| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийсайхан Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 114/2024/0026/З |
| Дугаар | 114/ШШ2024/0029 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 114/ШШ2024/0029
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ би ******* ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдох Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаас зарласан сумын төвийн гэрэлтүүлэг ******* дугаартай тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тус сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, тус мэдэгдлийн дагуу байгуулсан хууль бус гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд тус захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх ******* ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдох Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаас зарласан сумын төвийн гэрэлтүүлэг ******* дугаартай тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тус сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, тус мэдэгдлийн дагуу байгуулсан хууль бус гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн, нэхэмжлэгч нар нь Б.С*******од 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 24/406, 2024/105 дугаар албан бичгүүдээр уг хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох итгэмжлэлийг өгөхдөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж өгсөн бөгөөд тэрээр үүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан ******* ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, тендер сонгон шалгаруулах үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаас зарласан сумын төвийн гэрэлтүүлэг ******* дугаартай тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тус сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, тус мэдэгдлийн дагуу байгуулсан хууль бус гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгөөс улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулахыг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.
ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ