Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2024/00157

 

 

 

 

 

2024 4 15

132/ШШ2024/00157

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00106/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Лхагвасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Батбаатар нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

О.Батбаатар нь Булган аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан. Тухайн үеийн ажлаас чөлөөлсөн тушаал байгаа боловч ажилд томилсон тушаал олдохгүй байгаа учир Булган аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Батбаатар нь Булган аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан. Өндөр тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд томилогдсон, чөлөөлсөн тушаал байхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэн жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Хэргийн явцад Гомбосүрэн, Ариунболд нарыг гэрчээр асуусан. Гомбосүрэнгийн хувьд хөдөлмөрийн дэвтэр байгаа гэсэн ч байхгүй байсан. Ариунболдын хувьд анхнаасаа хөдөлмөрийн дэвтэр байхгүй гэсэн ч цалингийн цэс дотор нэр нь байгаа тул хавтас хэрэгт авагдсан баримтад үндэслэн Батбаатарыг Булган аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-О.Батбаатарын 046650 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Булган аймгийн Баян-Агт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай ажилчдын тухай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-Булган аймгийн Баян-Агт сумын 8 жилийн үндсэн сургуулийн цалингийн баримтын хуулбар /хэргийн 6-17-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаартай тодорхойлолт /хэргийн 18-р хуудас/,

3. Нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх Д.Гомбосүрэн, Д.Ариунболд нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.Батбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нэхэмжлэгч нь Булган аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан боловч ажилд томилсон тушаал байхгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч О.Батбаатар нь Булган аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн баримт, гэрч Д.Ариунболдын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийг Булган аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарга овогт Оросоогийн Батбаатар /РД:ГА62031279/ нь Булган аймгийн Баян-Агт сумын 8 жилийн сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА