУ-ын иргэн нь шударга бус хандаж ******* ХХК болон ******* ХХК-д төслийн ажилд шударга бусаар хандаж 26500 м.куб гүйцэтгэж үүргээ хагас дутуу доголдолтой гүйцэтгэж амлалт, баталгаа нэрээр худал тайлбар тавьж ирэн саад хийж их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа алдуулсан үлэмж маргаантай мөн нэхэмжлэгч ******* гэх иргэнтэй ******* ХХК нь дээрх ажилд ямар нэгэн байдлаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй төлбөр мөнгө шилжүүлж байгаагүй болно. Иймд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бутлуур нь манай өмчлөлийнх биш. Манай ажлын талбайд манай ажлыг гүйцэтгэх зорилгоор Г.******* ирж 2022 оны хавар замын хайрга бутлуурыг ирж буулгасан. Дээрх бутлуурын тоног төхөөрөмжүүд нь Г.*******ийн хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Манай компанийн захирлыг дарамталж байгаад ******* ХХК-д баталгааны баримтад гарын үсэг зуруулсан гэв.
5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
5.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, Хайрга, дайрга нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээ, орлогын мэдүүлгийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, захирлын тушаал, ажлын тооцоо, фото зураг, дансны хуулга, худалдах-худалдан авах гэрээ,
5.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, баталгааны баримт, ******* ХХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, ажил гүйцэтгэх гэрээ, худалдах-худалдан авах гэрээ,
5.3 гуравдагч этгээдээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, төлбөр шилжүүлсэн тооцоо,
5.4 шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хууль бус эзэмшлээс ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ******* ХХК, ******* ХХК нар оролцож, ******* ХХК нь хариуцагчийн тайлбарыг, ******* ХХК нь нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус дэмжиж оролцсон.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон.
3.1 Нэхэмжлэгч Г.******* нь Д.тай 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, 125,000,000 төгрөгөөр хайрга дайрганы бутлуур ширхэг эд ангийг 125,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна. Уг гэрээний ар талд Д. гэх хүнээс гараар ...миний бие Г.*******т нийт5,000,000 төгрөг бэлэн өгөөд үлдэгдэл тооцоонд 600х900 хацарт бутлуур, тэжээгүүр хамт өгч төлбөр тооцоо дууссан болно. Нийт 125 сая төгрөг бодож оос бутлуур авсан болно гэж бичсэн байна.
Мөн техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэрэг хөдлөх эд хөрөнгийг Өвөр Монгол улсын иргэн н.Буян гэх хүнээс худалдан авч, үнийг М.*******ийн дансаар дамжуулан төлсөн болох нь дансны хуулгын баримтаар тогтоогдсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон М.*******, Н.******* нараас Г.*******ийг 2022 онд ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргийг Д. болон н.Буян гэх иргэдээс худалдан авч, тэдгээрийн тусламжтайгаар зөөвөрлөж, хүргүүлж авсан болон төлбөрийг төлсөн үйл баримтыг мэдүүлсэн.
3.2 Нэхэмжлэгч Г.******* нь ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон.
******* ХХК нь 2022 онд ******* ХХК-тай Хайрга-дайрга нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэр Хангал сумаас-Хялгант гүүр хүртэл ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч ******* ХХК-д чанарын шаардлага хангасан 100,000 м.куб хайрга-дайрга нийлүүлэхээр тохиролцсон байна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Г.******* нь бусдаас худалдан авсан ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмжийг ******* ХХК-ийн заасан талбайд ажил гүйцэтгэхэд зориулж байрлуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
3.3 ******* ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК-тай чиглэлийн Хангал сумын төвөөс Хялганатын төмөрбетон гүүрийн ажлын захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 23.6 м.кв замын ажлын төмөр бетон гүүрийн ажлыг 2023 оны 08 сарын0-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохирсон байна.
******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан 23.6 м.кв замын ажлыг гүйцэтгэхийн тулд дээр дурдсан ******* ХХК-тай 100,000 м.куб хайрга-дайрга нийлүүлэх гэрээг байгуулжээ.
Мөн ******* ХХК нь уг замын ажлыг гүйцэтгэхдээ 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* ХХК-тай хайрга-дайрга нийлүүлэх худалдах-худалдан авах гэрээг байгуулж, ******* ХХК нь чанарын шаардлага хангасан 75,000 м.куб хайрга, дайргыг нийлүүлэхээр тохирчээ.
Тодруулбал, ******* ХХК нь ******* ХХК-иар 23.6 м.кв замын ажлын төмөр бетон гүүрийн ажлыг гүйцэтгүүлэх, уг ажлыг гүйцэтгэхдээ ******* ХХК нь ******* ХХК болон ******* ХХК-иудаар хайрга, дайргыг нийлүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр тус тус тохирсон үйл баримт хэрэгт авагдсан бичгийн гэрээ, талуудын хэн алины тайлбараар тус тус тогтоогдсон.
******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан хайрга, дайрга нийлүүлэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхээр маргааны зүйл болох хөдлөх тоног төхөөрөмжийг ******* ХХК-ийн зааснаар ажлын талбайд байрлуулсан, уг ажлын талбайд туслан гүйцэтгэгч ******* ХХК болон ******* ХХК нар хайрга-дайрга нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байжээ.
Одоо маргааны зүйл болох ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмж нь Хурдын зам ХХК-ийн эзэмшилд байгаа үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.
4. Нэхэмжлэгч Г.*******өөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тоног төхөөрөмжөө ажлын талбайд үлдээгээд явсан. Ажил дууссан тэр даруй зөөгөөд аваад явахад бэрхшээлтэй байдаг тул харуулдаа захиад явсан. Тоног төхөөрөмжөө буцаад авахаар ирэхэд ******* ХХК-ийн эзэмшилд байсан ба эд зүйлээ авъя гэхэд өгөөгүй. Би өөрийнхөө харуулд үлдээгээд явсан байхад ******* ХХК нь үндэслэлгүйгээр миний өмчлөлийн тоног төхөөрөмжийг өгөхгүй байна гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Г.*******тэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй. Манай компанийн туслан гүйцэтгэгч ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч ******* ХХК нь ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул дээрх тоног төхөөрөмжийг манайд барьцаалсан. Энэ нь уг компаниас гаргасан баталгааны баримтаар тогтоогдоно. Тоног төхөөрөмжийг барьцаалах үед ******* ХХК-ийн өмчлөлийнх биш гэдгийг мэдэх боломжгүй байсан. Г.******* нь тоног төхөөрөмжийн өмчлөгч гэдгээ баримтаар нотлохгүй байна гэж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК хариуцагчийн тайлбарыг дэмжиж ...******* ХХК нь тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгө гэж бидэнд ойлгуулсан. Ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул уг тоног төхөөрөмжийг манай ерөнхий гүйцэтгэгч ******* ХХК нь барьцаалсан. ******* ХХК нь ажлыг гүйцэтгэхдээ тоног төхөөрөмжид 50,000,000 төгрөгийн засвар оруулах зардлыг өгвөл ажлыг бүрэн гүйцэтгэнэ гэж манай компаниас 50,000,000 төгрөгийг авсан гэж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжиж ...уг тоног төхөөрөмжүүд нь Г.*******ийн өмчлөлийн хөрөнгө. Анх ажил гүйцэтгэх үед Г.******* нь ******* ХХК-ийн зааснаар талбайд авчирч суурилуулж байсан. Хурдын зам ХХК-д гаргасан баталгааны баримтад манай захирлыг дарамталж байгаад гарын үсэг зуруулсан гэж тус тус тайлбарлаж маргасан.
5. Талуудын маргааны зүйл болох ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч Г.******* нь бусдаас худалдан авсан болох нь дээр дурдсанаар гэрчийн мэдүүлэг, бичгийн гэрээ, дансны хуулгаар тус тус тогтоогдсон. Уг үйл баримтыг хариуцагч баримтаар үгүйсгэж, няцаагаагүй.
Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч Г.******* нь тоног төхөөрөмжийн үнийг төлөхдөө М.*******ийн дансаар дамжуулан худалдагчийн заасан дансанд төлсөн нь хууль зөрчөөгүй байна. Иймд хариуцагчаас гаргасан өөр хүний дансаар төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчийг тоног төхөөрөмжийн үнийг төлсөн гэж үзэхгүй гэх тайлбар үндэслэлгүй.
Мөн талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр маргааны зүйл болох тоног төхөөрөмжид арлын дугаар бүхий бүртгэлийн гэрчилгээ байдаггүй болох нь тогтоогдсон.
Хариуцагч Хурдын зам ХХК нь нэхэмжлэгч Г.*******ийг маргааны зүйл болох тоног төхөөрөмжийн өмчлөгч болох нь баримтаар тогтоогдохгүй гэж маргах боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй. Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр Г.******* нь ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын үнийг төлж худалдан авсанаар тоног төхөөрөмжийн өмчлөгч болох нь тогтоогдож байна.
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.
Хариуцагч Хурдын зам ХХК нь маргааны зүйл болох тоног төхөөрөмжийг өөрийн эзэмшилд байгаа үйл баримтад маргаагүй. Харин уг тоног төхөөрөмжийг хуульд зааснаар эзэмшилдээ олж авсан, ******* ХХК-ийг ажлаа бүрэн гүйцэтгэвэл уг компанид буцаан хүлээлгэн өгнө гэж тайлбарласан. Энэ тохиолдолд хариуцагч нь маргааны зүйл болох тоног төхөөрөмжийг хуульд заасан аргаар олж авсан болохоо баримтаар нотлох үүрэгтэй.
6.1 ******* ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.*******д хийж буй ажилд баталгаа гаргах нь гэх баримтыг үйлдэж, уг баримтад хамтран ажиллагч ******* ХХК гэж тусгаж, тус компаниудын захирлууд гарын үсгээ зурсан байна.
Уг баримтад ...Миний бие чиглэлийн 23.63 км авто замын буталсан чулуу, асфальтбетон, бетон зуурмагын ажилд шаардлагатай 75000 м3 буталсан чулууг буталж дуусгахаар ******* ХХК-ийн *******-тай тохиролцож өөрийн бутлуурыг угсарч ажиллаж байна. Үндсэн хүчин чадлаар өдөрт 1000м3 буталсан чулуу гаргах хэмжээнд хүргэх үүрэгтэй. Одоогийн байдлаар өдөрт 150м3 буталсан чулуу бэлтгэж нийт 600м3 буталсан чулууг бэлдсэн байна. Иймээс тооцоот хүчин чадлаар ажиллахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч цаашид хийгдэх ажилдаа баталгаа гаргаж өгч байна. Одоо байгаа бутлуурыг сайжруулахад шаардлагатай байгаа зардалд 50,000,000 төгрөг урьдчилгаа болгон авах. 2022.10.30-ны байдлаар үндсэн хүчин чадлаар бүрэн ажиллаж байгаа нотлох. Хэрэв энэ хугацаанд хүчин чадлыг бүрэн хэмжээгээрээ ажиллуулж харуулж чадахгүй бол угсарч байрлуулсан бутлан ангилах төхөөрөмжийг барьцаа болгон өгөх болно гэжээ.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Хариуцагч нь дээрх баталгаа гэх баримтыг үндэслэн барьцааны гэрээ байгуулах замаар тоног төхөөрөмжийг эзэмшилдээ авсан гэж маргах боловч уг баримтад агуулагдсан мэдээллээс үзэхэд ямар хэмжээний үүргийн гүйцэтгэлд хэний өмчлөлийн ямар эд хөрөнгийг барьцаалсан болох нь тодорхойгүй байна. Тодруулбал, уг баталгааны баримтад талуудын маргааны зүйл болох ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмжийг тодорхой нэрлэн заагаагүй байна.
Мөн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Уг баталгааны баримтад ...бутлан ангилах төхөөрөмжийг барьцаа болгон өгөх болно гэснээс үзэхэд бутлан ангилах гэж ямар дагалдах эд зүйлсээс бүрдсэн хөрөнгийг барьцаагаар хангагдах ямар үүргийн гүйцэтгэлд хэзээ барьцаалахаар тохирсон болох нь тодорхойгүй байна.
6.2 Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ гэж заасан. Гэвч хариуцагч ******* ХХК нь хэний өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө буюу тоног төхөөрөмжийн эзэмших эрх хэнд байгаа талаарх үйл баримтыг тодруулалгүй маргааны зүйл болох эд хөрөнгийг барьцаалах эрхгүй этгээдээс эзэмшилдээ авсан байх тул шударга эзэмшигч гэж үзэхгүй.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХХК-иас маргааны зүйл болох тоног төхөөрөмжийг бусдад барьцаалах эрхийг Г.*******өөс олгоогүй болохыг тайлбарласан.
7. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* ХХК нь Г.*******ийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмжийг ******* ХХК-иас шилжүүлж авахдаа хуульд заасан арга, хэлбэрээр аваагүй болох нь тогтоогдож байна.
Иймд хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмжийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Хариуцагч Хурдын зам ХХК нь буруутай этгээдээс гүйцэтгэвэл зохих үүрэг болон учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс ротер бутлуур, хацарт бутлуур, тэжээгүүр, техникийн зөөврийн байр, цахилгаан мотор, цахилгааны утас, туузан дамжуулагч зэргээс бүрдсэн бутлуурын тоног төхөөрөмжийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ