Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2024/05858

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2024/05858

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: , тоотод оршин суух, Төлек бахатай овогт *******ы ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *******,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:1/-д холбогдох, 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 91,285,000 төгрөг гаргуулж, тээврийн хэрэгслийг буцаах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Е.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие аав Т.*******даа тээврийн хэрэгсэл худалдан авч өгөхөөр ах дүү нараасаа мөнгө нийлүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* ХХК-иас 2010 онд үйлдвэрлэгдсэн Mercedes benz unimog 5000 маркын тээврийн хэрэгслийг 89,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Машины мөнгийг аав Т.*******ы дансаар дамжуулан төлсөн.

Тээврийн хэрэгслийг худалдаж аваад 198 км яваад хроп нь эвдрээд зогссон. Тээврийн хэрэгсэл зогсох үед хропын арьсан дээр нүх үүссэн байсан. Тухайн нүхний ойр орчмыг тойруулж арчилж, зүлгэж, цэвэрлэж ямар нэгэн зүйл дээрээс нь наасан хуучин мөр байсан. Бид нар тээврийн хэрэгслийг худалдаж авах үед мотор, кропыг гадна талаас нь анзаарч харахад тухайн кроп дээр үүссэн нүх, мөр байхгүй байсан.

******* ХХК-ийн захирал М.*******т тээврийн хэрэгсэл эвдэрсэн талаар хэлэхэд би мэдэхгүй гэж хэлсэн. Анх тээврийн хэрэгслийн Гаалийн бичгийг үзэхэд марк нь Mercedes benz U2150L гэж бичигдсэн байсан ба энэ чинь Mercedes benz unimog 5000 шүү дээ яагаад марк нь зөрөөд байна гэж асуухад би сайн мэдэхгүй байна Автотээврийн үндэсний төвд маркыг нь хоёр янзаар албан тоот бичиж өгье гэж хэлээд аав Т.*******ы нэр дээр хоёр төрлийн албан тоот бичиж өгсөн.

Тээврийн хэрэгсэл эвдэрсний дараа Гаалийн бичгийг сайн нягталж харахад тээврийн хэрэгслийн марк, хэмжээ, моторын багтаамж зөрүүтэй мөн хөдөлгүүрийн дугаар байхгүй байхаар нь эргэлзээ төрөөд арлын дугаараар буюу Вин кодоор шалгаж үзэхэд үйлдвэрлэгдсэн он нь 1997, 2000 он гэж янз бүрээр гарч ирээд байсан. Мөн И-баримт апликейшнээр Гаалийн мэдээллийг шалгахад үйлдвэрлэгдсэн оны мэдээлэл байхгүй байсан. МSМ компаниар үзлэг, оношилгоо хийлгэхэд хропны тос үзүүлэхэд арааны шүд хугарсан хэлтэрхий гарсан. Тээврийн хэрэгслийн арлын дугаараар Бенз сэлбэгийн системд хайлт хийхэд танигдахгүй байгаагаас гадна сэлбэгийн мэдээлэл гаргах боломжгүй байсан гэж дүгнэлт гаргасан. Тээврийн хэрэгслийг гадна талаас харахад Mercedes benz unimog 5000 маркын болох нь тодорхой байна. Мөн копут болон кабины хаалган дээр байгаа үйлдвэрийн бичиг тухайн маркыг нотолж байна.

Тээврийн хэрэгсэл Гаалиар орж ирсэн мэдүүлэгт 275711 км явсан гэж бичигдсэн ба эвдрэл гарсны дараа км-ийн заалт нь 276068 км байсан. Тээврийн хэрэгсэл Улсын хилээр орж ирээд 357 км явсан үүний 198 км-ийг аав Т.******* харин иргэн М.******* Гаалиар оруулж ирээд 159 км явсан байна.

Дээрх байдлын талаар эзэмшигчид хэлээд тээврийн хэрэгслээ буцааж ав гэхэд мөнгийг зарцуулж дуусгасан одоо хоёулаа засуулах талаар ярья гэсэн боловч 10 хоног дотор ямар ч арга хэмжээ аваагүй үгээр хууран мэхэлж аргадаад байсан.

******* ХХК надад нэгдүгээрт кроп эвдрэлтэй, хоёрдугаарт марк, техникийн тодорхойлолт, үйлдвэрлэгдсэн он нь зөрүүтэй, гаалийн бичгийг хуурамчаар үйлдсэн тээврийн хэрэгсэл худалдан залилсан байна. Энэ талаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргахад Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Залилах гэмт хэргийн шинжгүй, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлбэл зохих маргаан гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд тээврийн хэрэгслийг буцааж, тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 89,000,000 төгрөг мөн тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөсөн болон үзлэг оношилгоонд оруулахад гарсан зардал буюу тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу ачуулахад 1,300,000 төгрөг, дуудлагаар тээврийн хэрэгслийг асаалгахад 100,000 төгрөг, байрны гаднаас МSМ компани руу ачуулж хүргэхэд 250,000 төгрөг, МSМ компаниас тээврийн хэрэгсэлийг байрлуулах газар болох 5 шар орчим ачуулж хүргэхэд 250,000 төгрөг, МSМ компанид тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо хийлгэхэд 385,000 төгрөг, нийт 91,285,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улс үйлдвэрлэгч улс биш учраас дандаа экспортоор машин орж ирдэг. Экспортоос тээврийн хэрэгслүүд дандаа манфист буюу дагалдах бичиг баримтын хамт орж ирдэг. Монгол улсын хилийн гадна талд тэр бичиг баримтууд үйлдэгддэг учраас Монгол улсын хилээр тухайн тээврийн хэрэгслүүдийг тулгаж оруулж ирдэг байгаа. Хилийн цаана Хятад улс, Герман улс, Вьетнам улсад үйлдвэрлэсэн байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Ямар ч байсан дагалдах бичиг баримтын хамт орж ирээд, тэр дагалдах бичиг баримтаас тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаартай нь тулгадаг байгаа. Монгол улсад орж ирсэн арлын дугаар өөрчлөгдөхгүйгээр кабин кузовын асуудлуудыг өөрчилж болдог. Ачаа кабинуудыг сольж нөгөө унасан тэрэгний кабиныг өөрчилж солиод өөр кабин тавьдаг. Ачааг өөрчлөөд тавьдагтай адилхан арлын дугаар өөрчлөгдөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгслээр нь тооцдог хуультай байгаа. Дагалдах бичиг баримт нь шүүхийн шинжээчийн дүгнэлтэд байгаа. Гаалийн бичигтэй арлын дугаар зөрөөгүй. Манай үйлчлүүлэгч худалдаж аваад, бизнесийн зарчмаар бусдад худалдан борлуулж ашиг авсан. Өмнөх байсан гэмтэл үү, эсхүл жолоочийн хариуцлагагүй байдлаас үүссэн гэмтэл үү гэдгийг тогтоохоор хүсэлт гаргаж шинжээч томилуулсан. Нүх юунаас болж үүссэн нь ...ашиглалтын явцад үүссэн гэх өгүүлбэр тодорхой бичигдсэн байна лээ. Шинжээчийн дүгнэлтэд ашиглалтын явц гэдэг нь унаад явж байх үед үүссэн байна гэсэн ямар ч эргэлзээгүй өгүүлбэр байгаа. Машиныг ашиглалтын явцад унаад явж байгаа. Тэгэхээр энэ хүн бас гуйвуулаад л өөрийнхөө л бурууг бусдад руу түлхэж байна. Өмнөх хурал дээр тэр нүх юунаас болж үүссэнийг тогтоолгомоор байна гэж хэлж байсан. Магадгүй чулуу үсрээд цоолчихсон ч байж болно. Автомат хроп гэдэг чинь тос нь дундрахад явахаа больдог хроп шүү дээ. Тэгэхэд нэхэмжлэгчийн хэлж байгаагаар Лүн сум бол 128 км. Улаанбаатар хотоос Лүн сумаас цаашаа 90 км байгаа. Дөнгөж сая 90 километр зогссон байсан гэж хэллээ. 220, 230 километр явсан байна. Автомат 230 километр явах юм бол 2 километр ч явахгүй. Тэгэхээр ашиглалтын явцад тухайн иргэн магадгүй өгсүүр газарт араагаа хүндрүүлэх гэж байгаад буруу хийсэн байж болно. Хөнгөрүүлэх гэж байгаад урагшаа явдаг арааг ухардагт нь хийхэд тэнд хугарал үүсэх байх. Миний бодлоор ашиглалтын явцад буруу үйлдэл хийснээс болоод энэ гэмтэл үүссэн гэж бодож байна. Тиймдээ ч энэ хүмүүс маш хурдан орж ирэн машинаа үзүүлсэн байдаг. Сэлбэг техникийн хэсгийг үзэхийн тулд нөгөө шингэнийг нь сулладаг байх. Радиаторын тосыг гоожуулдагтай адилхан хропны тосыг гаргахад тэр араа хугарсан гэж ярьж байна. Хугархай араатай машин явахгүй шүү дээ. Араа нь хугарсан гэж байна. Тэгэхээр энэ хүмүүс өөрсдийн буруутай гэдгийг маш хурдан ойлгосон. Тийм учраас засуулах гэж үзсэн. Гаалийн бүрдүүлэлтийн хуудсыг буруугаар үйлдэх ямар ч боломж байхгүй. Цаанаа л машинаа дагаж ирдэг зүйл учраас Монгол улсын гаалиар бичиг баримтаар орж байж, арлынх нь дугаартай тулгаж, номер дугаар олгодог. Би автобус компани удирддаг. Хьюнда, Кио гэх мэт Солонгос улсаас орж ирдэг автобуснууд нь Монгол улсад өөрсдөө үйлдвэрлэдэггүй учраас 8 жил болсон хэрэглэгдэх боломжгүй болсон автобуснуудыг манай худалдаачид оруулж ирдэг. Монгол улсад үйлдвэрлэснээс хойш 12 жил хүртэл ашигладаг. Тэгэхээр оныг нь өндөр болгох гэж Солонгост улс арлыг нь засдаг байсан юм байна лээ. Түүнтэй адилхан Авто тээврийн үндэсний төв цааш нь бүүр улбаалж хөөцөлдөөд Монгол улсын хилийн цаад талд хийгдчихсэн зүйлийг засах ямар ч арга байхгүй. Харин одоо орж ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг тухайн үйлдвэрлэсэн үйлдвэрлэгчээс нь арлын дугаарыг нь авч байж Авто тээврийн тухай хуулийн 14, 24 дүгээр зүйлд заасан заалттай тулгаж, номер олгох зарчим руу шилждэг юм. Монгол улсын гадна талд хийгдсэн зүйлийг яагаад ч өөрчилж болдоггүй юм билээ. Түүнтэй адилхан манай үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа. Арлын дугаар нь ондоо байна ч юм уу эсвэл үйлдвэрлэгдээгүй машиныг засчихсан байна гэдгийг бид нар энд хэлэлцэх ямар ч нэмэргүй зүйл юм. Монгол улсын хилийн цаана Хятад улс, Солонгос улстай хэлэлцдэг зүйл бол Монгол улсад орж ирсэн гаалийн бүрдүүлэлт маписттай арлын дугаарыг тулгасан тохиолдолд Монгол улс ямар ч асуудал байхгүй номерыг өгдөг. Нэхэмжлэгчийн хэлээд байгаагаар Цагдаа зогсоогоод явуулахгүй ч юм уу, номер дугаар өгөхгүй ч юм уу, тийм зүйл хэзээ ч Монгол улсад гарахгүй. Зөвхөн энэ хүн гэм буруутай үйлдлээ одоо больё гэдгээр шалтаглаж нэмж хүч оруулж байгаад өөрсдийнхөө буруутай үйлдлийг үгүйсгэх гэсэн санаа байна. Зөвхөн тэр 6 сарын хугацаанд гэдэг Монгол улсын хууль байгаа. Худалдан авахтай холбоотой эрсдэл худалдан авагчид шилжиж байгаа гэдгийг ойлгоогүй. Зөвхөн 6 сарын хугацаанд нэхэмжлэл гаргана гэдэгтэй ижил тэгш эрхтэй хуулийн заалт юм. Бид бүгд машин унадаг. Машины шил бүх л насан туршид бүтэн явах боломжтой. Өшиглөх юм бол 1 секундийн дотор ашиглах ямар ч боломжгүй зүйл болно. Нэхэмжлэгч нь 3 удаа очиж үзсэн байдаг. Тэгэхдээ тэр нүхийг хараагүй, байхгүй байсан гэж гэж байна. Тэгэхлээр тэр автомат хроп нь 200 километр яваад эвдрэх нь битгий хэл 2 километр ч явахгүй. Хэрвээ эвдрэлтэй бол энэ хүний өөрийнх нь 100 хувийн буруутай үйлдлээс болоод эвдэрчихээд байгаа юм. Бусад руу тулгаад маш яаралтайгаар засварын газарт үзүүлсэн. Хариуцагч тал нь эхлээд ...засаад өгье гэсэн мөртөө дараа нь үзүүлэхэд ...чадахгүй гэх орон гаран хүн байна гэж байхгүй. Засаад өгье гэсэн бол үзье, харъя, уулзъя гэх байсан. ..Та нар эвдэлчихсэн юмыг чинь би яаж засаж өгөх юм бэ гэдэг асуудлыг тавьсан байдаг. Хуульч байхын өмнө хүн байх хэрэгтэй гэдэг. Би эвлэрүүлэх байдлаар нэхэмжлэгчтэй сар гаруй уулзаж, хариуцагч байгууллагадаа ч хандаж байсан. Нэхэмжлэгч нь ганцхан хроп гэсэн тул боломжтой, сайн хропоор нь солиод өгчихье гэхэд ... би аавтайгаа ярилцъя гэсэн хариу өгсөн. Түүнээс хойш огт холбогдоогүй. Сая шүүхэд уулзаад миний саналыг хүлээж авах уу гэхэд ...аваагүй гэсэн. Иргэний хуулийн 251 дүгээр хэсэгт хэсэгхэн зүйлийг бүхэлд нь доголдолтой гэж үзэж болохгүй гэж заасан байгаа. Хроп хэсэгхэн зүйл шүү дээ. Шинжээчийн дүгнэлтээр жолоочийн буруутай үйлдлээс гарсан байх боломжтой юу гэсэн асуултыг асуумаар байсан юм. Маргааш нь задлах байсан өдөр цуцлагдсан учраас дараа нь хэзээ шинжээч нь очих байсныг огт мэдээгүй. Над руу хэн нь ч яригүй. Би 11 дүгээр сарын 28-ны өдөр Солонгос улс руу нисээд 12 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Тус хугацаанд хүртэл надтай хэн ч холбогдоогүй. Шинжээчийн дүгнэлтийн 3 дахь заалтад ашиглалтын явцад гарсан гэмтэл гэдгийг тогтоосон байна. Тийм учир цэвэр жолооч өөрөө барьж аваад гэмтээсэн гэж үзэж байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан фото зураг, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, ******* ХХК-ийн албан бичиг, дансны хуулга, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, МSМ компанийн үйлчилгээний баримт,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн автомашины гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Е.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 91,285,000 төгрөг гаргуулж, тээврийн хэрэгслийг буцаах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тээврийн хэрэгслийн арлын дугаар нь гаалийн мэдүүлэг дэх арлын дугаараас зөрүүтэй тээврийн хэрэгслийг худалдсан байсан. Анх тээврийн хэрэгслийг худалдаж авах үед хурдны хайрцагт цоорсон нүх байгаагүй. Уг нүхийг нууж худалдсан байна. Тээврийн хэрэгслийг худалдаж аваад 198 км яваад хроп нь эвдэрсэн. Доголдолтой тээврийн хэрэгсэл худалдсан байх тул машиныг буцааж, машины үнэ болон гарсан зардлуудыг гаргуулна гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Монгол Улсын гаалиар орж ирсэн, дугаар аваагүй, бичиг баримтын зөрүүгүй тээврийн хэрэгслийг худалдсан. Машины хроп дээр нүх байгаагүй гэдэг үнэн. Худалдагч хропны тос хийлгүй явсаны улмаас цуурч нүх гаргасан буюу ашиглалтын явцад өөрсдөө доголдол үүсгэсэн байна гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

Зохигчдын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, ******* ХХК нь гаалийн хилээр орж ирсэн, дугаар аваагүй Mercedes benz unimog 5000 маркийнн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх, Е.******* нь 89,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Худалдан авагч Е.******* нь тээврийн хэрэгслийн үнэ 89,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь дансны хуулга, талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон. Уг мөнгөн хөрөнгийг Е.******* өөрийн төрсөн эцэг Т.*******ы эзэмшлийн дансаар дамжуулан төлсөн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасантай нийцжээ.

 

3.1 Нэхэмжлэгч Е.******* нь тээврийн хэрэгслийг худалдаж авсаны дараа хурдны хайрцагт цоорсон нүх байгааг олж мэдсэн. Анх худалдаж авах үед уг нүхийг нууж дээрээс нь юм наасан байсан байна. Мөн бичиг баримтын зөрүүтэй тээврийн хэрэгслийг худалдсан гэж маргасан тул шүүх уг үйл баримтыг техникийн тусгай мэдлэгтэй этгээдээр тогтоолгохоор шинжээч томилсон.

 

Шинжээч Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2700 тоот дүгнэлтэд ...Уг автомашины зай хураагуур байхгүй, хөдөлгүүр асахгүй, явах боломжгүй тул хөдөлгүүр, хүч дамжуулах ангид доголдол байгаа эсэхийг тогтоох боломжгүй.

Хурдны хайрцгийн зүүн хажуу талын дээд хэсэгт 1,7x1,4 см хэмжээтэй цоорч, хөндлөн чиглэлд цуурсан гэмтэлтэй, гэмтэлтэй хэсгийн гадаргуу өнгөц зэвэрсэн, цоорхой нүхнээс 4,5 см тойрог хэмжээтэй будаг ховхорсон, цоорхой хэсгийн зах ирмэг тэгш биш, дотогш чиглэлд хонхойсон, цоорхойн зах ирмэгээс гадагш чиглэлд 2,1 см хэмжээтэй 2 тийш цуурч хагарсан ангархайтай, нүхний дотор гадаргуу бохирдол ихтэй зэрэг шинж тэмдэгт үндэслэн ашиглалтын явцад дээрээс доош чиглэлд төмөрлөг эдлэлийн бат бөхийн хязгаар давсан ирмэгтэй зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байх үндэслэлтэй.

Хурдны хайрцгийн цоорхой гэмтлийн гадаргууг цэвэр алчуураар арчихад будаг ховхорсон хэсгийн гадаргууд зүлгэгдсэн ором мөртэй байгаа нь ашиглалтын явцад хүний хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн байх үндэслэлтэй. Гэмтэл үүссэн болон засварласан цаг хугацааг тогтоох боломжгүй.

Шинжилгээнд ирүүлсэн бор ногоон өнгийн Mercedes benz unimog 5000 маркийн ******* арлын дугаартай, улсын дугааргүй автомашины хөдөлгүүр, хүч дамжуулах анги, явах эд анги гадна тал их харагдах гэмтэлгүй, зай хураагуур, автомашины хөдөлгүүр асахгүй, явах боломжгүй тул ажиллагааг шалгах боломжгүй. Уг автомашины хурдны хайрцгийн зүүн дээд хэсэгт ашиглалтын явцад үүссэн цоорхой гэмтэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн арлын дугаарыг *******,******* стандартаар шалгуур болгон шинжлэхэд 2010 онд Герман улсад үйлдвэрлэгдсэн. Арлын дугаарын 4-9 дэх тэмдэглэлээр уг автомашины маркийг үйлдвэрлэгч тодорхойлно. Уг тээврийн хэрэгслийн арлын дугаар нь гаалийн мэдүүлэг дэх арлын дугаартай тохирч байна гэжээ.

 

3.2 Шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгслийн арлын дугаар нь гаалийн мэдүүлэг дэх арлын дугаартай тохирч байгаа болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан ...гаалийн хилээр орж ирсэн машиныг хариуцагч арлын дугаарыг өөрчилж өөр машины худалдсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

3.3 Мөн шинжээч Хурдны хайрцгийн цоорхойн гэмтэл нь ашиглалтын явцад хүний хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн, гэмтэл үүссэн болон засварласан цаг хугацааг тогтоох боломжгүй болохыг дүгнэсэн.

 

4. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Е.******* худалдан авахаас өмнө 3 удаа очиж биечлэн үзсэн, анх худалдан авах үед хурдны хайрцгийн зүүн дээд хэсэгт цоорхой нүх байгаагүй болохыг талуудын хэн аль нь тайлбарласан.

 

Нэхэмжлэгчээс маргаан бүхий тээврийн хэрэгслийн хурдны хайрцгийн зүүн дээд хэсэгт цоорхой нүх байсныг худалдан авах үед юмаар нааж нуусан байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

 

Нэхэмжлэгч Е.******* нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг худалдан авах үедээ мэргэжлийн техникийн үзлэг, оношилгооны газарт үзүүлэх замаар эд хөрөнгөд доголдол байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан. Гэтэл уг эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

4.1 Шинжээчийн дүгнэлтээр автомашины хурдны хайрцгийн зүүн дээд хэсэгт үүссэн цоорхой гэмтэл нь ашиглалтын явцад бий болсон гэж дүгнэсэн. Хариуцагчаас ...тээврийн хэрэгслийг хропны тос дууссан үед хөдөлгөөнд орвол цууралт өгч цоордог. Нэхэмжлэгч нь худалдан аваад 200 гаруй км явахдаа хропны тос хийлгүй явсаар цууралт өгсөн байх магадлалтай гэж тайлбарласан. Уг шинжээчийн дүгнэлт болон хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж, няцаагаагүй.

 

Нэхэмжлэгч Е.*******ыг маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч ******* ХХК-иас худалдан авах үед хурдны хайрцгийн зүүн дээд хэсэгт цоорхой нүх байгаагүй үйл баримтад талууд маргаагүй, шинжээчийн дүгнэлтээр уг доголдол нь ашиглалтын явцад үүссэн болохыг дүгнэсэн байх тул нэхэмжлэгчээс гаргасан доголдолтой эд хөрөнгө хүлээн авсан үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийг буцаах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь доголдолтой эд хөрөнгө хүлээн авсаны улмаас тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу ачуулахад 1,300,000 төгрөг, дуудлагаар тээврийн хэрэгслийг асаалгахад 100,000 төгрөг, байрны гаднаас МSМ компани руу ачуулж хүргэхэд 250,000 төгрөг, МSМ компаниас тээврийн хэрэгсэлийг байрлуулах газар болох 5 шар орчим ачуулж хүргэхэд 250,000 төгрөг, МSМ компанид тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоо хийлгэхэд 385,000 төгрөгийн зардал гаргасан гэж нэхэмжилсэн боловч уг шаардлагаа баримтаар нотлоогүй.

 

Мөн нэхэмжлэгч нь маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан авсанаас хойш Автотээврийн үндэсний төвд хандан улсын дугаар авах хүсэлтээ гаргаагүй болохоо өөрөө тайлбарласан. Иймд нэхэмжлэгчээс гаргасан ...хурдны хайрцгийн зүүн дээд хэсэгт цоорхой нүхтэй тул тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй, цаашид үзлэг оношилгоонд тэнцэхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох Mercedes benz unimog 5000 маркийн тээврийн хэрэгслийг буцааж, 91,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Е.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 614,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ