| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 132/2024/00565/И |
| Дугаар | 132/ШШ2024/00510 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 132/ШШ2024/00510
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, *******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хүсэлт гаргагчийн шаардлага: Мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай 132/2024/00565/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Д.Өлзийхутагтай 1994 онд гэр бүл болсноос хойш мал маллан амьдарч байна. 1995-2000 он хүртэл А данс архивт байхгүй байна. Иймд 1995-2000 онуудад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Фото зургийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,
-Булган аймгийн *******ын засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/93 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 7-р хуудас/,
- Нийгмийн даатгалын 379305 дугаартай дэвтрийн хуулбар /хэргийн 8-11-р хуудас/,
-Ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцсоэн баталгаажилтын хуудасны хуулбар
3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Б.Оюунчимэг, Ж.Цэцэгмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гарагч *******ийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь 1994 оноос хойш маллаж байгаа бөгөөд 1995-2000 он хүртэлх хугацааны малын А данс архивт байхгүй байна. Иймд энэ хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь, гэр бүлийн фото зураг, Нийгмийн даатгалын 379305 дугаартай дэвтрийн хуулбар, гэрч Б.Оюунчимэг, Ж.Цэцэгмаа нарын мэдүүлэг, *******ын Засаг даргын тамгын газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03/235 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна.
5. Иймд хүсэлт гарагчийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар,*******-ийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА