| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/01320/И |
| Дугаар | 320/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/00062
| 2025 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/00062 |
Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О- миний бие өөрийн өмчлөлийн Маzda proced маркийн 91-42 ХӨВ улсын дугаартай автомашинаа Г.Н-д 3,500,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, түүний эзэмшилд машинаа шилжүүлж өгсөн. Гэтэл Г.Н- нь миний машины үлдэгдэл төлбөр болох 1,500,000 төгрөгийг одоог хүртэл өгөхгүй байна. Би Г.Н-д үлдэгдэл төлбөрөө авъя, мөнгө өгөх боломжгүй бол машинаа буцааж авъя гэж хэлэхэд утсаа салгаад алга болсон. Одоо утсаа ч авахгүй байна.
Иймд Г.Н-эс 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би анх зарахдаа ах нь 3,500,000 төгрөгөөр зарна шүү гэж хэлсэн. Одоо 1,000,000 төгрөг өгөх боломжтой гэвэл би машиныг нь шилжүүлээд өгчихнө. ... 750,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.О-н нэхэмжлэлтэй Г.Н-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Т би оролцож нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Г.Н- нь фейсээр задаргаанд машин авна гэж зар тавьсны дагуу иргэн Б.О- нь 2023 оны 3 дугаар сард Г.Н-тэй холбогдоод машин задаргаанд авах уу гэхээр нь машинаа авч ирж үзүүл гэж хэлсэсн юм байна. Н машиныг нь үзээд мотор, хроп муу юм байна, 2.0 сая төгрөгт бол авбал авъя гэсэн. Тэгээд үнэнд нь тохиролцоод О маргааш нь Н рүү утсаар залгаад 10 дугаар хороонд айлын хашаанд тавьсан байгаа. Намайг очиж ав гэхээр нь түүний төрсөн дүү болох хүнийг дагуулж очоод машиныг нь асааж авчирсан гэж Н ярьдаг. Н.О-той тохиролцсоныхоо дагуу машины үнэнд 2,0 сая төгрөгийг эхнэр Оюундэлгэрийнхээ данснаас шилжүүлж өгсөн байдаг. Үндэслэлгүйгээр 1,500,000 төгрөг нэхэмжлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагчаас надад эвлэрэх эрх өгсөн учраас дундаа хийгээд 750,000 төгрөг дээр тохирч болно. Тэгэхгүй бол хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Г.Н-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,500,000 ( нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Б.О- нь нэхэмжлэлийн шаардлагаа 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч хэргийн зохигч нар шүүх хуралдаанд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч Б.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарын дээрх эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 ( гучин найман мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-эс 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 22,550 ( хорин хоёр мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н-д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,500,000 ( нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.О- нэхэмжлэлийн шаардлагаа 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр багасгаж, 750,000 төгрөг гаргуулахаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т 750,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 ( гучин найман мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-эс 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 22,550 ( хорин хоёр мянга таван зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА