| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/06471/И |
| Дугаар | 101/ШШ2024/04898 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2024/04898
2024 10 23 101/ШШ2024/04898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............................... тоот хаягт оршин суух, *******ын *******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,, тоот хаягт оршин суух, *******ийн *******д /РД: *******/ холбогдох
14,670,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.*******,
Хариуцагч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч У.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Дэжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.*******э би эхнэр *******гийн хамт худалдаа, үйлчилгээний чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Бид үйл ажиллагаагаа хуулийн этгээдийн хэлбэрээр бус 89 гэсэн нэрээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг.
Би ажил, үйлчилгээгээ бусадтай харилцан тохиролцон гүйцэтгүүлж тохирсон хөлсийг нь тэдэнд өгдөг ба Б.******* манай дэлгүүрийн Баянзүрх салбарт 2019 оны 12 сараас кассаар ажилласан. Хэсэг хугацаанд Бөхийн өргөө салбарт ажиллаж байгаад салбарт 2023 оны 01 сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 сарын 16-ны өдөр хүртэл кассаар ажилласан.
Кассын ажилтан нь салбар дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан, бараа хүлээн авах, тооллого хийх, орлого, зарлагын баримт үйлдэх, мэдээлэл өгөх, дэлгүүр нээх, хаах зэрэг ажил үйлчилгээг гүйцэтгэж байсан.
Анх салбарт ажиллаж эхлэхдээ 597,535,900 төгрөгийн үнэ бүхий барааг Б.******* өөрөө тоолж хүлээж авсан. Үүнээс 355,289,642 төгрөгийн бараа борлуулсан.
2023 оны 02 сарын 07-ны өдөр Бөхийн өргөө салбар дэлгүүрт 1,605,200 төгрөгийн, 2023 оны 04 сарын 10-ны өдөр гоёл чимэглэлийн тасагт 19,152,000 төгрөгийн, нийт 20,757,200 төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн.
2023 оны 04 сарын 16-ны өдөр 3,472,000 төгрөгийн үнэ бүхий гэмтэлтэй бараа буцааж өгсөн.
2023 оны 04 сарын 16-ны өдөр Б.*******өөс ажил хүлээж авах үед 199,974,000 төгрөгийн барааг хүлээлгэн өгч, нийт 18,043,850 төгрөгийн бараа дутаасан.
Б.******* тооллого бүрт өөрийн биеэр оролцож, тухайн тооллогыг хамтдаа хийж, акт баримт үйлдэхэд хохирлыг төлөхөө илэрхийлдэг байсан.
Би Б.*******ийн хохирлоо төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байдал, амьдралыг нь харгалзан үзээд борлуулалтын ашгийн 30 хувийг 18,043,850 төгрөгөөс хасч 12,792,681 төгрөг төлүүлэхээр болсон.
Түүний өмнө зээлээр авсан гоо сайхны барааны үнэ 1,477,560 төгрөг, нийт 14,670,240 төгрөг болсон.
Уг 14,670,240 төгрөгийг Б.******* 30 сарын хугацаанд сард 2 удаа 244,500 төгрөгөөр төлнө гэж 2023 оны 04 сарын 17-ны өдөр өөрөө бичиж өгсөн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.
Иймд Б.*******өөс дутагдуулсан барааны үнэ 12,792,681 төгрөг, зээлйн үлдэгдэл 1,477,560 төгрөг, нийт 14,670,240 төгрөгийг гаргуулж өгнө үү.
89 дэлгүүрт ажиллагсад намайг болон эхнэр *******г захирал гэж дууддаг ба үйл ажиллагаандаа хамаарах баримт бичигт хувийн тэмдгээ дарж баталгаажуулдаг гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.******* миний 89 дэлгүүрийн Баянзүрх дүүргийн 16-р хороолол дахь салбарт 2019 оны 12 сараас кассчинаар 2020 оны 05, 06 сар хүртэл ажилласан. Үргэлжлүүлээд Бөхийн өргөө салбарт кассчинаар ажилласан ба 2021 оны зунаас 2022 оны 11 сар хүртэл менежерээр офисст сууж ажиллах болсон.
2022 оны 11 сараас 2023 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл Бөхийн өргөө салбарт кассчинаар ажилласан ба 2023 оны 01 сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 сарын 16-ны өдөр хүртэл тус дэлгүүрийн салбарт кассчинаар ажилласан.
2023 оны 04 сарын 17-ны өдөр би 14,670,240 төгрөг төлнө гэдэг бичгийг 89 дэлгүүрийн оффисын өрөөнд бичсэн ба намайг цагдаад өгнө, заавал бич, чамд бичихээс өөр сонголт байхгүй гээд байсан тул би айгаад бичсэн.
Би салбарт ажиллаж эхлэхдээ бараа тоолж хүлээн аваагүй, тооллого ч хийж байгаагүй. Тухайн өдрөөсөө байгаа барааг шууд борлуулж эхэлсэн, өөр хүн барааг тоолон хүлээн авдаг байсан.
Хэрэгт байгаа тооцоо нийлсэн гээд байгаа бүх баримтуудыг 2023 оны 04 сарын 16-ны өдөр бичсэн.
Би ажиллаж байх хугацаандаа 2 удаа зээл авсан ба уг зээлийн үлдэгдэл 1,477,560 төгрөгийг төлнө. Би бараа дутаагаагүй тул зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Д.*******э нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Б.*******ийн 2023 оны 04 сарын 17-ны өдөр Д.*******эд гаргасан төлбөр төлөх тухай бичиг,
Тооцоо нийлсэн актууд, салбар дэлгүүрт бараа хүлээлгэн өгсөн баримтууд, /орлогдсон,
Д.*******ийн Б.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлйг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 сарын 07-ны өдрйн 17340 дугаар бүхий захирамж зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Б.******* хариу тайлбараа ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
-2024 оны 01 сарын 22-ны өдрийн 2689 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.*******ээс худалдааны төвд байрлах 89 Panda салбар дэлгүүрийн 2022 оны 12 сарын 10-ны өдрөөс 2023 оны 04 сарын 16-ны өдөр хүртэлх камерын бичлэг хадгалагдаж байгаа эсэх, байгаа бол хэдий хугацааных байгаа болох, хадгалагдаж байгаа хугацааны камерын бичлэгийг,
- худалдааны төвд байрлах 89 Panda салбар дэлгүүрийн тооллого хийж байсан баримтуудыг,
-2024 оны 02 сарын 28-ны өдрийн 6020 дугаар шүүгчийн захирамжаар Хаан банк ХК-иас *******ийн *******ийн /РД: *******/ Хаан банкинд эзэмшдэг дансны 2023 оны 01 сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******э нь хариуцагч Б.*******д холбогдуулан дутаасан барааны үнэ 12,792,681 төгрөг, зээлийн үлдэгдэл 1,477,560 төгрөг, нийт 14,670,240 төгрөг нэхэмжилсэн бөгөөд дутаасан барааны үнэ, зээлийн үлдэгдэл нийт 14,270,241 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч тал 14,670,240 төгрөгийг нэхэмжлэхээ тайлбарласан тул уг шаардсан хэмжээнд нь хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ,
281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
415 дугаар зүйлийн 415.1-т Үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гэрээ байгуулах буюу бараа, эрх, үйлчилгээг борлуулахад зуучилж байгаа этгээдийг худалдааны төлөөлөгч гэнэ,
466 дугаар зүйлийн 466.2-т Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ гэж заасны дагуу шаардаж байгаа хэмээн тайлбарлалаа.
Хариуцагч Б.******* нь 89 панда дэлгүүрийн Баянзүрх дүүргийн 16-р хороолол дахь салбарт 2019 оны 12 сараас 2020 оны 05, 06 сар хүртэл кассчинаар,
Мөн дэлгүүүрийн Бөхийн өргөө салбарт 2021 оны зунаас 2022 оны 11 сар хүртэл менежерээр, 2022 оны 11 сараас 2023 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл тухайн салбарт кассчинаар,
2023 оны 01 сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 сарын 16-ны өдөр хүртэл тус дэлгүүрийн салбарт кассчинаар ажилласан тухайгаа тайлбарласан ба нэхэмжлэгч Д.*******э энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч Д.*******э хариуцагч Б.*******ийг 2022 оны 12 сарын 28-ны өдөр бараа хүлээн авч 2023 оны 01 сарын 03-ны өдрөөс ажлаа эхэлсэн, 597,535,900 төгрөгийн бараа хүлээн авсан,
355,289,642 төгрөгийн бараа борлуулсан,
2023.04.16-ны өдөр 199,974,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн,
Бусад салбар дэлгүүрт 20,757,200 төгрөгийн бараа шилжүүлсэн,
2023.04.16-ны өдөр 3,472,000 төгрөгийн бараа хүлээлгэн өгч, БҮГД 18,043,850 төгрөгийн бараа дутаасан ба уг үнийн дүнгээс тодорхой хувийг хөнгөлж 12,792,681 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.*******э нь хариуцагч Б.*******ийг 2023.01.03-2023.04.16-ны хооронд 89 панда дэлгүүрийн салбарт кассаар ажиллахдаа салбар дэлгүүрийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж байсан, бараа хүлээн авч тооллого хийх үйл ажиллагааг хариуцдаг байсан гэж тайлбарлаж байх боловч үүнтэй холбоотой бичгийн баримтыг ирүүлээгүй бөгөөд ажил олгогч этгээд ажилтантай ямар нэг гэрээг бичгээр байгуулж байгаагүй болох нь нэхэмжлэгч Д.*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Д.*******э нь хариуцагч Б.*******ийг 2022.12.28-ны өдөр барааг хүлээн авч 2023.01.03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн гэж тайлбарласан ба хэргийн 58-68, 76-84, 102-116 дугаар талд авагдсан баримтууд дахь барааг хэн, хэзээ, хэнд хүлээлгэн өгч, хэн хүлээн авсан нь тодорхой бус, баримт дахь бараа 1 бүрийн үнэ нь хэд болох нь тодорхойгүй байна.
Хэргийн 69-75 тал дахь 193 хайрцаг, 2022.12.28 гэсэн огноо бүхий 102,160,160 төгрөгийн үнэ бүхий бараа гэх баримтад хянасан захирал Д.*******э, тооцоо бодсон менежер У.Булганцэцэг гэж тус тус гарын үсэг зурсан ба хүлээн авсан касс А.Батбилэг гэж бичигдсэн хэдий ч хүлээн авсан хүний гарын үсэг зурагдаагүй, хэн хүлээн авсан нь тодорхойгүй, хүлээн авсан хүний нэр бичигдээгүй.
Хэргийн 86-101 дүгээр тал дахь баримтуудтай холбоотой талууд маргаагүй.
Хэргийн 116-129 дахь бараа хүлээлцсэн гэх баримт дахь барааг хүлээн авсан баримтад н.Батбилэг гарын үсэг зурж Б.******* хүлээн авсан хэмээн нэхэмжлэгч тал тайлбарласан бөгөөд энэ нь Б.*******д 2022.12.28-ны өдөр 597,535,900 төгрөгийн үнэ бүхий бараа хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй.
Хэргийн 6-12 дугаар тал дахь тооцоо нийлсэн акт гэх баримтыг талууд 2023.04.16-ны өдөр үйлдсэн талаараа тайлбарласан ба уг баримт дахь Б.******* 2022.12.23-2023.04.16-ны өдөр хүртэл 597,535,900 төгрөгийн бараа хүлээн авсан нь үнэн гэж бичигдсэн боловч уг баримтыг нөхөн үйлдсэнээс гадна Б.*******д 2022.12.23-2023.04.16-ны өдрүүдийн хооронд хэдий хугацаанд, 1 бүр нь хичнээн төгрөгийн үнэтэй, ямар төрлийн хэдэн ширхэг барааг хүлээлгэн өгсөн нь тодорхой бус байна.
Мөн нэхэмжлэгч Д.*******э нь Б.******* тооллого бүрт өөрөө оролцож, тухайн тооллогыг хамтдаа хийн, акт баримт үйлдэхэд хохирлыг төлөхөө илэрхийлдэг байсан гэж тайлбарласан боловч Б.*******ийг салбарт ажиллах хугацаанд хэзээ хэрхэн тооллогууд хийж байсан нь тодорхойгүй, энэ нь баримтаар нотлогдоогүй.
Нэхэмжлэгч тал хариуцагч Б.******* 2023.04.16-ны өдөр тооллого хийхэд 18,043,850 төгрөгийн бараа дутаасныг 12,792,681 төгрөг болгон хөнгөлөлт үзүүлэн акт үйлдсэн гэх ба анх дутаасан гэх 18,043,850 төгрөгт 1 бүрийн үнэ хичнээн төгрөгийн, ямар төрлийн хэдэн ширхэг бараа дутаасан болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй.
Дээр дурдсанаас дүгнэж үзэхэд хариуцагч Б.******* 18,043,850 төгрөгийн үнэ бүхий бараа дутаасан болох нь тогтоогдсонгүй.
Хариуцагч Б.******* 2023.04.17-ны өдөр Миний бие Б.******* нь салбарт 12.23-4.16-ныг хүртэл суусан. Нийт сууж байх хугацаанд 12,792,681 төгрөгийн бараа дутсан нь үнэн болно. 30 сарын хугацаанд сар 2 удаа 244.500 төлж барагдуулна. Ажлаас гарсан ч энэ мөнгөө төлж барагдуулна. 30 хоног төлөхгүй бол хуулийн байгууллагаар явахыг зөвшөөрч байна. Хуулийн байгууллагаар явах зардлыг миний бие төлнө. Энэ зээл дээр өмнөх 1,477,560, анхны зээл нийт 14,670,240 зээл төлж барагдуулна гэх баримт нь бараа дутаасан гэж үзэх үндэслэл болохгүй.
/ХХ-ийн 5 дугаар тал/
Нэхэмжлэгч Д.*******э нь хариуцагч Б.*******өөс дутаасан барааны үнэ 12,792,681 төгрөг, зээлийн үлдэгдэл 1,477,560 төгрөг, нийт 14,670,240 төгрөгийг нэхэмжилж байгаа тухайгаа тайлбарласан ба үүнээс хариуцагч Б.*******ийн хүлээн зөвшөөрсөн зээлийн үлдэгдэл төлбөр 1,477,560 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Д.*******эд олгох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 415 дугаар зүйлийн 415.1, 466 дугаар зүйлийн 466.2-т заасныг баримтлан хариуцагч Б.*******өөс 1,477,560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******эд олгож, үлдэх 12,792,681 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219,633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******ээс 11,668 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.*******өөс 38,590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН