| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 102/2022/00121/И |
| Дугаар | 101/ШШ2024/04745 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2024/04745
2024 10 16 101/ШШ2024/04745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................................ тоот, ******* инвест ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................................тоот, ******* ХХК-д /РД: *******/ холбогдох,
65,097,220 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-ийн илүү төлсөн 19,531,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн захирал Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн захирал Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани ******* ХХК-тай аман гэрээ байгуулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багт ******* хорооллын тохижилтын ажлын авто замын бетон зуурмагыг нийлүүлэхээр болж, М200 маркийн бетон зуурмагыг 1 м3-ыг 190,000 төгрөгөөр тооцон нийлүүлэхээр тохиролцсон.
Тохижилтын ажил эхэлж урд талын авто замын хэсэгт 150 м3 бетон зуурмаг шаардлагатай байна гээд 2021 оны 08 сарын 26-ны өдөр урьдчилгаа 25,000,000 төгрөг шилжүүлсэн.
2021 оны 08 сарын 30-ны өдөр ажил эхлэхэд түр мөнгө хэрэгтэй байна гээд 10,000,000 төгрөг буцааж аваад 08 сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 09 сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг тус тус буцаан шилжүүлсэн.
Бетон зуурмагын ажлыг гүйцэтгэх явцад төлөвлөсөн бетоны хэмжээ нэмэгдэж урд хэсгийн авто замыг дуусгахад 280 м3 бетон зуурмаг орсон нь 53,200,000 төгрөг болсноос урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг өгсөн бөгөөд үлдэх төлбөр 33,200,000 төгрөг болсон .
Дээрх 33,200,000 төгрөгийг болон дараагийн ажлын урьдчилгааг гүйцэтгэл бичин орж ирсэн санхүүжилтээс өгөхөөр тохирч авто замын хойд хэсгийн ажилд үргэлжлүүлэн орсон. Санхүүжилт нь орж ирсэн боловч манайд 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
Өмнөх тооцооны үлдэгдэл болон одоо гүйцэтгэж байгаа ажлын урьдчилгааг хэзээ өгөх талаар тодруулахад мөнгө байхгүй, бартераар машин өгье гэх санал тавьсан.
Бичгээр гэрээ байгуулах нь зүйтэй гэж үзсэн ба бартераар машин өгөх ******* ХХК-ийн саналыг хүлээн зөвшөөрч, бартерт өгсөн машиныг нь авч 2021 оны 09 сарын 27-ны өдөр бетон зуурмагын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулан 400 м3 бетон зуурмагын ажлыг гүйцэтгэхээр тохирч 2021 оны 10 сарын 03-ны өдөр хүртэл уг ажлыг гүйцэтгэсэн.
Уг 2021оны 09 сарын 27-ны өдрийн гэрээний 4.6-д өмнө хийсэн буюу 2021 оны 08 сарын 25-ны өдрөөс 09 сарын 24, 25-ны орчим хүртэл гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл хэсгийн талаар тусгасан.
390 м3 бетон зуурмагын ажил гүйцэтгэсэн боловч 2021 оны 10 сарын 13-ны өдөр 105,000,000 төгрөгийн санхүүжилт Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас авсан атлаа гэрээний 4.4, 4.6 дахь заалтуудад заасан мөнгөө өгөөгүй, үлдэгдэл тооцоог шилжүүлээгүй.
Гэрээний 4.4-т заасан 30,000,000 төгрөг, 4.6-д заасан 9,976,000 төгрөгийн тал хувь буюу 4,988,000 төгрөг, нийт 34,988,000 төгрөг, 34,988,000 төгрөгийн алданги 2021 оны 12 сарын 20-ны өдрийн байдлаар тооцоход 63 хоног ба нийт 11,021,220 төгрөг болсон.
Гэрээнд заасан үлдэгдэл тооцоо 54,076,000 төгрөг, алданги 11,021,220 төгрөг, нийт 65,097,220 төгрөг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан.
Ингээд 2024 оны 07 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага 65,097,220 төгрөгийн задаргааг тодруулан нэхэмжилсэн.
Үүнд 2021 оны 09 сарын 27-ны өдрийн бетон зуурмагын гэрээний төлбөр 30,000,000 төгрөг, гэрээний 4.6-д заасан төлөгдөөгүй 9,700,000 төгрөг, 9,700,000 төгрөгийн алданги 4,850,000 төгрөг, нийт 44,550,000 төгрөг, алданги 20,547,220 төгрөг, нийт 65,097,220 төгрөгийг гаргуулахаар тодруулсан.
Иймд хариуцагч ******* ХХК-иас 65,097,220 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани ******* инвест ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ 2021 оны 09 сарын 27-ны өдөр байгуулан гэрээний 1.1-т зааснаар М200 маркийн бетон зуурмагыг гэрээний 4.4-т зааснаар 1 м3 тутмыг нь 190,000 төгрөгөөр авахаар тохиролцсон.
******* инвест ХХК-д ******* ХХК нь 2021 оны 08 сарын 26-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдрийн хооронд 20,000,000 төгрөг, дараагийн ажлын буюу 2021 оны 09 сарын 27-ны өдрийн гэрээний ажлын гүйцэтгэлээс 30,000,000 төгрөг, лексус маркийн 57-35 УНЭ улсын дугаартай авто машиныг 30,000,000 төгрөгт тооцон, Бор намхай инвест ХХК-ийн Сартус ХХК-д төлөх төлбөр 12,700,000 төгрөг, нийт 92,700,000 төгрөгийг төлсөн.
******* ХХК нь ******* инвест ХХК-иас М200 маркийн бетон зуурмаг 1 м3-ыг нь 190,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. Бор намхай инвест ХХК нь 550 м3 бетон зуурмаг нийлүүлсэн гэж 65,097,220 төгрөг нэхэмжилсэн боловч эдний манайд нийлүүлсэн бетон зуурмаг М200 маркийнх бус М150 маркийн зуурмаг нийлүүлсэн нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон.
Иймд 2021 оны 09 сарын 27-ны өдрийн бетон зуурмагын гэрээний төлбөр 30,000,000 төгрөг, гэрээний 4.6-д заасан төлөгдөөгүй 9,700,000 төгрөг, 9,700,000 төгрөгийн алданги 4,850,000 төгрөг, нийт 44,550,000 төгрөг, алданги 20,547,220 төгрөг, нийт 65,097,220 төгрөгийг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХХК нь ******* инвест ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ 2021 оны 09 сарын 27-ны өдөр байгуулан гэрээний 1.1-т зааснаар М200 маркийн бетон зуурмагыг гэрээний 4.4-т зааснаар 1 м3 тутмыг нь 190,000 төгрөгөөр авахаар тохиролцсон.
******* инвест ХХК-д ******* ХХК нь 2021 оны 08 сарын 26-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдрийн хооронд 20,000,000 төгрөг, дараагийн ажлын буюу 2021 оны 09 сарын 27-ны өдрийн гэрээний ажлын гүйцэтгэлээс 30,000,000 төгрөг, лексус маркийн 57-35 УНЭ улсын дугаартай авто машиныг 30,000,000 төгрөгт тооцон, Бор намхай инвест ХХК-ийн Сартус ХХК-д төлөх төлбөр 12,700,000 төгрөг, нийт 92,700,000 төгрөг төлсөн.
Ажил гүйцэтгэх явцад талууд ямар маркийн бетон зуурмаг, хэдий хэмжээтэй нийлүүлсэн эсэх талаар баримт байхгүй байсан тул ******* ХХК нь шинжээч томилуулах хүсэлт гарган мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилсон.
Шинжээчээр томилогдсон Барилгын хөгжлийн төвийн шинжээч нар газар дээр нь очиж хэмжилт хийхэд талууд нь хэн аль нь байлцсан бөгөөд ******* инвест ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагаас дээж авсан.
Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн дүгнэлтэд нийт 3,844.6 м3 талбайд бетон зуурмаг цутгасан ба үүнээс Бор намхай инвест ХХК нь 3,081.5 м2 талбайд 488,37 м3 бетон зуурмаг цутгасан байх бөгөөд Бор намхайн инвест ХХК-ийн цутгасан 488,37 м3 бетон зуурмаг чанарын шаардлага хангаагүй буюу М200 маркдаа тэнцэхгүй буюу М150 маркийнх болох нь тогтоогдсон.
Бор намхай инвест ХХК-ийн нийлүүлсэн 488,37 м3 бетон зуурмагыг 2021 оны 07 сарын М150 маркийн бетон зуурмагын ханшаар тооцон сөрөг нэхэмжлэл гаргасан.
488,37 м3-ыг М150 маркийн 1 м3-ын үнэ 144,614 төгрөгөөр үржүүлэхэд 70,625,139 төгрөг болж байна. Манай компани Бор намхай инвест ХХК-д нийт 92,700,000 төгрөг өгсөн ба үүнээс 70,625,139 төгрөгийг хасч тооцон сөрөг нэхэмжлэл гаргасан. Нийт өгсөн 92,700,000 төгрөгөөс 70,625,139 төгрөгийг хасахад 22,074,860 төгрөг байх ба тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргасан байна.
19,531,800 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан тул энэ хэмжээгээрээ нэхэмжилнэ. 2,543,060 төгрөгийг тооцохгүй гэв.
Нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн захирал Б.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК-тай манай компани эхний удаа аман гэрээ байгуулан уг замын ажлын 1-р хэсгийг хийж гүйцэтгэсэн ба нийт 280 м3 бетон зуурмаг нийлүүлэн 53,200,000 төгрөгийг тус ******* ХХК төлөхөөс 50,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 3,200,000 төгрөгийг төлөөгүй байсан.
Ингээд тухайн замын ажлын 2-р хэсэгт 400 м3 бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулан урьдчилгаа төлбөрт авто машин өгөхөөр тохирсон байсан ч тухайн авто машин банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавигдсан байсан тул уг зээлийг нь хаахад зарцуулсан 6,500,000 төгрөг, өмнөх үлдэгдэл 3,200,000 төгрөгийг төлөх талаар 2021 оны 09 сарын 27-ны өдрийн гэрээнд тусгасан.
******* ХХК нь өмнө нийлүүлсэн 280 м3 бетон зуурмагтай холбоотой маргаагүй, үлдэгдэл төлбөрөө төлөх талаар бичгээр байгуулсан гэрээнд тусгасан.
Харин сүүлд нийлүүлсэн 390 м3 бетон зуурмаг дээр маргаан үүсгэж байгаа боловч Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд 2-р хэсэгт хэдэн м3 орсон талаар тусгаагүй.
Шинжээч тухайн газар очих үед би байсан бөгөөд манай бетон зуурмаг цутгасан нийт талбайгаас дээж авсан.
Бетон зуурмаг М200 маркаар нийлүүлэгдсэн боловч шинжилгээгээр М150 маркийнх гэж дүгнэлт гарсан бөгөөд манай компани зуурмаг нийлүүлэх үедээ Барилгын хөгжлийн төвийн лабораторид цемент, хайрга, дайрганы дээжээр орц найрлага гаргуулан бетон зуурмаг үйлдвэрлэсэн.
Харин бетон зуурмаг цутгасны дараа тодорхой хэмжээнд арчилгааг ******* ХХК хийх байсан ба арчилгаа хийж байж бетон зуурмаг маркаараа бэхждэг. ******* ХХК нь бетон зуурмагаас дээж авч шинжилгээнд өгөх байсан бөгөөд дээж аваагүй, арчилгаа хийгээгүй.
Иймд хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
******* инвест ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
2021 оны 09 сарын 27-ны өдрийн бетон зуурмагийн ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, итгэмжлэлүүд, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
Захирал Д.Батчимэгийн оршин суугаа хаягийн лавлагаа, нэхэмжлэх,
Дундговь аймгийн засаг даргын тамгын газартай ******* ХХК-ийн 2021 оны 12 сарын 08-ны өдөр байгуулсан ******* хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлын нэмэлт гэрээ,
Бор намхай инвест ХХК-д хүргүүлсэн 2022 оны 01 сарын 04-ний өдрийн А/5 тоот албан шаардлага,
Сартус ХХК-д цементны үнэ 6,000,000 төгрөг төлсөн баримт, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ******* ХХК-д хүргүүлсэн 2021 оны 11 сарын 25-ны өдрийн 3/453 тоот үүрэг даалгаврын хэрэгжилт хангуулах тухай албан бичиг,
Сартус ХХК-ийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн 22/08 тоот ******* ХХК-иас 12,000,000 төгрөгийг хүлээн авсан тухай албан бичиг,
Барилгын хөгжлийн төвөөс эрхлэн гаргадаг Барилгын мэдээлэл сэтгүүл зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 8749 дугаар захирамжаар нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн хүсэлтээр Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас:
-******* ХХК нь Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас зарласан ******* хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу уг ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой хэдэн төгрөгийн санхүүжилтийг хэзээ авсан талаарх лавлагааг холбогдох баримтуудыг гаргуулахаар,
2022 оны 06 сарын 08-ны өдрийн 14412 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтээр:
-Жи Мобайл ХХК-иас нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн захирал Б.*******ын ******* дугаарын утаснаас хариуцагч ******* ХХК-ийн ажилтан Д.*******ын дугаарын утас руу 2021 оны 08 сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 сарын 03-ны өдрүүдэд явуулж байсан мессэж болон хариу мессэжүүдийг баримтын хамт гаргуулах,
-Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас:
Мөн аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, ******* хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтийн ажлын үйл явц, уг ажлын үйл явц хэрхэн явагдаж байгаа талаарх баримтуудыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар,
Хариуцагч талын хүсэлтээр:
-Хариуцагч ******* ХХК-ийн тус компанийн ажилтан Д.*******ын Хурд хүч гэсэн фасебүүк хаягаас Балжинням ******* хаяг руу 2021 оны 09 сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 сарын 27-ны өдрийн хооронд харилцаж байсан чатуудад үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, үзлэгийн товыг жич тогтоон,
-Нэхэмжлэгч ******* инвест ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 65.097.220 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилон Дундговь аймаг дахь ******* хорооллын зам талбайн ажилд нийлүүлсэн бетон зуурмагын хэмжээ, нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн уг зам талбайн ажилд нийлүүлсэн бетон зуурмагын хэмжээ,
Уг зам талбайн ажилд нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн нийлүүлсэн М200 маркийн бетон зуурмаг нь М200 марканд хүрэх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар,
2023 оны 01 сарын 09-ний өдрийн 1412 дугаар шүүгчийн захирамжаар Барилгын хөгжлийн төвөөс Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн захиалагчийн хяналтын инженер М.Төртүвшин, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ундрам нарын талаархи мэдээлэл буюу боловсрол, мэргэжил, ажлласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаалын байдалтай холбоотой баримт, тодорхойлолтыг,
2023 оны 11 сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, ******* хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтийн ажлын үйл явц, уг ажлын үйл явц хэрхэн явагдаж байгаа талаарх баримтуудыг,
2023 оны 12 сарын 04-ний өдрийн 28512 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтээр Барилгын хөгжлийн төвөөс:
-2022.10.10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хариулт Б хэсэг дэхь:
Тус үзлэгээр ******* хороолол-ын зам талбайн ажилд нийлүүлсэн бетон зуурмагаас дээж авч БХТ-ийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори-д шинжилгээ туршилт хийлгэсэн.
БХТ-ийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори-ийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн Cu1377 кодтой шинжилгээний дүнгээр бетон зуурмаг нь MNS EN 206:2017 Бетон.Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол болон MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага тус тус стандартын 4.3.1-т Шахалтын бат бэхийн анги-ийг хангаагүй байна.
Тус бетон зуурмаг нь MNS EN 206:2017 Бетон.Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол болон MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага стандартын шахалтын бат бэх тэнцэхгүй байна гэсэн хэсэгт заасныг болон
-2022 оны 10 сарын 10-ны өдрийн Cu1377 кодтой /0005963, 0005964 / сорилт шинжилгээний үр дүнг буюу тухайн зам талбайн ажилд нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн нийлүүлсэн М200 маркийн бетон зуурмаг нь М200 марканд хүрэх эсэх талаар нэмэлт тайлбарыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
хариуцагч ******* ХХК нь илүү төлсөн 19,531,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Захиалагч буюу хариуцагч ******* ХХК нь гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК-тай 2021 оны 09 сарын 27-ны өдөр бетон зуурмагийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ******* ХХК-ийн гүйцэтгэж байгаа Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас зарласан ******* хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлын М200 маркийн 400 м3 бетон зуурмагын ажлыг Fiori DB260 загварын механизмаар 2021 оны 09 сарын 27-ны өдрөөс 14 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохирчээ.
/ХХ-ийн 5-6 дугаар тал/
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээнд талууд хэн алин нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Мөн дээрх гэрээний талууд өмнө нь аман хэлбэрээр харилцан тохиролцон ******* ХХК нь Бор намхай инвест ХХК-иар 2021 оны 08 сарын 25-ны өдрөөс 2021 оны 09 сарын 24, 25-ны өдөр хүртэл ******* ХХК-ийн гүйцэтгэж байгаа Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас зарласан ******* хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлын М200 маркийн бетон зуурмагын ажлыг 1 м3-ыг 190,000 төгрөгөөр тооцон гүйцэтгүүлэн, нийт 53,200,000 төгрөгийн ажлыг гүйцэтгүүлсэн талаар хэн аль нь маргаагүй.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК-д 2021 оны 08 сарын 26-ны өдөр 25,000,000 төгрөг шилжүүлэн уг мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг буцаан авч 2021 оны 08 сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 09 сарын 01-ний өдөр 2,500,000 төгрөг тус тус буцаан шилжүүлсэн буюу 20,000,000 төгрөгийг өгсөн, мөн 30,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг өгч эхний ажлын үлдэгдэл төлбөр 3,200,000 төгрөг болсон талаар талууд мөн маргаагүй.
Ийнхүү өмнөх ажлын үлдэгдэл төлбөрийг 2021 оны 09 сарын 27-ны өдрийн гэрээгээр баталгаажуулсан гэх ба мөн гэрээний 4.6-д Өмнөх ажлын үлдэгдэл төлбөр болох 3,200,000 төгрөг, лексус 57-35 УНЭ маркийн авто машиныг зээлийн барьцаанаас чөлөөлсөн төлбөр 6,500,000 төгрөг, нийт 9,700,000 төгрөгийн 50 хувийг энэ гэрээний 4.4-т заасан дундын санхүүжилтэд нэмж шилжүүлнэ. Хэрэв төлж барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заажээ.
Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК-д М200 маркийн бетон зуурмагын үнийг 1 м3-ыг 190,000 төгрөгөөр нийлүүлэн ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу 20,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг бэлнээр, лексус 57-35 УНЭ маркийн авто машиныг 30,000,000 төгрөгт, Бор намхай инвест ХХК-ийн Сартус ХХК-д төлөх цементийн үнэ 12,000,000 төгрөг, нийт 92,000,000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбар, ******* ХХК-ийн Сартус ХХК-д мөнгө шилжүүлсэн баримт, Сартус ХХК-ийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.
******* ХХК нь Сартус ХХК-д цементийн үнэд 12,700,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсоныг дурдлаа.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 123,126 дугаар тал/
Хариуцагч ******* ХХК-ийн ажилтан Д.*******ын Хурд хүч гэсэн фасебүүк хаягаас Балжинням ******* хаяг руу 2021 оны 09 сарын 26-ны өдрөөс 2021 оны 10 сарын 27-ны өдрийн хооронд харилцаж байсан чатуудад талуудыг оролцуулан 2024 оны 01 сарын 25-ны өдөр үзлэг хийсэн ба талууд төлбөр тооцоотой холбоотой асуудлаар харилцаж байжээ.
/ХХ-ийн1 дүгээр хавтасны 236-239 дүгээр тал/
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг ******* хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлыг ******* ХХК гүйцэтгэсэн ба ажлын явц 80 хувьтай зогссон нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүүлсэн захиалагчийн хяналтын тайлангууд, ******* ХХК-д хүргүүлж байсан шаардлага, зөвлөмж, гомдол болон мөн газраас ирүүлсэн 2024 оны 03 сарын 26-ны өдрийн 01/93 тоот лавлагаагаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 2 дугаар хавтасны 55-68 дугаар тал/
Нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК нь хариуцагч ******* ХХК-д 390+280=670 м3 М200 маркийн бетон зуурмаг нийлүүлэн ажил гүйцэтгэсэн хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хэргийн 1 дүгээр хавтасны 7-21 дүгээр тал дахь М200 маркийн бетон зуурмаг нийлүүлсэн гэх Бор намхай инвест ХХК-ийн зарлагын баримтад тусгасан бетон зуурмагыг хүлээн авагч тодорхойгүй тул хариуцагч ******* ХХК-ийг хүлээн авсан гэж үзэх боломжгүй.
Тус шүүхийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 14412 дугаар шүүгчийн захирамжаар Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилон:
-Дундговь аймаг дахь ******* хорооллын зам талбайн ажилд нийлүүлсэн бетон зуурмагын хэмжээ, нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн уг зам талбайн ажилд нийлүүлсэн бетон зуурмагын хэмжээ,
-Уг зам талбайн ажилд нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн нийлүүлсэн М200 маркийн бетон зуурмаг нь М200 марканд хүрэх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Барилгын хөгжлийн хөгжлийн төвийн шинжээчдийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн дүгнэлтэд:
Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-с шинжээчийн үүрэг гүйцэтгэх ажлын хэсгийг Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн захиалагчийн хяналтын инженер М.Төртүвшин, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ундрам нарын бүрэлдэхүүнтэй томилсон.
Тус бүрэлдэхүүн 2022 оны 09 сарын 20-ны өдрөөс 2022 оны 09 сарын 21-ний өдрийг дуустал нэхэмжлэгч талаас Бор намхай инвест ХХК-ийн захирал Б.*******, хариуцагч талаас ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг байлцуулан Дундговь аймаг, ******* хорооллын зам талбайн ажилтай танилцаж, хэргийн газрын холбогдох обьектод хэмжилт хийсэн.
А. Нийт 3,844.6 м2 талбайд бетон зуурмаг цутгасан байна. Үүнээс Бор намхай инвест ХХК 3,081.5 м2 талбайд 488,37 м3 бетон зуурмаг цутгасан ба 1 м2 бетон зам талбайд ногдох бетон зуурмагын хэмжээг тодорхойлохдоо ажлын зураг болон замын тодорхой хэсгүүдээс дээж авч зарим хэсэгт замын хашлагыг хөндийрүүлэн хэмжсэнийг хавсаргав.
Б. Тус үзлэгээр ******* хорооллын зам талбайн ажилд нийлүүлсэн бетон зуурмагаас дээж авч БХТ-ийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ туршилт хийлгэсэн.
БХТ-ийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн 2022 оны 10 сарын 10-ны өдрий Cu1377 кодтой шинжилгээний дүнгээр бетон зуурмаг нь MNS EN 206:2017 Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол болон MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага тус тус стандартын 4.3.1-т Шахалтын бат бэхийн анги-ийг хангаагүй байна.
Тус бетон зуурмаг нь MNS EN 206:2017 Бетон, шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол болон MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага стандартын шахалтын бат бэх нь тэнцэхгүй байна.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 144-155 дугаар тал/
Тус шүүхийн 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 28512 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтээр Барилгын хөгжлийн төвөөс:
-2022.10.10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хариулт Б хэсэг дэхь:
Тус үзлэгээр ******* хороолол-ын зам талбайн ажилд нийлүүлсэн бетон зуурмагаас дээж авч БХТ-ийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори-д шинжилгээ туршилт хийлгэсэн.
БХТ-ийн Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори-ийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн Cu1377 кодтой шинжилгээний дүнгээр бетон зуурмаг нь MNS EN 206:2017 Бетон.Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол болон MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага тус тус стандартын 4.3.1-т Шахалтын бат бэхийн анги-ийг хангаагүй байна.
Тус бетон зуурмаг нь MNS EN 206:2017 Бетон.Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл, тохирол болон MNS 1185:1998 Бетон зуурмаг. Техникийн шаардлага стандартын шахалтын бат бэх тэнцэхгүй байна гэсэн хэсэгт заасныг болон
-2022 оны 10 сарын 10-ны өдрийн Cu1377 кодтой /0005963, 0005964/ сорилт шинжилгээний үр дүнг буюу тухайн зам талбайн ажилд нэхэмжлэгч ******* инвест ХХК-ийн нийлүүлсэн М200 маркийн бетон зуурмаг нь М200 марканд хүрэх эсэх талаар нэмэлт тайлбарыг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн тодруулгад:
Монголын Бетон ба төмөр бетон бүтээц норм дүрэмд латин В үсгээр, олон улсын стандартад С /concrete буюу бетон гэдэг үгний эхний үсэг/-ээр тэмдэглэдэг. Эдгээр үсэгнүүдийн арын тоонууд нь тухайн ангийн бетоны даралт даах чадварыг мегапаскалаар /Мпа/ илэрхийлсэн утга юм.
Үүнийг 150*151*150 мм шоо хэлбэртэй эсвэл 150 мм диаметртэй, 300 мм өндөртэй цилиндр хэмжээтэй сорьц-шоонуудын бетон шооны 28 хоногийн бат бэхээр тогтооно.
Бетоны марк гэдэг нь 150*150*150 мм шоо хэлбэртэй эсвэл 150 мм диаметртай, 300 мм өндөртэй цилиндр хэмжээтэй сорьц-шоонуудын шахалтын бат бэхийн дундаж үзүүлэлтийг нормчилсон бат бэх юм.
Мөн барилгын зураг төсөлд бетоны ангийг зааж өгсөн байхад тэр ангийн бетоныг бетон зуурмагийн үйлдвэрт бэлтгэхдээ ихэнхидээ маркийг зааж захиалж бэлтгүүлж байгаа. Бетоны маркийг М үсгээр тэмдэглэдэг ба ардаа 50-1000 хүртэл тоо байх бөгөөд энэ тоо нь тухайн бетоны шахалтын бат бэхийн хязгаарыг кг/см2-аар илэрхийлсэн үзүүлэлт юм.
Шинжилгээний хариуг үзэхэд нийт авсан 9 ширхэг 150 мм диаметртэй, 300 мм өндөртэй цилиндр хэмжээтэй сорьцын дундаж утга нь М200-аас бага байгаа тул М200 шахалтын бат бэхийн шаардлага стандарт хангахгүй байна гэжээ.
/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 230-235 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна,
232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.
Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага.
******* ХХК нь Бор намхай инвест ХХК-тай харилцан тохиролцон ******* ХХК-ийн гүйцэтгэж байгаа Дундговь аймгийн засаг даргын тамгын газраас зарласан ******* хорооллын нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажилд М200 маркийн бетон зуурмагын ажлыг 1 м3-ыг 190,000 төгрөгөөр тооцон гүйцэтгүүлэхээр тохиролцсон хэдий ч Бор намхай инвест ХХК-ийн нийлүүлэн гүйцэтгэсэн бетон зуурмагын марк М200 бус М150 маркийн бетон зуурмагын шаардлага хангасан нь Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Мөн шинжээчийн дүгнэлтээр Бор намхай инвест ХХК 3,081.5 м2 талбайд 488,37 м3 бетон зуурмаг цутгасан нь тогтоогдсон бөгөөд хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК-д М200 маркийн бетон зуурмагын үнийг 1 м3-ыг 190,000 төгрөгт тооцон нийт 92,000,000 төгрөгийг төлсөн байх ба М200, М150 маркийн бетон зуурмагын үнийн зөрүүг хариуцагч ******* ХХК нэхэмжлэх эрхтэй.
Барилгын хөгжлийн төвөөс сар бүр эрхлэн гаргадаг Барилгын мэдээлэл сэтгүүлийн 2021 оны 07 сарын дугаарт М150 маркийн бетон зуурмагын 1 м3-ын үнэ 144,514 төгрөг гэж тусгасан ба Бор намхай инвест ХХК-ийн цутгасан 488,37 м3*144,614 төгрөг=70,625,139 төгрөг болж байна.
Хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК-д төлсөн М200 маркийн бетон зуурмагын үнэд төлсөн 92,000,000 төгрөгөөс 70,625,139 төгрөгийг хасч тооцоход 21,374,861 төгрөг болж байгаа хэдий ч хариуцагч тал илүү төлсөн төлбөр 19,531,800 төгрөг нэхэмжилсэн тул энэ хэмжээнд тооцно гэж тайлбарлалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан бөгөөд хариуцагч ******* ХХК нь Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн ажлын зардал 2,385,653 төгрөгийг шинжээчид төлсөн ба уг зардлыг нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК-иас гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-л заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч ******* ХХК-д холбогдох 65,097,220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК-иас 19,531,800 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483,436 төгрөгийг болон хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 255,609 төгрөгиийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Бор намхайн инвест ХХК-иас 255,609 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгосугай.
3. Тус шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 5437 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн Төрийн банк дахь 340601560896 тоот дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 65,097,220 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Бор намхай инвест ХХК-иас 2,385,653 төгрөг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН