Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 159/ШШ2024/0064

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2024/0069/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэний хөдөлгөөний намын хороо

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо

Гуравдагч этгээд: Н.Ариунжаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол ардын намаас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Алтанбулаг сумаас нэр дэвшигч Н.Ариунжаргалыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбат, гуравдагч этгээд Н.Ариунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэний хөдөлгөөний намын хорооноос Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч Н.Ариунжаргалыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т заасныг зөрчиж, албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй нэр дэвшиж байна. Иймд хууль зөрчиж нэр дэвшигчээр бүртгэсэн Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан нэр дэвшигчийн бүртгэлээс Н.Ариунжаргалыг хасч өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гарган шүүхэд ханджээ.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэний хөдөлгөөний намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонцогт шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтад “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” нь ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар тусгагдсан байна гэсэн хуулийн зохицуулалттай. Нэргүйн Ариунжаргал нь Сэлэнгэ аймаг дахь “Монгол шуудан” ТӨХК-ийн захиралаар ажилладаг. Одоог хүртэл ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байна. Энэ нь тус хуулийн дээр дурдсан зүйл заалтыг зөрчиж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол ардын намаас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Алтанбулаг сумаас нэр дэвшигч Н.Ариунжаргалыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулж хуулийг үнэн зөвөөр хэрэглэж шийдвэр гаргуулах Монгол улсын хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахаар танай шүүхэд хандаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна” гэж, 28.4.1-ээс 28.4.4 хүртэл ажил албан тушаалыг нь жагсаасан. Үүний 28.4.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж заасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд гомдол гаргасан. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос болон Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээс үзэхэд  ажиллаж байгаа байгууллагынхаа ямар бүтэц, зохион байгуулалттай гэдгийг мэдэхгүй, судлаагүй тайлбарууд гаргаад байна.

Жишээ нь Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн албан бичигт “...Н.Ариунжаргал нь “Монгол шуудан” ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын захиралаар ажилладаг байх тул хуулийн заалтад салбар нэгжийн албан тушаалыг тусгайлан заагаагүй байна.” гэсэн байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газар нь салбар биш. Өөрөөр хэлбэл шүүхээс үзлэг хийсэнтэй холбогдуулан хэрэгт хавсаргасан баримт бичгээс “Монгол шуудан” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмыг нь үзэхэд салбар гэдэг нь тусдаа сумдад байрладаг. Нийслэлд 503 дугаар салбар, 504 дүгээр салбар гэдэг байдлаар тогтоосон салбараа байгуулдаг. Харин аймгийн төвийн Шуудангийн үйлчилгээний газар гэдэг нь төлөөлөгчийн газар ч биш, салбар ч биш, Хөдөлмөрийн дотоод журамдаа зааснаар нэгж гэж зааж өгсөн учир Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газар нь байгууллагын нэгж байна. Хөдөлмөрийн дотоод журмын 2.5-д “Нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагыг тухайн нэгжийн удирдлага хангаж ажиллана” гэж Шуудангийн үйлчилгээний газрын дарга ямар ажил хийх талаар журамласан байна. Хариуцагч анхнаасаа буруу тооцоолж салбар гэдэг байдлаар хандаж, Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо шалгахдаа буруу шалгасан асуудал үүссэн байна. Салбар эсхүл тухайн байгууллагын нэршил гэхээс илүү сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нь төрийн өмчийн оролцоотой компани, тодорхой нэгжийн удирдлагын албан тушаалыг хашиж байгаа тохиолдолд тухайн удирдаж буй байгууллага нь салбар нь байх эсэх нь хамаагүй гол зорилго нь албан тушаалын аливаа зөрчлөөс ангид байх учиртай. Н.Ариунжаргал анх албан тушаалд томилогдохдоо Шуудангийн үйлчилгээний газрын даргын албан тушаалд томилогдсон. Тус албан тушаал нь нийтийн албан тушаалтан учраас Авлигатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэж томилогдсон байна. Энгийн байгууллагын энгийн албан тушаалтан Авлигатай тэмцэх газраас бичиг авах шаардлагагүй.

Шуудангийн үйлчилгээний газрын дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарна. Нийтийн албан тушаалтан нь Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д заасан албан тушаалд хамаарах эсэх асуудлыг шалгаад үзвэл 28.4.3-т нь “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн”  гэж заасан байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4.1-т нь “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гээд Авлигын эсрэг хуулийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж байна. Эдгээр хуулийн заалтуудаас дүгнэлт хийж үзэхэд Н.Ариунжаргал нь компанийн эрх бүхий албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан, “Монгол шуудан” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар нэгжийн удирдлага байна. Тухайн Шуудангийн үйлчилгээний газрын нэгжийн удирдлага маш өргөн хүрээтэй эрх мэдэл, эрх хэмжээг өөртөө агуулж, байгууллагын дотоод үйл ажиллагааг хариуцаж, ажилтан ажилд авч, томилж, чөлөөлж байна, хэрвээ  шинэ албан байрны санал байх юм бол дээшээгээ уламжлах зэрэг хууль журамд заасан эрх хэмжээг эдэлдэг удирдах албан тушаалтан байна. Үүнийг анхнаасаа Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороо компанийн удирдлага гэдэг талаасаа нийтийн албан тушаалтан гэдэг дүрмүүдийг судлаж үзэлгүй, зүгээр салбар төлөөлөгчийн газар гэж компанийнхаа нэршлийг ч ойлгоогүй, шууд салбар гэж ойлгож, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд ч мөн ийм тайлбартайгаар бичгээ өгч, нэр дэвшигчийг буруу бүртгэсэн байна.

Авлигын эсрэг хуулийн 4.1.6-д “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь тус хуулийн үйлчлэлд хамаарна” гэж заасан байна. Иймд сонгуульд нэр дэвшигч нь нэр дэвшихдээ л нийтийн албан тушаалтан болж байна. Н.Ариунжаргал нь нийтийн албан тушаалтан учир Авлигын эсрэг хуулийн 17 дугаар зүйлд заасан хандив авахтай холбогдсон асуудлыг ажлаа хийж байгаа тохиолдолд яаж шийдвэрлэх вэ, хандив авахаар хандивын данс тавьсан байж ажлаа өгөөгүй. Гэтэл өөрийнх нь удирдлага дор байдаг ажилтнууд нь хандив өгвөл яах вэ гэдэг асуудал яригдна. Байгууллагын ажилтнууд нь хандив өгөхөөр авах юм уу ийм зохицуулалт байж болохгүй. Хэрэв үүнийг хуульд зааснаар зохицуулж би энэ байгууллагын удирдах албан тушаалтан, нийтийн албан тушаалтан учраас би хуулийн дагуу түр чөлөөлөгдье гээд чөлөөлөгдсөн бол байгууллагынхаа ажилтнаас хандив авах нь чөлөөтэй болно. Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн гол зорилго нь тус байдлаас урьдчилан сэргийлэхэд оршиж байна. Үүнийг судалж үзээгүйгээр Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо үндэслэлгүйгээр нэр дэвшигчийг бүртгэсэн учраас гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүд нь ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдсөн байхаар тусгагдсан байна. Харин Монгол ардын намаас нэр дэвшигч Н.Ариунжаргалын хувьд “Монгол шуудан” ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын захиралаар ажилладаг байх тул дээрх хуулийн заалтад салбар нэгжийн удирдлагын албан тушаалыг тусгайлан заагаагүй тул нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг гаргасан болно.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны тогтоол шийдвэр нь хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр гардаг. Өөрөөр хэлбэл Сонгуулийн хорооны дарга дангаараа шийдвэр гаргадаггүй, гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргадаг. Иргэн Н.Отгонцогттын ирүүлсэн гомдлыг Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо хүлээн авч, судалж үзээд, гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Бид сонгуультай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ Монгол улсын Үндсэн хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг баримтлах ёстой. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д дурдсан асуудлыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч дурдлаа. Тус зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн, засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн зэрэг албан тушаалтан ажлаа өгөхөөр хуульчилсан байдаг. Сэлэнгэ аймаг дахь шуудан үйлчилгээний газар нь дангаараа хуулийн этгээд биш. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дурдсан тухайн байгууллагын дотоод журамд нь зааснаар Н.Ариунжаргал нь нэгжийн дарга байна. Хуульд “нэгжийн дарга” гэж үг байхгүй, зөвхөн “хуулийн этгээдийн дарга” гэж байдаг, нэгжийн даргыг хуулийн этгээдийн дарга нь л томилдог учир тул бид үүнд үндэслэж шийдвэрээ гаргасан.” гэв.

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажлаа өгсөн байх шаардлагатай гэдэг хуулийн заалтыг би мэднэ. Үүний үндсэн дээр төв байгууллагынхаа хуулийн хэлтсийн даргатай уулзаад ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө авч очиход “манай байгууллагад хуулийн тус заалт хамаардаггүй, өмнө нь бас нэр дэвшиж байсан тохиолдол байдаг, сонгуулийнхаа хорооноос тодруулга аваарай” гэдэг чиглэл өгсөн. Үүний дагуу Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд ажлаас чөлөөлөгдөх эсэх талаар хариу авахаар өргөдөл өгсөн. Өргөдлийн хариуд ажлаас чөлөөлөгдөх шаардлагагүй гэдэг тайлбар хэлсэн учир нэр дэвших хүсэлтээ өгсөн. Хандивтай холбоотойгоор хэлэхэд ажилчдаасаа хандив аваагүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэх тухай” тогтоолоор Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол ардын намаас Алтанбулаг сум буюу 1 дүгээр тойрогт Нэргүйн Ариунжаргалыг нэр дэвшигчээр бүртгэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонцогт 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол ардын намаас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Алтанбулаг сумаас нэр дэвшигч Нэргүйн Ариунжаргалыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд бусад нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэг. Үйл баримтын талаар

            1.Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд Алтанбулаг сум буюу 1 дүгээрт тойрогт Монгол ардын намаас нэр дэвшигч Нэргүйн Ариунжаргалыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухай хуулийн /цаашид сонгуулийн хуулийн гэх/ 16 дугаар зүйлийн 16.2.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 31 дүгээр зүйлийн 31.9-т заасныг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэжээ.

            2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонцогт Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороонд Н.Ариунжаргалыг нэр дэвшигчээр бүртгэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтад төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүд нь ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-нээс өмнө ажлаас чөлөөлөгдсөн байхаар тусгагдсан байна, харин нэр дэвшигч Н.Ариунжаргалын хувьд “Монгол шуудан” ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарын захирлаар ажилладаг байх тул хуулийн заалтад салбар нэгжийн албан тушаалыг тусгайлан заагаагүй байна” гэх хариуг өгчээ.

            3.Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3-т төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүд нь ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар тусгасан байна. Н.Ариунжаргал нь Сэлэнгэ аймаг дахь “Монгол шуудан” ТӨХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд одоог хүртэл ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байна. Энэ нь тус хуулийн дээр дурьдсан заалтыг зөрчиж байна. Н.Ариунжаргалыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулж хуулийг үнэн зөвөөр хэрэглэж шийдвэр гаргуулах, Монгол улсын хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахаар танай шүүхэд хандаж байна” гэж маргажээ.

Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар

            Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ... эрхэлсэн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна”, 28.4.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр заасан бөгөөд нэр дэвшигч Н.Ариунжаргалыг Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэхдээ дээрх хуулийн заалтыг зөрчсөн болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдож байна.

            Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” 29 дүгээр зүйлийн 29.2-т “хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ”, 29.3-т “хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ”, 29.5-д “Салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна”, 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заажээ.

            “Монгол шуудан” ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.2-т “Компанийн захиргааны удирлагын нэгж нь газар, хэлтэстэй үндсэн үйл ажиллагааны нэгж нь нийслэлд дүүргийн шуудан үйлчилгээний газар, шуудангийн үйлчилгээний салбар /дэд салбар/ орон нутагт шуудангийн үйлчилгээний газар, сумдад салбар гэсэн нэгжтэй байна” гэж заажээ.

            Дээрх дотоод журамд зааснаар Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь хуулийн этгээдийн салбар болон төлөөлөгчийн газар биш байна. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн хувьд тус Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд шуудангийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд сум тус бүрт шуудангийн үйлчилгээ үзүүлдэг тусдаа салбартай байна.

            Захиргааны хэрэгт улсын бүртгэлийн байгууллагаас авсан лавлагаагаар “Монгол шуудан” ТӨХК нь Сэлэнгэ аймагт салбар, төлөөлөгчийн газраа бүртгүүлээгүй байна гэсэн лавлагааг ирүүлсэн бөгөөд гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтаар “Монгол шуудан” ТӨХК улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн этгээдийн гэрчилгээ авсан байгаа боловч тус компаний дотоод журамд “салбар” болон “төлөөлөгчийн газар” гэж тодорхойлоогүй “газар” гэж тодорхойлсон байх тул Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газрыг хуулийн этгээд гэж үзэхээр байна. Тухайлбал:

            Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газар нь Сэлэнгэ аймагт хуулийн этгээдийн бүртгэлгүй хэдий ч Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан хуулийн этгээдийн бүх шинжийг агуулж байна. Тухайлбал эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтөй, эрх олж үүрэг хүлээдэг, нэхэмжлэгч хариуцагч байж эрх зүйн харилцаанд дангаараа оролцдог, тус газрын даргын хувьд ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, халах, бүрэн эрхтэй, төсөв захиран зарцуулж гарын үсэг зурах бүрэн эрхтэй зэрэг бүрэн эрх, агуулгын хувьд хуулийн этгээдийн  бүхий л үйл ажилагааг бие даан хэрэгжүүлдэг байна.

            Нөгөө талаас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж заажээ.

            Дээрх хуульд зааснаар гуравдагч этгээд Н.Ариунжаргалын хувьд “Монгол шуудан” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд нийтийн албан тушаалтанд хамаарч байгаа үндэслэлээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, тус газраас ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар албан бичгийг “Монгол шуудан” ТӨХК-нд хүргүүлснээр уг албан тушаалд томилогдсон байна.

            Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Н.Ариунжаргал нь сонгуулийн хуульд зааснаар 2024 оны 08 дугаар сарын 01-нээс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэлтэй байна.

            Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигч Н.Ариунжаргалыг бүртгэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.3-т заасан “энэ хуулийн 28.4-т заасан албан тушаалтан бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбар”-ийг нягтлан шалгаагүй өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн шуудангийн үйлчилгээний газрыг салбар гэж тодорхойлон тус газрын даргыг нэр дэвшигчээр бүртгэсэн нь буруу байна.

            Мөн Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Сонгуулийн зарчим нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ”, 7 дугаар зүйлийн 7.4-д “Сонгууль зохион байгуулах төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, түүний албан тушаалтан, нэр дэвшигч, сонгуульд оролцогч нам, эвсэл, бусад байгууллага, түүний албан тушаалтан сонгууль зохион байгуулах, түүнд оролцохдоо дараах зарчмыг баримтална” 7.4.1-т “хууль дээдлэх”, 7.4.2-т “ил тод байдлыг хангах”, 7.4.3-т “шударга ёсыг сахих” гэж заасан үндсэн зарчмыг нэр дэвшигчийг бүртгэх үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.4.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэний хөдөлгөөний намын хорооны “Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 09 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол ардын намаас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Алтанбулаг сумаас нэр дэвшигч Н.Ариунжаргалыг нэр дэвшигчийн бүртгэлээс хасуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооноос гаргуулан олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.ОДБААТАР