Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

 

 

 

 

 

     

 

 

Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолтой, 

шүүгдэгч  Д.Б-т холбогдох эрүүгийн ********* дугаартай, 1 хавтастай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны *** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл *** хүнтэй, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн **** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай И овогт Д-ийн Б- нь хүү Б овогтой А 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байхад бодит байдлыг нууж, 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дүгээр сар хүртэл Б.Ад төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж 2,900,000 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 11,100,000 төгрөгийг тус тус авч, нийгмийн даатгалын болон халамжийн санд 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар яллах дүгнэлтээр Д.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолоор: 

3.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д-ийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Б.Ад 2022 оны 11, 12,  2023 оны 01 дүгээр саруудад тус тус 400,000 төгрөгөөр олгогдсон нийт 1,200,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

3.2. Шүүгдэгч И ургийн овогт Д-ийн Б-ийг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Б-ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 (зургаа) цагийн хугацаагаар тогтоож,

3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.Б-т сануулж,

3.6. Шүүгдэгч Д.Б- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

3.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 9,900,000 төгрөг гаргуулан Нийгмийн даатгалын санд, 2,900,000 төгрөг гаргуулан Нийгмийн халамжийн санд тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж-ийн давж заалдах гомдлын агуулга:   

4.1. Шүүгдэгч Алтай сумын иргэн Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг хянан хэлэлцэх явцад дараах байдлаар хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2. Иргэн Д.Б-ийн Нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу хэрэглэж хохирлын хэмжээг буруу тооцсон. Талийгаач хүүхэд болох Б.Ад нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэврийг түүний тэжээгч болох Б нас барснаас хойш хувь тэнцүүлэн тогтоосон. Б.А 2020 оны 3 дугаар сард нас барсан бөгөөд нас барсныг Улсын бүртгэлд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бүртгүүлсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгох хугацааг “Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно” гэж заасан. Энэ хуулийн дагуу иргэн Д.Б-ийн нийгмийн даатгалын санд учруулсан бодит хохирол 11,100,000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөг юм. Гэвч шүүгч дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэж нас барсныг Улсын бүртгэлд бүртгүүлсний дараагийн сарыг дуусталх хугацааны тэтгэвэр буюу 9,900,000 төгрөг гэж дутуу тогтоосон. Үлдсэн 1,200,000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

4.3. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалт буюу 1,200,000 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нийгмийн даатгалын санд учруулсан хохирол буюу 11,100,000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-ээс гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү

           

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

5.1. Тайлбар дүгнэлтээ хамт гаргая. Анхан шатны шүүх шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д-ийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “ Б.Ад 2022 оны 11, 12, 2023 оны 01 дүгээр саруудад тус тус 400,000 төгрөгөөр олгогдсон нийт 1,200,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авсан” гэх үйлдлийг шүүгдэгчийн хүү болох Б.Аын нас барсан талаарх мэдээлэл ил болсноор түүнд олгогдож байсан тэжээгчээ алдсаны тэтгэвэр 2022 оны 11 дүгээр сараас эхлэн олгогдох ёсгүй байтал шүүгдэгчийн буруутай үйлдлээс шалтгаалахгүйгээр, нөгөө талаас төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоогүйгээс 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн нийгмийн даатгалын сангаас нь олгогдсон байна гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Прокуророос хэдийгээр эсэргүүцэл бичээгүй ч гэсэн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг тул дараах тайлбарыг гаргая. Шүүгдэгчийн “Б.Ад 2022 оны 11, 12, 2023 оны 01 дүгээр саруудад тус тус 400,000 төгрөгөөр олгогдсон нийт 1,200,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэдийгээр энэ гэмт хэрэг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр таслан зогсоогдсон ч гэсэн тухайн мэдээлэл нийгмийн даатгалын байцаагч мэдэх боломжгүй байсан учраас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас шүүгдэгчид үргэлжлүүлэн олгож байсан. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг ханган шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Давж заалдах шатны шүүх хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, дараах үндэслэлүүдээр гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зарим заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

            7. Шүүгдэгч Д.Б- нь хүү Б-ийн А-ыг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байхад бодит байдлыг нууж, 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дүгээр сар хүртэл Б.Ад төрөөс олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмж 2,900,000 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэвэрт нийт 11,100,000 төгрөгийг тус тус авч, нийгмийн даатгалын болон халамжийн санд 14,000,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

                8. Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

            9. Анхан шатны шүүх Д.Б-ийн тодорхой хугацаанд үргэлжилсэн буюу  2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл, 2020 оны 5 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын болон халамжийн санд 14,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөв зүйлчилж ирүүлсэн байхад хэргээс түүний 2022 оны 11 дүгээр сараас хойш үргэлжилсэн үйлдлийг “нас барсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд үргэлжилж, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний бүртгэлийн нас барсны бүртгэлд бүртгүүлснээр төгссөн” гэж үзэж, илт үндэслэлгүйгээр энэ хугацааны үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь зохиомол баримтыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авснаар дуусгавар болдог тул шүүгдэгчийн гэмт үйлдэл улсын бүртгэлд бүртгүүлснээр төгссөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй ба шүүгдэгч нь бодит байдлын талаар улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 2023 оны 01 дүгээр сарыг дуустал нийгмийн халамж, үйлчилгээг авсан байна.

            10. Шүүгдэгч Д.Б- нь хүү Б.Аын нас барсныг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний бүртгэлийн нас барсны бүртгэлд бүртгүүлсний дараа 2022 оны 11, 12 дугаар сар, 2023 оны 01 дүгээр сард тус тус 400,000 төгрөгөөр нийт 1.200.000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авах ёсгүй гэдгийг мэдсээр байж авсан байхад гэмт хэргийг нас барсны бүргэлд бүртгүүлснээр буюу 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төгссөн тул уг хугацаанаас хойш орж ирсэн тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг зөрчжээ.

            11. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Б-ийн зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой буюу Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “Б.Ад 2022 оны 11, 12, 2023 оны 01 дүгээр саруудад тус тус 400,000 төгрөгөөр олгогдсон нийт 1,200,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авсан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж нарийвчлан хуульчилсан байхад анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдийн холбогдох заалтыг баримталж гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул энэ талаар өөрчлөлт орууллаа.

 

            12. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож,  7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг” гэснийг илүү нарийвчилсан зохицуулалтыг баримтлан “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг” гэж, “9.900.000 төгрөг” гэснийг “11.100.000 төгрөг” гэсэн өөрчлөлтүүдийг тус тус оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,  

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож,

 

7 дахь заалтын  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг” гэж,   “9.900.000” гэснийг “11.100.000” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ