Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0676

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.Пэрэнлэйжамц

Хариуцагч: Монголын хуульчдын холбооны Шалгалтын хорооны хоорондын Монголын хуульчдын холбооны шалгалтын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 1/165 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шалгагчийн зохиосон 200 тест дунд зөв хариулт алдаатай тест байгаа эсэхийг шалгаж, зохих оноог нэмж олгохыг хариуцагчид даалгах, Иргэний эрх зүйн бодлогын бодолтын хариу нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам зөрчсөн байх тул хүчингүй болгуулж, 12.67 оноог нэмж олгож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оросоо, Г.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У.Пэрэнлэйжамцаас тус шүүхэд хандан: Монголын хуульчдын холбооны шалгалтын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 1/165 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шалгагчийн зохиосон 200 тест дунд зөв хариулт алдаатай тест байгаа эсэхийг шалгаж, зохих оноог нэмж олгохыг хариуцагчид даалгах, Иргэний эрх зүйн бодлогын бодолтын хариу нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам зөрчсөн байх тул хүчингүй болгуулж, 12.67 оноог нэмж олгож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан дээрхи шаардлагаа 2024 оны 09 дүгээр сарын 08-нд Монголын хуульчдын холбооны шалгалтын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 1/165 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шалгагчийн зохиосон 200 тест дунд зөв хариулт алдаатай тест байгаа эсэхийг шалгаж, зохих оноог нэмж олгохыг хариуцагчид даалгах, Иргэний эрх зүйн бодлогын бодолтын хариу нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам зөрчсөн байх тул хүчингүй болгуулж, 12.67 оноог нэмж олгож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах гэж тодруулсан.

3. Нэхэмжлэгч У.Пэрэнлэйжамц нь 2023 оны 10 дугаар сарын 23, 24, 25, 26-ний өдрүүдэд Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэн сорилгын шалгалтыг өгч 34 оноо, цаашлаад бодлогын шалгалтад оролцон Эрүүгийн эрх зүйн бодлогод 11.67, Захиргааны эрх зүйн бодлогод 11.33, Иргэний эрх зүйн бодлогод 7.33, нийт 30.33 оноог авсан байна.

4. Түүнчлэн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бодлогын шалгалттай холбоотой гомдлоо Хуульчдын холбооны цахим хаягаар хүргүүлжээ.

5. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс Монголын хуульчдын холбооны шалгалтын комисст дахин хүсэлт гаргасанд тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/165 дугаар албан бичгээр ...Таны хувьд Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилгын шалгалттай холбоотой гомдлоо 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг хүртэлх хугацаанд Хуульчдын холбооны цахим хаягаар ирүүлсэн байна. Тус өдөр Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ....сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд бичгээр ирүүлнэ., мөн Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын 02 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан "Сорилгын шалгалтын дүрэм"-д тус тус заасны дагуу гомдлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 1 давхарт бичгээр хүлээн авсан болно. Энэхүү журмыг сорилгын шалгалт авсан салбар бүрт чанга яригчаар анхааруулж сануулж байсан. Иймд таны сорилгын шалгалттай холбоотой гаргасан гомдолд хариу хүргүүлээгүй байна. Таны гаргасан хүсэлтийн дагуу шалгалтын бодлогын даалгаврыг үнэлсэн үнэлгээг хавсралтаар хүргүүлж байна. гэсэн хариуг өгчээ.

6. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч У.Пэрэнлэйжамцаас тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлдээ: Шалгуулагч миний бие 2023 оны 10 дугаар сарын 23, 24, 25, 26-ний өдрүүдэд Монголын хуульчдын холбооноос зохион байгуулсан хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэн сорилгын болон бодлогын шалгалтуудыг өгсөн. Сорилгын шалгалтад авах ёстой 40 онооноос 34 оноог авсан бөгөөд үлдсэн 6 онооны тестүүдийн түлхүүр алдаатай байгаа талаар шалгалтын комиссд мэдэгдэж, улмаар тухайн өдрийн 20 цагаас өмнө Монголын хуульчдын холбооны албан ёсны мэйл хаягаар гомдлоо бичгээр бичиж, скандан хүргүүлсэн хэдий ч хариу ирүүлээгүй эс үйлдэл үзүүлсэн.

Улмаар бодлогын шалгалтад оролцож Эрүүгийн эрх зүйн бодлого бодолтонд 11.67 оноо, Захиргааны эрх зүйн бодолтонд 11.33 оноо, Иргэний эрх зүйн бодолтонд 7.33 оноо нийт 30.33 оноог авсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүргэсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно гэж заасны дагуу 70 онооноос 64.33 оноог авч 5.67 оноо дутсан. Дээрх оноо дутсан нөхцөл байдлыг шалгуулагчийн зүгээс дараах үндэслэлээр шалгалтын комиссын алдаатай шийдвэр үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэж байна.

1. Зохих алдаатай тестийн оноог дүгнэж олгоогүй эс үйлдэл үзүүлж, хожим 2023.11.16-ний өдрийн 1/165 албан бичгээр заавал бичгээр биечлэн авчран гомдлоо өгөх талаар дурдсан. Гэтэл миний бие холбогдох гомдлыг бичгээр өгөх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Учир нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.2-т Гомдол гаргагч энэ журмын 9.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан гомдлыг шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө, сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын нэг өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд тус тус бичгээр ирүүлнэ гэж зохицуулсан бөгөөд бичгээр хүргүүлэх ёстой гэсэн болохоос биечлэн өгөх шаардлага байгаа эсэх талаар зохицуулаагүй байна. Мөн тухайн өдөр алдаатай тестийн мэдээллийг программ дээрээс харах гэсэн боловч нээгдэхгүй байсаар арга буюу 20 цагаас өмнө албан ёсны мэйл хаягаар хүргүүлсэн байдаг.

2. Иргэний эрх зүйн бодлогын хариу бодолтыг үндэслэж шалгагч этгээдийн хувьд миний иргэний эрх зүйн бодолтыг шалгасан гэж ойлгож байгаа болно. Гэсэн хэдий ч тус иргэний эрх зүйн бодлогын хариу бодолт нь дараах байдлаар хуульчийн мэргэжлийн шалгалтын журмыг зөрчсөн байна.

Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1 дүгээр зүйлийн 2-т Сорилгын шалгалтын даалгавар нь оролцогчийн эрх зүйн ерөнхий болон хуулийн тодорхой зохицуулалт, ойлголтыг тайлбарлан хэрэглэхэд шаардагдах мэдлэгийн түвшинг тогтооход чиглэгдэнэ гэж, 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Бодлогын шалгалтын даалгавар нь энэ журмын 6.1 дүгээр зүйлийн 3-д заасан салбар эрх зүйн хүрээнд шалгалтад оролцогчийн тодорхой өгөгдлийг эрх зүйн үндсэн зарчим, хуулийг хэрэглэн зөв, логиктойгоор дүн шинжилгээ хийсний үндсэн дүгнэлт хийх мэргэжлийн ур чадварыг сорих зорилго, агуулгатай байна. Бодлогын шалгалт нь зөвхөн мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байж болохгүй гэж зохицуулсан. Гэвч Иргэний эрх зүйн бодлогын хариу бодолт нь мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байна. Тодруулбал, Иргэний эрх зүйн ...Барьцааны эрх үүссэн эсэх хэсэгт а. Үндсэн шаардлага ба эрхийн барьцаа хэсэгт Э.Байгаль: Олон улсын хөрөнгө оруулалтын арбитр, 2022 он, 107/110 дахь тал гэж эшлэл авсан байна. Гэтэл шалгуулагч тус номны хуудасд заасан хэсгийг тодорхойлох боломжгүй бөгөөд энэ нь мэдээлэл сорих агуулгатай гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн б.нэхэмжлэгч барьцааны эрхийг шилжүүлэн авсан эсэх хэсгийн дараагийн хуудасд практикт эрх зүйн орчинд ямар байгаа талаар дүгнэсэн байна. Гэтэл банк болон банк бус байгууллагад ажилладаг эсхүл энэ чиглэлээр судалгаа хийдэг хүнд хамаарахаар бодолтонд оруулсан нь туршлага сорих агуулгатай байж болохгүй гэсэн хэсгийг зөрчсөн байна. Мөн давж заалдах шатны шүүх хэвээр үлдсэн практикийг шалгуулагч мэдэх боломжгүй юм. Эдгээр дүгнэлт нь шалгуур үзүүлэлт ба онооны хуваарилалт нөлөөлөх улмаар шалгуулагч бодитоор дүгнэгдэх хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх цаг хугацаа бүтэн жилээр хойшлох болсонд гомдолтой байна. Учир нь тус шалгалтанд оролцохын тулд миний бие тасралтгүй олон жил хичээл зүтгэл гаргасан. Гэтэл дээрх нөхцөл байдлаас үүдэн бодитоор дүгнэгдэж чадаагүйд харамсалтай байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ: ...Иргэний эрх зүйн бодлого нь 2 асуулттай бөгөөд эхний асуулт нь нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийх агуулгатай байсан. Харин 2 дахь асуултын хувьд сөрөг нэхэмжлэлийн хүрээнд шүүх ямар шийдвэр гаргах буюу илүү өргөн хүрээнд шүүхээс гарах шийдвэрийн талаар асуусан асуулт гэж ойлгогдохоор байсан. Гэвч бодлогын бодолтын хариунаас үзэхэд уг асуулт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу процесс асуулт байсан гэж үзээд процессын шалгалтуудыг хийх ёстой гэсэн агуулгаар миний бодсон бодлогыг дүгнэжээ. Бодлого бодоход бодлогын асуулт өөрөө маш чухал бөгөөд шалгагчийн зүгээс иргэний бодлогын 2 дахь асуулт оновчгүй асууснаас шалгуулагч төөрөгдөж, материаллаг эрх зүйн хувьд дүгнэлт хийсэн. Иймд иргэний бодлогын бодолтын хариунд Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1.4-т ...тодорхой өгөгдлийг эрх зүйн үндсэн зарчим, хуулийг зөв хэрэглэн зөв логиктойгоор дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дүгнэлт хийх, мэргэжлийн ур чадварыг сорих зорилго, агуулгатай байна гэсэнтэй нийцэхгүй байна гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ...У.Пэрэнлэйжамц нь нэхэмжлэлийн үндэслэлдээ миний тесттэй холбоотой гомдлыг хүлээн авч хариу өгөөгүй талаар дурджээ. Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Гомдол гаргагч энэ журмын 9.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан гомдлыг шалгалт эхлэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө, сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын нэг өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд тус тус бичгээр ирүүлнэ гэж заасан. Мөн тухайн өдрийн Сорилгын шалгалтын салбар бүрт Сорилгын шалгалтын дүрмийг уншиж танилцуулсан. Тухайн дүрмийн 8 дахь хэсэгт Сорилгын шалгалттай холбоотой өргөдлийг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 10 дугаар сарын 25-ны өдрийн 20:00 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 1 давхарт хүлээн авна. 20:00 цагаас хоцорсон тохиолдолд тесттэй холбоотой гомдлыг хүлээн авах боломжгүй талаар оролцогчид сануулсан. У.Пэрэнлэйжамцын хувьд тухайн өдөр Сорилгын шалгалттай холбоотой гомдлоо Хуульчдын холбооны имэйл хаягаар явуулсан тул гомдлыг хэлэлцэж, хариу өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн Хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын өгөгдлийн агуулга болон үнэлгээтэй гаргасан гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх эрх зүйн маргаан биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ миний тесттэй холбоотой гомдлыг хүлээн авч хариу өгөөгүй талаар дурдсан байдаг. Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гомдол гаргагч энэ журмын 9.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан гомдлыг шалгалт эхлэхээс өмнө 14 оноос доошгүй хоногийн өмнө сорилтын шалгагчийн даалгаврын гүйцэтгэл дээр илгээсэн гомдол, гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын нэг өдрийн дотор бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш ажлын 3 өдрийн дотор Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд тус тус бичгээр ирүүлнэ гэж заасан. Мөн тухайн өдрийн сорилгын шалгалтын салбар бүрд сорилгын шалгалтын дүрмийг уншиж танилцуулсан. Тухайн дүрмийн 8 дахь хэсэг, сорилгын шалгалттай холбоотой өргөдлийг Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тухайн өдөр буюу 12 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нэг давхарт авна. Энэ цагаас хоцорсон тохиолдолд тесттэй холбоотой гомдлыг хүлээн авах боломжгүй талаар оролцогчид сануулсан байдаг. У.Пэрэнлэйжамцын хувьд сорилгын шалгалттай холбоотой гомдлыг Хуульчдын холбооны цахим хаягаар ирүүлсэн. Энэ талаарх хариу албан бичгийг шалгалтын хорооноос 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1/165 тоот албан бичгээр хариу өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгч нь хуульчийн мэргэжлийн шалгалтын бодлогын шалгалттай холбоотой гомдлоо зохих журамд заасны дагуу буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр гаргасан. Бодлогын агуулгад эрүү, иргэн, захиргааны бодлогын үнэлгээтэй санал нийлэхгүй буюу дахин шалгуулах хүсэлт гаргасан уг гомдлынх нь дагуу 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бодлогын даалгавар дахин дүгнэх комисс ажиллаж нэхэмжлэгчийн 3 салбар эрх зүйн бодлогын гүйцэтгэлийг дахин дүгнэсэн. Нэхэмжлэгч нь мөн гомдлын дараа энэ 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өөрийн үнэлгээтэй танилцсаны дараа буюу 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн бодлогын даалгаварт хэрхэн үнэлэлт дүгнэлт өгсөн талаарх тэмдэглэгээ, шалгалтын материалтай танилцах хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн өөрийн цахим хаягаар шалгалтын материал дүгнэх комиссын үнэлгээ зэрэг материалыг тухайн үед нь файлаар явуулсан байдаг. Нэхэмжлэгч мөн өөрийн сорилгын шалгалтын тестийн түүх буюу өөрийн алдсан тестүүдийн түүхтэй танилцъя буюу алдсан тестүүдээ буруу байсан эсэхийг шалгуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Манайхаас тестүүдийн түүхийг серверээс татаад алдсан тестүүдийн зөв хариултыг нь хуулийн заалт буюу үндэслэлтэйг нь шүүхэд нэмэлтээр нотлох баримтаар хүргүүлсэн. гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оросоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа гол үндэслэл нь нэхэмжлэгч иргэний эрх зүйн шалгалтын дүнг хууль бус гэж үзэж хуульчийн мэргэжлийн шалгалтын журам зөрчсөн буюу хууль бус болохыг тогтоож, 12,67 оноог нэмж олгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шалгуулагчийн тавьж байгаа үндэслэл нь хууль ёсны биш юм. Шалгуулагч өөрөө юу гэж хүсээд байна вэ гэвэл иргэний эрх зүйн бодолтын хариулт нь мэргэжлийн шалгалтын журам зөрчсөн гэж гэж маргаж байгаа. Ямар заалт зөрчсөн юм бэ гэвэл нэхэмжлэгчийн ярьж байгаагаар иргэний эрх зүйн бодолтын хариу нь хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1.4-д заасан тодорхой өгөгдлийг эрх зүйн үндсэн зарчим, хуулийг зөв хэрэглэн зөв логиктойгоор дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дүгнэлт хийх, мэргэжлийн ур чадвар сорих зорилго агуулгатай байна гэж журмын 6.1.4-д ингэж заасан байна.

Иргэний эрх зүйн бодлогын 2 дахь, асуулт хариулт аль аль нь үндсэндээ хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1.4 дэх журамтай нийцэж байгаа, тодорхой бодлогын нөхцөлийг өгч байгаа. Үүнийг хууль зүйн дүн шинжилгээ хийж шалгуулагч дүгнэлт хийх ёстой. Ингэхдээ эрх зүйн үндсэн зарчим, хуулийг зөв хэрэглэн зөв логиктой дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дүгнэлт хийх агуулгатай асуулт, бодлого тийм байсан, асуулт нь ч тийм байсан. Хуульчийн мэргэжлийн ур чадварыг сорих агуулгатай хуульч эрх зүйчийн мэргэжлийн ур чадварыг сорих агуулга зорилготой асуулт, хариулт бодлого байсан гэдэг нь тодорхой байгаа.

Хуульчийн бодлого бодох аргачлал дээр шалгалтын хороо бодлого зохиох стандарттай, бодлогоо энэ журамдаа нийцүүлж зохиохыг боддог, зохиогч нартаа зөвлөдөг сургалт хийдэг. Энэ бодлогыг боловсруулдаг хүмүүс бол ихэвчлэн шүүх болон прокурор мөн хууль зүйн салбарт 15-20 жил ажиллаж байгаа туршлагатай хуульчийн шалгалтын бодлогыг боддог бодлогыг боловсруулдаг мэргэжлийн өндөр түвшний шүүгч болон хуульчид бодлогыг зохиолгодог. Асуултууд нь ч гэсэн оновчтой байсан.

Бид эрх зүйчдээс хуульч болоход эзэмшвэл зохих эзэмшсэн байх, энэ ур чадваруудыг шалгадаг. Энэ ур чадварыг эзэмшээгүй хүнд хуульчийн эрхийн гэрчилгээ өгөх юм бол олон хууль бус шийдвэр гаргах мөн олон үйлчлүүлэгч, иргэдийг хохироох маш өндөр эрсдэлтэй байдаг учраас мэдвэл зохих мэдсэн байвал зохих ур чадваруудыг зайлшгүй шалгаж нягталж ингэж босго тавьдаг. Тиймээс асуулт дээр унаж байна гэдэг нь шалгалтын хорооны үнэлгээ хийж байгаа дүнг хянаж байгаа хүмүүсийн хувьд бол зохих ёсны үнэлгээ.

Иргэний эрх зүйн бодолтын хариултыг хуульчийн мэргэжлийн шалгалтын журам зөрчсөн гэж хүчингүй болгоод, тэгээд бүхэл бүтэн 12,67 оноо нэмнэ гэдэг бол ямар ч боломжгүй. Бодлогын, хариултыг шалгаж байгаа хүмүүсийн хийсэн ажил, үнэлгээнд нь шалгалтын хороо орох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл мэдлэг ур чадвартай хүмүүсээр бодлогыг нь дүгнүүлдэг. Бодлого дүгнэж байгаа хүмүүс, шалгалт дүгнэж байгаа хүмүүс нууц байдаг.

Бид нар нэхэмжлэлийн дагуу энэ хүн дээр оноогдож очсон 200 тестийг шалгасан. Тэгэхэд ямар ч алдаа байгаагүй, эрх зүйн зөв тестүүд байсан. Гэтэл нэхэмжлэгч өөрт ирсэн 200 тестийн дунд зөв хариулт нь алдаатай тест байгаа эсэхийг шалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл 200 тестээс алдаатайг нь олоод, зохих оноо нэмж олгохыг хариуцагчид даалгана гэдэг нь үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага биш, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооны, 2023 онд зохион байгуулсан Хуульчийн мэргэжлийн шалгалт-д оролцож сорилгын шалгалтад 34, бодлогын шалгалтад 23.84, нийт 57.84 оноо авсан, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бодлогын шалгалтыг дахин үнэлүүлэх хүсэлт гаргаснаар Захиргааны эрх зүйн бодлогын оноог 3.33 оноогоор, Иргэний эрх зүйн бодлогын оноог 3.16 оноогоор тус тус нэмэгдүүлж, Эрүүгийн эрх зүйн бодлогын оноог хэвээр үлдээсэн байх ба түүний нийт шалгалтын оноо 64.33 болго

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Сорилгын шалгалттай холбоотой гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан, шалгагчийн зохиосон 200 тест дунд зөв хариулт алдаатай тест байгаа эсэхийг шалгаж, зохих оноог нэмж олгохыг хариуцагчид даалгах, иргэний бодлогын бодолтын хариу Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1.4-д заасныг зөрчсөн тул Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах гэж тодорхойлсныг хариуцагчаас сорилгын шалгалтад гомдол гаргахдаа журмын дагуу гаргаагүй, шалгалт хууль, журамд нийцсэн гэж тус тус маргаж байна.

Нэг. Монголын хуульчдын холбооны Шалгалтын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 1/165 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Монголын хуульчдын холбооны шалгалтын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 1/165 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ...Таны хувьд Хуульчийн мэргэжлийн шалгалтын сорилгын шалгалттай холбоотой гомдлоо 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цаг хүртэлх хугацаанд Хуульчдын холбооны цахим хаягаар ирүүлсэн байна. Тус өдөр Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ....сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд бичгээр ирүүлнэ., мөн Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын 02 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан "Сорилгын шалгалтын дүрэм"-д тус тус заасны дагуу гомдлыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 1 давхарт бичгээр хүлээн авсан болно. Энэхүү журмыг сорилгын шалгалт авсан салбар бүрт чанга яригчаар анхааруулж сануулж байсан. Иймд таны сорилгын шалгалттай холбоотой гаргасан гомдолд хариу хүргүүлээгүй байна гэсэн хариуг өгчээ.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгчид, төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно. гэж, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 9.1 дүгээр зүйлийн 1-д Оролцогч ба бусад этгээдийн гаргасан шалгалттай холбогдох гомдлыг шалгалтын үйл ажиллагааны төрөл, онцлогийг харгалзан дараахь байдлаар ангилж хянан шийдвэрлэнэ. Үүнд: 1.5.шалгалтын даалгавар, гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой; 1.6.шалгалттай холбоотой бусад гэж, мөн зүйлийн 2-т Гомдол гаргагч ...сорилгын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын шалгалтын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг дүн гарсан өдрөөс хойш ажлын нэг өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд тус тус бичгээр ирүүлнэ гэж тус тус нарийвчлан заажээ.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрхи журамд заасны дагуу сорилгын шалгалтын гомдлыг 20 цаг хүртэл Хууль зүйн хүрээлэнгийн 1 давхарт хүлээн авах-ыг шалгалтанд оролцогчдод урьдчилан танилцуулсан болох нь тогтоогдсон, гэтэл нэхэмжлэгч нь сорилгын шалгалттай холбоотой гомдлоо Хуульчдын холбооны цахим хаягаар хүргүүлсэн нь гомдол гаргах журмаа зөрчсөн энэ тохиолдолд хариуцагч Монголын хуульчдын холбооны шалгалтын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 1/165 дугаар албан бичгээр хариу өгсөн нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан, энэ хэргийн тухайд хариуцагчийн хүргүүлсэн албан бичиг нь хууль бус татгалзал биш, харин шалгуулагч У.Пэрэнлэйжамцаас дахин хүсэлт гаргасны хариу албан бичиг болохын хувьд захиргааны актын шинжийг агуулаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан ...шалгагчийн зохиосон 200 тест дунд зөв хариулт алдаатай тест байгаа эсэхийг шалгаж, зохих оноог нэмж олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид хуульчийн шалгалт гэх/-ын зорилго нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтооход чиглэнэ, 16 дугаар зүйлийн 16.1-д Хуульчийн шалгалт нь эрх зүйн ерөнхий мэдлэгийг сорьсон сорилгын болон эрх зүйн салбарын хүрээнд тодорхой тохиолдлыг хууль хэрэглэж шийдвэрлэх бодлогын шалгалтын хэлбэрээр явагдана., 16.4-д Сорилгын болон бодлогын шалгалтад авсан нийлбэр дүн нь хуульчийн шалгалтын нийт онооны 70 ба түүнээс дээш хувьд хүрсэн бол хуульчийн шалгалтад тэнцсэнд тооцно., 16.6-д Хуульчийн шалгалттай холбогдох бусад асуудлыг Хуульчдын холбооноос баталсан журмаар зохицуулна гэж тус тус заажээ.

Мөн, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 1.2 дугаар зүйлийн 1-д Шалгалтыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зорилгыг хангахад чиглүүлэн зохион байгуулж, шалгалтын үйл ажиллагаанд 7.2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтална, 6.1 дүгээр зүйлийн 3-д Сорилгын шалгалтын даалгавар нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэний эрх зүй ба эдгээр салбар эрх зүйн процесс, хуульчийн мэргэжлийн ёс зүйн чиглэл, агуулгын хүрээнд боловсруулагдсан байна, 3.2 дугаар зүйлийн 3-д Шалгалтын зохион байгуулалтын комисс нь шалгалттай холбоотой дараахь үйл ажиллагааг явуулна:, 3.5-д сорилгын болон бодлогын шалгалтын даалгаврын санг бүрдүүлэх, нууцлалыг хамгаалах, 3.14-д бодлогын шалгалтын даалгаврыг хэвлэх, нууц кодоор дугаарлах, шалгалтын даалгаврыг дүгнэх комисст хүлээлгэн өгч, нууцлалыг хамгаалах, 3.16-д шалгалтын даалгавар дүгнэх комиссоос оролцогчийн бодлогын шалгалтын материалыг дүгнэсэн аргачлалыг бодлогын жишиг хариутай хамт Хуульчдын холбооны цахим хуудсанд байршуулж, мэдээлэх-ээр, журмын 3.3 дугаар зүйлийн 1-д Дүгнэх комисс нь...Хуульчдын холбооны шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хороо болон хуульч, профессорын тэнцвэртэй тооны төлөөллийг хангасан 15-27 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байна, 3.3 дугаар зүйлийн 5-д Бодлогын шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүн өөрийн үнэлгээний үнэн зөв, бодитой байх асуудал болон үнэлгээтэй холбогдон гарсан аливаа үр дагаврыг бүрэн хариуцна гэж, 4-д Дүгнэх комисс нь шалгалттай холбогдох дараахь үйл ажиллагааг явуулна, 4.2-д шалгалтын даалгаврын гүйцэтгэлийг үнэлэх нэг зарчим, арга зүйг тогтоосон аргачлалыг баталж, түүний дагуу бодлогын даалгаврыг дүгнэх гэж заасан.

Дээрхи хууль болон журмын заалтуудаас үзвэл хариуцагч Шалгалтын хорооноос захиалга хүргүүлсний дагуу эрх олгогдсон этгээдээс бодлого, сорилгыг боловсруулах ба Шалгалтын хороо нь тухайн сорилго, бодлогын асуулт, боловсруулах үйл явцад оролцох боломжгүй этгээд болох нь тогтоогдож байна.

Энэ тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэж зааснаар шалгах бөгөөд харин захиргааны байгууллагын өмнөөс шалгагчийн зохиосон 200 тест дунд зөв хариулт алдаатай тест байгаа эсэхийг шалгаж, зохих оноог нэмж олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Шалгалтын хороонд гомдол гаргасны дагуу түүний бодлого, сорилгын дүнг эрх бүхий этгээдүүд дахин нягталж хянан 6.49 оноог нэмж тооцсон хэдий ч нэхэмжлэгч нь шалгалтын нийлбэр оноогоор тухайн шалгалтанд тэнцээгүй, энэ тохиолдолд шүүхээр маргаан үүсгэж оноог нэмж тооцуулах нь Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилгод нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл шалгуулагч нь гомдлоо гаргаж хамгийн эцсийн байдлаар оноогоо зохих журмын дагуу нэмэгдүүлж тооцуулсан хэдий ч дахин шүүхэд нэхэмжлэл гаргах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан ...иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилготой уялдахгүй, мөн хуулийн 106.3.4-т заасан ...татгалзал хууль бус болохыг тогтоож, даалгах заалтанд хамаарахгүй байна.

Иймд ...шалгагчийн зохиосон 200 тест дунд зөв хариулт алдаатай тест байгаа эсэхийг шалгаж, зохих оноог нэмж олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Түүнчлэн нэхэмжлэгч нь ...Иргэний эрх зүйн бодлогын бодолтын хариу нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам зөрчсөн байх тул хүчингүй болгуулж, 12.67 оноог нэмж олгохыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ нь дээр дүгнэсэнчлэн хууль зүйн үндэслэлгүй шаардлага байна. Тухайлбал:

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо /цаашид "Шалгалтын хороо" гэх/ нь Хуульчдын холбооны гишүүн, хуульч профессоруудын төлөөлөл оролцсон 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байна., 52.3-д Шалгалтын хороо дараах эрх хэмжээтэй байна:, 52.3.3-т хуульчийн шалгалтын зохион байгуулалт болон даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөхтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх, 52.6-д Шалгалтын комисс нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 52.6.2-т сорилгын болон бодлогын шалгалтад оролцогчдын даалгаврын гүйцэтгэлийг дүгнэж, үнэлгээ өгөх гэж тус тус заасан.

Түүнчлэн Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 6.1 дүгээр зүйлийн 4-д Бодлогын шалгалтын даалгавар нь энэ журмын 6.1 дүгээр зүйлийн 3-д заасан салбар эрх зүйн хүрээнд шалгалтад оролцогчийн тодорхой өгөгдлийг эрх зүйн үндсэн зарчим, хуулийг хэрэглэн зөв, логиктойгоор дүн шинжилгээ хийсний үндсэн дүгнэлт хийх мэргэжлийн ур чадварыг сорих зорилго, агуулгатай байна. Бодлогын шалгалт нь зөвхөн мэдээлэл, санах ой, туршлага сорих агуулгатай байж болохгүй гэж тус тус заажээ.

Эдгээр хууль болон журмын зохицуулалтаас дүгнэхэд, хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос шалгалт зохион байгуулах болон бодлогын шалгалтын даалгаврыг дүгнэх комиссыг шалгалт зохион байгуулах тухай бүрд байгуулдаг байх ба шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүн нь өөрийн үнэлгээний үнэн зөв байдал болон үнэлгээтэй холбогдон гарсан аливаа үр дагаврыг бүрэн хариуцдаг байна.

Иймээс нэхэмжлэгчийн иргэний эрх зүйн бодлогыг шалгаж, үнэлгээ өгсөн шалгалтын комиссын үнэлгээ нь журамд нийцсэн, ...нэхэмжлэгчийн бодлогоо үнэн, зөв үнэлүүлэх, хариултдаа тохирсон үнэлгээ авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл нь тогтоогдоогүй.

Гурав. Нэхэмжлэгчээс гаргасан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хуульчийн шалгалт дууссанаас хойш 30 хоногийн дотор уг шалгалтад тэнцсэн этгээдэд батламж олгоно, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 19.1-д Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана., 19.2-д Энэ хуулийн 19.1-д заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:, 19.2.1-д хуульчийн шалгалтад тэнцсэн батламж;, 19.3-д Хуульчдын холбоо нь өргөдөлд хавсаргасан баримт бичгийн үнэн зөв байдлыг шалгаж, хуульчид тавигдах зан байдлын болон эрүүл мэндийн шаардлагыг харгалзан гишүүнээр элсүүлэх эсэхийг шийдвэрлэнэ., 19.4-т Хуульчдын холбоо өргөдөл гаргагчийг гишүүнээр бүртгэж авсан тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно. гэж тус тус заасан.

Эдгээр хууль, журмын заалтуудаас үзвэл Монголын хуульчдын холбооны Шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ олгох эрх хэмжээгүй этгээд байх ба нөгөө талаар Ц.Пэрэнлэйжамц нь хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцээгүй тул гэрчилгээ олгохыг даалгах боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч У.Пэрэнлэйжамцаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 17 дугаар зүйлийн 17.1, 52 дугаар зүйлийн 52.3.3-д заасныг тус тус баримтлан У.Пэрэнлэйжамцаас Монголын хуульчдын холбооны Шалгалтын хороонд холбогдуулан гаргасан Монголын хуульчдын холбооны шалгалтын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 1/165 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шалгагчийн зохиосон 200 тест дунд зөв хариулт алдаатай тест байгаа эсэхийг шалгаж, зохих оноог нэмж олгохыг хариуцагчид даалгах, Иргэний эрх зүйн бодлогын бодолтын хариу нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам зөрчсөн байх тул хүчингүй болгуулж, 12.67 оноог нэмж олгож, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах гэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН