| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0020/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,
Улсын яллагч Б.Батнасан,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Ж-гийн Б-т холбогдох 17160008500049 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ......... багийн ....... хорооны 7-7 тоотод оршин суух, 1992 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мөст цэвэрлэх булаг” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 сарын 8-ны өдрийн 03/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, ........... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Ж-гийн Б гэв.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 10 сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн .... сумын ....... багийн нутаг дэвсгэрт Б.М-ыг цохиж дээд үүдэн 1 шүдний мултрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Говь-Алтай аймгийн ....... сумын ...... багийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Б.М нь бусдад цохиулж дээд үүдэн 1 шүдний мултрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг гарчээ. Уг гэмт хэргийг шүүгдэгч Ж.Б нь үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ж.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 4-5-ны шилжих шөнө би цагаан байранд ачаагаа буулгачихаад буцаад Дэрстэй багийн нутаг засмал зам дээр явж байхад шар өнгийн УАЗ 469 маркийн авто машин зөрсөн. Тэгээд би араас нь яваад нэлээд дөхөж очтол тэр машин зогсчихсон байсан. Тэгээд хажуугаар нь зөрөхөд манай дүү энэ машинтай хүн чулуу авч байна гэсэн. Тэгээд би дуут дохио өгөөд аваараа дараад хажуугаар нь зөрөхөд чулуугаа шидэж машины урд талын салхины шил хагалаад явчихсан. Тэгээд би замын хажууд зогсоод том машинтай явж байсан учраас бууж чадалгүй зогсож байсан чинь нөгөө машин нэлээд цаана явж байснаа гэрлээ унтраагаад зогсчихоор нь араас нь буугаад очсон чинь машиных нь дугуй хагарчихсан байсан. Тэгээд та нар яагаад чулуу шидээд машины шил хагалчихав гэсэн чинь нэлээд согтуу 2 хүн бид хэд чулуу шидээгүй гэсэн. Тэр хоёрын 1 нь арай хөгшин нөгөө нь залуу хүн байсан. Тэр М гэдэг арай хөгшин хүн нь чулуу шидсэн. Тэгээд би Цээл сумаас цагдаа дуудтал одоо гарлаа гэсэн. Хүлээгээд байж байтал 1 хүн ирээд дугуйг нь сольж өгөөд явна гэхээр нь тэр хүмүүсийг байж бай одоо цагдаа ирнэ учраа олчихоод яв гэтэл тэр хүн надад цагдаа, шүүх үйлчилдэггүй уулзмаар байгаа бол араас ирээд уулз гээд явах гээд байхаар нь би таран бүлүүрийнх нь утсыг аваад буцаад явчихсан. Тэгэхэд А гэдэг хүн над дээр ирээд намайг татсан. Тэр хүнтэй би зодоон цохион хийгээгүй. Тэгээд 1 цаг орчмын дараа цагдаа нар ирсэн. Тэр хооронд А М 2 нэлээд удан машиндаа юм ярьж сууж байгаад буусан. Тэгэхдээ буутай байсан. тэгэхээр нь би бууг нь булааж авахдаа тэр хоёртой ноцолдсон. Өөрөөр зодоон хийсэн зүйлгүй. Би яг цохисноо мэдэхгүй байна. Ноцолдож байхдаа л цохисон байж магадгүй... Буугаа бариад ирж байхаар нь би булааж авсан... Тэрийг би сайн мэдэхгүй байна. Буугаа бариад буугаад ирэхээр нь би айхдаа шууд буунаас нь барьж аваад булаацалдсан... Бууг барьж байсан хүний буунаас барьсан. Араас машин руу чулуу шидсэн хүн ирээд намайг цохиход би түлхсэн. Тэгэхэд л тийм зүйл болсон байх яг цохисноо би санахгүй байна...Нэхэмжлээгүй анх Цээл сумын цагдаа дээр байхдаа хоёулаа тохирьё. Ах нь шилийг чинь төлж өгнө. Ахад нь мөнгө төгрөг байхгүй оронд нь мах өгье гэж байсан...тэр үед зодоон цохион болоогүй. Буу булаацалдаж байхад цохисон байж магадгүй...Санамсаргүй ийм зүйл болсон. Тэр хүнтэй санаатай зодоон хийгээгүй. Буу булаацалдаж байгаад санамсаргүй цохисон... Санамсаргүй тийм зүйл болсон. Тэр хүмүүс яагаад миний машины шилийг хагалсан юм гэдгийг би ерөөсөө ойлгохгүй байна. Зүгээр явж байхад машины шил хагалж хохирол учруулсан. Би маргааш нь уулзахад шүд нь уначихлаа гэж яригдаагүй. Тэгээд тухайн үед зодоон цохион болоогүй юм чинь зүгээр байх гэж би бодож байсан. Үүдэн шүд хугарсан гэдэг асуудлыг сүүлд нь аймагт ирсний дараа ярьж байсан. Тэгэхээр буу булаацалдаж байхдаа л тийм зүйл болсон байх гэж бодож байна... Торгуулийн ялыг багасгаж өгнө үү... Хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Б гэх залуу машинаасаа бууж ирээд таран бүлүүрийн таг булааж авахдаа миний ам орчимд тохой хэсгээрээ 1 удаа цохиод таран бүлүүр булааж аваад яваад өгсөн...Миний нүүр тус газар 1 удаа тохойгоороо цохиж шүд унагаснаас өөр цохисон зүйл байхгүй...Одоогоор миний 1 үүдэн шүд унасан байгаа...” гэх мэдүүлэг/хх 13-14-рт/
Гэрч Р.А-ийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...М ах бид хоёр хамт машинд сууж би даараад байсан учраас машины хоёр утсыг нь холбож машин асаах гэж байхад Баярбаатар нь ирээд машины копут сөхөж машинд байсан таран бүлүүрийн тагийг нь утастай нь татаж авсан, тэгэхэд М ах машинаас “чи яаж байгаа юм” гээд буусан, намайг араас нь буугаад ирэхэд Б нь машины таран бүлүүрийн тагийг аваад цаашаа явсан, харин М нь “намайг цохиод шүд хугалчихлаа” гэж хэлээд зогсож байсан, тухайн үед М-ын амнаас нь бага зэрэг цус гарсан байсан, Тэгээд би унасан шүдийг нь аваад халаасандаа хийсэн байж байгаад дараа нь М-т өгсөн чинь алга болсон байна гэж хэлж байсан...М ах машинаас буугаад явсан, би араас нь буугаад ирсэн чинь М ах нь “миний шүд рүү тохойгоороо цохиод шүд хугалсан” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг/хх 25-26-рт/,
Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ю.Б бид хоёрыг яваад очиход Б.М нь “миний бууг энэ залуу/Б / булааж авч байхдаа шүд рүү цохиод шүд хугалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 27-28-рт/,
Гэрч Ю.Ба-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...М нь “миний шүдийг Баярбаатар нь цохиод хугалсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 29-30-рт/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч а/д Д.Д-гийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №300 дугаартай “...1.Иргэн М ын биед гэмтэл учирсан байна.
2. Иргэн М ын биед дээд үүдэн 1 шүдний мултрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 37-38-рт/,
Шинжээч эмч а/д Д.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч Б.Б-ын тогтоолоор Б-гийн М-ын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үзлэгээр дээд үүдэн нэг шүд үгүй буйлны хонхор хэсэгт улаан хүрэн өнгийн цус хуралттай байсан. Дээрх гэмтлийг үндэслэн Б.М-ын биед Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан...Б.М-ын нэг үүдэн шүдний уналт гэмтэл нь буйлны хонхор хэсэгт цус хуралттай байсан гэдэг нь гадны ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөлөлөөр унасан гэдэг нь тогтоогдож байна. Хүний сүүн шүд нь жам ёсоор унадаг 40 настай хүний шүд жам ёсоор унана гэсэн ойлголт шинжлэх ухааны хувьд байхгүй...” гэх мэдүүлэг/хх 119-рт/,
Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би Б.М гэх хүнийг цохиж зодоогүй тэр хүнтэй буу булаацалдахаас өөрөөр ойртоогүй...” гэх мэдүүлэг/хх 58-59-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Шүүгдэгч Ж.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 58-59-рт/ шинжээч Д-гийн мэдүүлэг /хх119-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Б нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ж.Б-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хохирогч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...гомдолтой...” гэх боловч хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал болон хохирогчийн буруутай үйлдэл буюу шүүгдэгч Ж.Б-ын унаж явсан машины шилийг чулуу шидэж хагалсан нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Ж.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон бөгөөд, хохирогч нь хохиролд нэхэмжилсэн зүйлгүй, прокурор 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 61 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Ж.Б-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Ж.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 152-рт/ бөгөөд шүүхээс гэмт хэргийн нөхцөл байдал, прокурорын гаргасан болон шүүгдэгч Ж.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт “...Торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэсэн хүсэлт зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг шүүх харгалзаж үзэж түүнд оногдуулах торгуулийн ялыг 2 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Б нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 7 сарын 8-ны өдрийн 03/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ялгүй болсон байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Иймд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан буюу хохирогч Б.М нь шүүгдэгчийн унаж явсан машины шилийг чулуу шидэж хагалсан гэх үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Ж.Баярбаатарын үйлдэлд тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар шилжин ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ж-гийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч нь төлбөр нэхэмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар шилжин ирсэн зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА