| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2017/0186/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2017-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.М
Шүүгдэгч: Н.Б Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн,,,, дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Н. Б Б. Д
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Б, Б.Д нар нь бүлэглэн 2017 оны.07 дугаар сарын 29-ний орой Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн төвд Т сумын иргэн Ү.Б ыг “намайг хулгайч гэж дуудлаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож бие махбодод нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ү.Б ы өгсөн: ... 2017 оны 07-р сарын 29-ний шөнө Хангай сумын Гичгэнэ багийн төвд ургийн баяр болоод шөнө нь бүжиг болж байсан юм. Би хүмүүстэй юм ярьж байтал Д гэдэг хүн хажуунаас үг өдөөд надтай муудалцсан. Тэгээд Д намайг 3-4-н удаа цохьсон. Намайг тонгойход Д чулуугаар толгой руу цохьсон. Тэгээд намайг Д зууралдсан хойгуур Б гэдэг залуу хажуунаас орж элбэж зодсон. Тэгээд гэртээ ирж эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. Би Д Б нарыг урьд өмнө нь таньдаг байсан зүгээр л нэг нутгийн зүс үзсэн хүмүүс. Би яагаад Д Б нар намайг зодсоныг нь ойлгоогүй бид хоорондоо огт маргаж, муудалцаагүй. Би хүнтэй юм ярьж байгаад санаандгүй хулгайч гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгэхээр чи намайг хулгайч гэлээ гэж худлаа өө эрж зодох шалтаг гаргаж зодсон байх. Би тэр хоёрыг зүс л мэдэхээс ярьж харьцаж үзээгүй хүмүүс. Тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуу согтуу байсан. Одоо миний толгой их дүүрч өвддөг, нүд байнгын бүрэлздэг болсон. Би толгойдоо 2 хэсэг газар хоёр хоёр оёдол тавиулсан. Тухайн үед толгой битүү хавдар бие энэ тэндээ хөхөрч няцарсан байсан яаж харин нам алчаагүй юм бэ гэж баярлаж байна даа. Намайг зодуулах үед миний хажууд Хангай сумын Нарийн Гичгэнэд байдаг Х гэдэг залуу яг ямар Х гэдгийг нь сайн мэдэхгүй байна бас Хангай сумын цахилгаанчин хийдэг Ш гэдэг залуу байсан. Тэр залуу намайг зодуулсны дараа айлд хүргэж өгсөн. Намайг Д, Б нар бүлэглэж зодсон. Эхлээд Д намайг өдөөд 3-4-н удаа гараараа цохьсон.Тэгээд Д салаад байж байтал Б Д-ыг өмөөрөөд олон удаа өшиглөж зодсон би тоог нь мэдэхгүй байна. Миний духны зүүн дээд хэсэгт чамархай орчимд Д чулуугаар цохиж толгой хагалсан, бусад гэмтлүүдийг нь энэ 2 ээлжлээд зодохдоо үүсгэсэн зодоон бол 3-4 цаг үргэлжилсэн нэг нь салахаар л нөгөөх нь ирж цохиод байсан. Б намайг Д-аас зууралдаад салах үед л ирж цохиод байсан тэр хоёр ер нь нэгээс нь салахаар л нөгөөх нь ирж цохиод байсан. Би гомдолтой байна энэ хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 7-13 хуу/
Гэрч Б.Б-гийн өгсөн: ...2017 оны 08-р сарын 28-нд манай Гичгэнэ багийн төв дээр манай багийн даргын ах дүү нар ургийн баяр хийгээд хоёр насны морь уралдаад бас бөхийн барилдаан болоод орой нь бүжиг болсон. Тэгээд шөнө 02 цагийн үед багийн төвийн хойд хонхорт хүмүүс зодоо хийгээд байхаар нь Д ахын авгай бид хоёр яваад очсон чинь Тариат сумын Б, Д, Б гурав зодоо хийгээд байж байхаар нь би Д ахыг салгаж аваад машинд нь хийгээд байж байтал араас Б ирээд Д ахыг буугаад ир чамайг ална гээд машины хаалгыг нь онгойлгоод Д ахыг татаж буулгаад зодоод байсан. Тэгээд Д ахын авгай буугаад Б-ыг салгасан чинь муу янхан минь гээд өшиглөж аваад байсан. Тэгээд би Д ахын авгайг салгаж аваад байж байтал Д ах Б-ыг толгой руу нь цохиод цус гоожуулсан байсан. Би яг юугаар цохьсонг нь хараагүй. Намайг анх очиход Б-ийн нүдний хажууд халц цохьсон, хамраас нь цус гарсан байдалтай, нөгөө хоёр нь ямар нэгэн шарх сорви харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/
Гэрч Л.Н-ийн өгсөн: ... Би 2017 оны 07-р сарын 28-нд Хангай сумын Гичгэнэ багийн төв дээр ургийн баяр болоод орой нь бүжиг болоод шөнө 04 цагийн үед гарсан байх. Би бүжиг тараад мотоциклио асаагаад төв явах гээд байж байтал Тариат сумын Б над дээр ирээд би хүнд зодуулчихлаа айлд хүргээд өгөөч гээд гуйгаад байхаар нь би багийн дарга Г-ынд хүргэж өгсөн. Б-ы шанаанаас нь цус гарсан байсан. Гэгээ сайн ороогүй байсан болохоор сайн харагдахгүй байсан. Д намайг зодчихлоо гэж байсан. Би яг зодоо хийж байхад нь хажууд нь байгаагүй. Бүжиг тараагаад гараад ирсэн чинь гадаа Б гэдэг хүнд зодуучихлаа айлд хүргээд өг гэхээр би багийн даргынд нь хүргэж өгсөн. Би зодоо хийж байхад нь хажууд нь байгаагүй дотор бүжиглэж байгаад гарч ирэхэд Б зодуулчихлаа гээд зогсож байсан. Бүжиг тарж байсан хүмүүс бужигнаад гэгээ сайн ороогүй байсан болохоор би яг ямар хүмүүс байсныг анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 хуу/
Гэрч Н.Э-ын өгсөн: ... 2017 оны 08-р сарын 29-нд Манай Гичгэнэ багт ургийн баяр болоод манай нөхөр Д бид хоёр морь уралдуулахаар очоод орой нь бүжиг болоод шөнө 04 цаг болж байсан шиг санагдаж байна гаднаас Б орж ирээд танай нөхөр гадаа зодоо хийгээд байна гэхээр нь би гараад очсон чинь манай нөхөр Б, Б нар зодоо хийгээд байж байсан. Тэгээд Б-ийг авгай нь аваад явсан. Би нөхрөө авч яваад бүжгэн дээр ороод байж байтал араас Б орж ирээд манай нөхрийг гараад ир чамайг өнөөдөр цустай чинь холино гээд байхаар нь би нөхрийгөө авч гараад машиндаа ороод байж байтал Б араас ирээд манай машины кабиныг онгойлгоод Д-г татаж буулгаад машиных нь кузов рүү шахаад хоолойг нь шахаад байхаар нь би бууж очоод салгах гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ, гичий минь гээд байсан. Тэгээд арай гэж салгаж аваад бид хоёр айлд очиж хоносон. Намайг ах очиход Б, Б-тэй маргалдаад зогсож байсан. Зодоон хийгээгүй байсан. Харанхуй байсан болохоор сайн анзаараагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/
Гэрч Б.Г өгсөн: ...2017 оны 08 сарын сүүлээр Тариат сумын иргэн Б гэх эрэгтэй манайд үүрээр шахуу халамцуу орж ирээд утсаар яриулаач гэж байсан. Тэгээд тэр Б нэг хүнтэй утсаар яриад би Хангай суманд хүмүүст зодуулчихлаа яриад байсан. Тухайн үед Б-ы хамраас цус гарсан байдалтай харагдаж байсан. Тэгээд манайд цусаа угаагаад гараад явсан. Би тэр үед унтаж байсан болохоор юу болсон талаар асууж тодруулаагүй. Уг хэргийн талаар мэдэхгүй. Тэр өдөр манай баг дээр ургийн баяр болсон юм. Б.Д нь эхнэр 3 хүүхдийн хамт Хангай сумын Гичгэнэ гэх газар мал маллаж амьдардаг. Хувийн зан байдлын хувьд хээгүй, хэнэггүй, хүнтэй яриа хөөрөө, зан араншин сайтай, нийтэч хүн байдаг. Б.Д хаяа архи дарс, хэрэглэдэг. Миний мэдэхээр урьд өмнө хэрэг төвөгт орооцолдож байгаагүй байх....гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны 355 дугаар дүгнэлт:
1. Ү.Б ы биед духны зүүн дээд хэсэгт, зүүн чамархайн хэсэгт язарсан шарх, 2 нүдний эргэн тойронд зөөлөн эдэд няцралт, цус хуралт, 2 гарын бугалганд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... /хх-ийн 33 хуу/
Б.Д гийн яллагдагчаар өгсөн: ... тэр үед Ү.Б намайг чи муу хулгайч чиний морь уях гэж юу байдаг юм бэ муу гуйлагчин гэх мэтээр намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурлаад Ү.Б-тай барьцалдаж аваад байж байтал манай хамаатны дүү Н.Б ирээд салгасан. Тэр үед салгах гэж байх үед нь Ү.Б Б-ийн гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгээд би Ү.Б тай дахиж барьцалдаж аваад би Ү.Б ы толгой нүүр хавьд 2-3 удаа цохисон. Тэгээд байж байх үед Н.Б ирээд Ү.Б ыг ганц нэг удаа хөлөөрөө бас гараараа цохиж зодсон. Тэгээд л салаад явцгаасан. Би Ү.Б намайг хэл амаар доромжилж эхэлсэн түүнээс болоод бид нар хоорондоо маргалдаад тэгээд зодоон болсон юм. Би тухайн үед Ү.Б ыг мөнгөн том очиртой бөгжтэй баруун гараараа 2-3 удаа толгой хавьд нь цохисон. Тэр үед Ү.Б ыг толгой язарч хагарсан байхыг би өөрөө харсан. Өөр байдлаар би гар хүрч зодоогүй. Тухайн үед зууралдаж байх үед Ү.Б намайг ганц нэг удаа гараараа цохих шиг болсон гэхдээ миний биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Надад ямар нэгэн шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуухан байсан. Н.Б , Ү.Б нар архи дарс уусан байсан. Бид 2-ын хооронд өр авлага өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Ү.Б ыг манай хамаатны дүү Н.Б намайг өмөөрч ганц нэг удаа гараараа болон хөлөөрөө цохиж зодсон би хаана хаана нь цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Уг хөнгөн зэргийн гэмтэл нь Н.Б бид 2-ын буруутай үйлдлээс болж учирсан. Бид 2 гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ү.Б нь бид 2-с ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй байгаа. Эмчилгээтэй холбоотой гарсан бодит зардлыг бид 2 төлж барагдуулах болно...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/
Н.Б ийн яллагдагчаар өгсөн: ... хэсэг хугацааны дараа манай хамаатны ах Б.Д-тай Ү.Б ах хэрүүл маргаан хийгээд байгаа бололтой байсан би тэхээр нь яваад очтол Ү.Б нь Б.Д ахыг чи муу гуйлагчин чиний морь уяаж гэж юу байдаг юм бэ муу хулгайч гэх мэтээр доромжлоод байсан. Тэгээд тэр 2 хэсэг маргалдсан би тэр үед нь боль гэж хэлсэн чинь Ү.Б чамд ямар хамаатай юм бэ, гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд намайг нэг удаа гараараа цохисон. Тэгээд Б.Д ах Ү.Б 2 хоорондоо барьцалдаж аваад зодолдсон Б.Д ах Ү.Б ыг гараараа 2-3 удаа толгой хавьд нь цохиж цохисон. Би тэр үед нь Б.Д ахыг өмөөрөөд гар болон хөлөөрөө Ү.Б ыг цохиж зодсон. Тэгээд л нэг их удалгүй бид салцгаасан. Би тухайн Ү.Б нь Б.Д ахыг хэл амаар доромжилж эхэлсэн түүнээс болоод бид нар хоорондоо маргалдаад зодоон хийсэн. Би тухайн үед Ү.Б ыг гар болон хөлөөрөө цохиж зодсон. Би Ү.Б ы нүүр шанаа хавьд нь ганц 2 удаа цохиж зодсон. Тухайн үед Ү.Б ах намайг нэг удаа гараараа цохисон тухайн үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн халамцуухан байсан. Б.Д, Ү.Б нар архи дарс уусан байсан. Бид нарын хооронд өр авлага өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй ээ. Б-ыг тухайн үед Б.Д ах бид 2 л цохиж зодсон өөр хүн цохиж зодоогүй ээ. Уг хөнгөн зэргийн гэмтэл нь Б.Д ах бид 2-ын буруутай үйлдлээс болж учирсан. Ү.Б нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй байгаа. Эмчилгээтэй холбоотой гарсан бодит зардлыг бид 2 төлж барагдуулах болно....гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/
Шүүгдэгч Н.Б ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 60-61 хуу/
Шүүгдэгч Б.Д гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58-59 хуу/
Шүүгдэгч Н.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 хуу/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Д гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д , Н.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Д , Н.Б нар нь 2017 оны 07 дугаар сарын 29-ний орой Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн төвд Ү.Б ыг бүлэглэж зодсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Д , Н.Б нар нь хохирогчийг зодсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ү.Б , гэрч Б.Б, Л.Н, Н.Э, нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны 355 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Д , Н.Б нар нь хохирогч Ү.Б ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Д , Н.Б нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Д , Н.Б нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Ү.Б нь эмчилгээний зардалаа нэхэмжилнэ гэсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.Д , Н.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Д , Н.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Д , Н.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Н-н Б , Б овгийн Б-ын Д нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д , Н.Б нарыг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б Б.Д , Н.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Д , Н.Б нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Д , Н.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ү.Б эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д , Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ