Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/05

 

 

Б.Б холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Т.Түмэнжаргал,

Шүүгдэгч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ю.Сэвлэгмаа,

Хохирогч Э.Э,

Хохирогчийн өмгөөлөгч П.Наранхүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан,

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, Ю.Сэвлэгмаа нарын гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б холбогдох 2217000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын  07-ны өдөр  хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, “Шинэсэгэ буйлд” ХХК-нд хөдөлмөр хамгааллын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн - дүгээр хороо, - дугаар байрны - тоотод оршин суух,

Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, 6 сарын хугацаанд засарч, хүмүүжихийг даалгасан, Говьсүмбэр амйаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар  шийтгүүлсэн гэх Т овогт Б Б /РД: /,

Яллагдагч Б.Б нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын орчим ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Э.Э  нүүрэн тус газар гараараа цохиж унаган эрүүл мэндэд нь гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайн тархины эдийн няцрал, доод эрүүний их бие болон эрүүний баруун буланд хугарал бүхий амь биед аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Б Б хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 346 000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч Э.Э ажилгүй байсан хугацааны цалин, 13 дахь сарын урамшуулал цалин, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 10 000 000 төгрөгийг тус тус нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ18 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүйг дурдлаа гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Б.Б нь бусдыг илтэд үл хүндэтгэн дээрэлхэж, танхайрах үйлдэл гаргасан гэж урьд шийтгэгдэж байсан ялуудыг тоочин бичиж байгаа нь шүүгдэгчийн хувийн байдал болон эрх зүйн байдлыг нь дордуулсан гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тогтоогдоогүй гэдгээ шийтгэх тогтоолдоо дурдсан. Харин шүүхээс түүнд ял оногдуулахдаа дээрэлхэж танхайрсан гэсэн нөхцөл байдлыг дурдсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчин хуульд байхгүй нөхцөл байдлыг дурдаж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн. Прокурорын яллах дүгнэлтэд түүнийг ялтай байхдаа буюу давтан гэмт хэрэг үйлдсэн талаар хүндрүүлэх нөхцөл байдалд заагаагүй. Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор шүүхийн шатанд мөн шүүх хурал дээр ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан гаргаагүй. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын баримтын хүрээнд төлж барагдуулсан. Мөн хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн түүнийг  Улаанбаатар хотод КТГ буюу дүрс оношлогоо хийлгэж өгсөн. Анхан шатны шүүх нь хохирогчид учирсан гэмтлүүд нь бүрэн эдгэрч хэвийн байдалдаа ороогүй, цаашид эмчилгээ хийлгэх нөхцөл  байдалтай байгаа гэж дүгнэсэн боловч энэ талаар эмнэлгийн магадлагаа болон эмчийн үзлэг заавар байхгүй, хохирогч нь ажилдаа орсон ажлаа хийж байгаа талаар анхан шатны шүүх хурал дээр хэлсэн. Гэмтлүүд нь бүрэн эдгэрээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байна.  Анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэрэгт тогтоогдоогүй баримтаар дүгнэн үнэлэлт дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, хэрэг болсны маргааш нь Улаанбаатар хотод аваачиж дүрс оношлогоонд оруулан эм эмчилгээний яаралтай тусламж үзүүлсэн байна. Хохирогчийн нэхэмжилсэн хохирлын баримтаар хохирлыг нөхөн төлсөн. Энэ нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эсвэл чөлөөлж болно гэсэн зохицуулалтыг хэрэглэх бүрэн боломжтой байсан. 2023 оны 12 дугаар сард орсон шинэ өөрчлөлт буюу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлнэ гэдэг дээр Б.Б хувьд хохирогчийг ямар нэгэн хохирол учрахаас өмнө нь эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийлгэсэн нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс Б.Б оногдуулсан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгож өөрчилж өгнө үү? гэсэн гомдол гаргасан гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Давж заалдсан гол шалтгаан маань тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр шийтгэгдэж 2 жил 6 сарын хорих ял авсан Б Б холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн шударга ёсны зарчимд нийцүүлэн хэргийг бүрэн зөв шийдэж чадаагүй гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Ю.Сэвлэгмаа өмгөөлөгчийн хувьд гол үндэслэлийг ярьсан учраас миний хувьд давхцуулалгүйгээр үндэслэлээ тодруулахыг хүсэж байна. Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн хувьд ямар нэгэн маргаангүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд хэлсэн. Анхан шатны шүүхээс бодитой дүгнэлт хийгээгүй учир дутагдалтай хандсан гэж үзэж байна. Өөрөөр хэлвэл уг шийтгэх тогтоол зөвхөн түүний хувийн байдлын талаар урьд өмнө удаа дараа ял шийтгэгдсэн байдлыг дурдаж гурван удаа хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулж шийтгэл хүлээсэн өөрийн үйлдэл хэргүүддээ дүгнэлт хийж ухамсарлаж ойлгоогүй байна гэсэн нь хэт өрөөсгөл нэг талын баримтлал ба түүний шийтгэл цаг хугацааны байдал хэргийн шинж байдал, хор уршиг үр дагаврууд нь хуулийн үндэслэлээр ийм үнэлэлт дүгнэлтэд хүрэхүйц хэмжээний ойлголт биш болохыг анхаарч үзээгүй. Үйлдэл тус бүрийг цаг хугацааны хувьд ялгамжтай, хуулийн хүрээнд оновчтой авч үзээгүй. Тухайлбал бага насандаа үйлдсэн хулгайн үйлдэл байна. 2018 онд бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл байдаг. Энэ бүгд хуулийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаагаар энэ заалтад хамааруулж үзэх үү? гэдгийг хууль зүйн шаардлагаар зааж өгсөн. Нөгөө талаас дараа дараагийн шийтгэл болох 2021 онд шийтгэгдсэн байдаг. Ахуй амьдралаас шалтгаалаад зээл авахын тулд 2 000 000 төгрөг түргэн шуурхай гаргахын тулд эдийн засагчид нь 300 000 төгрөгийн хахууль өгсөн. Өнөөдөр нуух юмгүй хэлэхэд манай төрийн албаны хүнд суртлаас болж үйлдэгдэгсэн гэмт хэрэг байгаа. Иймээс үйлдэл тус бүрийн онцлог зэргээс хамаарч авч үзэх нь зүйтэй юм. Зүйлчлэлийн нөхцөлөөс ялгаж салгаж үзэх нь зүйтэй. Анхан шатны шүүх хурал дээр прокурор ялын шүүмждээ хэлэхдээ гэм буруутай одоо 5 дахь удаагийн шийтгэлтэй гэж хэлсэн байдаг. Үүнийг шүүх тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт хийж харалгүйгээр яллах  болон цагаатгах талын дүгнэлт хийсэнтэй зөрчилдөж байна. Өөрөөр хэлвэл Б.Б холбоотой хувийн байдлын талаар өмгөөлөгчийн хэлж ярьж байгаа нөхцөл байдлыг харьцуулж үзээгүй. Зөвхөн прокурорын удаа дараагийн ял шийтгэлтэй гэсэн асуудлыг үнэлж авч үзсэн нь хүний эрх зүйн байдлыг дордуулсан хандлагаар хандаж үнэлэлт дүгнэлтийг хийжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлтэй холбогдуулаад хх-ийн 31 хуудсанд авагдсан гэрч Б.Б мэдүүлэг, хх-ийн 33 хуудсанд авагдсан гэрч Б.Х, О.М мэдүүлэгтээ зүй ёсоор нийцэж, хохирогч Э.Э нь хууль бус үйлдэл гаргаагүй дүгнэсэнтэй зөрчилдөж өөрөөр хэлвэл хохирогч Э.Э Б.Б эхэлж зүй бусаар харьцаж, чи хэн юм бэ? писда минь гэх бүдүүлэг үгээр хэлж улмаар түүнтэй үзье, зодолъё гэж очсон тэдний хоорондын үл ойлголцол үүссэн болохыг анхаарч харьцуулж дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Үүний талаар Ю.Сэвлэгмаа өмгөөлөгч ярьсан тул давхардуулан ярих шаардлагагүй гэж үзэж байна. Гагцхүү тэр шалтгаан нөхцлийг харьцуулан дүгнэж чадаагүй, нэг талын өрөөсгөл ойлголтыг ялгаж салгаж чадаагүй нь уг хүний эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэлтэй холбоотой гэж үзэх үндэслэл байна. Хэрэгт авагдсан гол гэрч Болдбаатар, Төмөрбаатар нарын мэдүүлэгт Э.Э бид гурав согтоогүй эрүүл байсан гэдэг ба энэ нь огт согтууруулах ундааны зүйл уугаагүй байсан гэх үндэслэл биш учраас зохих ёсны уусан идсэнээрээ аархсан омогшсон зан харьцааны байдлаар Э.Э нь бусдыг өдөөж харьцсан болохыг ч үгүйсгэх аргагүй үндэслэл байдаг болохыг анхаарна уу. Нэгийг яллаж нөгөөхийг өмөөрөх гэсэнгүй шүү ойлгоорой. Шударга ёсны зарчимд тулгуурлаад хэргийг тал бүрээс нь үнэлж дүгнэж ярьж байна.  Б.Б нь уг хэргээ эхнээсээ шулуун шударгаар хүлээн зөвшөөрч хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болохоо мэдүүлдэг ба улмаар хохирогчид учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлж барагдуулсан үндэслэл нь түүнд оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх бодит үндэслэл болохыг шүүхээс орхигдуулж хэдийгээр хохирол төлсөн боловч энэ нь хохирогч Э.Э учирсан хор уршгийг бүрэн арилгасан гэж үзэх үндэслэл болохгүй гэсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлвэл хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулснаар барахгүй цаашид гарах эмчилгээний зардал бусад холбогдох төлбөрийг шүүхээр шийдвэрлүүлж төлөх тохиолдолд хариуцлагыг бүрэн хэмжээгээр хариуцахаа хүлээн зөвшөөрч илэрхийлсэн болохыг анхаарч үзнэ үү. Энэ нь хохирогчийн нэхэмжилсэн нотлох баримтаар тогтоогдсон үнийн дүнг төлсөн цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримт байхгүй. Энэ нь эмчийн магадлагаа юм уу, өөр зүйлээр тогтоогдоогүй. Явцуу хүрээгээр харж байгаа нь хүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа шинжийг онцолж хэлмээр байна. Б.Б хувийн байдлын талаар зөвхөн гэрч Б.Хүслэн, О.Мөнхдэлгэрэх нар мэдүүлэг өгсөн байдаг ба энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүй ёсны шаардлага болох гэмт этгээдийн хувийн байдалтай холбогдох нотлох баримтуудад учир дутагдалтай хандаж дүгнэлтийг хийсэн нөхцөл байдал харагдаж байгаа боловч Б.Б бусадтай нийтэч, хөгжилтэй, аливаа юманд идэвх санаачлагатай ажилладаг, тусч дуулгавартай аав ээждээ халамжтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй болох нь хувийн байдлынх нь талаар нэмэлтээр ирүүлсэн ажил байдлын тодорхойлолт хамт олны хандлага үнэлэлт дүгнэлтийг харьцуулж дүгнэж үзэхийг хүсч байна. Б.Б нь тодорхой эрхэлсэн ажил төрөлтэй нийгэм хамт олонд түшиж, тулж ажиллаж амьдрах байр сууриа олсон гэхэд эргэлзэх нөхцөлгүй хувийн байдал болон ар талдаа ам бүл 3-лаа эхнэр 11 сартай нялх хүүгийн хамт амьдрдагаас гадна түүний шууд асрамжид өндөр настай өвчин эмгэгт нэрвэгдсэн ээж, аав нь байдаг болох нь амьдралын хүнд хүчир байдал байдаг нь миний шинээр гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой баримтуудад тодорхой байгаа. Б.Б нь хамт олонтой өөрөө орлогоо олох бүрэн боломжтой. Заавал нийгмээс тусгаарлаад байх шаардлагагүй. Иймээс анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг уг хуулинд заасан торгох шийтгэл болгож өөрчилж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж  байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн хувьд өмгөөлөгчийн ажил нь үйлчлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалж ажиллах үндсэн чиг үүрэгтэй. Яллагдагч тал хоёр өмгөөлөгчтэй давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байна. Ажил үүрэг, чиг үүргийн хувьд хүлээн зөвшөөрч болох хэдий ч нөхцөл байдал бодит байдлаас ангид байна гэж би харж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ийм ийм алдаа байна гэж Ю.Сэвлэгмаа өмгөөлөгч хэлсэн. Үндсэн хариулт нь эрүүгийн хариуцлагын зорилго юу вэ? гэдэгт байна. Эрүүгийн хариуцлагын зорилгод яллагдагчийн хувийн байдлыг заавал харгалзан үзэх үндэслэлтэй. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан нөхцөл байдал нь хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй байж болно. Ялыг оногдуулахад харгалзах нөхцөл байдал мөн үү гэвэл мөн. Өнөөдөр давж заалдах шатны шүүх дээр ийм дүр зураг харагдууллаа гээд тэр өдөр болсон үйл явдал, үйлдэгдэхийн өмнө болсон ухамсар яг адилхан байх ёстой. Хэрэгт байгаа яллах шийтгэх тогтоолууд нэг хоёр биш, дөрвөн удаа шийтгүүлсэн байгаа. Дөрвөн өөр төрлийн гэмт хэргийн шийтгэх тогтоол байна. Яагаад нэг гэмт хэрэг үйлдээд ар дээр нь ухамсартай болж бодоггүй юм бэ? тав дахь дээр нь нэг удаа боломж олгооч гэж уйлах ёстой юм уу? би яагаад өнөөдөр ийм үг хэлж байна гэхээр анхан шатны шүүх хуралдаан болохын өмнө би байнга хохирогчтой холбоотой байсан. Б.Б нэг удаа уулзаагүй. Эмчилгээнд нь анхаарал тавиагүй. Миний үйлчлүүлэгч харин ч даруухан, төлөв хүн болохоор хохирол өндөр хэмжээгээр нэхээгүй. Хамгийн анх 500 000 төгрөг нэхэмжилсэн. Гэхдээ миний үйлчлүүлэгчийг шүүх хуралдаанаас гараад хохирлын мөнгийг өгөхдөө найз нь “чи биеэрээ мөнгө олчдог залуу юм аа” гэж хэлсэн байсан. Энэ юу гэсэн үг вэ? шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан өмгөөлөгч хэрвээ нийгмээс тусгаарлах юм бол хохирогч хохирно гэж юу яриад байгаа вэ? заналхийлээд байна уу? мөнгийг чинь өгөхгүй, хохирлыг бүр барагдуулахгүй гээд байгаа юм уу? ялын зорилгын хамгийн эцсийнх нь нийгэмшүүлэх гэж байгаа. Хэрэв өмнө нь 4 удаагийн ял аваад нийгэмшдэггүй бол одоо яах ёстой вэ? 5 удаагийн ял аваад ч нийгэмшихгүй бол яах уу? миний үйлчлүүлэгч өнөөдөр надад “яах уу би өрөвдөөд байна“ гэж хэлж байна. Гэхдээ үүнд хариуцлага гэж байх ёстой. Хохирлын мөнгөнд 50 000 000-60 000 000 төгрөг нэхэмжлээгүй. Тархинд цус хурчихаар шимэгдэж эмчилгээ хийлгэж байгаа бүрэн шимэгдээгүй байгаа. Бүрэн шимэгдээгүй нь ямар хор уршигтай вэ? гэхээр олон жилийн дараа саажилт үүсдэг. Мэдрэлүүд дарагддаг. Үүнийг “одоо чи зовиураа нотол, эмчилгээний бичгээ авчирч өг” гэж хэлж шаардаж байгаа нь амьдралаас ангид. Би ч гэсэн авто тээврийн осолд орж байсан одоо биеийн байдал их хүнд байна. Ийм тохиолдолд хүн хүнийг энэрэх ёстой. Хэрвээ хүн хүний асрамжид орчихвол яаж вэ? өнгөрсөн жил манай үйлчлүүлэгч ийм хохиролтой байгаад 40 000 000 төгрөг нэхэмжилсэн. Тэдний өмгөөлөгчөөр орсон хүн манай нөгөө талд сууж л байна. Эхлээд 20 000 000 төгрөг авсан. Дараа нь 20 000 000 төгрөг авна гээд явж байсан. Хохирогчийг ерөөсөө анхаарахгүй байж байгаад шүүх хурал болохын өмнө заналхийлж уулзаад байсан. Өнөөдөр цагдан хоригдсныхоо дараа уйлж байна. Хүн ийм хоёр нүүртэй байж болохгүй. Үндсэн зарчим нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Ялын асуудал хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үүссэн асуудал биш гэж үзэж байна. Харин харгалзаж үзэж болох байх. Угаасаа хувийн байдлыг үнэлнэ, нийгэмшүүлэхийн тулд. Эхний зорилго шийтгэх, эцсийн зорилго нийгэмшүүлэхэд оршино. 4 удаа шийтгүүлээд яагаад нийгэмшихгүй байна вэ гэв.

Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.Түмэнжаргал би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 39.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгийг удирдлага болгон   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Б холбогдох 2217000000099  дугаартай хэрэгт оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн нөхцөл байдлаас тогтоогддоггүй. Прокурорын зүгээс шүүгдэгч Б.Б анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэж байна гэж үзэж байна. Яагаад гэхээр эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар хэм хэмжээний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Үүнд тохирсон ял оногдуулсан анхан шатны шүүх үнэлэлт өгч шийдвэрлэсэн байна. Энэ нь 12 дугаар сарын 08-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт зэргийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн үед эмнэлгийн зохих тусламж үзүүлээгүй бол амь бие хохирох боломжтой байсан буюу нас барах боломжтой байсан. Эмнэлгийн зохих тусламж үзүүлсэн учраас хүнд гэмтэл учирсан гэж үздэг. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг биелүүлэхийг шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ биш. Хэрэглэх, хэрэглэхгүй байх нь шүүхийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй байсан тул шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн хүсэлтийг прокурорын зүгээс тавьж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь зээл авах гэснээс болж төрд хахууль өгсөн гэж яриж байна. Ийм байдлаас болж хэрэг үйлдсэн гээд байна. Тухайн байгууллага нь төрийн байгууллага юм уу? төр зээл олгодог уу? би сайн ойлгохгүй байна. Үүнд ямар хууль зүйн дүгнэлт өгч байгаа вэ? төрийн байгууллагын хүнд суртлын улмаас өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж ярьж байна. Тэрний өмнө бас өөр хэн нэгний буруутай үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэж байсан гэсэн үг үү? би үүнийг сайн ойлгосонгүй. Өөрөө тайлбар хэлэх байх гэж бодож байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1. 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын орчим ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Э.Э  нүүрэн тус газар гараараа цохиж унаган эрүүл мэндэд нь гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайн тархины эдийн няцрал, доод эрүүний их бие болон эрүүний баруун буланд хугарал бүхий амь биед аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

     Мөн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчсөн асуудал байхгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх газрын орчим ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Э.Э  нүүрэн тус газар гараараа цохиж унаган эрүүл мэндэд нь гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайн тархины эдийн няцрал, доод эрүүний их бие болон эрүүний баруун буланд хугарал бүхий амь биед аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

      хохирогч Э.Э “ ... Төмөрбаатарыг Б дуудаад маргалдаад байхаар нь би Төмөрбаатараа одоо явья, орой болчихлоо харьж амарья гэхэд Б чи хэн юм, юу нь юм гэсэн. Намайг очиход Б шууд цохьсон. Б нь миний зүүн талын шанаанд 2 удаа цохиход би ухаан алдаад сэргэсэн. Энэ хүнд цохиулсаны улмаас толгойндоо хугаралтай, тархины бяцралттай, гавлын ясанд хугарал гэмтэл учирсан. Б эмчилгээний зардалд 2 450 000 төгрөг авсан. Одоо ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 13 дахь сарын урамшуулал цалин, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 10 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн... “ гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг

          гэрч В.Номинзулын  “ ...ажлаасаа тараад 18 цагийн үед гэртээ иртэл Э баруун талын шанаа хавдсан, буйл нь хөхөрсөн, өөрөө нилээн зовиуртай байхаар нь юу болсон талаар асуухад Б гэх хүн цохьсон... “ /1-р хх-ийн 22-23/         

       гэрч А.Болдбаатарын “ ... Төмөрбаатар бид 2 Э дөхүүлж өгөхөөр Петровис колонкийн урдуур алхаад яв байтал Б тааралдаад Төмөрбаатарыг дуудсан. Төмөрбаатар Б руу очоод юм яриад байж байхад нь Э Төмөрбаатарт хандан явья аа гэтэл Б Э нүүр лүү гараараа 2 удаа цохьсон... “ /1-р хх-ийн 28-29/

        гэрч Т.Төмөрбаатарын “... Б Э хандан чи хэн юм гэж хэлээд шууд нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон. Э гуйвж босож ирээд Б руу уурлаад дайртал Б дахиж Э 2 удаа гараараа цохиод унагаасан. Э дахиад ухаан алдсан бололтой ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэлгүй нэлээн удаан газар хэвтсэн.“ /1-р хх-ийн 34-36/

           шинжээчийн “... Э биед гавлын дагз ясны баруун талаас доош суурийн хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, зүүн духны дэлбэнд хатуу бүрхүүл дээрх цусан хураа, 2 талын духны дэлбэнгийн суурийн хэсэг, зүүн чамархайд тархины эдийн няцрал, доод эрүүний их бие болон эрүүний баруун буланд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 44-45/ гэх дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хяналтын камерын зураг, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүллэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

     Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.

             Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “ ... шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн байдал, тодорхой эрхэлсэн ажил төрөлтэй, ажиллаж амьдрах байр сууриа олсон, ар гэрийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, уг зүйлчлэлд заасан торгох шийтгэлийн доод хэмжээгээр сольж өгнө үү” гэсэн агуулгаар давж заалдсан.

            Шүүгдэгч Б.Б нь хохирогчид учруулсан бодит хохирол болох 2 450 000 төгрөгийг төлж барагдуулсан, эхнэр нь 11 сартай нялх хүүхэдтэй үлдсэн, түүний шууд асрамжинд өндөр настай, өвчин эмгэгтэй ээж аав нь байдаг зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “...үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал...” зэрэг шаардлагыг хангаж байгааг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь        

          1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтны “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар “ гэснийг “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар “гэж, тогтоох хэсгийн 3 дугаар заалтны “... 2 /хоёр/ жил 6 /зургаа/ “ гэснийг “... 1 /нэг/ “ гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Шүүгдэгч Б.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон тус бүр  52 /тавин хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            3. Анхан болон давж шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ТЭГШСУУРЬ

                   ШҮҮГЧ                                                Х.БАЙГАЛМАА

                ШҮҮГЧ                                               О.ОДНЯМАА