Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 112/ШШ2024/0031

 

 

2024 оны 10 сарын 04 өдөр                    Дугаар 112/ШШ2024/0031                 Есөнбулаг сум

 

  Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Бугат сумын МАН-ын хороо, дарга Д.Б,

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа

  Хариуцагч: Говь-Алтай аймгийн Бугат сумын Сонгуулийн хорооны дарга А.М

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Б,

  Гуравдагч этгээд: Ц.Б

  Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын хооронд үүссэн Сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд Ц.Б/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

 1.1. Нэхэмжлэгч нь Бугат сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолын хавсралтад заасан Ц.Бг нэр дэвшигчээр бүртгэснийг хүчингүй болгож, нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулахаар маргаж байна.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Бугат сумын Сонгуулийн хорооны  2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай тогтоолын хавсралтын 35 дугаарт Ц.Б  нэр дэвшигчээр бүртгэсэн байна.

2.2. Нэхэмжлэгч Д.Б нь нэр дэвшигч Ц.Б нь Бугат сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байхад сумын сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж маргадаг.

2.3. Хариуцагчаас Ц.Б нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тухайн ажлаасаа 08 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ Засаг даргын Тамгын газарт гаргасан. 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ажил эрхлээгүй гэж маргадаг.

2.4. Иймд  Д.Б нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28-р зүйлийн 28.4-т зааснаар орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн 8 сарын 01-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх-аар зохицуулсан байна. Гэтэл нэр дэвшигч Ц.Б нь Бугат сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байхад сумын сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байх тул Г.Бг нэр дэвшигчээр бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, нэр дэвшичийн жагсаалтаас хасаж өгнө үү гэжээ.

 

  3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Нэхэмжлэлийн үндэслэл нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д зааснаар орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн байхаар зохицуулсан байна. Гэтэл нэр дэвшигч Ц.Б нь Бугат сумын Засаг даргын 2024 оны 8 сарын 22-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байхад сумын сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн байх тул Ц.Бг нэр дэвшигчээр бүртгэсэн сумын сонгуулийн хорооны шийдвэрийг хүчингүй болгож, нэр дэвшигчийн жагсаалтаас хасаж өгнө үү гэжээ.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Ундармаа шүүх хуралдаанд хэлсэн  тайлбартаа: 2024 онд бид нар Монгол Улсын Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль одоо зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор бид нар Сонгуулийн хэсгийн хороог хууль зөрчсөн гээд нэхэмжлэл гаргасан. Энэ ямар хууль тогтоомж зөрчсөн бэ гэхээр Сонгуулийн хороо болон хэсгийн хороо нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хуулийн хүрээнд ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих, иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэж сонгуульд нэр дэвшиж нэр дэвшсэн дэвшигчийг чөлөөтэй сонгох зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлэх үүрэгтэй байгаа юм. Гэтэл Говь-Алтай аймгийн Бугат сумын сонгуулийн хэсгийн хороо бол сонгуулийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. Ямар үндэслэлээр бид нар ингээд хууль тогтоомжийг зөрчиж хэн нэгэн этгээдийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна гэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй гэсэн иргэний эрхийг зөрчиж байгаа юм. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4-д нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гээд хуулийн шаардлагаа тавьсан байгаа юм. Энэ нь Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим буюу Сонгуулийн хэсгийн хороо нь Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хууль, сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй юм байгаа юм. Гэтэл 2024 оны 8 дугаар сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тушаалын шийдвэрийг хавсаргаж өгөөгүй байхад бүртгэсэн байна. Энэ нь юу вэ гэхээр Аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тушаалын шийдвэрийг заавал хавсаргана гэж заасан байгаа юм. Гэтэл хариуцагчаас өгсөн баримтад 8 сарын 1-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тушаалын шийдвэр байхгүй байгаа юм. Хариуцагч өөрөө тайлбарлахдаа хэлж байна. Сонгуулийн тухай хуулийн 28.4.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэж заасан байгаа. Энэ заалт дээр түр гэдэг үг байхгүй гэж тайлбарлаж байна. Өнөөдөр бид нар хариуцагчаар төрийн байгууллагыг төлөөлөөд ирсэн хүн түр гэдэг үгэн дээр тоглолт хийж байгаад гайхаж байна. Яагаад вэ гэхээр түр орлон гүйцэтгэгч гэдэг албан тушаалыг албан тушаал биш гэж үзэх гээд байна. Түр гэдэг үгээр тэр ажил албан тушаал гэж биш гэж тайлбарлаад байна. Хэрвээ ийм бол  бүх сонгуульд оролцож байгаа, сонгуульд нэр дэвших гэж горилж байгаа төрийн өмчит хувьцаат компани болон төрийн үйлчилгээний албан тушаалтнууд өөрийнхөө ажлыг 8 сарын 1-ний өдөр байна 8 сарын 5-ны өдөр ч бай 9 сарын 5-ны өдөр ч гэсэн түр гүйцэтгэх захирал түр удирдах албан тушаалд гээд тушаалаа өөрчлүүлээд ажлаа хийгээд сонгуульд оролцож болох байхгүй юу. Тэгэхээр юу вэ гэхээр энэ хариуцагчийн гаргаад байгаа тайлбар бол хууль зүйн үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт 8 сарын 1-нээс өмнө ажлаас чөлөөлөгдсөн тушаалын шийдвэр байхгүй, зөвхөн хүсэлт байгаа юм. Хүсэлт өгснөөр бүртгэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хурлын тэмдэглэлээс харахад ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн байна. Тийм болохоор бүртгэе гэдэг хуралдааны тэмдэглэл байсан.  Бид нар өнөөдөр хууль дээр ажиллана. Хуулийг дагаж мөрдөнө. Хуулийн 31.2.3 энэ хуулийн 28.4-д заасан албан тушаалтан болон ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбарыг хавсаргана гэсэн байгаа. Тэгэхээр 31 дүгээр зүйл заалтыг зөрчсөн учраас 32-т заасны дагуу нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзах хангалттай үндэслэл байхад татгалзаагүй нь өөрөө сонгуулийн хэсгийн хороо, Монгол Улсын Үндсэн хууль, Аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийн тухай хууль, дээрээс нь тэр сонгогч буюу Бугат сумын хавтаст хэрэгт байгаа 282 сонгогчдын эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Сонгогчийн эрхийг яагаад зөрчсөн гэж үзэж байна гэхээр Монгол Улсын иргэн хуулийн дагуу сонгон шалгаруулалтад оролцоод хангалттай нотлох баримтуудаа өгөөд нэр дэвшигчээр бүртгэгдсэн тийм иргэнийг сонгох эрхтэй. Энгийн иргэн У би жишээ нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт болбол би хуулийн дагуу материал нь хангалттай бүртгэгдээд орж ирсэн нэр дэвшигчийг л би сонгомоор байна. Тэрнээс хууль зөрчөөд ороод ирчихсэн нэр дэвшигчийг би сонгомооргүй байна. Тэгэхээр энэ давхар давхар сонгогчдын эрх, өрсөлдөгч магадгүй энэ Ц.Бгийн дараагийн өөр нэр дэвших гээд горилж байсан этгээдийн эрхийг бас зөрчиж байгаа. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийг хангалттай зөрчсөн үндэслэл байна. Хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл  байна гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

 3.4. Хариуцагч А.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Бнь сумын Соёлын төвийн даргаар ажиллаж байгаад сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан. Сумын түүхт 100 жилийн ой болох гэж байгаатай холбоотойгоор сумын Засаг даргын зүгээс ойн арга хэмжээ тэмдэглэн өнгөрүүлтэл түр ажиллах саналыг тавьж, дахин сумын Засаг даргын 2024 оны Б/05 дугаар захирамжаар Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа юм. Үүрэг гүйцэтгэгч Ц.Б нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тухайн ажлаасаа 08 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн боловч 08 дугаар сарын 01-21-нийг дуустал хугацаанд ажлын 15 хоногийн ээлжийн амрапт эдлүүлж , 08 дугаар сарын 22-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа юм.

  Энэ бүгдээс сумын Сонгуулийн хороо нь дүгнэлт хийж, сонгуулийн хорооны хуралдаанаараа хэлэлцээд Ц.Б нь “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж өргөдлөө өгсөн, мөн 08 сарын 01-нээс хойш тухайн ажлыг эрхлээгүй амралт эдэлсэн тул сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн болно гэжээ.

3.5 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Сумын сонгуулийн хороо нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар  нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэр гарсан. Мөн татгалзах шийдвэрийг бас тэр өдөр хэлэлцсэн. Нэр дэвшигчдийг бүртгэхдээ 42 нэр дэвшигчдээс Монгол Ардын намаас 21, Ардчилсан намаас 21 нэр дэвшигч байсан. Үүнээс 40-ийг нь бүртгэж 2 нэр дэвшигчийг татгалзсан. Татгалзсан шийдвэр нь тусдаа гарсан байгаа. Ингээд намуудын хороодод тогтоол шийдвэрээр хүргүүлэхэд Монгол Ардын Намын хорооноос 9 сарын 15-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Б нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4 дэх заалтыг зөрчин нэр дэвшсэн байгаа тул нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн Д.Б даргын гарын үсэгтэй албан тоот ирсэн. Үүний хариуг 9 сарын 19-ний өдөр сумын сонгуулийн хорооноос явуулсан. Үүнд: Монгол Ардын Намын хороонд сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Б нь сумын Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар сумын Соёлын төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан. Сумын Засаг даргын 2024 оны Б/05 дугаар захирамжаар Соёлын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тухайн ажлаасаа 8 сарын 1-ний өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ Засаг даргын Тамгын газарт ирүүлж, үүнээс хойш ажиллаагүй байна. Ц.Б нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт зааснаар 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэл зорилгоо илэрхийлж өргөдлөө өгсөн тул нэр дэвшигчээр бүртгэсэн болно. Иймд холбогдох баримтуудыг хавсаргаж, сонгуулийн хорооны дарга А.Мын гарын үсэгтэй албан тоотыг намын хороонд хүргүүлсэн байгаа. Үүнийг хүргүүлсний дараа 9 сарын 19-нд Говь-Алтай аймаг дахь Захиргааны шүүхийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэлийг сая танилцуулсан учраас би унших шаардлагагүй.

  Нэгдүгээрт: Ц.Б нь 3 дугаар сарын 1-ний өдөр тэтгэвэртээ гарсан байгаа. Төрийн   үйлчилгээний албаны удирдах албан тушаал хашиж байгаад 3 дугаар сарын 1-нд чөлөөлөгдөж тэтгэвэртээ гарсан. 3 дугаар сарын 5-нд дахин томилохдоо  Соёлын төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байгаа. Тэтгэвэртээ гарсан учир гэрээ хийгдсэн юм биш үү гэхэд гэрээ хийгдээгүй байсан.  Бугат сумын сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэхдээ Засаг даргын Тамгын газрын архивт байгаа баримтуудыг авч ирүүлсэн. Энэ нь Засаг даргын Тамгын газрын 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаарт бүртгэгдсэн өргөдөл байсан. Өргөдөл дээрээ ойн үеэр ажиллаач гэсэн ийм сумын удирдлагуудын хүсэлтийн дагуу ажилласан. Ингээд 8 сарын 1-нээс чөлөөлж өгнө үү гэсэн хугацааг тавьж өгсөн. Хоёрдугаарт. Энэ хүн өргөдөл өгөөд 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ээлжийн амралт олгосон байгаа юм.

  Гэхдээ энэ ээлжийн амралтыг би хуульд нийцэж байна уу, үгүй гэдгийг бас сайн мэдэхгүй байна. Яагаад гэхээр энэ хүнийг түр орлон гүйцэтгэгчийг 3 сарын 5-нд томилсон. Тэгээд 4 сард 25 хоног ажиллуулаад ээлжийн амралт олгосон байгаа. Тэгэхээр үүн дээр 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаагүй гэсэн үндэслэлийг харсан. 3 дахь үндэслэл нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2 дээр төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэсэн үг байгаа. Түүнээс төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн үг байхгүй гэсэн. Ийм үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэсэн байгаа гэв

3.6. Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Минйи бие 2024 оны 03 дугаар сарын 01-нд тэтгэвэртээ гарсан. Сумын удирдлагууд сумын түүхт 100 жилийн ой өнгөртөл ажиллах хүсэлт тавьсан. Захирамжаа гаргасны үндсэн дээр түр хугацаагаар ой өнгөрөх хүртэл ажлласан.  Оны арга хэмжээ дуусч 7 сарын 27нд Соёлын төвийн хамт олонтой Засаг даргын өрөөнд очиж дараагийн даргыг томилж8 сарын 1-нээс ажлаас чөлөөлж өгөх хүсэлтээ гаргасан. Мөн 7 сарын 29-нд ажлаас чөлөөлж өгөх хүсэлт бичгээр өгсөн болно. Иймд хуулийн хугацаа зөрчөөгүй гэж үзэж байна.  

 

3.7. Гуравдагч этгээд Ц.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би  2024 оны 3 сарын 1-нд тэтгэвэртээ гарна гээд ажлаас чөлөөлөгдсөн. 03 дугаар сарын  01-ний өдрийн захирамж дээр амралтыг тооцож дуусгавар болгох гэсэн заалт байсан. Энэ заалтын хүрээнд надад амралтыг дуусгавар болгож, тооцоо ч хийгээгүй. Харин тэтгэмжийг олгосон. Ингээд би ажлаасаа  чөлөөлөгдсөн байсан 2 хоногийн дараа сумын удирдлагууд сумын түүх 100 жилийн ой болох  гэж байна. Ой өнгөртлөө ажиллаадхаач гээд гуйсан. Тэгэхээр нь би ой өнгөртөл ажиллана. Надад эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлэх хэрэг байна гэсэн. 07 дугаар сарын 27-ны өдөр соёлын төвийн ажилтнуудтай хоолонд ороод Засаг даргын өрөөнд орж уулзаад ажлаа ав гэхдээ гадны хүнд өгөхгүй, өмнө нь гадны хүн ирж ажиллаад өр зээлэнд оруулсан байсан. Иймээс хамт олноос нэг хүнийг томилоодох гэж хэлсэн. Тэгэхэд би тэрийг энийг гэж сонгохгүй, та нар хурлаа хийгээд нэг хүнээ сонгоод ир тэгээд 8 сарын 1-нээс чинь чөлөөлж өгье гэсэн. Би 28-нд хамт олны хурал хийгээд хамгийн олон жил ажилласан буюу 12 жил ажилласан дуу хөгжмийн багш Б-д соёлын төвийн даргын ажлыг өгье, ой болохтой холбоотой нэлээд олон хөрөнгө оруулалт татсан. Энэ хөрөнгүүдээ сайн бүртгэж аваарай гэсэн. Энэ хөрөнгүүдээ сайн бүртгэж аваарай, нүд үзэж тоолж одоо хүлээлгэж өгнө гээд нягтлан Нарантуяаг дуудаж ирээд хамт олонтойгоо бүх одоо хөрөнгүүдээ нүд үзээд тэгээд би 29-нд хувийн өргөдлөө өгсөн. Яагаад гэвэл Засаг даргын Тамгын газарт өргөдлөө гаргасан. Засаг даргын Тамгын газрын дарга бол Засаг даргын захирамжийг төлөвлөж байдаг хүн байгаа. Тэгээд тэнд би хүсэлтээ өгсөн байгаа. Ингээд би нягтлан руу 3 сарын 1-нд намайг тэтгэвэрт гарахад амралтын дуусгавар тооцоо хийгээгүй, одоо надад дуусгавар тооцоо байгаа юу гэсэн "тэгэхэд байгаа" гэж хэлсэн. Дараа нь та 15 хоног амрах юм байна гэж Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэг надад танилцуулсан.  Тэгээд би үндсэндээ үнэхээр хүлээлттэй байсан учраас 8 сарын 1-ний дотор чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн удаа дараа удирдлагуудад танилцуулсан байсан учраас надад хүлээлт байсан учраас би шууд 29-нд өргөдлөө өгөөд 30-нд бүх хүмүүс амарсан. Би одоо  тушаал шийдвэр нь 8 сарын 1-нээр гарчихсан гэж бодоод амраад явчихсан. Тэгээд дараа нь шүүх цагдаа болж байна, таныг хууль зөрчиж нэр дэвшигчээ бүртгэсэн байна гэж хэлсэн. Надад амралт өгөх ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл тэтгэвэртээ гарч байгаа хүнд хуульд зааснаар амралтын дуусгавар тооцоо хийгээд  8 сарын 1-нд чөлөөлөөд оронд нь хүн томилоод явах ёстой байсан. Тэгэхэд энэ ашиг сонирхлын зөрчил байсан уу? Би бол энэ дээр үнэхээр эргэлзэж байна. Шийдвэр гаргагч, нягтлан бодогч бүгд ах дүү хүмүүс байж байгаа. Энэ дээр ямар нэгэн хувийн ашиг сонирхол байсан ч байж магадгүй гэж би хардаж байгаа. Ийм учраас надад маш их гомдолтой байгаа. Би 8 сард ерөөсөө нэг ч өдрийн цалин аваагүй. Бүх юм 8 сарын 1-ний дуусгавар болсон. Тэгээд би маш их эргэлзэж байна. Миний хууль эрх зүйн мэдлэггүйг ашиглаж ийм хэрэг үүсгэсэн гэж дүгнэлт хийж байгаа. 08 дугаар сарын 01-ний өдөр амралтын дуусгавар тооцоог хийж чөлөөлөөд нөгөө хүнээ томилоод явах ёстой байсан гэв.

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            4. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Бугат сумын Монгол Ардын Намын Хорооноос  тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан “Бугат сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот тогтоолын хавсралтад заасан Ц.Бг нэр дэвшигчээр бүртгэснийг хүчингүй болгож, нэр дэвшигчийн жагсаалтаас хасах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

            5. Говь-Алтай аймгийн Бугат сумын сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийг хавсралт жагсаалтаар баталжээ.

            6. Нэхэмжлэгчээс: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28-р зүйлийн 28.4-т зааснаар орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн жилийн 8 сарын 01-ний өдрөөс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулсан байна. Гэтэл нэр дэвшигч Ц.Б нь Бугат сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байхад нэр дэвшигчээр бүртгэсэн гэж,

         хариуцагчаас “Ц.Б нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр тухайн ажлаасаа 08 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн” гэж тус тус маргадаг.

            7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна: 28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;” гэж заасан байна.

Гуравдагч этгээд Ц.Б нь Бугат сумын Соёлын төвийн даргын албан тушаалд ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар  ажлаас чөлөөлөгдсөн байх боловч мөн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Соёлын төвийн даргаар буцаан томилж, үндсэн цалинг ТҮСУБ-5–аар тооцож олгохоор заажээ. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар "Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ыг баталсан байна. Энэхүү хавсралтын “ТҮСУБ-5” гэсэн хэсгийн 8-д “Соёлын ордон, соёлын төвийн дарга” удирдах албан тушаалтан гэж тодорхойлон заажээ. Үүнээс дүгнэвэл гуравдагч этгээд Ц.Б нь төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: “Гуравдагч этгээд тухайн албан тушаалд түр ажиллаж байсан, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан биш түр ажилтан” гэх тайлбар үндэслэлгүй.

8. Бугат сумын Засаг дарга Ч.Д-ын2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг баталж Ц.Бд 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг дуустал  ээлжийн амралт олгож, үүний дараа 2024 оны 08 дугаар сарын 22-ны Б/18 дугаар захирамжаар Соёлын төвийн даргын албан тушаалаас чөлөөлжээ.

Хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд 2024 оны 07 дугаар сарын 30-ны ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, ээлжийн амралт олгосон, албан тушаалаас чөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдож байдаг.  Тодруулбал, “албан тушаалаас чөлөөлөгдсөн байна” гэсэн хуулийн шаардлагыг гуравдагч этгээдийн ажлаас чөлөөлөгдөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн өргөдөл хангахгүй.

Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ: 31.2.1.нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт; 31.2.2.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл; 31.2.3.энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар; гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаал хашиж байсан бол тухайн албан тушаалаас чөлөөлсөн  эрх бүхий этгээдийн шийдвэрийн хуулбарыг Сонгуулийн хороонд ирүүлсэн байх зохицуулалттай байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.,  Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно., гэж тус тус зааснаар гуравдагч этгээд хөдөлмөрийн харилцаагаа дусгавар болгосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг гаргуулан авах, тогтоосон хугацаанд шийдвэр гаргаагүй нөхцөлд эрх бүхий байгууллагад хандах эрхтэй байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн: “... Ц.Б нь 3 дугаар сарын 1-ний өдөр тэтгэвэртээ гарсан байгаа. Төрийн   үйлчилгээний албаны удирдах албан тушаал хашиж байгаад 3 дугаар сарын 1-нд чөлөөлөгдөж тэтгэвэртээ гарсан,  дахин томилогдож түр ажиллаж байгаад 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн. Энэ хүнд өргөдөл өгөөд 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ээлжийн амралт олгосон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2 дээр төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан гэсэн үг байгаа. Түүнээс төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн үг байхгүй” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж заасан болно.

9. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн гэж зааснаар орон нутгийн бүхий л асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад сонгогдохоор нэр дэвшигчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 28 дугаар зүйлийн 28.3-т заасан шаардлагыг хангасан байхаар заасан.

Үндсэн хуулиар баталгаажсан сонгох, сонгогдох эрх нь улс төрийн эрхийн үндсэн бүрэлдэхүүн бөгөөд сонгох эрхийг Монгол Улсын эрх зүйн чадамжтай, сонгуулийн эрх бүхий иргэн нийтээрээ эдлэхээр, харин сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд тухайн албан тушаалын онцлогийг харгалзан тусгайлсан болзол, шалгуурыг хуулиар тогтоож болдог.

Сонгогдох эрх нь туйлын эрх биш тул сонгуульд нэр дэвшигчид буюу сонгогдох эрхээ хэрэгжүүлэгч иргэнд шалгуур, болзол, нөхцөл тогтоох нь сонгох эрхийг баталгаажуулахад чиглэгддэг бөгөөд ийнхүү тогтоохдоо Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалтын хүрээнд тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд тусган хэрэгжүүлдэг.

Гуравдагч этгээд энэ сонгогдох эрхээ эдлэхдээ хуульд тавьсан шаардлагыг хангасан болохоо нотолж, бичиг баримтын бүрдлээ хянаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь өөрөөс нь хамаарахаар байх тул “...би 2024 оны 07 дугаар сарын 29-нд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн  8 сарын 1-нээр ажлаас чөлөөлөгдсөн захирамж гарчихсан гэж бодоод амраад явчихсан. Би үнэхээр гомдолтой байна.” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.7-д Сонгуулийн хороо шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг эрх бүхий этгээдээс гаргуулан авч болно. 31.8-д Энэ хуулийн 31.7-д заасан эрх бүхий этгээд холбогдох лавлагаа, мэдээллийг сонгуулийн хорооноос тогтоосон хугацаанд хүргүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Сонгуулийн хороо нэр дэвшигчээс ирүүлсэн материалыг нягтлан шалгаж бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...нэр дэвшигчдийг бүртгэхдээ Засаг даргын Тамгын газрын архиваас 07 дугаар сарын өргөдлийг аваад хэднээр бүртгэсэн байна гэдгийг нь харсан. Ямар үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэсэн юм бэ гэхээр 03 дугаар сарын 01-нд чөлөөлөгдсөн биш. Өргөдөл гомдол дотор байгаа 08 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл, нөгөө талаар ажиллаагүй гэсэн. 03 дугаар сарын 01-ний өдрийн захирамжийн 3 дахь заалтан дээр ээлжийн амралтын тооцоог дуусгаж тэтгэмжийг олго гэсэн заалт байгаа. Өмнө нь тооцоо дууссан бол 08 дугаар сарын 01-ээс хойш эрх үүсэхгүй байх ёстой.” гэж мэдүүлдэг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална: 60.1.1.ээлжийн амралттай; гэж заасан. Тодруулбал, Ажилтан ээлжийн амралт эдэлж байх хугацаанд тухайн албан тушаалд ажиллаж байгаа гэж тооцогдож ажлын байрыг хэвээр хадгалахаар хуульчилсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 3 сарын 1 гээд ажлаа өгсөн байсан, 7 сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх өгөдлөө өгсөн байхад ээлжийн амралт олгосон нь буруу учраас бүртгэсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

11. Нэр дэвшигч Ц.Б нь Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалаас чөлөөлөгдөөгүй болох нь тогтоогдсон байхад сумын Сонгуулийн хороо түүнийг бүртгэхээс татгалзаагүй нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Нэр дэвшигчийг дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:, 32.1.2.энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй; гэсэнд нийцээгүй байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн: “... Бид нар өнөөдөр хууль дээр ажиллана. Хуулийг дагаж мөрдөнө. Хуулийн 31.2.3 энэ хуулийн 28.4-д заасан албан тушаалтан болон ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбарыг хавсаргана гэсэн байгаа. Тэгэхээр 31 дүгээр зүйл заалтыг зөрчсөн учраас 32-т заасны дагуу нэр дэвшигчээс бүртгэхээс татгалзах хангалттай үндэслэл байхад татгалзаагүй нь өөрөө Сонгуулийн хороо, Монгол Улсын Үндсэн хууль, Аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийн тухай хууль, дээрээс нь тэр сонгогч буюу Бугат сумын хавтаст хэрэгт байгаа 282 сонгогчдын эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа юм.” гэсэн тайлбар үндэслэлтэй.

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Бугат сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай ”04 дүгээр тогтоолын хавсралтын нэр дэвшигчдийн нэрсээс Ц-ын Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.5, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.2, 31 дүгээр зүйлийн 31.2.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Бугат сумын Монгол Ардын Намын Хорооноос  тус сумын Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Бугат сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай ”04 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан нэр дэвшигчдийн нэрсээс Ц-ын Б-д  холбогдох хэсгийг хасаж, хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСҮРЭН