Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00061

 

 

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/00061

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2024/01266/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.А нь Х аймгийн М суманд  1967 онд Д-ийн 3 дахь охин болон мэндэлсэн бөгөөд  М сумын 10 жилийн I сургуулийг төгсөж Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр 1987 онд төгсөж ирээд М сумын Худалдаа бэлтгэлийн трестэд  нийтийн хоолны тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1991 онд өмч хувьчлалын комиссийн тогтоол гарсантай холбоотойгоор Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 125 дугаар тушаалаар Д хоршоонд нягтлан бодогчоор хуваарилагдан ажилласан. 1995 оны 10 дугаар сард Д хоршоо нь татан буугдсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн хоршоонд ажиллаж байсан  хугацаанд хөдөлмөрийн дэвтэр дутуу хагас бичигдсэн, аймгийн архиваас холбогдох тушаал, мөн цалингийн цэс олдохгүй байгаа зэргээс миний уг хоршоонд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд Д.А миний Х аймгийн Д хоршоонд 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1967 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Х аймгийн М сумын төрөх тасагт төрсөн.8 настайдаа М сумын 1 дүгээр 8 жилд элсэн орж 1983 онд төгсөж, 9-10 дугаар ангиа М сумын 1 дүгээр 10 жилд сурч төгсөөд Худалдааны техниккомд сурч нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. 1987 оны 7 дугаар сард Худалдаа бэлтгэлийн трестэд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хувьчлал болж Д хоршоонд нягтлан бодогчоор хуваарьлагдаж ажилласан. Д хоршоонд 1995 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад уг хоршоо татан буугдсан. Үүний дараа нь Х аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1995 оны 11 дүгээр сараас ажилд орж одоог хүртэл эндээ ажиллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл Д хоршоонд ажиллаж байсан хугацааны баримт байхгүй учир энэ хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Бусад хугацаанд ажиллаж байсан хугацааны тушаалууд байгаа учраас шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэж бодож байгаа гэв.

Нэхэмжлэгчээс Д.А-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 126 дугаартай тушаалын хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/1010 дугаартай албан бичиг, Х аймгийн Нэгдсэн эмнэлэгээс  2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр лавлагаагаар олгосон Төрөлтийн болон нярай хүүхдийн өсөлтийн түүхийн хуулбар зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Б, Ш.Ц нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Агийн ХААТР-1 (А), ХААТР-21 (А), ХАЯГИЙН ХУУДАС №7 баримтын лавлагаа, Х аймгийн Архивын тасгаас тушаал, түүнтэй холбогдох баримтуудыг, Х аймгийн Нийгмийн даатгалын газраас М сумын Д хоршооны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон  орлого зарцуулалтын 1992-1994 оны тайланг лавлагаагаар гаргуулж тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2.Нэхэмжлэгч Д.А нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуулинд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай тул  Х аймаг дахь Д хоршоонд  1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

3.Хэрэгт

Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн захиргаанаас  1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д.А  нэрээр нээж олгосон

Ажлын тухай мэдээний хэсэгт:

1.1987.08.03. М ХБ трестэд тооцооны ня-бо томилон ажиллуулав.  М ХБ трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 183-н тоот тушаал,

2. 1991.11.01. М Худ-ны трест татан буугдсан учир Д хоршооны мэдэлд шилжүүлэв. М Худ-ны трестийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 01-ний 125-н тоот тушаал,

3. 1991.11.01. Д хоршоонд ня-бо-оор авч ажиллуулав. Д хоршооны эзний 1991 оны 11 дүгээр сарын 01-ний 01 тушаал,

4. 1994.12.31. НД багц хууль хэрэгжиж НД дэвтэр хөтлөгдаж эхлэсэн тул хөдөлмөрийн дэвтрийг НД ..... тоот дэвтэр олгов. гэж бичигдсэн 220085 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас (хх-ийн 5-7 дугаар хуудас),

Х аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсээс Д.А нэрээр нээж олгосон:

Даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэгт:

1.Ажилласан аж ахуйн нэгж, байгууллагын нэр:Д хоршоо,

2.Эрхэлж байсан ажил, албан тушаал: Нягтлан бодох,

3.Ажлаас гарсан он, сар, өдөр: 1995.10.30

Тэмдэглэл хийсэн хүний гарын үсэг, тэмдэг: Д хоршоо татан буугдсан тул ажлаас чөлөөлөв... гэж бичигдсэн, 1995 онд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл бичигдэж нягтлан бодогчийн гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан  *** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас  (хх-ийн 7-9 дүгээр хуудас),

Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 07ы өдрийн ...7. Хүмүүжигчийн овог, нэр-Д.А, ямар мэргэжилтэй- ня-бо, халамжлан хүмүүжүүлэгчийн нэр-Г.Н... гэх бичилттэй 1987 онд З аймгийн худалдааны ТМС, Техникум  төгсөж ирсэн хүүхдүүдтэй халамжлан хүмүүжүүлэгчийн гэрээтэй ажиллах хуваарьт Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 35 дугаар хуудас),

Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1987 оны 8 дугаар сарын 05ы өдрийн 183 дугаартай 1. З аймгийн худалдааны техникумын  ня-бодогчийн анги  төгсөж ирсэн Д овогтой А-г тооцооны нягтлан бодогчоор ... гэх бичилттэй тушаалд Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 36 дугаар хуудас),

Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 23ы өдрийн 125 дугаартай 1. ХЦХУ –ын хороо, Сангийн яамны сайдын 1980 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29/59-р тушаалыг үндэслэн худалдааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тооцооны ня-бо нарын нэмэгдэл цалинг хавсралт №1-ээр олгосугай.  ... тушаалын хавсралтын ...18. Д.А, тооцооны ня-бо, ажилласан жил 2 ... гэх бичилттэй  Нягтлан бодогч нарын цалинг нэмэгдүүлэх тухай тушаал, тушаалын хавсралтанд Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 37 дугаар хуудас),

Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 06ы өдрийн 220 дугаартай 1. Хариуцлагатай эргүүл, жижүүр хийх хүмүүсийг хавсралт №1-ээр баталсугай.  Хавсралтын ...5. Д.А ня-бо... гэх бичилттэй  Жижүүр томилох тухай тушаал, тушаалын хавсралтанд Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 2 хуудас (хх-ийн 38-39 дүгээр хуудас),

Х аймгийн М хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 01ий өдрийн 126 дугаартай 1. Бага хувьчлалаар дэлгүүрүүдийг хамт олонд нь өгөх болсон тул  ажилчдыг хувийн хэрэг бусад материалын хамт дэлгүүрийн эздийн мэдэлд 11-р сарын 1-нээр тасалбар болгон шилжүүлсүгэй. (Хавсралт №1) гэх бичилттэй хавсралтгүй Ажилчдыг шилжүүлэх тухай тушаалд Х аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 10 дугаар хуудас),

Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 813 дугаартай Х аймгийн М хотын Худалдааны трест  Шимтгэл төлөлтийн тайлан (НД-16) -аар 1991 онд, Д хоршоо 1992-1994 онд  тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно. Д хоршоо нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримт байхгүй болно гэх архивын лавлагаа 1 хуудас (хх-ийн 22 дугаар хуудас),

Х аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Д овогтой А-ийн Х аймгийн Д хоршоонд 1995 оны 1-3 дугаар саруудад шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн Архивын лавлагаа 1 хуудас (хх-ийн 23 дугаар хуудас),

Д.А-ын  Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Худалдаа бэлтгэлийн трест, ажилд орсон он: 1987,  эрхэлдэг ажил: тооцооны ня-бо, эрхэлж эхлэсэн он: 1987, оршдог сум, район: М гэж 1988 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 28 дугаар хуудас),

Д.А-ын Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай: 10 жилд сурагч ... гэж 1983 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 30 дугаар хуудас),

Д.А-ын Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас),

Х аймгийн Нэгдсэн эмнэлэгээс  2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр лавлагаагаар олгосон:  

1.Хэвтсэн 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 07 цаг 00 минут,

...9. Мэргэжил, ажил алба: ня-бо төв хүнсний дэлгүүрт... гэх бичилттэй 808 дугаартай Төрөлтийн болон нярай хүүхдийн өсөлтийн түүхийн хуулбарт Х аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 31-33 дугаар хуудас),

Х аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр лавлагаагаар ирүүлсэн Д хоршооны 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх “Орлого зарцуулалтын тайлан”-д нягтлан бодогч Д.А-гийн нэр бичигдэж, гарын үсэг зурагдсан хэсэг бүхий тайлангийн хуулбар 13 хуудас  (хх-ийн 44-56 дугаар хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ш.Ц- ийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Намайг 1988 оны 7 сараас   Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар анх ажилд ороход Д.А нь тооцооны нягтлан бодогчоор анх ажиллаж байсан. Надаас нэг жилийн өмнө ажилд орсон гэж  ярьдаг байсан. Тэгээд манай Худалдаа бэлтгэлийн трест маань 1991 онд хувьчлагдан тарж түүний суурин дээр Д хоршоо байгуулагдахад миний худалдагчаар Хүнсний төв буюу өөртөө үйлчлэх 1 дүгээр дэлгүүрийн тооцооны нягтлан бодогчоор Д.А томилогдон ажиллах болсон.  Бид хоёр Д хоршоог 1995 оны 10 сард татан буугдах хүртэл хамт ажилласан. ... гэх мэдүүлэг, гэрч Ш.Ц-ийн тухайн байгууллагад ажиллаж байсан хугацаагаа шүүхээр сэргээн тогтоолгож байсан талаарх Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай шийдвэрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар 11 хуудас (хх-ийн 58-68 дугаар хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Б-гийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: Би 1980 онд З аймгийн Худалдааны ТМС-ийг худалдагч-касс мэргэжилээр төгсөөд шууд Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд кассчнаар томилогдон хуучнаар 6 худалдагчтай дэлгүүрт анх ажилд орж байсан. Тэгээд намайг тус байгууллагад ажиллаж байхад Д.А нь 1987 оноос Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд тооцооны нягтлан бодогчоор анх ажилд орж байсан. Тэгээд манай Худалдаа бэлтгэлийн трест маань 1991 онд хувьчлагдан тарж түүний суурин дээр Д хоршоо байгуулагдахад манай нийт ажилчид тус хоршоонд шилжин орж үргэлжлүүлэн ажилласан ба Д хоршоог 1995 оны 10 сард татан буугдах хүртэл хамт ажилласан. ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 69-71 дүгээр хуудас) зэрэг болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д.А нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

5. Дээрх баримтуудаар түүний ажиллаж байсантай холбоотой үйл баримт нотлогдож байх ба Д хоршоонд нягтлан бодогчоор ажиллаж байсан үйл баримт нь гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй хэсэг түүнчлэн Х аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр лавлагаагаар ирүүлсэн Д хоршооны 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх “Орлого зарцуулалтын тайлан”-д нягтлан бодогч Д.А-гийн нэр бичигдэж, гарын үсэг зурагдсан байдлыг үндэслэн нэхэмжлэгч Д.А-г Х аймаг дахь Д хоршоонд  1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.А-ын Х аймаг дахь Д хоршоонд  1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА