Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,

Улсын яллагч: С.Мөнхтулга,

Хохирогч: Ц.П ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

            Шүүгдэгч: Ч.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б д холбогдох 1828000000018 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 23-нд Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр баг, Халгайтын 4-6 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ч.Б, регистрийн дугаар ....,

Шүүгдэгч Ч.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын төв, Халгайтын 4-6 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.П ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булган сум руу явсан. Замдаа 2 пиво уусан. Очоод архиа шкафны араар хийсэн байсан. Тэрийг нэхээд байсан би гаргаж өгсөн. Гэрт байсан туслах униар над руу цохьсон. Би түүнийг эргүүлээд 3 удаа бөгсөн дундуур нь цохьсон гэв.

Хохирогч Ц.П  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Аймгаас Булган сум руу явж байгаад 2 лааз пиво уусан. Манай хүн гэрт ирээд архи задлаж уучихаад цааш нь тавьчихаар нь би нэхэж уусан. Би нөхөртөө уурлаад түүнийг униар цохьсон. Одоо манай хүн надаас уучлал гуйсан. Надад гомдол, санал байхгүй. Бид хоёр хэвийн харилцаатай байгаа гэв.

Хохирогч Ц.Ё ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Тухайн үед би аймагт байсан. 2018 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 03 цагийн үед сумаас хамаатны Чимгээ эгч манай эхнэр лүү утсаар залгаад “Ц.П ийг нөхөр Ч.Б  нь зодоод дийлдэхгүй байна, та хоёр наашаа хурдан гар, тэгэхгүй бол эгчийг минь зодоод байна” гэхээр нь шууд гараад суманд өглөө 07 цагийн үед орж ирсэн. Ц.П  миний төрсөн эгч байгаа юм. Ч.Б  манай эгчийн нөхөр, хүргэн ах байгаа юм. Эгч Ц.П ийн биед бөгсөн бие болон хоёр гуя хэсгээр их хэмжээний хөхрөлттэй, толгойн дээд хэсэг баруун талдаа нэлээн том хавдсан, гарны хуруу нь тулчихсан, зүүн гарын булчин хэсэгт хөхрөлттэй, их яргалж зодсон байсан. Бусдаар нэг алгадаад өнгөрөх асуудал байлгүй л яахав. Тухайн үед тэр хоёрыг маргалдаж байхад Чимгээ эгч байсан гэсэн. Бүр дийлэхгүй зодоод байхаар нь над руу аймаг руу хэл өгсөн. Гэрийн унь болон ус буцалгагч халуун сав зэргээр цохьсон гэж Чимгээ эгч ярьж байсан. Эгчийгээ зодуулсанд маш их гомдолтой байна...” гэжээ. /хх-8-9/,

Гэрч Ж.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2018 оны 01 дүгээр сарын 13-нд аймгийн төвд байсан. Сумаас Ч.Б , Ц.П  хоёр сумаас машинтайгаа гарч байгаа сурагтай байсан. Тэр хоёрыг хүлээж байгаад орой аймгаас гараад суманд 23 цагийн үед ирсэн. Тэр хоёр намайг гэрийн гадаа буулгаад явцгаасан. Шөнийн 02 цагийн үед гэрт хүн ороод ирсэн чинь Ч.Б  байсан. Ч.Б  “Танай эгч чинь үхлээ гэж хэлээд гэрээс гараад дээшээгээ гүйчихлээ” гээд хэлээд байж байтал Ц.П  эгч араас нь ороод ирсэн. Тэр хоёрыг дагуулаад гэр рүү нь явцгаасан. Гэрт нь очоод ортол нүүрс нь асгарчихсан, 1 ширхэг гэрийн унь газарт унасан байсан. Энэ хоёрыг маргалдаж зодолдож гэж бодсон. “Та хоёр зодолдсон юм уу?” гэсэн чинь ахиад л барилдаад зодолдсон. Надад огт дийлдэхгүй байсан. Манайд ирэхээс өмнө зодолдсон юм шиг байсан. Ч.Б  нь манай эгчийн нөхөр, хүргэн ах, Ц.П  нь миний аавын төрсөн дүүгийнх нь хүүхэд, хамаатан садан хүмүүс байгаа юм. Ч.Б  Ц.П  хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ч.Б  аймгийн төвөөс 0.75 граммын архи авсан. Тийм ч сүйдтэй согтоогүй байсан. Гэхдээ халамцуу байсан, ямарч байсан эрүүл бус л байсан. Тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, нөхөр нь сүлжээний нэг юманд орох гээд байсан юм шиг байна лээ, мөнгө төгрөгнөөс болж л маргалдсан байх. Ц.П ийн нүд нь хөхөрсөн, толгойны баруун хэсэгт нь хавдсан, хөл гуя нь хөхөрсөн байсан. Намайг очиход гэрт нь хугарсан унь байсан. Түүний өмдийг нь тайлчихаад гэрийн хугарсан униар цохиод л байсан. Бас гэрт байсан халуун сав, ус буцалгагч гарт таарсан юмаар цохиод байсан. Надад огт дийлдэхгүй, үг хэлээд нэмэргүй сүүлдээ намайг хүртэл цохих шинжтэй байсан. Гэрээс гараад явж болдоггүй, алаад хаячих болов уу гээд гарч чаддаггүй, аймаг руу Ц.П  эгчийн дүү нь Ёндонбаатарын эхнэр лүү нь яриад ирж Ц.П  эгчийг авахгүй бол болохгүй нь” гэж утсаар хэлсэн. Шөнөдөө Ёндонбаатар хүрээд ирсэн. Ц.П ийн биед өвдөхгүй газар гэж байхгүй байгаа юм шиг байсан. Сумын эмч өвчин намдаах тариа хийсэн, ер нь их зодсон. Ц.П  Ч.Б ыг өөдөөс эсэргүүцээд л байх шиг байсан. Хичнээн эсэргүүцэх вэ дээ. Ч.Б  бэртсэн гэмтсэн зүйл байхгүй. Аймгаас ирж байхдаа нөхөр нь “Мөнгө олох гээд байхад чи ойлгохгүй юм” гээд л яриад байсан. Эхнэр нь дуугарахгүй яваад байсан. Замдаа хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Тухайн үед эмч, цагдааг дуудсан. Аймгийн төвд байдаг Ц.П ийн дүүд нь хэлсэн...” гэжээ. /хх-10-11/,

Хохирогч Ц.П ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “2018 оны 01 дүгээр сарын 13-нд аймгийн төвөөс орой гараад шөнөдөө 23 цагийн үед суманд очсон. Цуг явсан хүнээ буулгачихаад гэртээ очоод цай чанаж уучихаад манай нөхөр Ч.Б  машинд байсан архиа гаргаж ирээд хоёр удаа аягалж уучихаад цааш нь тавьсан. Би надад аягалж өгсөнгүй гээд хэлтэл надад аягалж өгсөн, би хоёр удаа л уусан. Ч.Б д аягалаад өгтөл уухгүй гэсэн. Тэрнээс болоод гэрийн голд тооно түшүүлсэн байсан. Гэрийн унийг Ч.Б  булааж аваад намайг зөрүүлээд хөл гуя руу тэр униар цохиж, гараараа толгой руу цохьсон. Ч.Б  бид хоёр гэр бүл болоод 17 жил болж байна. Ч.Б  халамцуу байсан, аймгийн төвөөс ирэхдээ замдаа 2 лааз пиво уусан, гэрт ирээд архинаас 3 удаа уусан байсан. Шинэ жилээр бид хоёр Улаанбаатар хотод очсон юм. Манай нөхөр мөнгө өсгөдөг сүлжээний талаар сонсоод тэрнийг надад ойлгуулах гээд байсан юм байна лээ. Би тэрийг нь дэмжихгүй байснаас болоод маргалдсан. Ч.Б  намайг гэрийн униар бөгсөн бие, хоёр гуяыг цохьсон. Толгой болон нүд рүү гараараа цохьсон. Өмнө нь зодож цохьсон зүйл байхгүй, харин зөндөө хэрэлдэж маргалдаж байсан. Ч.Б  архи уух нь ер нь багассан, жаахан уугаад согтдог болсон. Нөхөртэйгээ 10 гаруй жил ханилсан болохоор гомдол санал юу байх вэ дээ. Миний төрсөн дүү гомдол гаргасан, гэхдээ намайг өмөөрсөндөө л гомдол гаргасан, дүүгийн маань зөв л дөө намайг өмөөрдөг нь. Гэхдээ Ч.Б  ахиж архи ууж ийм асуудал гаргахгүй гэж бодож байна...” гэжээ. /хх-12-13/,

Шүүгдэгч Ч.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 01 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед аймгийн төвөөс гараад Булган сумын төвд очсон. Би аймгийн төвөөс гарахдаа нэг шил 0.75 граммын архи авсан. Түүнийг Булган суманд очсоныхоо дараа нэг аяганд хийж уугаад шкафныхаа ард хийсэн. Гэтэл манай эхнэр Ц.П  “Энд байсан архи яасан, чи ганцаараа уучихсан юм уу, хаашаа юм бэ?” гээд уурлаад байсан. Би нөгөө архийг гаргаад өгөхөд тэр архинаас аягалаад уусан байх. Намайг загнаж байгаад гэрийн туслах баганыг хугалж татаж аваад миний дал мөрөн дундуур цохиод авсан. Би түүний барьж байсан унины хугарч үлдсэнийг нь аваад эхнэрийнхээ бөгсөн дундуур нь гурван удаа цохьсон, өөр зүйл болоогүй. Би согтуу байгаагүй, бид хоёрын хажууд хүн байгаагүй. Намайг униар цохиод авахаар нь уураа барьж чадаагүй эхнэрийнхээ бөгсөн дундуур гурван удаа цохьсон. 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 67 дугаартай дүгнэлтээр ...баруун нүдний алимны цус харвалт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, 2 талын хацар дахь жижиг зулгаралт гэмтэл тогтоогдсон гэж байгаа нь 2018 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр хүний мотоцикль гуйж унаад хөдөө явж байгаад цасан дээр хальтирч унаад нүд, толгойдоо гэмтэл авсан байсан юм. Тийм учраас энэ гэмтэл манай эхнэрт ямарч хамаагүй зүйл...” гэжээ. /хх-24-25/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-6/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-16,18/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №68 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ц.П ийн биед 2 нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн гарын алга, 2 талын өгзөг, зүүн гуяны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-17/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №67 тоот шинжээч эмчийн дүгнэлтэд: “Ч.Б ы биед баруун нүдний алимны цус харвалт, зүүн нүдний дээд зовхиын цус хуралт, 2 талын хацар дахь жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-19/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-20,21/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-22/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-23/,

Шүүгдэгч Ч.Б ы хүсэлт /хх-26/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-27,34/,

Өмнөговь аймгийн Булган сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-28/,

Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-29/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-30/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-31-32/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/,

Иргэдэд үйлчлэх автомат машинаас авсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-35/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-36-43/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-44,45/,

Мөрдөгчийн мэдэгдэл /хх-46/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-47/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-48-50/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-51/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь Ч.Б  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Булган сумын төв, Халгайтын 4-6 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.П ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Б д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.П ийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 581 дугаартай шинжээч эмчийн: “Ц.П ийн биед 2 нүдний дээд зовхи, зүүн хацар, зүүн гарын  биед цээжний өмнө хэсэгт /өвчүүний харалдаа/ хөндий рүү нэвтрээгүй зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Ч.Б биед хөнгөн гэмтэл учирсан гэх ба Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №67 тоот шинжээч эмчийн: “Ч.Б биед баруун нүдний алимны цус харвалт, зүүн нүдний дээд зовхиын цус хуралт, 2 талын хацар дахь жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 67 дугаартай дүгнэлтээр ...баруун нүдний алимны цус харвалт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, 2 талын хацар дахь жижиг зулгаралт гэмтэл тогтоогдсон гэж байгаа нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны  үеэр хүний мотоцикль гуйж унаад хөдөө явж байгаад цасан дээр хальтирч унаад нүд, толгойдоо гэмтэл авсан байсан юм. Тийм учраас энэ гэмтэл манай эхнэрт ямарч хамаагүй зүйл...” /хх-24-25/ гэх мэдүүлгээр уг гэмтлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.П ийн үйлдлээс болж  учраагүй болох нь тогтоогдож байна.

            Улсын яллагч шүүгдэгч Ч.Б д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял санал болгосон ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б д торгуулийн ял болох 500.000 төгрөгийг хэсэгчлэн төлүүлэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.П т хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “...гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь

хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Б ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б  нь 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ