Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

Улсын яллагч Б.Батнасан,

Шүүгдэгч Ш.Г , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ/0751/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Г-т холбогдох 1716000930006 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн ......... сумын ........... багийн 1-1-4 тоотод оршин суух, 1981 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Говь-Алтай аймаг дахь ......... газрын хэсгийн .......... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...............регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, А  овогт Ш-ийн Г  гэв.

Шүүгдэгч Ш.Г  нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр Ф.Пассат загварын **-** ГАА улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалантын хорооны нутаг дэвсгэрт засмал замд иргэн С.П-гийн жолоодож явсан улсын дугааргүй хар өнгийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч С.П-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Тухайн өдөр би туслах замаар орж ирсэн. Гол замаар явж байсан П  гэдэг хүн намайг зам руу ороход 100 гаран метрийн зайтай явж байсан. Тэгэхээр нь би дүрмийн дагуу орох боломжтой гээд ортол хажуугаас ирээд мөргөчихсөн юм. Тэгээд цаашаа эргээд унахаар нь би хажууд нь зогсоод болсон зүйлийн талаар яасан зүгээр үү? гэхэд газарт уначихсан тухайн хүн согтуу байсан. Тэгэхээр нь би цагдаагийн газар руу дуудлага өгөөд мөн 103-т бас дуудлага өгсөн... 100 метрээс дээш зайтай бол туслах замаас орж болно гэсэн дүрмийн заалт байгаа...Зүүн талын арын дугуйны бөгсөн хэсэг рүү мөргөсөн...Эхнийх нь А цэгээ урд талын дугуйнаас авсан харагдаж байна лээ сүүлд хийсэн үзлэг нь зөв...Эхний А цэгийг миний урд талын дугуйнаас авсан...Тийм тухайн үед миний машины хамар хэсэг зам руугаа орчихсон байсан. Тэгэхэд хажуугаас ирээд машины бөгсөн хэсэг рүү мөргөсөн...Тухайн мотоцикль хурдтай явж байсан. Буруу тооцоолоогүй нэлээд зайтай харагдсан...Мөргөлдсөн цэгийг нь л тэмдэглэсэн. Миний машины урд талын хамар, 2 дугуй өөрийнхөө зорчих хэсэгтээ орчихсон байсан...Зайтай хол явж байсан. Тийм болохоор би зорчих хэсэгт орсон...Эмчилгээний зардалд 240.000 төгрөг төлсөн...Тухайн мотоцикль тоормослож хурдаа хасаагүй...Тухайн үед П тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учраас замын хөдөлгөөний дүрмийн талаар ойлголт мэдэгдэхүүнгүй байсан гэж бодож байна. Мөн энэ хүн согтууруулах ундаа хэрэглэн самбаачлах хугацаа байхгүй байсан учраас миний авто машины арын бөгсөн хэсэг рүү ирж мөргөсөн. Хажуу тийш гараад явах боломж тэр хүнд байсан. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч С.П-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017.10.12-ны өдөр орой 16-17 цагийн орчимд би аймгийн зах худалдааны төв дээр явж байгаад хамаатан О-тэй таараад гэрт нь хүргэж өгөхөөр Жаргалантын хорооны засмал замаар уруудаад баруун чиглэлд явж байтал замын хойд талаас хар хөх өнгийн жижиг суудлын автомашин орж ирээд мөргөлдсөн. Машины арын дугуй хэсэг рүү мөргөөд гулсаж замаас гараад унасан... Тухайн тээврийн хэрэгслийн урд хэсэг, гол хэсэг зам руу орчихсон, замын баруун ирмэгээр уг автомашины арын дугуй дөнгөж орж ирж байхад очоод мөргөсөн...Би замын баруун гар тапын эгнээгээр явж байсан...Тухайн автомашиныг зам тавьж өгөх байх гэж бодоод чигээрээ явж байтал туспах замаас ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх 32-34-рт/,

Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би мотоциклийнх нь ард   суугаад  Жаргалантын хорооны нисэх рүү явдаг замаар баруун тийшээ явж байтал уг засмал замын хойноос урагш орсон туслах замаас хар хөх өнгийн жижиг суудлын  машин орж ирээд мөргөлдсөн. Тухайн машиныг мөргөөд гулсаад замаас гараад унасан. Тэр машин тухайн газраа зогсолгүй, тойроод бид хоёрын хажууд хүрээд   ирсэн...Би П-г архи уусныг нь анх мэдээгүй, мотоциклийнх нь араар суухад салхинд архи үнэртэж байсан...Тухайн автомашины хамар гүйцэд орчихсон, арын дугуй дөнгөж ороод эгнээ рүүгээ эргэх гэж байгаад мөргөлдсөн. Эгнээ байраа бол эзлээгүй байсан...Миний багцаагаар 100 гаран метр зайтай харагдсан…Ерөөсөө шороон замаар явсаар байгаад л орж ирээд мөргөлдөж таарсан. Ер нь бол туслах замаас орж ирээд эгнээ байраа эзэлж амжихааргүй байсан...Мотоциклийн жолооч машинд тулж очоод огцом хажуу тийшээ дараад машины зүүн талын арын дугуй хэсгийг мөргөөд хажуу тийшээ унасан. Би яг тоормос гишгэсэн эсэхийг мэдэхгүй сайн мэдэхгүй байна...Мотоцикль замын арын буюу явж байгаа чиглэлийн баруун гар талын эгнээгээр явж байсан...” гэх мэдүүлэг /хх 35-36-рт/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Д-гийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 310 дугаартай дүгнэлтээс "...1.Иргэн П-гийн биед зүүн шилбэ ясны хугарал, зүүн хацар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн хацар, зүүн баруун шанаа, эрүү, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

З.Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт/хх-ийн 39-40-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...уг  ослоос  болж уг автомашины зүүн хойд талын дугуйны крило, гуперийн зах ирмэг хэсэг сэвтэж, крило хэсгийн зах ирмэг нь бэхэлгээнээс салсан, крило дугуйн дээд хэсгээр хонхойж чихэгдэн будаг халцарчээ...улсын дугаар номергүй хар өнгийн банктай, цайвар өнгийн суудлын бүрээстэй, никель тоноглолтой хятад мотоцикльд үзлэг хийлээ. Мотоциклийн гадна харагдах байдал өнгө үзэмж муу, хуучирч элэгдсэн, дугуйнууд хээтэй, элэгдэл дунд зэрэг, аккумляторын утас салсан, асаах гэхэд асаах боломжгүй, тоормосны гишгүүр педал дундуураа хугарсан, тоормос гишгэх боломжгүй, гар тоормосны базуур сууриараа байхгүй, салж хугарсан, араа солих речак гишгүүр салж унасан, 2 толь үгүй, банк нь баруун зүүн талдаа хонхойж будаг халцарсан хуучин оромтой...” гэх тэмдэглэл/хх 10, 19-25-рт/,

Зам тээврийн ослын газрын үзлэг/хх 2-рт/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 3-4-рт/,

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл/хх 28-рт/,

Шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Б.М-гийн “...Нэг: Улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан С  овогтой П /............./ нь “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:  а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2. Жолоочийн үүрэг: 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг, **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ш  овогтой Г /......./ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “12 Уулзвар нэвтрэх. 12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Хоёр: Дээрх үйлдлүүдийн улмаас осол гарсан байх үндэслэлтэй байна.

Гурав: Ослын материалаар өөр шинээр илэрсэн зүйл байхгүй болно...” гэх ослын дүгнэлт/хх 45-рт/,

Шинжээч Б.Т , Б.Б , Ч.Д  нарын 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “...1. Хэргийн материалаар осол нь өдрийн цагаар үйлдэгдсэн байх бөгөөд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, фото зураг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг бусад баримтуудыг шинжлэн судлахад Сүрэнжавын Пүрэвсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.1-д заасан: “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жопоодох эрхийн үнэмлэх”,

2-р бүлгийн 2.7-д заасан: Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/ “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн; мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,

8-бүлгийн 8.2-д заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,

9-р бүлгийн   9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзлээ, Харин жолооч Ш.Г  нь замын зорчих хэсгийн голын тасархай шугамыг давж өөрийн эгнээ байрыг эзэлж байсан байх тул замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байх үндэслэлтэй байна.

2. Жолооч С.П  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугааргүй Мустанг маркын мотоцикль жолоодож хөдөлгөөнд оролцохдоо   тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өөрийн эгнээнд шулуун жигд явуулаагүй аюул саад бий үед зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс өөрийн зорчих хэсгээс гарч эсрэг урсгалд нь осол үйлдэгдэх шалтгаан болсон байх үндэслэлтэй.

3. Жолооч Ш.Г-ийн жолоодож явсан **-** ГАА улсын дугаартай РАSSAT маркын автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байна. Харин жолооч С.П-ийн жолоодож явсан Мустанг маркын улсын дугааргүй мотоцикльд хийсэн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд техникийн шаардлага хангаагүй байна.

4. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, фото зураг, хохирогч, холбогдогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд **-** ГАА улсын дугаартай автомашины зүүн хойд талын дугуй болон крило хэсэгрүү улсын дугааргүй мустанг маркын мотоцикль урд талын дугуй хэсгээрээ мөргөсөн байна.

5. Тээврийн хэрэгслүүдийн зогсоох арга хэмжээ авсан үеийн тоормосны мөрөөс хурдыг тогтоох боломжтой байдаг тул хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг фото зурагт эдгээр тээврийн хэрэгслүүдэд зогсоох арга хэмжээ авсан тоормосны мөр байхгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй.

6. Замын    цагдаагийн    тасгийн    зохицуулагч    цагдаагийн    ахлах    дэслэгч Б.М-гийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан Монгол улсын замын хөдөлгөөний хууль дүрмийн 2-р бүлгийн 2.1-д, 2-р бүлгийн 2.7-д, 9-р бүлгийн 9.2-д дүгнэлтүүд нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

7. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх ослын дахин дүгнэлт/хх 61-рт/,

Шинжээч В.Б , Д.А , Н.Э , Н.Ш , Ш.Б  нарын 2017 оны 12 сарын 11-ний өдрийн 639 дугаартай дүгнэлтээс “...1. Осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүдэд авагдсан материал, шингэний ул мөр, мотоциклийн ослын дараах байрлал, тээврийн хэрэгслийн эвдрэлүүд, жолооч, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэхэд Ф.Пассат маркын **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалт "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Фото зургийн үзүүлэлт, жолооч, гэрчүүдийн мэдүүлгээс харахад гэр хорооллын гарцаас асфальт хучилттай замын огтлолцол гэх хэсэгт осол хэрэг гарсан байх ба хөдөлгөөн огтлолцсон тээврийн хэрэгслүүд замын энэ хэсгийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заасан хөдөлгөөний дэс дарааллаар, мөн дүрмийн 1.4 дэх хэсэгт заасан “Давуу эрх” /бусад хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх үйлдэл/ болон "Зам тавьж өгөх" /замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл/ тодорхойлолтод дурьдсаны дагуу  нэвтрэн  гарах ёстой,

2. Улсын дугааргүй хар өнгийн мотоцикль жолоодож  явсан С.П  нь МУ-ын Авто тээврийн тухай, ЗХАБТХ, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актуудад хэм хэмжээ тогтоосон Монгол Улсад ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлд оруулж, жил бүр техникийн хяналтын үзлэгт хамрагдах, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалтад хамрагдах, жолооч, мотоциклоор зорчигч хамгаалах малгай өмсөж хэрэглэх болон ЗХД-ийн 2.1 дэх заалт “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох МУ-ын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ,” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн С.П  нь осол гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж явсан нь өөрийн болон мотоциклоор зорчиж явсан гэх Д.О-ийн  мэдүүлгээр нотлогдох боловч Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан журамд зааснаар тогтоож, хэргийн материалд аваагүй, унаж явсан “муу” гэх мотоцикль, “хэвийн” гэх автомашин 2-ыг оношилгоо, шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж, техникийн байдлыг тогтоогоогүй байх тул ЗХД-ийн бусад хэм хэмжээ зөрчсөн эсэхийг тогтооход эргэлзээтэй байдлыг үүсгэж байна. Хэргийн газрын үзлэгээр авагдсан шороон гарц дээр үүссэн 4.40 м мотоциклийн гулссан мөрийн эхлэл, хэмжилтээр авсан А цэгийн байрлал нэг чигт бус /схем зураг, фото зургийн үзүүлэлт Зураг № 2, 3, 5-аас тодорхой харагдана/ нь 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх А цэгийг үндэслэлгүй тодорхойлсон гэж үзэхээр байна. А цэгийг ул мөр, хөдөлгөөний траектори,  тээврийн хэрэгслийн  мөргөлдөлтийн дараах чиглэл зэргийг үндэслэн тээврийн хэрэгслийн жолооч нараар заалган тодорхойлж, үзлэгийн тэмдэглэлд энэ тухай тусган нотлох баримтын шаардлагад нийцүүлэн тодорхойлох шаардлагатай байдаг.

3. Мөргөлдсөн тээврийн хэрэгслүүд нь аль хэсгээрээ мөргөлдсөн эсэхийг дүгнэлт гаргаж буй шинжээчид тогтоох боломжгүй байна. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаас харахад автомашины зүүн хойд хэсэг буюу зүүн хойд дугуйн дээд хэсэгт зурагдсан мөрүүд, хойд бамперын зүүн хэсэгт татагдаж, сууринаас гарсан хэсгээр хүч үйлчилсэн боломжтой байх ба мотоциклийн аль хэсгээр хүч үйлчилснийг тогтооход хүндрэлтэй байна. Үүнийг хэргийн газрын үзлэгт оролцсон баг бүрэлдэхүүн, кримниластикийн шинжээч эсвэл шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоох боломжтой байна.

4. Тээврийн хэрэгслүүд нь зам тээврийн осол гарах үед хэдий хэмжээний хурдтай явсныг тодорхойлох боломжгүй болно.

5. Урд гаргасан шинжээчийн дүгнэлтүүүд үндэслэлтэй эсэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ.” гэж заасны дагуу дахин дүгнэлт гаргаж буй шинжээчид хариу  смлт өгөх боломжгүй байна.

6. Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан болно...” гэх дүгнэлт/хх 99-101-рт/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл/хх 112-113-рт/,

Гэрч Д.О-ээс мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Тухайн автомашины арын дугуй засмал замын миний явж байсан чиглэлийн бол баруун гар талын ертөнцийн зүгээр бол засмал замын хойд талын ирмэг захаар дөнгөж хатуу хучилттай замаар нэвтэрч дөнгөж орж байсныг би хэдсэн юм. Тухайн автомашины зүүн арын дугуй гэсэн үг...Ертөнцийн зүгээр зүүн урагш чиглэлтэй хазгайлдаж даялсан байрлалтай машин зам дээр орж ирсэн байхад нь мөргөсөн...” гэх мэдүүлэг/хх 118-119-рт/,

Шинжээч В.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Дүгнэлт гаргахдаа шинжээч Д.А , Н.Э , Н.Ш , Ш.Б  нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан юм... Би таны үзүүлсэн 2018.01.03-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүдтэй танилцлаа. МУ-ын Замын Хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгсэлийн жолооч нар замын ямар хэсэгт, хэрхэн, ямар дэс дарааллаар хөдөлгөөнд оролцохыг заасан байдаг. Уг осол хэргийн хувьд 2 тээврийн хэрэгслийн жолооч нар нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсэгт заагдсан дэс дарааллаар замын тухайн хэсгийг нэвтрээгүй болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл мотоциклийн жолооч С.П  нь ассфальт хучилттай гол замаар шулуун хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхад Фассат маркын **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Г  нь гэр хорооллоос буюу шороон гарцаар тухайн гол замд нийлж байх явцдаа мотоцикльтой мөргөлдсөн байдаг. Мөн дүрмийн 1.4 дэх хэсэгт гарцаар замд нийлж буй жолооч замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүйгээр зам тавьж өгөх ёстой байсан. Ийм учраас бид нарын тавьсан 7.7 дахь заалт өөрчлөгдөхгүй гэж үзэж байна. Анхны хэргийн газрын үзлэгээр мотоциклийн зорчиж байсан замын урсгалын эсрэг талд А цэг тавигдаж хэмжилт хийгдсэн байсан. Энэ байдал нь шороон гарц дээр үүссэн 4,4 м мотоциклийн гулссан мөрний эхлэл, А цэгийн байрлалаас нэг чигт бус байгаа нь тодорхой харагдаж байдаг. Нөхөн үзлэгээр мотоциклийн явсан урсгалд А цэг авагдаж, хэмжилт үндэслэлтэй хийгдсэн гэж үзэхээр байна. А цэгийн байрлал өөрчлөгдөж хэмжилт хийгдсэнээс үл хамаараад бидний гаргасан дүгнэлтэнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй ээ...” гэх мэдүүлэг/хх 123-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг судлан хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй буюу гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолж тогтоогоогүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д заасан “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, 2-д “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэх заалтуудыг  зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна.

Тухайлбал: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх 3-4-рт/-ийг Замын Цагдаагийн тасгийн дарга ахмад С.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 05 минутад эхлүүлж, 18 цаг 50 минутад дуусгасан боловч зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх 2-рт/-ийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 50 минутад үйлдэж улмаар хүчингүй болсон хуулийн заалтыг буюу Захиргааны хариуцлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан заалтыг удирдлага болгон хэмжилт болон зам орчны байдлуудыг тэмдэглэж зураглал үйлджээ.

 Мөн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд 2017 оны 10 сарын 12-ны өдрийн 17 цаг 50 минутад гаргасан “...Есөнбулаг сумын Жаргалант баг 1-1 тоотын үүдэнд мөргөлдчихлөө...” гэх мэдээллийг хүлээн авахад...гэж бичсэн боловч хавтаст хэрэгт гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл байхгүй, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг авсан байж болзошгүй гэх цаг хугацаандаа зам тээврийн ослын газарт үзлэг хийж зураглал үйлджээ.

Түүнчлэн хохирогч С.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэргийн 28-р хуудсанд байгаа жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогчийн өөрийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдсон, мөн бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх үндэслэлтэй байхад 2017 оны 12 сарын 11-ний өдрийн №639 дугаартай шинжээчийн дүгнэлт нь “...Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан журамд зааснаар тогтоож хэргийн материалд аваагүй, унаж явсан муу гэх мотоцикль, хэвийн гэх автомашин 2-ыг оношилгоо, шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж , техникийн байдлыг тогтоогоогүй байх тул ЗХД-ийн бусад хэм хэмжээ зөрчсөн эсэхийг тогтооход эргэлзээтэй байдлыг үүсгэж байна...” гээд  хэргийн бодит байдалд нийцээгүй,  хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан гэж  үзэхээр байна.

Мөн мөрдөгчийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан хохирогчийн унаж явсан мотоцикльд үүссэн эвдрэл гэмтэл нь хэзээ ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн, урьд нь эдгээр эвдрэл гэмтэл байсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоогоогүй, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд энэ талаар буюу мотоциклийн эвдэрсэн эд анги байсан эсэх талаар тусгагдаагүй зэрэг нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн нотлохын тулд яллах болон цагаатгах нотлох баримтуудыг эргэлзээгүй тогтоогоогүй байна.

 

Хавтаст хэрэгт зам тээврийн ослын дүгнэлтийг  3 удаа гаргасан боловч шүүх дээрхи дүгнэлтүүдийг үнэлэх  боломжгүй гэж үзлээ. Учир нь хууль зөрчиж үйлдсэн дараахь нотлох баримтууд буюу хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, фото зураг болон мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн хавтаст хэргийн материалд үндэслэн дүгнэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв.

Шүүх хэргийн бодит байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийсэн болохыг үгүйсгэхгүй гэсэн тайлбар хийж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ш.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.П-гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлууд тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Эргэлзээтэй баримтууд байгаа учраас шүүгдэгчийг яллах боломжгүй гэм буруугүйд тооцож шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгч Ш.Г-ийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 1 сарын 3-ны өдрийн 06 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан **-** ГАА улсын дугаартай автомашинийг шүүгдэгч Ш.Г-т, мөн улсын дугааргүй хар хөх өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг хохирогч С.П-д, шүүгдэгч Ш.Г-ийн **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0******* дугаартай гэрчилгээ, жолоочийн түр зөвшөөрөл зэргийг өөрт нь тус тус буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.9 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Г  нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ш.Г-ийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 1716000930006 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

3. Шүүгдэгч Ш.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Ш.Г  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан **-** ГАА улсын дугаартай автомашинийг шүүгдэгч Ш.Г-т, мөн улсын дугааргүй хар хөх өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг хохирогч С.П  нарт цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Г-ийн **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 0******* дугаартай гэрчилгээ, жолоочийн түр зөвшөөрөл зэргийг өөрт нь тус тус буцаан олгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш улсын яллагч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА