Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

 

 

 

 

 

            

 

 

 

К.Н-т холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/** шийтгэх тогтоолтой,  

 

шүүгдэгч  К.Н-т холбогдох эрүүгийн ********** дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм,  шүүгдэгч К.Н-, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.   

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эмэгтэй, ** боловсролтой, **** мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дүгээр цэцэрлэгт багш ажилтай, ам бүл *** хүнтэй, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн *** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ба овогт К-ны Н- нь Монгол Улсын боловсролын их сургуулийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн, D****** дугаартай, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, боловсрол судлалын ухааны бакалаврын зэрэгтэй дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн арга зүйчээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс, багшаар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус томилогдон ажиллахад ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 209 дүгээр яллах дүгнэлтээр К.Н-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн  2023/ШЦТ/11 шийтгэх тогтоолоор: 

3.1. Шүүгдэгч Б овогт К-ны Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н-ыг 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н-т зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

3.5. Шүүгдэгч К.Н-т оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.6. Энэ хэрэгт шүүгдэгч К.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж,

3.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч К.Н-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 64.820.766 төгрөгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:     

4.1. Анхан шатны шүүхээс үйлчлүүлэгч К.Н-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай танилцуулга, хавсралтын хуулбар /хавтаст хэргийн 11 -35 дахь тал/, гэрч Ч.Э, Б.Д, Д.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-41, 50-52, 69 дэх тал/, Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2022 оны ** сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 65-67 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 09 дугаартай "Хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай" тушаалын хуулбар /хавтаст хэргийн 74 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/25 дугаартай албан бичиг. хавсралтаар ирүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай "Ажилд авч, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай" тушаалын хуулбар /хавтаст хэргийн 104-105 дахь тал/, Эрүүгийн 2209000002293 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн иргэн Х.Н-т Монгол Улсын Боловсролын их сургуулиас 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон "Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч" гэх 0****** дугаартай диплом, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн байна.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.** зүйлийн 2 дахь хэсэгт "Мөрдөгч.... нь ...баримт бичиг, эд зүйлийг тэмдэглэл үйлдэж. ...хавтаст хэрэгт тусгаж, хавсаргана” гэж, мөн хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна"' гэж, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ" гэж, 2 дахь хэсэгт "Нотлох баримт бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах, гар зураг үйлдэх, ул мөрнөөс хэв, хээ буулгаж авах зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэж, түүнд тухайн ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан  арга хэмжээ, үр дүн болон дараах зүйлийг бичиж тусгана: ...4. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд баримт бичиг, эд зүйлийн тоо ширхэг, төрөл, хэлбэр, өнгө сорьц, харагдаж байгаа онцлох шинж тэмдэг, чанар, их, бага, хүнд, хөнгөний хэмжээ зэргийг нэг бүрчлэн олон тооны эд зүйл, баримт бичгийг жагсаан бичиж, хавтас хэрэгт хавсаргана” гэж, 8 дахь хэсэгт “Тэмдэглэлд ажиллагаа явуулсан, тэмдэглэл хөтөлсөн албан тушаалтан гарын үсэг зурна” гэж тус тус заасан байна.

Гэтэл анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын зарим хэсэгт нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны "хуулбар үнэн” гэх тэмдэг дарагдсан, зарим нотлох баримтуудыг эрүүгийн ямар дугаартай хэргээс, эсхүл хэн гэдэг этгээдээс гаргаж өгснөөр хуулбарлан авсан, хавсаргасан нь тодорхой бус, холбогдох байгууллагын “хуулбар үнэн” гэх тамга тэмдэг нь дарагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 6, 7-д заасан “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, ‘Энэ хуульд заасан үндэслэл. журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэснийг ноцтой зөрчсөн байна.

4.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан.

4.4. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх буюу нотлох баримтаас хасаж, К.Н- нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн D****** дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх эргэлзээтэй асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/** шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч К.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

           

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

5.1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбар, дүгнэлтийг гаргаж байна.

5.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримттай холбоотой асуудлаар давж заалдах гомдлын үндэслэлийг тодорхойлсон байна. Прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ мөрдөгч н.Болдын тэмдэглэлийг хавсарган, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайн тэмдгийг хэн дарсан нь тодорхойгүй байна гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт нотлох баримтыг цуглуулах журмын талаар, мөн хуулийн 29.2 дугаар зүйлд хэргийг тусгаарлах, нэгтгэх асуудлыг зохицуулсан. Нэгэнт Эрүүгийн цагдаагийн албанд нотлох баримт цугларсан учраас тухайн нотлох баримтуудыг хэргийг тусгаарлахдаа хуулбарлан хэрэгт хавсаргасан байгаа. Энэ нь нотлох баримт цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн зүйл биш. Тухайн нотлох баримтуудыг тэмдэглэл үйлдээгүйгээр хууль бус гэж үзэж байгаа бол бусад нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байгаа.

5.3. Шүүгдэгч К.Н- нь тус цэцэрлэгт хуурамч диплом ашиглаж ажиллаж байсан нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа, түүнийг ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дурдаж буй нотлох баримтуудыг үндэслэж шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна.

5.4. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээгүй гэж гомдол гаргаж байна. Шүүгдэгчийн учруулсан материаллаг хохирлоос гадна К.Н-ын багшилж байсан хүүхдүүдийн эрх ашиг энэ тохиолдолд яригдах ёстой. К.Н-ын оронд мэргэжлийн сургууль төгссөн, тухайн мэргэжлийг эзэмшсэн хүн ажилласан бол хүүхдүүд одоогийнхоос илүү мэдлэг чадвар эзэмших боломжтой байсан. Гэтэл мэргэжлийн бус хүн ажилласны улмаас хүүхдүүд эзэмших ёстой мэдлэг чадваруудыг бүрэн эзэмшиж чадаагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлыг хохирогчид олгоогүй гэж байгаа боловч шүүгдэгч хуурамч диплом ашиглаж ажиллаж байхдаа цалин хөлсийг улсын төсвөөс авч байсан учраас энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж дүгнэлт гаргасан байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            6. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар К.Н-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг буруу тооцсон байдлыг залруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт орууллаа.

 

            7. Шүүгдэгч К.Н- нь Монгол Улсын боловсролын их сургуулийн D****** дугаартай, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй гэх боловсролын дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн арга зүйчээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс, тус цэцэрлэгийн багшаар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус тус томилогдон ажиллахад ашигласан нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэрэгт цугларсан нотлох баримтууд хуульд заасан шаардлагыг хангаагүй, хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, К.Н-ыг цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

            8. Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, талууд, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хасаж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргээр зөв зүйлчилж, К.Н-ыг гэм буруутайд тооцсон нь хууль ёсны, гэм буруугийн зарчмуудад бүрэн нийцжээ.

 

            9. Анхан шатны шүүх шүүгдэгч К.Н-ын үйлдсэн гэмт хэрэг, боловсролын дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж ашиглах хууль бус үйлдлээ санаатайгаар удаан хугацаанд үргэлжлүүлж, төрөөс цалин хөлс авсан нөхцөл байдал, учруулсан бодит хохирол, түүний ажиллаж байсан ажил, албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой иргэдийн эрхийг зөрчин, төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчим болон төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууламжийн үнэлэмжийг сулруулсан тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журамд нийцсэн гэж үзэв.

 

            10. Шүүгдэгч К.Н-ын гэмт үйлдэл нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн арга зүйчээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр томилогдсоноос эхлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны ** сарын 14-ний өдрийн прокурорын тогтоолоор түүнийг яллагдагчаар татах хүртэл хугацаанд үргэлжилсэн бөгөөд яллагдагчаар татсанаар мөрдөн байцаалтын шатанд түүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл энэ үеэс эхлэн ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн тул К.Н-ыг тухайн ажил, албан тушаалд ажиллуулахгүй зэргээр гэмт үйлдлийг нь таслан зогсоох боломжтой байсан.

Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч К.Н-ын гэмт үйлдлийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2022 оны ** сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн гэж дүгнэж, түүнийг яллагдагчаар татсан хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаанд тооцон, түүний хууль бус үйлдлийн улмаас олсон ашиг орлогыг 2016 оны 3 дугаар сараас эхлэн 2022 оны ** сарыг дуустал хугацаанд тооцох нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

11. Мөрдөгчийн хохирол тооцсон хүснэгт, прокурорын яллах дүгнэлтийн хавсралт, түүнчлэн шийтгэх тогтоолд К.Н-ыг “2022 онд 12 сар ажилласан” зэргээр түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг 64.820.766 төгрөг гэж буруу тогтоож, тооцооллын алдаа гаргажээ.

 

            12. К.Н- нь дээрх хугацаанд үргэлжилсэн гэмт үйлдлийнхээ улмаас төрөөс буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн санхүүгээс нийт 63.766.597 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг /нэг удаагийн тэтгэмжийн хамт/ хууль бусаар олсон бөгөөд хэргийн 164-165 дахь талд авагдсан тодорхойлолтоор тогтоогдсон энэхүү мөнгөн хөрөнгийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон түүнээс гаргуулж, улсын орлого болгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцэх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг орууллаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн  2023/ШЦТ/** шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 7 дахь заалтын “64.820.766 (жаран дөрвөн сая найман зуун хорин мянга, долоон зуун жаран зургаа)” гэснийг “63.766.597 (жаран гурван сая долоон зуун жаран зургаан мянга, таван зуун ерэн долоо)” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК