Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Р.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б  овогт Р-гийн А-т холбогдох 1716001480008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Говь-Алтай аймгийн .........сумын ......... багийн 1-26 тоотод оршин суух, 1990 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д........ регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Б  овогт Р-гийн А  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.А  нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг 45 минутаас 14 цагийн хооронд Говь-Алтай аймгийн ............ сумын ........... баг 8-38 тоотод хашаанд байх иргэн М-ийн гэрт Б.П-той маргалдаж, толгойн тус газарт нь шилтэй архиар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн ...... сумын ..........баг 8-38 тоотод хашаанд байх иргэн М-ийн гэрт 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цаг 45 минутаас 14 цагийн хооронд Б.П  нь толгойн тус газартаа шилтэй архиар цохиулж улмаар хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг гарчээ. Уг гэмт хэргийг шүүгдэгч Р.А  үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Р.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Ц-нд очоод архи уугаад сууж байхад П  орж ирсэн. Тэгээд орж ирээд намайг баруун хойморт сууж байхад энэ айлын  хоймор суучихсан хэн юм гээд маргалдаад бид 2 барилцаж авсан. Тэгээд салаад хойшоо суухдаа хальт цохисон. Өөр зүйл болоогүй тэр өөрөө орж ирэхдээ хөмсгөө шалбалчихсан байсан. Тэгээд орж ирэхэд нь наад хөмсөг чинь яасан юм гээд ярьж байсан. Тэгтэл намайг хөмсөг рүү цохисон гэж хэлсэн. Тэгээд өөр зүйл болоогүй салаад явцгаасан... Манай 2 найз 1 найзтайгаа ирээд дөрвүүлээ 1 шил архи уучхаад дахиад 1 шил архи ууж байтал Цоож дуудсан. Тэгээд айлд яаж хоосон очих уу? гээд 1 шил архи авч очсон. Тэгээд нөгөө архиа ууж байхад П  ирсэн...Эхлээд би хөмсгөө яасан юм гэхэд энэ гөлөг айлын хоймор суудаг хэн юм гэхээр нь чи өөрөө гөлөг гээд маргалдсан эхлээд мэндэлснийг нь би сонсоогүй...Жаахан согтуу байсан болохоор тийм зүйл хийсэн. Эрүүл байсан бол тийм зүйл хийхгүй...100.000 төгрөг төлсөн...Буруутай цохисон нь миний буруу...орж ирэхэд нь 2 хөмсөг нь хоёулаа шалбархайтай ирсэн. Тэгээд одоо намайг цохисон гээд байгаа...Цохисон нь миний буруу...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Өөрөө ломбарднаас юм авна гэсэн. Би очиж 300.000 төгрөгтэй очоод хоёулаа цагдаа гээд яахав гэсэн чинь за тэгье чи 500.000 төгрөг өгчих гэсэн юм. Тэгэхээр нь ломбарднаас 100.000 төгрөгөөр бичиг баримтыг нь аваад үлдсэнийг нь маргааш өгөхөөр болоод явцгаасан. Тэгтэл маргааш нь Пүрэвдоржийн ээж нь залгаад 1.000.000 төгрөг өгчих тэгвэл гомдлоо буцаалаа гэсэн. Тэгэхээр нь би 1.000.000 төгрөг өгч чадахгүй 500.000 төгрөг өгье гэхэд үгүй гэсэн. Тэгээд дараа нь П бид 2 билльярд тоглож байгаад за за би гомдол саналгүй гээд өргөдлөө авчихъя гээд бид 2 цагдаа дээр очтол эрүүгийн хэрэг үүсчихсэн болохоор гомдлыг буцаах боломжгүй гээд ийм зүйл болсон... Хүлээн зөвшөөрч байна... Энэ 600.000 төгрөгийг доошлуулаад хамгийн бага нэгжээр торгож өгнө үү... Би гэм буруугаа ухаарч байгаа. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.П-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 12 сарын 01-ны өдөр найз Цоожруу ярихад Б бид хоёр манай гэрт байна хүрээд ир гэсэн…Такси бариад тэр даруйдаа очсон. Ц-нд очиход 13 цаг 40 минут болж байсан. Таксины жолоочийг хүлээж байгаарай би архи дарс уух гээд байвал эргээд гараад ирье гайгүй шиг байвал эргэж гарч ирээд мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Тэгээд жолоочийг хүлээлгэчихээд Ц-нд ороход Б  тэр хоёр танихгүй 3 залуу байсан. Нэг нь орон дээр нь унтаж байсан. Тэд нар архи ууж байсан. Нэг шил архи дуусгаад шинээр 0.75 литрийн архи гаргаад задлах гэж байсан. Намайг ороод суухад дуусаж байсан архинаасаа хийж өгөхөөр нь би хөгшин чинь уухгүй, ганц пиво байвал уучихъя гэхэд тэнд байсан А  гэх залуу нь энэ хэн юм бэ, энэ муу хэн юм гээд Б , Ц  хоёроос асуугаад байсан. Б  тэгэхэд наадах чинь П  байна гэсэн чинь энэ одоо ямар гээчийн хүн юм гээд үг өдөөд байхаар нь чи хүнтэй аятайхан харьцчихаач бид нар найзууд байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл чи намайг таних уу би барилддаг байсан юм гэхээр нь би чамайг танихгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд энэ мууг алчихъя гээд ширээн доогуур байсан хоосон архины шил барьж далайхад найз нь бололтой залуу гарнаас нь шилийг булааж авсан. Тэр хооронд А  нь ширээн дээр байсан задлаагүй 0.75 литрийн хэмжээтэй архийг аваад амсар хэсгээс нь атгаж байгаад эхэлж миний баруун хөмсөгний дээд хэсэгт нэг удаа цохисон, би яая гээд нүүрээ дараад тонгойсон. Тэгэхэд ар дагз хэсэгрүү дахин нэг удаа шилтэй архиараа цохисон. Миний цохиулсан газраас цус гарсан. Би эргэж ч харалгүй Ц-ийн гэрээс зугтаж гарахад Б  гадаа байж байсан. Би болсон зүйлийг Б-т хэлж шарх соривоо Б-т харуулаад сууж ирсэн таксиндаа суугаад явчихсан...” гэх мэдүүлэг /хх 09-рт/,

Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 12 сарын 01-ны өдөр 13 цагийн үед гэртээ харих гэж байхад би гэрээс гарч хүнтэй уулзана гэж ярьсан. Эргээд удаагүй 14 цаг дөхөж байхад хүнд зодуулсан, толгойруугаа шилээр цохиулсан гээд толгой нь хагарсан, баруун нүдний дээд хөмсөг нь язарсан шархтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх 10-рт/,

Гэрч Н.М-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...П  хөгшин чинь шартаад үхэх гээд байна чамд уух юм байна уу гэхээр нь Б энэ тэр ирчихсэн манайд байна чи хүрээд ирэхгүй юу гэж хэлсэн...П  орж ирээд мэнд мэдэхэд А  сонсоогүй юм шиг байна лээ дуугараагүй. Тэгтэл чи айлын хоймор суучихаад мэнд мэдэхэд дуугардаггүй, чи хэзээ ийм болчихсон юм бэ гээд хэрүүл эхэлсэн. А  босож ирээд тэр хоёр маргалдаад унахаар нь бид нар салгасан. Ширээн дээрээс унагасан юмыг янзлаад байж байтал А  буцаж суухдаа ширээн дээр байсан бүтэн шил архийг аваад П-ийн толгойруу цохиод авсан. Бид хэд дахиад салгасан...П  такситай ирсэн гэж хэлж байсан. Надаас таксины мөнгө асуусан. Тэгээд П  гарч ирээд таксиндаа суугаад яваад өгсөн...А  бид нар манайд сууж байгаад авсан архиа дуусгаад явцгаасан...” гэх мэдүүлэг/хх 15-рт/,

Гэрч А.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Зүс таних П  гаднаас орж ирсэн. Тэгээд ойр зуурын юм яриад байж байтал П  А-д хандаж чи айлын хоймор суудаг хэн бэ чи, энэ хэн юм энэ тэр гээд яриад байсан. П  үгээр өдөж байгаад А-тай барилцаад авсан. Барилцаж авангуут нь би болон манай найзууд салгасан. Гадаа П-ийн ирсэн таксины мөнгийг өгнө гээд би гэрээс гарсан. Намайг гарсан хойгуур л ширээн дээр байсан 0,75 литрийн шилтэй архиар А  П-ийг цохичихсон юм байна лээ. Намайг гадаа байж байтал П гарч ирээд танай найзтай би таарахгүй юм байна би явлаа гээд ирсэн таксиндаа суугаад явсан...” гэх мэдүүлэг/хх 20-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч а/д Д.Д-гийн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт №383-д “...1. Иргэн П-ийн биет гэмтэл учирсан байна.

2.Иргэн П  биед тархины доргилт, зулайд шарх, баруун хөмсгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх 27-28-рт/,

Шүүгдэгч Р.А-ын мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Ц-ийнд очоод тал шил архиа хувааж уугаад тойруулаад сууж байтал гаднаас өмнө зүс таних П гэдэг залуу орж ирсэн. П  гэдэг залуу орж ирээд энэ одоо айлын хоймор суудаг хэн бэ гээд надруу хандаж хэлэхээр нь би чи хэн юм гээд бид хоёр маргалдаж барьцалдаж авахад хүмүүс салгасан. Би ухрахдаа уухаар тавьсан байсан бүтэн шил архи гарт баригдахаар нь тэр архийг аваад толгойруу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх 12-рт/,

Шүүгдэгч Р.А-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Ерөөл нэртэй архи бүтнээрээ байхад нь би аваад П-ийн толгойн дагз хажуу хойд хэсэгт 1 удаа цохьсон. Өөр дахиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх 36-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч П-ийн мэдүүлэг/хх 9-рт/, гэрч Ц-ийн мэдүүлэг/хх 10-рт/, шинжээчийн дүгнэлт/хх 28-рт/, Р.А-ын мэдүүлэг/ хх 36-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Р.А  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Р.А-ыг гэрч, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Р.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Би гэм буруугаа ухаарч байгаа. Дахиж ийм алдаа гаргахгүй...” гэж мэдүүлсэн, хохирогчид төлөх төлбөргүй болох нь шүүгдэгч Р.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...100.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Б.П-ийн шүүхэд ирүүлсэн “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт/хх 80-рт/ зэргээр тогтоогдож байна.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Р.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Р.А-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Р.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь хохиролд нэхэмжилсэн зүйлгүй, прокурор 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Р.А-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Р.А  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 65-рт/ бөгөөд шүүхээс гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, прокурорын гаргасан санал болон шүүгдэгч Р.А-ын “...Энэ 600.000 төгрөгийг доошлуулаад хамгийн бага нэгжээр торгож өгнө үү...” гэх хүсэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Р.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Р-ийн А-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ыг таван зуун нэгж буюу 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид 100.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Р.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА