Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0701

 

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0701

Улаанбаатар хот

 

 

Ө аймгийн А Н-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.Х нарыг оролцуулан хийж, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 120/ШШ2017/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө аймгийн А Н-ын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 120/ШШ2017/0013 дугаар шийдвэрээр:

“...Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 31 дүгээр зүйлийн 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.13, 160 дугаар зүйлийн 160.4, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн Ардчилсан намын “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороо байгуулахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй.

Нэхэмжлэгч тал Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлалаар сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах,

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулах Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороо байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах байдлаар эс зөвшөөрч байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэлд “...Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшсэн гэх нэр бүхий 4 нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч талаас Ардчилсан намаас нэр дэвшсэн 4 нэр дэвшигчийн сонгогдох эрх, тус намын дэмжигч гишүүдийн сонгох эрхийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч хэдийний ямар шийдвэрийн улмаас хэний, ямар эрх хэрхэн зөрчигдсөн нь тогтоогдохгүй байна” гэжээ.

Тухайн 4 нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж сонгуульд өрсөлдөн, улмаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нь Ардчилсан намаас нэр дэвшсэн 4 нэр дэвшигчийн шударгаар сонгуульд өрсөлдөх эрхийг зөрчсөн, цаашлаад энэ нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эзлэх Өмнөговь аймгийн А Н-ын төлөөлөгчийн суудалд нөлөөлсөн нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлал, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн анхдугаар хуралдаанаас гарсан 1/5, 1/6 дугаар тогтоолуудаар хангалттай тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж чадсангүй.

Монгол Ардын Намаас нэр дэвшсэн 4 нэр дэвшигчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 1/5 дугаар тогтоол хуулийн хүчинтэй, нэр бүхий төлөөлөгчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гараагүй нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт явагдсан сонгуулийг хүчингүй болгох, дахин сонгууль явуулах хуульд заасан үндэслэл бий болоогүй байна гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Өмнөговь аймгийн А Н-ын зүгээс 2016 оны 07 дугаар сард Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоож, хуралдаанаас баталсан 1/1, 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, анхдугаар хуралдааныг хуулийн дагуу дахин хуралдуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулах тухай нэхэмжлэлийг тухайн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсэн шат шатны шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан.

Уг хэргийг шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 195 дугаар тогтоолд “Сонгуулийн хорооны тухайн 4 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийг өргөн бариагүй байхад тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн Хуралдааны шийдвэр нь Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.3, 161.4-д заасанд нийцээгүйг хяналтын шатны шүүх зөвтгөх боломжгүй.

Гэвч Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааралтай дээрх асуудлыг нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ардчилсан нам нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлд хамааруулж байгаа нь ойлгомжгүй, тэдгээр төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгосноор Ардчилсан намын зөрчигдсөн гэж үзэж буй ямар эрх, ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байна. Хяналтын шатны шүүх зөвхөн энэ үндэслэлээр анхдугаар хуралдааны 1/5, 1/6 дугаар тогтоолуудыг нэхэмжлэгчийн шаардлагаар хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ” гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх өөр төрлийн маргаантай холбож дээрх 4 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол хүчинтэй, нэр бүхий төлөөлөгчдийг нэрсийн жагсаалтаас хасах тухай Сонгуулийн хорооны шийдвэр гараагүй гэж хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч тал 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэвэр,  Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлалаар сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулах Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан шүүхийн зүгээс нотлох баримт цуглуулах талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй бөгөөд сонгууль хэрхэн явагдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн заалтууд нь /Сонгуулийн тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.7, 31 дүгээр зүйлийн 31.5, 32 дугаар зүйлийн 32.1.13, 160 дугаар зүйлийн 160.4, 162 дугаар зүйлийн 162.2, 163 дугаар зүйлийн 163.2/  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд тохирох хуулийн зохицуулалт байгааг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас тайлбар гаргуулаагүй, нотлох баримт цуглуулаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тус шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн А Н нь анх “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт дахин сонгуулийг зохион байгуулах, аймгийн Сонгуулийн хороог байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах”[1] шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлалаар Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, мөн “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулах Сонгуулийн хороо байгуулахгүй байгаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгуулийн хороо байгуулахыг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах”[2] гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй ... нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан шүүхийн зүгээс нотлох баримт цуглуулах талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй бөгөөд сонгууль хэрхэн явагдсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

            Шүүх нэхэмжлэлийн “Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар шийтгэвэр,  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаар магадлалаар Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт зохион байгуулагдсан сонгуулийг хүчингүй болгуулах” гэх нэмэгдүүлсэн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүй, хариуцагчид гардуулж, хариу тайлбарыг гаргуулан аваагүй, тус шаардлагатай холбогдуулан нотлох баримт цуглуулаагүй, шүүхийн шийдвэрт тус шаардлагын талаар огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагаа явуулна”, 56.1.1-д  “хариуцагчийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулж, энэ тухай баримтжуулах”, 56.1.3-д “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, ...шаардлагатай бусад ажиллагаа явуулах”, 57 дугаар зүйлийн 57.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай тус тус нийцэхгүй байна.

Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б-өөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “...нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй холбогдуулж хариуцагч талаас хариу тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хуулиар олгогдсон боломжийг ханган  2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан хойшлуулж өгнө үү. Хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг нотлох баримтын хамт гаргаж өгөх болно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд тэрээр 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд  “... Сонгууль хүчингүй болгуулах тухай асуудал учраас ... нотлох баримтууд цуглуулах шаардлагатай ... Хуульд заасан хугацаанд нотлох баримт, хариу тайлбараа гаргаж өгнө...” [3] гэж тайлбарлажээ.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбар, нотлох баримтуудыг гаргаж өгөх талаарх хүсэлтийг хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 120/ШЗ2017/0075 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан[4] атлаа хариу тайлбарыг гаргуулан аваагүй, нотлох баримт цуглуулах талаар ажиллагаа хийгээгүй нь нотлох баримт цуглуулах, шаардлагатай бол гуравдагч этгээдийг татан оролцуулах, хариуцагчаас тайлбар, нотлох баримтыг гаргуулж, шүүхийн шийдвэрт хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шийдвэрийн үндэслэл болж буй хэм хэмжээг хэргийн нөхцөл байдлын тухайд хэрхэн хэрэглэсэн талаар тусгаж, хэргийг шийдвэрлэхээр заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон  үндэслэлийг “... Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 8 дугаар шийдвэр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 82 дугаар магадлалаар нэр бүхий нэр дэвшигч нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн нь тогтоогдсон ...” гэж тодорхойлжээ.

Харин шүүх  “...аймгийн сонгуулийн хороог татан буулгасны дараа тогтоосон, ... эрх бүхий этгээдээс мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.2-т ... гэж зааснаар Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт явагдсан сонгуулийн дүнг гаргасан шийдвэрийг хүчингүй болгоогүй, энэ талаар талууд маргаагүй ...” гэж  Сонгуулийн хороо татан буугдсан бол тухайн сонгуульд оролцогч Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон байсан ч энэ талаар маргах эрхгүй мэт агуулгаар тодорхойгүй байдлаар дүгнэснээс гадна  нэхэмжлэгчээс “Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт явагдсан сонгуулийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад “энэ талаар маргаагүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн “...Цогтцэций сумын 14 дүгээр тойрогт явагдсан сонгуулийг хүчингүй болгуулах” талаарх нэмэгдүүлсэн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүй, нэхэмжлэлийг хүлээн авахад саад болох нөхцөл байдал байгаа эсэх талаар дүгнээгүй, хариуцагчид гардуулж, баримтжуулаагүй, хариу тайлбар гаргуулаагүй, тус шаардлагатай  холбогдуулан нотлох баримт цуглуулаагүй атлаа “... Монгол ардын намаас нэр дэвшсэн гэх Д.Б ... нар сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-т “Шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.

Дээр дурдсанчлан анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцүүлэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулж, баримтжуулан хариу тайлбарыг гаргуулан авч нотлох баримтыг цуглуулж, хэрэгт авагдсан баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 120/ШШ2017/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ