Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0711

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Алтанжолоо импекс ХХК /РД:5676142/

Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Цэцэнбэрс нарын хоорондын 0103828, 0103829, 0103831, 0103832 дугаар шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан, Э.Эрдэнэчимэг, хариуцагч Ж.Цэцэнбэрс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Алтанжолоо импекс ХХК нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Цэцэнбэрсийн гаргасан, 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 0103828, 0103829, 0103831, 0103832 дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Нийслэлийн Прокурорын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтран баталсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн хэмжээнд тодорхой төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг импортлогч, худалдагч хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Цэцэнбэрс 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн гудамжинд байрлах Алтанжолоо импекс ХХК-ийн хүнсний агуулахад хяналт шалгалт хийсэн.

4. Уг төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад, хэрэглэж дуусах хугацаа

хэтэрсэн 5 бүтээгдэхүүн хадгалсан, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулаагүй, дотоод хяналтын журамгүй /мөрдүүлээгүй/, хүнсний бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэл, тэмдэглэл хөтлөөгүй зэрэг зөрчил үйлдэгдсэнийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад илрүүлж тэмдэглэл үйлдсэн,

5. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10 цаг 20 минутад хэргийн холбогдогч болох Д.Болормааг ирэхийг дуудаж тэмдэглэл үйлдэж, Алтанжолоо ХХК-ийн хадгалж байсан хэрэглэх хугацаа хэтэрсэн 5 нэр төрлийн 480 ширхэг хүнсний бүтээгдэхүүн болох Cmon popcorn 58 ширхэг, Julies butter waffles 1 ширхэг, Potato mister chips 109 ширхэг, Julies golden crackers 58 ширхэг, Julies oat 306 ширхэг нийт 5 нэр төрлийн 480 ширхэг бүтээгдэхүүнүүдийг 2024 оны 04 сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минутад хураан авсан,

6. Зөрчлийн хэргийн холбогдогч Алтанжолоо импекс ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Дамбадорж овогтой Болормааг тогтоож, улмаар Д.Болормаа, гэрч С.Мөнх-Амгалан, Б.Маралмаа нараас тус тус мэдүүлэг авсан

8. Хариуцагчаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Алтанжолоо импекс ХХК-д хүнсний бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн буюу бусад бүтээгдэхүүнээс тусад нь ялгаж байршуулаагүй, хамт хадгалсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.15 дэх хэсэгт заасан зөрчил байх тул нэр төрлийн бүтээгдэхүүнтэй холбоотой нотлох баримт бичгүүд болох 2023 оноос хойш импортоор оруулж ирсэн, түгээгдсэн тоо хэмжээний баримт бичгийг лабораторийн шинжилгээний дүн, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн шийдвэрлэдэг талаарх дотоод хяналтын журам, төлөвлөгөө, тайлан зэргийг ирүүлэхийг шаардсанаар Алтанжолоо импекс ХХК нь нотлох баримтуудыг хүргүүлсэн байна.

10. Хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Цэцэнбэрс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 0103832 дугаартай шийтгэлийн хуудсаар, Алтанжолоо Импекс ХХК-д хүнсний бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хийлгээгүй гэж үзэж, 3,000,000 төгрөгийн, 0103828 дугаартай шийтгэлийн хуудсаар хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан гэж үзэж 5,000,000 төгрөгийн, 0103829 дугаартай шийтгэлийн хуудсаар, компанийн ажилчид болох Б.Бат-Эрдэнэ, М.Олзбаяр нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй гэж үзэж, 3,000,000 төгрөгийн, 0103831 дугаартай шийтгэлийн хуудсаар дотоод хяналтын журам мөрдүүлээгүй гэж үзэж, 1,000,000 төгрөгийн торгуулийг тус тус ногдуулсан байна.

2.1. Нэхэмжлэгч Алтанжолоо импекс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын эрүүл мэндийн газраас ирүүлсэн 4 төрлийн шийтгэх хуудсанд тусгагдсан байгаа зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нийслэлийн эрүүл мэндийн улсын байцаагч Ж.Цэцэнбэрс Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтанжолоо компанид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 3.1, 3.1.2, 5 дугаар зүйлийн 3 дах хэсэг, 11 дүгээр зүйлийн 2.1.2 дахь хэсэгт заасан хууль зүйн зөрчил гаргасан гэж үзэж торгох шийтгэл оногдуулсан. Алтан жолоо импекс ХХК дээрх зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа ч бүгд нотлох баримтаар тогтоогдож, баримт нь байсаар байхад байхгүй мэт шалгалтын үйл ажиллагааг хэт нэг талыг баримтлан, хууль зөрчин нотлох баримтуудыг дутуу үнэлж дүгнэлт гаргаж, торгож байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймээс улсын байцаагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 болон 39 дүгээр зүйлийн 1.3, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Зөрчил шийтгэх шийтгэл оногдуулах тухай хуудасны 0103832 дугаартай шийтгэх хуудсан дээр дурдагдсан бүтээгдэхүүн ул мөр, мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй гэж байгаа. Энэ нь файлаар 5000 гаруй хуудастай байдаг. Үүнийг шалгалтын байцаагчид хэлсэн боловч заавал цаасан хэлбэрээр авна гэдэг тайлбар өгсөн. 5000 хуудастай файлийг цаасан хэлбэрээр гаргах гэхээр хэдэн зуун баримт бичиг болох учир файлаар илгээх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Тийм учраас ул мөр, мөрдөн тогтоох бүртгэлийг байхгүй гэсэн үндэслэлээр торгууль ноогдуулсан.

Зөрчил шийтгэх шийтгэл оногдуулах тухай хуудасны 0103832 дугаартай шийтгэх хуудсан дээр дурдагдсан хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хадгалсан гэх үндэслэл байдаг. Тухайн үед манайх дүрэм журмын дагуу хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар бэлдэж байх үед тэр өдөр хяналт шалгалтын байцаагч нар нь ирж хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдсан. Тухайн бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулах гэж байна гэх тайлбарыг хэлсэн боловч хүлээж авалгүй хадгалсан гэдэг үндэслэлээр шалгалтыг үргэлжлүүлж шийтгэл ноогдуулсан.

Зөрчил шийтгэх шийтгэл оногдуулах тухай хуудасны 0103832 дугаартай шийтгэх хуудсан дээр дурдагдсан эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй гэсэн үндэслэл байгаа. Манай байгууллага 130-150 гаруй ажилчидтай. Эмнэлгийн үзлэг оношилгоонд дарааллын дагуу хамрагддаг. Тухайн үед 2 ажилтан маань эмнэлгийн үзлэг оношилгоонд орох ээлж дарааллаа хүлээж байх хугацаанд шалгалт явагдаж дээрх зөрчлөөр торгууль ноогдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

0103832 зөрчил шийтгэл оногдуулах тухай хуудаст дотоод хяналтын журам мөрдүүлдэггүй гэсэн үндэслэлээр торгуулийн шийтгэл оногдуулсан байдаг. Дотоодын хяналтын журмыг батлаад, захирлын тушаалаар тухайн мөрдөгдөх он сар хугацаагаар тушаал гаргасан байдаг. Тухайн цаг хугацаанаас эхлүүлээд мөрдөгдөөд явж байгаа. Үүнийг бас байхгүй гэсэн үндэслэлээр торгууль тавьсныг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эдгээр нь бүгд нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. гэжээ.

3.1 Хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтыг улсын байцаагч Ж.Цэцэнбэрс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Цэцэнбэрс би Нийслэлийн Прокурорын газар, Эрүүл мэндийн газрын хамтран баталсан удирдамжийн дагуу тус хяналт шалгалтыг хийсэн. Тус хяналт шалгалтын хавсралтад Сонгинохайрхан дүүрэгт байрлах хүнсний бүтээгдэхүүн худалдагч, импортлогч аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад Алтанжолоо импекс ХХК-ийн хүнсний агуулах багтсан ба багтсан байдаг. Уг шалгалтаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Эрдэнэтөр, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч С.Мөнх-Амгалан нартай хамт хяналт шалгалт хийсэн. Тус хяналт шалгалтыг Зөрчил шалгаж шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 8 дугаар хэсэг, 6 дугаар зүйлийн 59 дэх хэсэгт заасан эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид хамаарах харьяаллын дагуу хяналт шалгалтыг хийсэн. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон байдаг.

Зөрчил шийтгэх, шийтгэл оногдуулах тухай №0103832 дугаартай шийтгэлийн хуудаст Алтанжолоо импекс ХХК-ийн хүнсний бүтээгдэхүүний агуулахад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 5 нэр төрлийн 480 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг бусад хэвийн бараа бүтээгдэхүүнээс тусгаарлаагүй хамт хадгалж байсан нь худалдан борлуулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул үүнд Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 15.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Тус хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх устгалын комисс руу шилжүүлж устгуулсан.

0103829 дугаартай шийтгэлийн хуудаст Алтанжолоо импекс ХХК-ийн Үндэсний агуулахын ачигч Б.Бат-Эрдэнэ тус компанид 2024 оны 01 дүгээр сарын 25-нд томилогдсон тушаалтай. Олзбаяр нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр томилогдсон тушаалтай боловч 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалт хийхэд тус 2 ажилтан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй байсан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд хүнстэй биечлэн харьцдаг, түүнийг худалддаг, үйлчилгээ үзүүлдэг ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй тохиолдолд ажлын байр, байранд нэвтрүүлэхийг хориглоно гэсэн заалт байдаг. Үүнийг зөрчсөн гэж үзсэн учраас Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан.

0103831 дугаартай шийтгэлийн хуудас Алтанжолоо импекс ХХК-ийн захирлын дотоод хяналт хийх тухай тушаалыг 2024 оны 3 сарын 1-нд баталсан. Гэвч 2024 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөнө гэж заасан нь тус 1 сарын хугацаанд хүнсний бүтээгдэхүүн импортлогч Алтан жолоо Импекс компанийн дотооддоо тавих хяналтгүй, эрсдэлээс урьдчилан сэргийлэх дүрэм журамгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн учраас шийтгэл оногдуулах үндэслэл болсон. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн дотоод хяналтыг хэрэгжүүлэх зорилго нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдөх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг цаг тухайд нь илрүүлэх, арилгах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилготой байдаг.

0103832 дугаартай шийтгэлээр хүнсний бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй гэсэн үндэслэлээр шийтгэл оногдуулсанАлтанжолоо импекс ХХК-с нотлох баримтыг ирүүлэх тухай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 01740 дугаартай албан бичиг явуулсан. Тус албан бичигт ул мөр мөрдөн тогтоох бүртгэл, бусад шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэхийг хүссэн бөгөөд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч файлаар ирүүлэх хүсэлтээ албан ёсоор өгөөгүй. Ул мөр, мөрдөн тогтоох бүртгэл нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн хүнсний бүтээгдэхүүнийг импортолж олон газруудад тараадаг. Энэ дунд эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүн хаашаа тараагдсан, хаанаас орж ирсэн, тоо хэмжээг тогтоох, эрсдэл үүссэн тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг цувралын дугаараар татан авах, зах зээлээс татан авах, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулахаас сэргийлэх зорилготой ийм ач холбогдолтой бүртгэл юм. Ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг файлаар ирүүлэх хүсэлтээ албан бичгээр ирүүлээгүй, файлаар орж ирсэн барааны тоо хэмжээг тусгасан баримтыг ирүүлсэн. Энэ нь хэргийн материалд хавсаргагдсан байгаа. Үүний улмаас ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хөдлөөгүй, бүртгэл үүсгээгүй гэж үзсэн учраас шийтгэл оногдуулсан.

Миний бие Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг нийгмийн эрүүл мэнд судлагч, эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн. Өнөөдөр манай улсад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал ямар байгаа билээ. Бид бүгдээрээ эндээс гараад хэрэглэгч, дэлгүүрт ороод бүгдээрээ хүнсний бүтээгдэхүүн худалдаж авдаг. Тус хүнсний бүтээгдэхүүн чанар аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн бид нарт таарахыг үгүйсгэхгүй. Ялангуяа импортоор оруулж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч байгууллагууд хэрэглэгчдэд эрүүл аюулгүй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн хүргэдэг, өөрсдийн үүргээ биелүүлдэг байгаасай гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Алтанжолоо Импекс ХХК-нд холбогдуулан хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Цэцэнбэрс нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0103832 дугаар шийтгэлийн хуудсаар хүнсний бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хийлгээгүй гэж үзэж 3,000,000 төгрөгийн, мөн өдрийн 0103828 дугаар шийтгэлийн хуудсаар, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан гэж үзэж 5,000,000 төгрөгийн, мөн өдрийн 0103829 дугаар шийтгэлийн хуудсаар тус компанийн ажилчид болох Б.Бат-Эрдэнэ, М.Олзбаяр нарыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй гэж үзэж, 3,000,000 төгрөгийн, мөн өдрийн 0103831 дугаар шийтгэлийн хуудсаар дотоод хяналтын журам мөрдүүлээгүй гэж үзэж 1,000,000 төгрөгийн торгуулийг тус тус ногдуулсан байна.

Гомдол гаргагч нь гомдлын шаардлагын үндэслэлээ ...0103832 дугаар шийтгэлийн хуудасны тухайд, бүтээгдэхүүний ул мөр, мөрдөн тогтоох бүртгэл хөтлөөгүй гэх боловч компьютерт файлаар 5000 гаруй хуудастай байдаг тул файлаар илгээх хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүйгээр торгууль ногдуулсан... гэж, 0103828 дугаар шийтгэлийн хуудасны тухайд, ...хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар бэлдэж байх үед хяналт шалгалт хийгдсэн гэж, 0103829 дугаар шийтгэлийн хуудасны тухайд ...2 ажилтан маань эмнэлгийн үзлэг оношилгоонд орох ээлж дарааллаа хүлээж байх хугацаанд шалгалт явагдсан гэж, 0103831 дугаар шийтгэлийн хуудасны тухайд ...дотоод хяналтын журмыг батлаад, мөрдөгдөх он сар цаг хугацааг зааж тушаал гаргасан тул зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт ...хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, уг хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол  зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, мөн хуулийн 6.15 дугаар зүйлийн 2-т Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг гардан боловсруулдаг, үйлдвэрлэдэг, тээвэрлэдэг, худалддаг, түүгээр үйлчилгээ үзүүлдэг, хүнсний бүтээгдэхүүн болон хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл ахуй, ариун цэврийн сургалтад хамруулаагүй, эсхүл эрүүл мэндийн үзлэгт оруулаагүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж, мөн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заасан.

0103832 дугаар шийтгэлийн хуудаст холбогдох зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллагын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 24/118 дугаар албан бичгээр ...2023 оноос хойш импортоор оруулж ирсэн, түгээгдсэн тоо хэмжээний баримт бичгийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байцаагчийн мэйл хаяг руу явуулсан... гэж мэдэгдсэн байх боловч үүнийг хариуцагч хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, зөрчлийн хэрэгт энэ талаар баримтыг хавсаргаагүй, түүнчлэн ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг тухайн байгууллагын компьютерт файлаар хадгалдаг тухай мэдэгдсэн байхад уг баримтыг үзлэгийн тэмдэглэл хөтлөх замаар бэхжүүлэн авч хэрэгт хавсаргах ажиллагааг хийгээгүй атлаа хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн бүрд ул мөр мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй зөрчил гаргасан гэж дүгнэсэн нь буруу гэж шүүх үзлээ.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ 4.3 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ заасныг хариуцагч тус тус зөрчсөн, хуульд заасан зөрчил шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, зөрчлийг хангалттай нотлоогүй байна.

Түүнчлэн 0103831 шийтгэлийн хуудасны тухайд, Алтанжолоо импекс ХХК-ийн захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар Алтанжолоо импекс ХХК-ийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналтыг хэрэгжүүлэх журам-ыг баталсан, уг журмыг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан, хариуцагч энэ талаар маргаагүй зэргээс үзвэл тухайн байгууллагыг дотоод хяналтын журам мөрдүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан 2 төрлийн зөрчлийн тухайд хариуцагч захиргааны байгууллага зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байх тул эдгээр зөрчилд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Харин гомдлын шаардлагад дурдсан, 0103828 дугаар шийтгэлийн хуудсанд заасан хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хадгалсан гэх зөрчил нь нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх ба ...хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар бэлдэж байх үед хяналт шалгалт хийгдсэн гэх үндэслэл нь тухайн зөрчлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Мөн 0103829 дугаар шийтгэлийн хуудсанд дурдсанчлан тус байгууллагын нэр бүхий 2 ажилтан нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй нь тогтоогдсон, энэ тохиолдолд ...эмнэлгийн үзлэг оношилгоонд орох ээлж дарааллаа хүлээж байсан гэх үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан Улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй.

Учир нь Эрх бүхий албан тушаалтан хяналт шалгалтын ажиллагаа явуулж байх хугацаанд эдгээр зөрчлүүд илэрсэн, зөрчил үйлдэгдсэн нь тогтоогдсон, гомдол гаргагч зөрчил үйлдээгүй гэж маргаагүй зэргээс үзвэл дээр дурдсан 0103828, 0103829 дугаар шийтгэлийн хуудсуудад заагдсан зөрчил үйлдсэн нь хангалттай тогтоогдсон гэж үзэхээр байна.

Иймд 0103828, 0103829 дугаар шийтгэлийн хуудсуудад холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.3, 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан Алтанжолоо импекс ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ж.Цэцэнбэрсийн гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0103832 болон мөн өдрийн 0103831 дугаар шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгож, гомдлын шаардлагын үлдэх хэсэг болох мөн өдрийн 0103828 болон 0103829 дугаар шийтгэлийн хуудсуудад холбогдох гомдлын шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН