Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00053

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2025/00053

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ..... дүгээр хороо, ******* ....... дугаар гудамжны ........ тоотод оршин суух, ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд өдрийн ажилтнаар, 1981 оны 9 дүгээр сарын 15-наас 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд кино механикчаар, 1986 оны 7 дугаар сарын 15-наас 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд туслах ажилтнаар, 1987 оны 3 дугаар сарын 09-нөөс 1989 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өдрийн ажилтнаар орж, 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдөр чөлөөлөгдсөн. 1981 оны 9 дүгээр сарын 15-нд тус нэгдлийн кино механикчаар томилогдож цэрэгт явах болсон тул 1983 оны 7 дугаар сарын 01-нд ажлаас чөлөөлөгдсөн.

Тэгээд 1986 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд туслах ажилтанаар орж 1987 оны 3 дугаар сарын 02-ны өдөр чөлөөлөгдөж, 1987 оны 3 дугаар сарын 09-нд тус нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор томилогдон 1989 оны 9 дүгээр сарын 02-нд ар гэрийн шалтгаанаар шилжсэн тул жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн.

Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт засвартай, тамга тэмдэг бүдэг байна гээд шүүхэд хандсан. Би 1964 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 1980 оны 6 дугаар сард 8-р анги төгссөн. Тэгээд нэгдэл 10 гаруй хүүхдүүдийг хүлээж аваад 80 төгрөгийн цалин өгөөд биднийг илгээлтээр гаргаж байсан. Хөвгүүд нь өдрийн ажилтан болоод охидууд нь аав, ээж рүүгээ явж байсан. Өдрийн ажилтан гэдэг нь тариа бригад, үтрэм дээр ажилладаг байсан, өвөл болохоор хөдөө туслах малчин хийнэ, мод, чулуунд явна, грушиг хийнэ, ер нь нэгдлээс ямар ажил хий гэнэ тэрийг нь хийдэг байсан, 180 төгрөгийн цалин авч байсан санагдаж байна. Тэгээд 1981 оны 8 сард кино механикийн курст сурах гээд ажлаасаа чөлөөлөгдөөд уг курсээ төгсөөд Хэнтий аймгийн Баян-Адарга сумандаа кино механикчаар ажилласан. Улмаар 1986 онд цэргийн албанд явах гээд ажлаасаа чөлөөлөгдсөн. Эргээд туслах ажилтнаар өмнө нэгдэлдээ хийж байсан ажлуудаа хийж байгаад жолооч болсон учир намайг жолоочоор ажиллуулсан. Тэр үед туслах ажилтан гэдэг нь нэгдлийн үйлдвэрлэлд ажилладаг байсан. Энэ нь гэж малын арьс, шир хүлээж аваад халимлаад үйлдвэр лүү явуулдаг байсан, мөн тариалан дээр ажиллаж байсан, тэр үед машин тэрэг ховор байсан, тэгээд нэг машины жолоочийн орон тоо гараад цэгийн жолоочоор ажилласан. Эмчилгээ тэжээлийн цэг гэдэг нь өвчтэй, хөл нь гэмтсэн, өтсөн, эргүү малыг айлуудаас зөөдөг, авчирч эмчилдэг, төв дээрээ малын эмч, зоотехникчтэй газар байсан. Малын эмч нь *******, зоотехникч нь ******* гэдэг хүмүүс ажиллаж байлаа. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр 1989 оны 9 дүгээр сарын 20-нд эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочийн ажлаас чөлөөлсөн гэсэн бичилт байгаа мөртлөө чөлөөлсөн тушаал дээр 1988 оны 3 дугаар сарын 20-ны өдөр чөлөөлсөн гэж зөрүүтэй бичигдсэн байна лээ. Уг нь би 1989 онд аав, ээжээ дагаад дагаад Багануурт шилжиж ирж байсан, тэгээд Багануурын Хүнсний үйлдвэрт жолоочоор ажилд орсон юм. Яагаад зөрүүтэй бичигдсэнийг мэдэхгүй байна. Мөн би 1982 онд 18 настай цэрэгт татагдаад гологдоод буцсан, тэгээд дараа нь 1983 онд 19 настай цэрэгт явж байсан. Хэрэгт байгаа зураг тэр үеийн зураг байна. Мөн тэр сайшаалын үнэмлэх нь намайг цэрэгт татагдахад буюу 1982 онд өгсөн сайшаалын үнэмлэх байгаа юм. Манай аав түүхий эдийн нярав, ээж ахуй үйлчилгээний захиалга хүлээн авагчаар ажиллаж байсан бөгөөд аав, ээж 2 хүүхдүүдээ аваад төв бараадна гээд 1989 оны намар Багануурт шилжиж ирэхэд би дагаад ирсэн юм. Иймд хэрэгт авагдсан баримтыг үндэслэн улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024.11.08-ны өдрийн албан тоот, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 21, 57 дугаартай тушаалууд, 1982 онд кино механикчаар ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг, 1982.06.25-ны өдрийн сайшаалын үнэмлэх зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

/хх-ийн 3-10 дугаар тал/

Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1, хаягийн хуудас №7 зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргуулж, гэрч Ё.*******, Д.******* нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

1.Б.******* нь 1964 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн бөгөөд 60 настай, тэтгэвэрт гарахад зарим ажилд орсон, гарсан тушаалууд олдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тамга тэмдэг бүдэг, засвартай гэх шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.

2.Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.

3.Хүсэлт гаргагч Б.******* хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч зарим бичилтүүд нь тамга тэмдэг бүдэгхэн, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн жолоочийн ажлаас чөлөөлсөн тушаал байгаа боловч ажилд орсон тушаал байхгүй, тус нэгдэлд кино механикчаар ажилд орсон гарсан тушаалууд байхгүй байгаа болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 387 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

4.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

5.Хүсэлт гаргагч Б.******* нь

1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд өдрийн ажилтнаар,

1981 оны 9 дүгээр сарын 15-наас 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаан-Од нэгдэлд кино механикчаар,

1986 оны 7 дугаар сарын 15-наас 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Улаан-Од нэгдэлд туслах ажилтнаар,

1987 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл тус нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар,

-1980 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтрийн 5-р хуудсанд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар тушаалаар өдрийн ажилчнаар авч ажиллуулав, мөн 1981 оны 8 дугаар сарын 10-ны 42 дугаар тушаалаар кино механикчийн курст суралцах болсон тул ажлаас чөлөөлөв,

-Уг дэвтрийн 6-р хуудсанд Хэнтий аймгийн Хэрлэн кинотеатрын даргын 1981 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дугаартай тушаалаар 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Хэнтий аймгийн Баян-Адрага сумын кино механикчаар томилон ажиллуулав, мөн даргын 1983 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 40 тоот тушаалаар Ардын цэрэгт татагдсан тул 7 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Баян-Адрага сумын кино механикчийн ажлаас чөлөөлөв,

-Уг дэвтрийн 11-р хуудсанд 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 48 тоот тушаалаар 7 дугаар сарын 15-ны өдрөөс нэгдлийн үйлдвэрлэлд туслах ажилчнаар авч ажиллуулав, мөн 1987 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 15 тоот тушаалаар мэргэжлийн ажлаа хийх болсон тул 3 дугаар сарын 09-ний өдрөөс туслах үйлдвэрийн ажилчнаас чөлөөлж, ЭТЦ-ийн жолоочоор авч ажиллуулав,

-Уг дэвтрийн 13-р хуудсанд Нэгдлийн даргын 8 дугаар сарын 25-ны өдрийн 55 тоот тушаалаар ар гэрээ дагаж өөр газар шилжих болсон тул 1989 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс жолоочийн ажлаас чөлөөлөв гэсэн байв,

-БНМАУ Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай тушаалын 2-рт Төлчин Б.*******т төлд ажиллаж байсан хугацаанд нь өдрийн 6 төгрөгийн цалин олгосугай гэсэн байв,

-1982.6.25 ны өдрийн Сайшаалын үнэмлэх, уг сайшаалын үнэмлэхэд Б.Занданпүрэв нь Баян-Адрага суманд кино механикчаар ажилласан хугацаандаа ажилдаа хариуцлага, зүтгэлтэй ажиллаж, 1982 оны 1-р улирлын төлөвлөөг 112,6-160,4 хувиар биелүүлэн 4-р байр эзэлж эхний хагас жилийн төлөвлөгөөт кино гаргалтыг III %, үзэгчдийг 125 %, орлогыг 143,7 хувиар биелүүлснийг тэмдэглэж ардын цэргийн албанд явж байгааг тохиолдуулан сайшаалын үнэмлэх, мөнгөн шагналаар шагнав, Өндөрхаан хот гэжээ.

-1982 оны 08 дугаар сард Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн кино механикчаар ажиллаж байхдаа ажлын байран дээрээ авахуулсан гэрэл зураг,

-1988 оны БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1 маягтын 14-рт ажилладаг газар- Улаан-Од нэгдэл, эрхэлдэг ажил -автын жолооч гэсэн байв,

-1981.08.31-ний өдрийн хаягийн хуудас №7 маягтын 10-рт ажлын газар-Улаан-Од нэгдэлд малчин гэсэн байв,

-Гэрч Ё.*******ийн шүүхэд өгсөн: Би 1981 онд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 8-н жилийн сургуульд 1-р ангид элсэн орох үед ******* нь - гэх хөгшинтэй хамт манай сумын клубт кино гаргадаг байсан. Тухайн үед хүүхдүүд түлээ модыг нь зөөж өгөөд үнэгүй кино үздэг байсан, тэгж явж байгаад би 1983 онд санагдаж байна, ******* ахын кино механикчийн дугуйланд суралцаж 1 жил орчим явсан байх.

Намайг дугуйланд суралцаж байх үед 5-6 хүүхэд сурдаг байсан, дугуйлангийн сурагчдаас хамгийн том Бүрэнцогт гээд надаас 3 орчим насны ах хүүхэд байсан, ер нь хамгийн бага нь би байсан байх. Бага байхад кино л гаргадаг, их ганган ах байдаг байсан, - гээд кино гаргадаг байсан хөгшний ажлыг авсан юм байна гэж ойлгодог. Сүүлд 1987 онд санагдаж байна, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдлийн Эмчилгээ тэжээлийн цэгийн Цэнхэр-53 машины жолооч болчихсон явж байсан. Сүүлд кино механикч хийхээ болиод нэгдлийн 53 машины жолооч болсон байсан. Энэ хэрэгт байгаа зураг бол ******* гуайн зураг байна, ард нь харагдаж байгаа цагаан байшин сумын холбоо, ******* гуайн хажууд байгаа аппарат нь зөөврийн бригадуудаар явж кино гаргадаг төхөөрөмж харагдаж байна гэх мэдүүлэг,

-Гэрч Д.вааны шүүхэд өгсөн: Б.******* 1980 онд Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд илгээлтээр туслах ажилтнаар ирээд ойр зуурын ажил хийж байгаад 1980 онд кино механикчийн хэд хоногийн курст яваад 1980 ондоо кино механикч болоод 1983 онд цэргийн албанд татагдах хүртэл ажилласан. Тэгээд 1986 оны 6 дугаар сарын сүүлээр цэргээс халагдаж ирээд Улаан-Од нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт /ядарсан мал зөөдөг/ 53 авто машины жолоочоор ажиллаж байгаад 1989 оны сүүлээр Багануур дүүрэг рүү шилжсэн. Би Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн 2-р бригадын даргаар 1984-1986 оныг хүртэл ажиллаж байгаад тус аймгийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч, байцаагчаар ажиллаж байгаад 2004 онд Багануур дүүрэгт шилжин ирсэн.

Б.******* нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд 1980-1983 он хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд яваад 1986 оны зун ирж үргэлжлүүлэн 1989 он хүртэл ажилласан гэж би гэрчилж байна. Улаан-Од нэгдэл 4 бригадтай, 3 нь мал аж ахуй, 1 нь сумын төвийн бригад байсан. ******* бүх бригадын ядарсан, өвчилсөн малыг тэжээлийн цэгт тээвэрлэн авчирдаг газ 53 маркийн авто машины жолооч байсан. Манай Улаан-Од нэгдлийн дарга Сүрэнхор, захиргааны дарга Гомбодорж, нарийн бичгийн дарга Сэдэд, намын дарга Зоригтбаатар гэх хүмүүс байдаг байсан. Энэ гэрэл зурагт байгаа хүн ******* мөн байна, нэгдэлд кино механикч хийж байхдаа авахуулсан гэрэл зураг байна, тухайн үед нэгдлийн самбар дээр энэ зураг байдаг байсан гэх мэдүүлэг зэрэг болно.

5.Хүсэлт гаргагч Б.******* нь дээрх хугацаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд өдрийн ажилтан, кино механикч, туслах ажилтан, эмчилгээ тэжээлийн цэгийн жолооч зэрэг ажлуудыг хийж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

6. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрт ар гэрээ дагаж өөр газар шилжих болсон тул 1989 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочийн ажлаас чөлөөлөв гэж бичилт хийгдсэн боловч Улаан-Од нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай тушаалаар 1988.03.20-ны өдрөөс жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж нэг үйл баримтын талаар зөрүүтэй нотлох баримтууд хэрэгт авагджээ.

7.Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд Манай аав түүхий эдийн нярав, ээж ахуй үйлчилгээний захиалга хүлээн авагчаар ажиллаж байсан бөгөөд аав, ээж 2 хүүхдүүдээ аваад төв бараадна гээд 1989 оны намар Багануурт шилжиж ирэхэд би дагаад ирсэн гэсэн тайлбарыг өгсөн, түүний тайлбар хөдөлмөрийн дэвтэрт хийсэн бичилттэй тохирч байгаа, мөн гэрч Д.вааны ******* нь 1986 оны 6 дугаар сарын сүүлээр цэргээс халагдаж ирээд Улаан-Од нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 53 авто машины жолоочоор ажиллаж байгаад 1989 оны сүүлээр Багануур дүүрэг рүү шилжсэн гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул хөдөлмөрийн дэвтэрт хийсэн бичилтийг үнэн зөв гэж гэж дүгнэсэн болно.

Иймд Баян-Адарга сумын Улаан-Од нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 21 дугаартай тушаалыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

8.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримт шүүхэд гаргаж өгөх шаардлагыг хангасан, гэрч Д.вааны Баян-Адрага сумын Улаан-Од нэгдэлд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэсэн болно.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******

-1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд өдрийн ажилтнаар,

-1981 оны 9 дүгээр сарын 15-наас 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд кино механикчаар,

- 1986 оны 7 дугаар сарын 15-наас 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд туслах ажилтнаар,

-1987 оны 3 дугаар сарын 09-нөөс 1989 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Улаан-Од нэгдэлд эмчилгээ тэжээлийн цэгийн жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА