Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

 

 

 

 

 

            

 

 

Н.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолтой, 

 

шүүгдэгч  Н.Б-т холбогдох эрүүгийн ********** дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дорждэрэм,  шүүгдэгч Н.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ** хүнтэй, **** хамт **** оршин суух хаягтай, урьд 1) Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 2) мөн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 3) Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял, 4) Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Б овогт Н-ийн Б- нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 04 цаг 40 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А” гар утас худалдааны төвийн цонхоор нь нэвтэрч, тус төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.К-гийн эзэмшлийн “Айфон центр"-ээс /iphone сеntег/ 14 ширхэг Айфон /iphone/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 33,000,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар яллах дүгнэлтээр Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн  2023/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолоор: 

3.1. Шүүгдэгч Б ургийн овгийн Н-ийн Б-ыг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н-ийн Б-ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгчийн давж заалдах гомдлын агуулга:   

4.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б ургийн овгийн Н-ийн Б-ыг үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.2. Шүүгдэгч Н.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх”, 6.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ авч болно.”, мөн тус хуулийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан байх тул шүүгдэгч Н-ийн Б-ын хувийн байдал нь эхнэр Б.С- нь байнгын эмнэлгийн хяналтад байдаг, жирэмсэн, 4 сартай, том охин Б.С нь 2 ой 2 сартай, бага охин Б.Э нь 11 сартай зэрэг энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ хуульд заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

 

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

5.1. Анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэн. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн учруулсан хохирлын хэмжээ, өмнө нь 4 удаа ял шийтгүүлж байсан байдал зэргийг харгалзан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахыг санал болгосон ч шүүх 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн оногдуулсан энэ ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас энэ талаар гаргах саналгүй.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

            7. Шүүгдэгч Н.Б- нь 2023 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 04 цаг 40 минутын үед Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А” гар утас худалдааны төвийн цонхоор нь нэвтэрч, тус төвийн нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Х.К-гийн эзэмшлийн Айфон центрээс 14 ширхэг Айфон загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 33.000.000 төгрөгийн хохирол  учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ. 

            8. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, гар утсанд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Н.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

10. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

11. Шүүгдэгч Н.Б-ын хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Н.Б-ыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

12. Шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо бүрэн төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх”, 6.7 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ авч болно.”, мөн тус хуулийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан, мөн шүүгдэгчийн эхнэр Б.С- байнгын эмнэлгийн хяналтад байдаг, жирэмсэн, 4 сартай, том охин Б.С нь 2 ой 2 сартай, бага охин Б.Э нь 11 сартай зэрэг энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ хуульд заасны дагуу анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь” харгалзаж үзэх ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн гэм буруутайд тооцож, хууль ёсны, шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох гар утаснуудыг буцааж өгсөн хохирогчийн тайлбар, гомдол зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн буюу шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь Н.Б-ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

13. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ