Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 617

 

 

МАГАДЛАЛ

 

2019.04.05                                                 Дугаар 617                                      Улаанбаатар хот

“УБ ск” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00445 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “УБ ск ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ДЭУХ” ХЗХ-нд холбогдох,

 

Гэрээний үүрэгт 3 292 790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр нэг талаас “УБ ск” ХХК, түүнийг төлөөлж үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Р.Г, нөгөө талаас “ДЭУХ” ХЗХ, түүнийг төлөөлж С.С нар карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх 02/295 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр “ДЭУХ ХЗХ нь өөрийн карт борлуулах, цэнэглэх цэгүүдээрээ дамжуулан U-money цахим картыг борлуулах, цэнэглэх үйлчилгээг үзүүлэхээр, “УБ ск” ХХК нь карт борлуулсны хөлс, карт цэнэглэх үйлчилгээ үзүүлсний шимтгэлийг төлөхөөр тохирсон байна. Энэхүү гэрээгээр гэрээт борлуулагч нь борлогдсон картын төлбөрийг 7 хоног бүрийн Лхагва, Баасан гаригуудад шилжүүлж байх, өөрийн цэгүүдийн өмнөөс энэхүү гэрээнд заагдсан бүхий л үүрэг хариуцлагыг “УБ ск” ХХК-ийн өмнө бүрэн хариуцах, гэрээнд заагдсан нөхцөл, шаардлагыг өөрийн цэгүүдэд шаардаж, хэрэгжүүлэх, гэрээтэй холбоотой аливаа асуудал үүсвэл зөвхөн гэрээт борлуулагчтай хариуцлагыг тооцох, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг бүрэн хариуцах зэрэг үүргийг хүлээж гэрээ байгуулсан. Гэвч гэрээний дагуу нийт 3 900 ширхэг буюу 12 480 000 төгрөгийн карт авсан ба өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөөс           9 187 210 төгрөгийг төлж 3 292 790 төгрөгийг төлөөгүй байна. Иймд “ДЭУХ” ХЗХ-ноос цахим картын үлдэгдэл төлбөр болох 3 292 790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “ДЭУХ” ХЗХ нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ХЗХ ажиллуулах тусгай зөвшөөрөлөө авч үйл ажиллагаагаа явуулаж байна. “УБ ск” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “ДЭУХ” ХЗХ-оор дамжуулан, Баянзүрх дүүргийн ХЗХ-дод автобусны карт борлуулах гэрээ байгуулж, нэг бүрийн үнэ нь 3 200 төгрөгний 3 300 /энгийн карт 2 750 ширхэг, хүүхдийн карт 5 50/ 10 560 000 төгрөгний картыг хүлээлгэн өгсөн. Манай хоршоо нь 2015 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн нэр бүхий 10 ХЗХ-той гэрээ байгуулж, смарт картыг борлуулахаар өгсөн. ХЗХ-дууд гэрээгээр үүргээ биелүүлээгүйгээс болж, “УБ ск” ХХК нь 3 292 790 төгрөгийг нэхэмжилжээ. С.С нэхэмжлэлд хавсаргасан 1 920 000 төгрөгний баримтад гарын үсэг зураагүй, ХЗХ-ны тамга тэмдэг байхгүй учраас хариуцлагыг хүлээхгүй. “УБ ск” ХХК, иргэн Б.Б нарын хоорондын асуудал байна. Ирээдүйн саятан     ХЗХ-ны гүйцэтгэх захирал Б.Д 180 ширхэг картын төлбөр 576 000 төгрөгийг “С” ХХК-ийн дансанд төлсөн гэдэг ба уг гүйцэтгэх захирал нь Солонгос улсад ажиллаж байгаа ба ирэх 2019 оны 01 дүгээр сарын 1-нд гэхэд Монгол улсад ирнэ гэсэн тайлбар өглөө. Иргэн Ц.С 193 картын 617 600 төгрөг төлөөгүй байна гэжээ. Гэрээ хэрэгжих явцад үлдэгдэл 3 292 790 төгрөг байснаас манай хоршооны гишүүн Б.Б 1 920 000 төгрөг мөн гишүүн Ц.С нь 617 600 төгрөгний мөнгөний картыг өгсөн. Үлдэгдэл 755 190 мөнгөний картыг “ИС” ХЗХ өгсөн. Тэд үүнийг барагдуулна гэсэн. Иймд 755 190 төгрөгийг би барагдуулна. Энэ мөнгөн дотор өмнөх авсан карт орсон байна лээ. Харин Б.Б, Ц.С нарт холбогдох тооцоог би хариуцахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ДЭУХ” ХЗХ-ноос 1 372 790 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “УБ ск” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 920 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67 635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36 914,64 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: шүүх гэрч Б.Б 600 ширхэг картыг 1 920 000 төгрөгөө төлж авсан гэж хууль сануулагдан өгсөн түүний мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбар, мөн 1 920 000 төгрөг төлөгдсөн талаар Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгыг шинжлэн судалсан атлаа нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3 900 ширхэг картаас дээрх 600 ширхэг картыг хассан хэрнээ түүний төлөгдсөн төлбөрийг нэхэмжлэгчийн төлөгдсөн гэж мэдүүлсэн 9 187 210 төгрөгөөс хасаж тооцоогүй нь алдаатай байна. Ийнхүү шийдвэрлэсэн нь энэхүү хэрэгт гэрч оролцуулсан, гэрчийн гэрчилсэн зүйлийн ач холбогдлыг алдагдуулсан шийдвэр болсон. Иймд нотлох баримтыг үндэслэж шийдвэр гаргахаар бол хариуцагчийн авсан 3 300 ширхэг карт, түүний төлөх ёстой төлбөр 10 560 000 төгрөг, түүнээс төлөгдсөн нь “хариуцагч өөрөө дээрх төлбөрөөс хэдийг төлсөн гэдгээ төлбөрийн нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн төлөгдсөн гэж мэдүүлсэн 9 187 210 төгрөгөөс Б.Б төлсөн 600 ширхэг картны үнэ 1 920 000 төгрөгийг хасах ёстой байсан. Ингээд улмаар хариуцагч нь үлдэгдэл 10 560 000-7 267 210=3 292 790 төгрөгийг гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй юм. Энэ нь нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн баримт, харилцагч банкны хуулга, төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр өгсөн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдоно. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч “УБ ск” ХХК нь хариуцагч “ДЭУХ” ХЗХ-нд холбогдуулан гэрээний үүрэгт 3 292 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Карт борлуулах, цэнэглэх үйлчилгээ үзүүлэх” гэх нэртэй гэрээ байгуулсан байна. Гэрээний агуулга болон гэрээний 5.1.2-т “лхагва, баасан” гаригуудад борлогдсон картын үнийг төлнө гэж тохиролцсоныг шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 3 900 ширхэг карт өгсөн гэх боловч зарлагын падаанд 10 560 000 төгрөгний үнэ бүхий 3 300 ширхэг карт хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн Б.Б нь 600 ширхэг картыг “УБ ск” ХХК-иас худалдаж авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч нь эдгээр картыг Б.Б болон бусад этгээдүүдэд өгсөн гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбарын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байгаа нь нэхэмжлэгчээс авсан 3 300 картны үнээс үлдэх 1 372 790 төгрөгийг төлөх үүргээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...нэхэмжлэлийг бүхэлд нь хангах...” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 670 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                        ШҮҮГЧИД                                        Ч.ЦЭНД

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ