Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолтой, 

 

шүүгдэгч  Х.Г-д холбогдох эрүүгийн ****** дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен,  шүүгдэгч Х.Г-, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек нар оролцов.

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд дуу хөгжмийн багш ажилтай, ам бүл ** хүнтэй, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн У  сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай И овогт Х-ны Г- нь Монгол Улсын боловсролын их сургуулийн дуу хөгжмийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй гэх 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ***** дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн У сумын “Ойгор” дунд сургуулийн /одоо У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль/ дуу хөгжмийн багшаар 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллахдаа ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт эрэгт холбогджээ.

 

2. Прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 215 дугаар яллах дүгнэлтээр Х.Г-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн  2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолоор: 

3.1. Шүүгдэгч И овогт Х-ны Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, 

3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож,

3.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

3.5. Шүүгдэгч Х.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн У сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /У сумын Засаг даргын Тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх, мод тарих ажил тус тус хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

3.6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Г-гаас гэмт хэргийн хохиролд 75.992.729 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, хохирлын зарим хэсэг болох 854.648 төгрөгийг гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож,  

3.7. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж,

3.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Г-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 75.992.729 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, гэмт хэргийн хохирол 75.992.729 төгрөгийг төлөхөд зарцуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:   

4.1. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын зарим хэсэгт нь Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны “хуулбар үнэн” гэх тэмдэг дарагдсан, зарим нотлох баримтуудыг эрүүгийн ямар дугаартай хэргээс эсхүл хэн гэдэг этгээдээс гаргаж өгснөөр хуулбарлан авсан, хавсаргасан нь тодорхой бус, холбогдох байгууллагын “хуулбар үнэн” гэх тамга тэмдэг нь дарагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4, 6, 7-д заасан “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл. журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ”, “Нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэснийг ноцтой зөрчсөн байна.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”,  2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул эдгээр нотлох баримтуудыг нотлох баримтаар тооцохгүй байх буюу нотлох баримтаас хасаж, Х.Г- нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн ******** дугаартай дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэх эргэлзээтэй асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.

           

5. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:

5.1. Прокуророос шүүгдэгч Х.Г- нь 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй төгсөөгүй атлаа уг сургуулийн гэх D********дугаартай боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд дуу хөгжмийн багшаар 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр томилогдохдоо ашиглаж, 75.992.729 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

5.2. Шүүх хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, нэмж ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзээд шүүх хуралдааныг хойшлуулж шүүгчийн захирамж гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгчийн энэ захирамж хууль зөрчсөн гэж байгаа боловч прокурорын зүгээс энэхүү шүүгчийн захирамж хуульд нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Х.Г-гийн үйлдэл холбогдол мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох, мөрдөгч, прокуророос Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хуулбар үнэн гэх тэмдэг дарагдсан болон холбогдох байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдаагүй нотлох баримтуудын эх хувь нь холбогдох этгээдэд байгаа эсэхийг тодруулж, хэрэгт хавсаргах шаардлагатай гэж үзсэн тул дээрх нотлох баримтуудын эх хувь байгаа хэрэгт үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж хавтаст хэрэгт хавсаргасан.

5.3. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл тухайн хавтаст хэрэгт өмнө авагдаагүй, цоо шинэ нотлох баримтуудыг цуглуулж хэрэгт хавсаргаагүй. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд заасан журмын дагуу тусгаарласан. Тусгаарласан эрүүгийн хэрэгт бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг ба ингэхдээ үндсэн хэргээс нотлох баримт хуулбарлан авах нь нотлох баримт цуглуулах хуульд заасан журмыг зөрчихгүй. Дээрх үйл явц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ” гэж тус тус заасанд нийцсэн.

5.4. Нэмэлт ажиллагааны явцад мөрдөгчийн тэмдэглэлд дурдсан нотлох баримтууд өмнө хэрэгт авагдсан нотлох баримтуудтай бүрэн нийцсэн. Тиймээс анхан шатны шүүх энэ нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг буруутгах боломжгүй. Анхан шатны шүүх хуралдаан хойшлогдохоос өмнө прокуророос шүүгдэгч Х.Г-гийн багшаар 5 жил тасралтгүй ажилласны тэтгэмжийн хэмжээг 4 сая төгрөг байна гэж тодорхойлсон боловч нэмэлт ажиллагаа хийсний дараа энэхүү тэтгэмжийн хэмжээг 4,553,3000 төгрөг гэж зөвтгөж ирүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г-гаас гэмт хэргийн хохиролд 75,992,729 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, хохирлын зарим хэсэг болох 854,648 төгрөгийг гаргуулах тухай улсыг яллагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Үүнд прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар гомдол гаргаж байгаа боловч прокуророос анхан шатны шүүхийн шүүгдэгчид оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь зөвхөн Юнителийн сүлжээтэй газарт хэрэгжих боломжтой. Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг байдлаас нь харахад зорчих эрхийг хязгаарлах ял нь бодит биелэгдэхэд бэрхшээлтэй байгаа. Эцэст нь дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж прокурорын зүгээс үзэж байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч дараах үндэслэлүүдээр хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулж, зарим хэсгийг нь хүчингүй болгож шийдвэрлэв.

 

7. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. Тиймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмыг зөрчиж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хангаагүй тул Х.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн агуулгатай шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8. Шүүгдэгч Х.Г- нь Монгол Улсын боловсролын их сургуулийн дуу хөгжмийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй гэх 2011 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ******** дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж Баян-Өлгий аймгийн У сумын “Ойгор” дунд сургуулийн /одоо У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль/ дуу хөгжмийн багшаар 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллахдаа ашигласан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон бөгөөд түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдлыг тогтоох болон хууль ёсны, гэм буруугийн зарчмуудад тус тус нийцжээ.

 

9. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул хуулийн мөн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдаанаас түүний үйлдсэн гэмт хэрэг, боловсролын дипломыг хуурамч болохыг нь мэдсээр байж ашиглах хууль бус үйлдлээ санаатайгаар удаан хугацаанд үргэлжлүүлж, төрөөс цалин хөлс авсан нөхцөл байдал, учруулсан бодит хохирлын хэмжээ, түүний ажиллаж байсан ажил, албан тушаалын онцлог, орлого олох нөхцөл бололцоо буюу хувийн байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэв. Ингэж шийдвэрлэхдээ давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, үндэслэлийг харгалзаж үзсэн.

 

10. Шүүгдэгч Х.Г-гийн гэмт үйлдэл нь Баян-Өлгий аймгийн У сумын “Ойгор” дунд сургуулийн /одоо У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль/ дуу хөгжмийн багшаар 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдөр томилогдсоноос эхлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн прокурорын тогтоолоор түүнийг яллагдагчаар татах хүртэл хугацаанд үргэлжилсэн бөгөөд яллагдагчаар татсанаар мөрдөн байцаалтын шатанд түүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах, эсхүл энэ үеэс эхлэн ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн тул тухайн ажил, албан тушаалд ажиллуулахгүйгээр гэмт үйлдлийг нь таслан зогсоох бүрэн боломжтой байсан.

Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж хуульчилсан тул шүүгдэгч Х.Г-гийн гэмт үйлдлийг 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжилсэн гэж дүгнэж, түүнийг яллагдагчаар татсан хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаанд тооцон, түүний хууль бус үйлдлийн улмаас олсон ашиг орлогыг 2011 оны 10 дугаар сараас эхлэн 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд тооцох нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

11. Мөрдөгчийн хохирол тооцсон хүснэгтэд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг 73.890.810 төгрөг гэж, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад 73.890.810 төгрөг гэж алдаатай тогтоосныг анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд зөвтгөж, шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Г-гийн дээрх хугацаанд үргэлжилсэн гэмт үйлдлийн улмаас төрөөс буюу Баян-Өлгий аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн санхүүгээс нийт 75.992.729 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг /нэг удаагийн тэтгэмжийн хамт/ хууль бусаар олсон нь 1 дүгээр хавтаст хэргийн 102-104 дэх талд авагдсан тодорхойлолтоор тогтоогдсон байх тул энэхүү мөнгөн хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангажээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар шүүгдэгч Х.Г-гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож 75.992.729 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосон атлаа 6 дахь заалтаараа Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг хэрэглэж дээрх үнийн дүнг хохирол төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгосныг хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй тул 6 дахь заалтыг хүчингүй болгож, 8 дахь заалтад найруулгын шинжтэй өөрчлөлтийг орууллаа.

 

12. Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийн хувьд түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын төсөвт оруулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдийн холбогдох заалтыг анхан шатны шүүх давхар хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон бөгөөд шүүгдэгч Х.Г-гийн 2011 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд хуурамч диплом ашиглаж төсвийн байгууллагад дуу хөгжмийн багшаар ажиллан 75.992.729 төгрөгийн цалин хөлс /түүнтэй адилтгах орлого/ авсныг гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцон, тухайн үйл баримтад илүү нарийвчилсан зохицуулалттай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг хэрэглэх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн  2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  6 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын “720 цагийн” гэснийг “гурван зуун жаран (360) цаг” гэж, 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Х.Г-гийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 75.992.729 (далан таван сая, есөн зуун ерэн хоёр мянга, долоон зуун хорин ес) төгрөгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Н.ТУЯА

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК