Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 444

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч H.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “ММНС” ХХК /РД:5317568/-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 908 дугаар шийдвэрээс “ММНС” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “ММНС” ХХК-ийн Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дах Толгод гэх нэртэй талбайд гаргасан ХА-019693-001-NE /NE-026675/ дугаартай өргөдлийг хянаад “давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэхгүй байгаа Ашигт малтмалын газрын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “ММНС” ХХК-ийн Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дах Толгод гэх нэртэй талбайд гаргасан ХА-019693-001-NE дугаартай өргөдөлд дурдсан талбайн түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай мэдэгдэл гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ММНС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одгэрэл, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ММНС” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одгэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Манай компани уул уурхай, геологи хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2009 онд байгуулагдсан 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай компани юм. 

Төр засгийн шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр цахимаар дугаар аван, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дах “Толгод” гэх нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар ХА-019693-001-NE /NE-026675/ дугаартай өргөдлийг зохих  журмын дагуу гаргасан. 

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасныхаа дараа манай компанийн өргөдөл гаргасан талбай нь түрүүлж өргөдөл гаргасан компанийн хүсэлтэд дурдсан талбайтай хэсэгчлэн давхцалтай байгааг мэдэж, тэр даруй буюу 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр давхцаагүй хэсэгтээ тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаагаа илэрхийлэн өргөдөл өгсөн боловч, Кадастрын хэлтэс энэхүү өргөдлийг шийдвэрлэлгүй орхигдуулж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дах хэсэгт заасныг үндэслэн түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хэмээн мэдэгдлийг ирүүлсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэсний дагуу манай компани давхцаагүй хэсэгтээ хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэхээр дахин Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүсэлт гарган хандсан боловч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 6/9844 дүгээр албан бичгээр “....19.2.5 дах ... хэсэгт заасан нь давхцаагүй хэсэгт шууд өргөдөл бүртгэх ойлголт биш бөгөөд цахим системээс бүртгүүлэх дугаар дахин авч өргөдөл гаргах эрхтэй” гэсэн хариуг өгсөн. 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмалын газарт гомдол гаргахад “Танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ талаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6/5803, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9844 дүгээр албан бичгүүдээр тус тус хариу хүргүүлсэн байна” гэсэн хариуг өгсөн. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 908 дугаар шийдвэрийг гаргаж, манай компанид Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дах хэсэгт заасныг үндэслэн түрүүлж ирүүлсэн өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу шийдвэрлүүлэх манай компанийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан хууль бус шийдвэр гэж үзэж байна. 

Манай компани түрүүлж гаргасан өргөдөлтэй давхцаагүй хэсэгтээ хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаагаа илэрхийлэн дахин дахин өргөдөл гаргасан боловч Кадастрын хэлтэс нь “...цахим системээс өргөдөл бүртгүүлэх дугаар дахин авч өргөдөл гаргах эрхтэй” гэсэн хариуг өгсөн. Харин хуулийн дагуу гаргах ёстой мэдэгдлийн талаар огт дурсаагүй, үл тоомсорлосон үйлдэл гаргасан. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад гаргах шийдвэрийн төрлийг хуульчилж өгсөн. 

Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д “өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 19.2.2-т “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 19.2.4-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх”, 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх” гэжээ. 

Хуулийн энэхүү заалтаас харахад Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь өргөдлийг хянаад 5 төрлийн шийдвэр гаргахаас утга агуулгын хувьд 3 тохиолдолд олгохгүй тухай шийдвэр гаргах, харин 2 тохиолдолд олгох тухай шийдвэр гаргах эрхтэй байгаа юм. Олгох 2 тохиолдлын нэг нь хуулийн шаардлагыг бүрэн хангасан байх, нөгөө нь түрүүлж ирсэн өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай тохиолдолд давхцаагүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх юм. Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс олгох боломжтой шийдвэрийг огт гаргаагүй юм. 

Мөн компанийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай өргөдөл гаргасан талбайн мэдээллийн сангаас хасагдаж, дараагийн этгээд тухайн талбайд өргөдөл гаргах боломжтой болж байгаа юм. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн энэхүү хууль бус, мэдсээр байж татгалзаж байгаа удаа дараагийн үйлдлээс болж олон арван компаниуд зардал чирэгдэл гарган, маргаантай байгаа талбайг чөлөөтэй хэмээн ойлгож цахимаар дугаар аван, өргөдлөө өгөхийн тулд хураамж төлөн хохирч байгаа нь үнэхээр харамсалтай байна. Өргөдлийн цахим дугаар авахын тулд нэг компани нэг удаа цахим системд нэвтрэх эрхийг 250.000 төгрөгөөр, дугаар авсныхаа дараа өргөдлөө өгөх үйлчилгээний хөлс 250.000 төгрөг тус тус төлдөг. Мөн өндөр хурдны интернет холболт, чадварлаг хүнээр шивүүлэх гэх мэт тухайн компанийн хувьд нилээд зардал чирэгдэл гардаг. Кадастрын хэлтсийн дээрх үйлдлүүд нь бүхэлдээ хууль бус, компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. 

Иймээс манай компани Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 908 дугар шийдвэр нь давхцаагүй хэсэгтээ тусгай зөвшөөрөл авах манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн хууль бус шийдвэр учраас холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан “давхцаагүй хэсэгтээ тусгай зөвшөөрөл авах боломжтойг мэдэгдэх” захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэдгийг тогтоож, энэхүү актыг гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв. 

Хариуцагч Ашигт  малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“... “ММНС” ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дах “Толгод” нэртэй 200 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасан. 

Уг өргөдөл нь NE-026675 өргөдлийн дугаарт бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08.30-08.45 цагийн хооронд өргөдлийг материалын хамт Кадастрын хэлтэст ирүүлснийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. 

Нэхэмжлэгчийн өргөдлийг бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг шалгасан. 

Нэхэмжлэгчийн гаргасан талбай нь 4 өнцөгт хэлбэртэй, түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн нийт 200.18 гектар талбайг хамарсан байсан ба уг өргөдлөөс түрүүлж гаргасан ХА-019661 дугаартай өргөдлийн талбайтай 142.34 гектар талбайгаар хэсэгчлэн давхцалтай байгаа нь тогтоогдсон. 

Нэхэмжлэгч нь давхцаагүй хэсэгтээ Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дах хэсэгт “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэйг манайд мэдэгдэх ёстой байтал Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6/8503 дугаар мэдэгдлээр тусгай зөвшөөрлийг олгохоос татгалзсан болохыг мэдэгдсэн нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нь дээр дурдсан түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэсэн шаардлагыг хангаагүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дах хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2.5 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 908 дугаар шийдвэрээр “ММНС” ХХК-ийн NE-026675 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх давхцаагүй талбайг нийтэд дахин ил болгож өрсөлдөгч компаниудаас өргөдөл хүлээн авч байгаа нь өргөдөл гаргасан этгээд давхцаагүй хэсэгт дахин өргөдөл гарган шийдвэрлүүлэх манай компанийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан хууль бус шийдвэр гэж үзэж байна гэсэн нь үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгчид уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах боломжтойг мэдсээр атал өнөөдрийн байдлаар дахин өргөдөл гаргаагүй байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан өргөдөл гаргасан этгээд ...давхцаагүй хэсэгт шууд өргөдөл гарган шийдвэрлүүлэх ойлголт  биш бөгөөд бусад өргөдөл гаргагч этгээдтэй шударгаар ижил түвшинд өрсөлдөн, өөртөө давуу эрхийг зохиомлоор бий болгоогүй, цахим системээр бүртгүүлэн дугаар дахин авч өргөдөл гаргах эрхийг зохицуулсан ойлголт юм. 

Хэрэв хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгтээ өргөдөл гаргасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл дахин гаргах хүртэл тухайн талбайд өөр этгээдэд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар Ашигт малтмалын тухай хуулиар хуульчлаагүй бөгөөд харин хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу давхцалтай талбайд хэн түрүүлж өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилсан. 

Тиймээс давхцаагүй хэсэгт нэхэмжлэгч этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл шууд давуу эрхтэйгээр олгох хуулийн боломж байхгүй бөгөөд уг талбайд дахин өргөдөл гаргах цорын ганц компанийн “ММНС” ХХК мөн болохыг хуулиар тогтоогоогүй. 

Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын газрын давхацсан талбайг шийдвэрлэсэн хурлын шийдвэрийг хүчингүй болгох гэж нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 908 дугаар шийдвэрээр “ММНС” ХХК-ийн NE-026675 дугаартай өргөдлийн дугаарт бүртгэгдсэн өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрээс өөр Ашигт малтмалын газраас шийдвэр гаргаагүй ба Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19 дэх хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох чиг үүргийг зөвхөн Кадастрын хэлтэст олгосон. 

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний дагуу Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйлчилгээний хөлсийг тогтоосноор нэг хуулийн этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн олон өргөдлийг нэг дор гаргаснаас болж хэт давуу байдал бий болдог байсныг бууруулснаар бусад этгээдээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргах боломжийг олгож байгаа юм. 

Иймд “ММНС” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд “Хүлэгт монгол транс” ХХК-ийн захирал Б.Эрдэнэболор нь  шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонжаргал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“Манай “Хүсэлт монгол транс” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын цахимаар өргөдөл хүлээж авах ажиллагаанд оролцож, дээрх ажлын хүрээнд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө өгсөн. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр манай компанид Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хөндий нэртэй газарт 80.34 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компани албан ёсоор эзэмших болсон. 

Гэтэл хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан уг газарт маргаан үүсч шүүхээр асуудал шийдвэрлүүлэх хэрэг үүссэн явдалд манай компанийн зүгээс доорх тайлбарыг хүргүүлж байна. 

Манай компанийн өргөдлөө өгөх үед тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, мөн тусгай зөвшөөрөл хүссэн ямар нэгэн аж ахуйн нэгж байгаагүй бөгөөд энэ нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс манай компанийн хүсэлт гаргаж хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд холбогдох зураг зүйн шүүлт хийсэн тэмдэглэлд тодорхой байгаа тул Ашигт малтмалын газраас холбогдох баримтуудыг гарган өгнө хэмээн итгэж байна. 

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргагч “ММНС” ХХК нь манай компанийн Ашигт малтмалын газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл өгсөн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойш уг асуудлаар ямар нэгэн маргаан үүсгээгүй байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа маргаан үүсгэж байгаа нь бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. 

Иймд энэ маргааныг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “ММНС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“ММНС” ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Толгод гэх нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 ны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ХА-019693-001-NE дугаарт бүртгэгдсэн байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс уг өргөдлийг хянаад тус хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 908 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн “ММНС” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай хэсэгчлэн давхацсан гэдэг үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэн энэ тухай мэдэгдлийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6/8503 дугаар албан бичгээр “ММНС” ХХК-д хүргүүлжээ. 

Уг мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч компаниас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11/110 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандаж “...түрүүлж гаргасан өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхцалтай байгаа тул давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох”-ыг хүсч хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан “шинээр өргөдөл гаргах” зохицуулалтаар явагдах ёстой гэж үзэж улмаар “хүсэлт гаргасан талбайн давхцаагүй хэсэгт шууд өргөдөл бүртгэх ойлголт биш бөгөөд цахим системээс өргөдөл бүртгүүлэх дугаар дахин авч өргөдөл гаргах эрхтэй” гэсэн хариуг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6/9844 дугаар албан бичгээр өгч татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

“ММНС” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан ХА-019693 дугаар өргөдөл нь “Лүтайрөүд констракшн” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ХҮ-019661 дүгээр өргөдлийн талбайтай хэсэгчлэн буюу 142.34 гектар талбайгаар давхцалтай болох нь хариуцагчийн тайлбар болон кадастрын тойм зургаар нотлогдож байхын дээр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд маргаан үргэлжилж байх хугацаанд “Хүлэгт монгол транс” ХХК нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Хөндий гэх нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 ны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ХА-020283 дугаарт бүртгэгдэн тус хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр тус компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь тогтоогдов. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан бөгөөд 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах” гэж заажээ. 

Хуулийн дээрхи заалтуудаас  үзвэл хариуцагч байгууллага нь “ММНС” ХХК-ийн хүсэлт гаргасан талбайн давхцалгүй хэсэгт тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар мэдэгдэх үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлэлгүй тус компанийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10/96, 10/97 дугаар албан хүсэлтүүдэд үндэслэлгүй хариу өгсөн нь тогтоогдож байх ба нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11-д заасан тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, өргөдлийг буцаах үндэслэлд энэ хуулийн 19.2.5 дахь заалт хамаарахгүй байна. 

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд өргөдөл гаргасан хуулийн этгээд давхцалгүй талбайн хэсэгтээ тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ илэрхийлсэн бол хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.6-д заасан ажиллагааг хийх үүрэгтэй байтал тэрхүү үүргээ үл биелүүлэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ММНС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 908 дугаар шийдвэрийн “ММНС” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, “ММНС” ХХК-ийн Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дах Толгод гэх нэртэй талбайд гаргасан ХА-019693-001-NE /NE-026675/ дугаартай өргөдлийг хянаад “давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой”-г мэдэгдэхгүй байгаа Ашигт малтмалын газрын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “ММНС” ХХК-ийн Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Толгод гэх нэртэй талбайд гаргасан ХА-019693-001-NE дугаартай өргөдөлд дурдсан талбайн түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай давхцаагүй хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай мэдэгдэл гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ДУЛАМСҮРЭН