Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/380

 

                                                                А.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ, даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

шүүгдэгч А.М,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2206 00000 3678 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Д овгийн А-н М, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ..............., /РД: .........../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 263 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;  

Шүүгдэгч А.М нь 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” унадаг дугуйн клубын үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хохирогч О.Б-н эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 640.232 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 2-ны орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АОМ” нэртэй караокены гадна хохирогч Б.Ч-н эзэмшлийн “Самсунг А-10” загварын гар утсыг “утсаар яриад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулан 245.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт А-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д энэ тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-н цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-с нийт 414.176 төгрөг гаргуулж хохирогч О.Б-д 169.176 төгрөг, хохирогч Б.Ч-т 245.000 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 2 ширхэг сиди-г хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

       1. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйлдлийг анхнаасаа мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлж байсан. Энэ хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би түрээсийн хашаа байшинд хөгжлийн бэрхшээлтэй буюу группт байдаг эцэг, эх болон дүү нарын хамт түр оршин суудаг. Энэ хэрэгт холбогдохоосоо өмнө би ажил хийж ар гэрээ тэжээж, түрээсээ төлдөг байсан тул ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.

       2. Харин надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гар утас залилан авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, хохирогч Б.Ч худлаа мэдүүлэг өгсөн. Би түүний гар утсыг аваагүй. Мэдүүлэг гаргагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадалгүй, намайг хамт байсан гэдгээр гүтгэсэн. Нотлох баримт болох камерийн бичлэг дээр утсыг нь авч байгаа нь байхгүй бид хамт архи уусан талаар хэн аль нь маргаагүй, хоёулаа согтуу байсан. Прокурор болон шүүх намайг хийгээгүй хэргийн төлөө хилсээр ял шийтгэсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй, зөвхөн хохирогчийн тэгж хэлж байсан гэх гэрчийн мэдүүлгээр ялласан нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

     Дээрх эргэлзээтэй, нотлогдоогүй байдал болон би тухайн утсыг аваагүй зэрэг нөхцөл байдлыг нотлох баримтад тулгуурлан тус үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

      Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.М нь бусдыг залилсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй боловч бусдыг залилсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч тухайн цаг хугацаанд хохирогчтой хамт байсан талаар хохирогч мэдүүлсэн. Мөн хяналтын камерын бичлэгт хамт гарч байгаа, текэн дээр хамт зогсож байсан нь харагддаг. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд бичлэг дээрх хүмүүс өөрөө болон хохирогч мөн гэж мэдүүлсэн. Шүүгдэгч хохирогчийн гар утсаар ярьчихаад ирье гээд аваад явсан талаар хохирогч мэдүүлсэн. Хохирогч утсыг нь аваад явсан талаар тухайн баарны бармен О-т хэлсэн байдаг бөгөөд гэрч Отгонцэцэг ч энэ талаар мэдүүлсэн. Дээрх баримтуудаар шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч А.М-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч А.М нь 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” унадаг дугуйн клубын үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хохирогч О.Б-н эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 640.232 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 2-ны орой 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “АОМ” нэртэй караокены гадна хохирогч Б.Ч-н эзэмшлийн “Самсунг А-10” загварын гар утсыг “утсаар яриад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар төөрөгдөлд оруулан 245.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

хохирогч О.Б-н “...Би 17 цагийн үед өөрийн эзэмшлийн “А” нэртэй унадаг дугуйн клубт ирэхэд үүдний шилэн хаалга хагарсан байдалтай онгорхой байсан. ... Гадна камер шүүж үзэхэд 17.00-17.30 цагийн хооронд хулгайч 2 цүнх аваад гарч байсан. ... Проектор, арьсан цүнх, ном зэрэг алга болсон байна. Өөр юу алга болсныг одоогоор мэдэхгүй байна. ...” /хх 15-16/,

хохирогч Б.Ч-н “... “АОМ” нэртэй караоке орж 2 шилтэй пиво аваад ууж байгаад нөгөө залуугаас зугтаад гараад явсан чинь араас дагаж гарч ирээд намайг утсаар ярьж байтал “хаанаас яриад байгаа юм” гэхээр нь би “Авлигатай тэмцэх газраас нэг хүн залгаад надаас гэрчээр мэдүүлэг авна гээд байна” гэсэн чинь нөгөө залуу “чи ямар хэрэг хийсэн бэ, надад таньдаг хүн байгаа, ... чи надад утсаа өгч бай, би утсаар чинь яриад зохицуулаад өгье” гэж хэлээд миний гар утсыг аваад яваад өгсөн. ...” /хх 136-137/

гэрч Г.А-н “... А.М-г барьж авахад “А” унадаг дугуйн төвөөс алдагдсан эд зүйл болох проектор, хар өнгийн үүргэвч дотор А.М-н 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол байсан гэх зүйлийг өөрөө барьсан явж байсан тул алдагдсан эд зүйлийг тэмдэглэл бичиж түр хураан авсан. ...” /хх 17-19/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ хийсэн үнэлгээний тайлан /хх 23-25, 126-127/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-7/, “... А.М-г явж байхад нь шалгахад хулгайлсан байж болзошгүй эд зүйлийг түр хураан авав. ... зурагтын проектор хайрцагтайгаа, Хаан төрийн нуруу нэртэй ном, ... хар өнгийн цүнх...” зэргийг түр хураан авсан тэмдэглэл /хх 87/, хохирогч О.Б-д эд зүйлийг буцаан өгсөн тэмдэглэл /хх 89/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 131-133/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.М-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, мөн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.М-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сарын хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад буюу 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 170.000 төгрөгийг хохирогч О.Б-д дансаар төлсөн болохыг дурдах нь зүйтэй. 

Шүүгдэгч А.М-с “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй, нотлогдоогүй, би тухайн гар утсыг аваагүй тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан.

Шүүгдэгч А.М нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн боловч тэрээр хоёр удаагийн үйлдлээр хулгайлах болон залилах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг нь тухайн караокед барменаар ажиллаж байсан гэрч М.О-н “... 21 цагийн үед гаднаас нэлээд халамцуу хоёр хүн орж ирж үйлчлүүлсэн. Тэгээд 2 шил пиво аваад текний хажуугийн ширээн дээр сууж байснаа нэг нэгээрээ утсаар яриад орж гараад байсан. Хэсэг хугацааны дараа нэг залуу нь орж ирээд “надтай хамт явсан хүн орж ирсэн үү... миний гар утсыг аваад явчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байхаас гадна хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

   Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  А.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-н анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон 62 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/181 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч А.М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч О.Б-д 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг нөхөн төлснийг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М-н гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 6ы өдрийг хүртэл хугацаанд 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР