Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 109/ШШ2024/0024

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК

            Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс холбогдох “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Архангай аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн “Б” ХХК-ийн улсын бүртгэлд “Б” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэрийг бүртгэсэн бүртгэл болон “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Ж” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Б-аар залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай

Гуравдагч этгээд: Д.Ж-аас Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан: “********* регистрийн дугаартай, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Р овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд Д.Ж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Анх 2022 онд “Б” ХХК-иас тус компанийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрэм зэргийг бүргүүлэхээр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч, тус хэлтсээс бүртгэхээс татгалзсан хариу ирүүлснээр уг маргаан үүсжээ.

 

2. Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлагадаа: Р.Б миний бие Авто тээврийн техникч эдийн засгийн мэргэжилтэй бөгөөд Архангай аймгийн Авто тээврийн 6 дугаар баазад 1981 оны 12 сараас эхлэн энэ байгууллагыг татан буугдах хүртэл ашиглалтын тоо бүртгэгч, диспечир автын механик зэрэг ажлуудыг хийж байсан. Шинээр Авто тээврийн газар байгуулагдахад тээвэр зохицуулагчаар 2005 оноос 2007 он хүртэл ажиллаж байсан. Би Архангай Улаанбаатарын чиглэлд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байсан жолооч нартай хамтран 2006 онд “Б” ХХК-г үүсгэн байгуулан ажиллахаар болсон юм Учир нь Архангай аймгийн зорчигч тээврийн жолооч нар нь Архангай Улаанбаатар- Архангай чиглэлд их бэрхшээл саадтай тулгарч байсан учир жолооч нар орон нутагт зорчигч тээврийн компани байгуулах боломж байна уу гэж санал гаргаж байсан. Анх 2006 онд “Б” ХХК-ийг үүсгэн байгуулах санаачилгыг миний бие Р.Б, тухайн үеийн жолооч болох А.Б, Р.Д, байгаагаа тухайн үеийн Авто тээврийн төвийн дарга Д.Ж-д танилцуулахад “бололгүй яах вэ гэж хэлэхээр нь Р Б- миний бие санаа шулуудаж Архангай аймгийн авто тээврийн газрын дарга Д.Ж-тай хамт Улаанбаатар хот явж тухайн үеийн Авто тээврийн газрын дарга Н хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулах “Б” ХХК байгуулах тухайгаа танилцуулсан, гэтэл Н дарга Авто тээврийн төвийн дарга Д.Ж-д байгууллагын дарга компани байгуулж болохгүй та төрийн ажил хийж байгаа хүн шүү дээ харин Р.Б- гуай байгуулж болно гэсэн учир Архангай аймагтаа буцаж ирээд, Архангай аймгийн Татварын хэлтсээр хөөцөлдөж байж 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Б”ХХК-г үүсгэн байгуулах хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулах хуудас №********* бөглөж тухайн үеийн Архангай аймгийн Татварын хэлтэс буюу бүртгэх эрх бүхий байгууллагаас “Б” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэрийг миний бие Р.Б нь авсан болно. Ингээд “Б” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэрийг авсны дараа буюу 2006 оны 5 дугаар сарын 12 өдөр Үндэсний Татварын албанд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг үүсгэн байгуулагчийн хувьд Р.Б миний бие гаргаад, 2006 оны 5 дугаар сарын 14-ий өдөр Архангай аймаг дахь “Б” ХХК-ын үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол №1, мөн “Б”ХХК-ын дүрмийг боловсруулаад завгүй сууж байхад тухайн үеийн Авто тээврийн газрын дарга Д.Ж дарга манай өрөөнд орж ирээд надад ,”Та ажил ихтэй байгаа юм байна “Б” ХХК байгуулах үүсгэн байгуулах бичиг баримтыг нь би улсын бүртгэлд бүртгүүлээд өгье гэж хэлээд миний “Б” ХХК-ийн үүсгэн байгуулах дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоол хоёрыг, жолооч нарын нэрс, машины гэрчилгээг, дүрмийн санг байгуулахаар микробус маркийн **** УБВ улсын дугаартай машиныг 6 сая төгрөгөөр үнэлүүлэхээр Авто тээврийн дарга Ж-д Архангай аймгийн Татварын хэлтэст “Б” ХХК-ийг бүртгүүлэхээр өгч явуулсан юм. Гэтэл тухайн үед Авто тээврийн дарга байсан Д.Ж- нь Архангай аймгийн Татварын хэлтэст 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр миний үүсгэн байгуулж буй “Б” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ, миний өгч явуулсан “Б” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоол хоёрыг өгөлгүй, түүний оронд “Б” ХХК-ны үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, ”Б” ХХК-ийн дүрэм гэгчийг 2006 оны 5 дугаар сарын 15 өдөр бичиж хувилан аймгийн Татварын хэлтэст хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагчаар Д.Ж- гэж өөрийн нэр дээр, бүртгүүлэхээс гадна дүрмийн сан байгуулахаар өгсөн миний микробус маркийн **** УБВ машиныг оруулаагүй өөрийнхөө микробус маркийн **** ара улсын дугаартай машиныг бүртгүүлсэн байсныг саяхан буюу Д.Ж-ыг миний үүсгэн байгуулсан компани гэж маргаан гаргахаар нь Архангай аймгийн улсын бүртгэл дээр очиж шүүлгэж үзээд мэдлээ. Архангай аймгийн Улсын бүртгэлийн байгууллага нь хууль, хууль тогтоомж зөрчин, бүртгэл үнэн зөв бодитой заавал биелүүлэх шинжтэй байх нотлох баримтад үндэслэж. хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн улсын бүртгэлийн зарчмыг зөрчиж миний өөрийн үүсгэн байгуулсан “Б” ХХК-ны нэр дээр Д.Ж "Б" ХХК-ыг бүртгэж бидний хооронд маргаан үүсгэх эхийг тавьсан байна. Ч.Ё, Д.Ж, нартай хамтран компани байгуулах саналтай Д.Ж- нь “Б” ХХК -тай ямар ч хамааралгүй бөгөөд түүнд “Б” гэсэн хуулийн этгээд байгаа байх. Харин Архангай аймгийн улсын бүртгэлийн газрын архивд байгаа миний үүсгэн байгуулсан “Б” ХХК-ны үүсгэн байгуулсан бичиг баримтад манай “Б” ХХК-ны дүрэм, “Б” ХХК-ны үүсгэн байгуулагчийн тогтоол одоог хүртэл авагдаагүй, өөр буюу “Б” ХХК-ны дүрэм, үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол авагдан хадгалагдаж үүсгэн байгуулагч миний хууль ёсны эрх. ашиг сонирхол маш ихээр хөндөгдөж байна. Учир нь компанийг үүсгэн байгуулж байгаа дүрэм тогтоол нь өөр байгаа. Би өөрийн компанид байгаа “Б” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоол хоёрыг хууль ёсоор бүртгүүлэхээр Архангай аймгийн Улсын Бүртгэлийн хэлтэст 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хандсан боловч “Б” ХХК-ийн нөхөж бүрдүүлж буй дүрэм, тогтоолыг эх нотлох баримт буюу хувийн хэрэгт байршуулах боломжгүй болно” гэсэн хариуг 2022 оны 5 дугаар сарын 18ны өдрийн 719 дугаартай албан бичгээр хариуг өгсөн юм. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөх боломжгүй учир Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан боловч 2022 оны 6 дугаар сарын 30 өдрийн 7\5736 дугаартай албан бичгээр шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн байгууллагад хандана уу гэсэн хариуг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Архангай аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн “Б” ХХК-ийн улсын бүртгэлд “Б” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэрийг бүртгэсэн бүртгэл болон “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Ж” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Б-аар залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн дүрэм журам, бүртгүүлсэн бүртгэлийг тодорхой эзэнд нь хүргэж чадаагүй юм уу гэсэн ойлголт надад төрсөн. Яагаад гэвэл энэ маргаан ийм байдалд хүргэснийг бүртгэлийн хэлтсийн буруу гэж бодож байна. Би 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Б” ХХК-ийн нэрийг авсан. Дээд байгууллагад хүсэлт болон бусад материалыг бөглөж өгсөн. Ингээд 2006 оны 6 дугаар сарын 14-нд газрын дарга болох гуравдагч этгээд Д.Ж- над дээр орж ирээд нөгөө компанийн баримтууд юу болж байна, туслах зүйл юу байна гээд бичиг баримт юмнуудаа бүрдүүлээд байж байсан. Тодорхой хэмжээний хэдэн жолооч нар зам харгуй авна гээд ороод ирсэн байсан. Тэгээд энэ хүнд гэрчилгээ авах л ажил байна гэхэд би бүртгүүлээд аваад ирье, та надаа бичиг баримтаа өг гэхээр нь бүх баримтаа өгсөн. Би байгууллагынхаа даргад итгэнэ шүү дээ. Энэ хүн бүртгүүлээд өгье гээд 2, 3 хоносны дараа үйл ажиллагаа явуулах гэрчилгээг авчирсан. Ингээд үйл ажиллагааг явуулсан. Гэтэл энэ хүний нэрээр гарсан байсан. Энэ юу болж байгаа юм бэ гэтэл Р.Б гуай та түр хүлээж бай гэсэн. Би хүнд итгэмтгий учраас дараа нь болох байх гэж бодоод өнгөрөөсөн. Тэрнээс хойш таг мартсан байна. Ингээд 2022 оны 2 сараас эхлээд нөгөө хэдэн жолооч нар чинь айхтар ууртай над дээр орж ирээд энэ чинь юу болоод байгаа юм бэ гэхээр нь ах нь бичиг баримтаа үзье гэж хэлээд бүртгэлийн хэлтэс дээр очоод өөрийнхөө компанийн түүхийг гаргаад ирсэн чинь “Б” биш “Б ХХК-ийн дүрэм, тогтоол гарч ирсэн. Бүртгэлийн асуудлаар ерөнхий газар очиж өргөдөл өгсөн. Тэгтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан, манайх мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Ийм л тодорхой процесс явагдсан. Нэрийг нь би аваад бүх бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн байхад яахаараа “Б” ХХК-ийн дүрмийг өгсөн байгаа нь сонин санагдаж байна. Одоогийн хэлдгээр албан тушаал ашигласан юм уу гэсэн бодол төрж байгаа. “Б” ХХК-ийн бүртгэлийг үнэн, зөвөөр нь миний нэр дээр бүртгэж өгнө үү гэв.

3. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа:Б” ХХК нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн татварын хэлтэст бүртгүүлж анх үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын хувийн хэрэг нотлох баримтад Д.Ж-ы гарын үсгээр баталгаажсан “Б” ХХК нэртэй дүрэм, үүсгэн байгуулах тогтоол, Р.Б-ын нэр, регистрийн дугаараар олгосон “Б” ХХК-ны оноосон нэрийн баталгааны хуудас, татварт бүртгүүлсэн УБ-3 маягт, тэмдэгтийн хураамж төлсөн 2 баримт болон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тогтоол байна. 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Д.Ж-ы гаргасан “Б” ХХК-ийн дүрэм, тогтоолыг үндэслэн татварын хэлтсийн байцаагч Л.Б бүртгэл хийж “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчээр Д.Ж, гүйцэтгэх захирлаар Р.Б-ыг томилон бүртгэсэн байна. Улсын бүртгэлийн мэдээллийн санд 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Д.Ж бүртгэлтэй байх тул үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарын үсэг зурагдаагүй шийдвэр, тогтоолыг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй байна гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх “Б” компани 2006 оны 5 сард үүсгэн байгуулагдсан байгаа юм. Тухайн үеийн хуулийн этгээдийн бүртгэл одоогоор татварын хэлтэст харьяалагдаж явж байсан. Тэр үед улсын бүртгэгч Л.Б гэдэг бүртгэгч анх материалыг хүлээж авч бүртгэсэн байгаа юм. Би чинь болохоор 2022 оноос авхуулаад энэ хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хөтөлж байгаа. Тэгэхэд анхны үүсгэн байгуулах материалыг хүлээж авахдаа тухайн бүртгэл хийж байсан Л.Б гэх хүн дүрмийг зөрөөтэй хүлээж авснаас өнөөдрийн маргаан үүсэж байна гэж бодож байгаа. Манайх дээр анх бүрдүүлж өгсөн компанийн материал бүрдүүлбэрийг харахаар 2 иргэний үнэмлэх буюу манай нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хоёулангийнх нь татварын маягт бөглөсөн хүсэлтүүд зэрэг нь бүгд байгаа. Тэгээд шийдвэр тогтоол дээрээ болохоороо үүсгэн байгуулагчаар нь Д.Ж-г бүртгээд гүйцэтгэх захирлаар Р.Б-ыг бүртгэчихсэн байгаа. Уг нь анх яаж яаж үүсгэн байгуулсныг дотроо бол мэдэж л байгаа байх гэж бодож байна. Эвлэрээд шийдчих ёстой байсан юмыг л хүндрүүлээд яваад байх бололтой юм. Тэгээд 1 дэх нэхэмжлэлийн шаардлага нь болохоороо үүсгэн байгуулагчаар бүртгэж өгнө үү гэж байна. Үүнийг манайхаас хяналтын байцаагчаараа дамжуулаад би яг өөрийнхөө улсын бүртгэлийн түвшинд одоо шийдэх боломжгүй учраас хяналтын байцаагч руугаа дамжуулсан, дамжуулсан боловч тэнчээнээс тогтоох боломжгүй байна, шүүхээр шийдвэрлүүлье ээ гэдэг хүсэлтийг гаргаад өнөөдөр ингээд явж байгаа юм. Одоо Д.Ж-г үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр нь бүртгээд Р.Б-ыг гүйцэтгэх захирлаар захирлаар бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртэл хөтлөгдөөд явж байгаа. Энийг болохоороо шууд манайхаас шийдэх боломжгүй байна. Ж.В бүртгэгч бол уул нь өөрөө мэдэж байгаа байх. Тухайн үед бол бүртгэлийг нь хууль ёсны дагуу нотлох баримтыг бүрдүүлээд бүртгэсэн гэсэн тайлбар өгсөн байна лээ. Яах вэ тэр нотлох баримт нь архивын бүртгэлд байхгүй байгаад байгаа юм. Тухайн үед эх нотлох баримтыг бүртгэсэн уу үгүй юу гэдгийг бид нар сайн хэлж мэдэхгүй байна. Бүртгэгч хүн худлаа ярихгүй болов уу гэж бас бодож байна. Тэгээд манайх яагаад бүртгэж авч чадахгүй байгаа юм бэ гэхээр үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Д.Ж- байгаа болохоор тогтоол шийдвэргүйгээр манайхаас өөрчлөлт хийх боломжгүй байна гэв.

5. Гуравдагч этгээд Д.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Ж миний бие “Б” ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулж материалыг аймгийн татварын хэлтэст нотариатаар баталгаажуулан өгсөн юм. Татварын хэлтсийн байцаагч н.Ц гэх хүн тамгаа хийлгээд ир гэсэн. Тэгээд миний бие Улаанбаатар хот явж тамганы үйлдвэр дээр очин захиалга өгөхөд тамганы үйлдвэрийн мэргэжилтэн нэрийг нь шүүж үзье гэсэн. Ингээд шалгатал “Б” гэсэн нэртэй компани Өвөрхангай аймагт байсан учраас намайг нэрээ өөрчил гэсний дагуу “Б” ХХК болгон өөрчилж шалгуулаад давхардаагүй тул тамгаа хийлгэж ирсэн юм. “Б” ХХК-ийн тамгыг авчраад аймгийн татварын хэлтэст бүртгүүлэн ********* тоот бүртгэлийн гэрчилгээ авсан. Компанийн нэрийг өөрчилсөн тухайгаа хэлэхэд тамга, гэрчилгээ дээр “Б” ХХК гэсэн байгаа тул өгсөн материалыг солих шаардлагагүй гэсэн. Иймд үндсэн хөрөнгөө бүртгүүл гэсний дагуу ******* улсын дугаартай микро автобусаа бүртгүүлж 6.000.000 төгрөгийн үнэлгээтэйгээр бүртгүүлсэн. Уг компани нь анх үүсгэн байгуулагдахдаа 4 төрлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэйгөөр 1 гишүүнчлэлтэй, хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан. Тухайн үед бүртгүүлсэн микро автобус нь миний эзэмшлийн өмч бөгөөд одоог хүртэл бүртгэлтэй байгаа юм. Тухайн үед миний бие Архангай аймгийн Авто тээврийн албаны даргын албан тушаалыг эрхэлдэг байсан учраас “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Р.Б-ыг томилон компанийн үйл ажиллагааг явуулж байх эрхийг олгосон. Түүнээс биш Р.Б-т “Б” ХХК-ийг шилжүүлээгүй, шилжүүлэх зөвшөөрөл хүсэлт гаргаагүй, цаашид ч гаргахгүй болно. Тухайн үед татварын хэлтсээс тайлан гаргах мэргэжилтэн шаардлагатай гэсний дагуу гишүүнчлэлийг 3 болгон өөрчилж Р.Б-, Ж.Б нарыг нэмж бүртгүүлэн “Б” ХХК-ийн захирлаар Д.Ж- намайг сонгож улсын бүртгэлийн хэлтэст 2007 онд бүртгүүлэн баталгаажуулсан болно. Р.Б-ыг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр байгаа боловч уг компанийг бүрэн төлөөлж чадахгүй байсан учраас түүнийг гишүүнчлэлээр нэмж бүргүүлсэн. Энэ үйл явдлыг Р.Б- нь маш сайн мэдэж байгаа бөгөөд өөрөө бүх үйл явцад оролцож саналаа өгч байсан болно. Үүнээс хойш Р.Б- нь “Б” ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулж эрхэлсээр одоог хүрсэн. Миний бие аймгийн авто тээврийн төвд байцаагчаар ажиллаж байтал Авлигатай тэмцэх газарт Р.Б- нь гомдол гаргаж шалгуулж 2022 оны 3 дугаар сарын 14-нд өөрийн үүсгэн байгуулсан “Б” ХХК-ийн ажлыг шалгаж, гэрээ дүгнэх, зөвлөн туслах үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа өөрийн компанийн тамга, гэрчилгээг Р.Б-аас авах гэтэл өгөхгүй гээд одоог хүртэл хуулийн байгууллагуудаар шалгуулж, компаниа удирдах үйл ажиллагаа явуулах эрхийг минь хааж боогдуулж байна. “Б” ХХК нь миний өөрийн үүсгэн байгуулсан компани  бөгөөд хууль ёсны дүрэм журмыг баримтлан нотариатаар баталгаажуулж бүртгүүлсэн ба уг компанийг бусдад шилжүүлэх талаар миний бие улсын бүртгэлийн хэлтэст зөвшөөрөл өгөөгүй. Иймд Р.Б-ын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд улсын бүртгэлийн сангаас лавлагаа авахад Д.Ж- миний эзэмшлийн компани болох нь бүрэн тогтоогдож байна гэжээ.

6. Гуравдагч этгээд Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх байгуулахдаа энийг хязгаарлагдмал хариуцлагатай, нэг хүний гишүүнчлэлтэй **** АРА гэсэн миний микро автобустай 6 мянган төгрөгийн үндсэн хөрөнгийн хамт байгуулсан. Гүйцэтгэх захирлаар Ж гэдэг хүнийг томилсон тогтоол нь байгаа. 2011 онд энэ хүн анх надад мэдэгдэлгүйгээр гэрчилгээний ар тал дээр Ж.В гэдэг хүмүүстэй хуйвалдаж гэрчилгээнд өөрчлөлт оруулсныг би зөвшөөрөхгүй байгаа. Анх үүсгэн байгуулагчийн гаргасан шийдвэр юу вэ гэхээр гарын үсэггүйгээр гүйцэтгэх захирал нь ерөнхий захирлыг чөлөөлдөг. Үүнийг Р.Б- өөрөө үйлдсэн. Тэр үед би Архангай аймагт байсан, өөр тийшээ явсан учраас гэдэг ч би өөр тийшээ яваагүй гэв.

7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. “Б” ХХК-ийн 2006 онд анх үүсгэн байгуулагдаад дараад нь 2011 онд бас шинээр үүсгэн байгуулагдаж байгаа юм шиг ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа. “Б” хувьцаат компанийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагдах хурлын тогтоолын 1 дүгээрт нь юу гэж заасан бэ гэхээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зорчигч тээвэр, аялал жуулчлал, автомашин засвар үйлчилгээ, худалдаа үйлчилгээний чи чиглэлээр “Б” хувьцаат компанийг 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байгуулсугай гэсэн байна. Мөн 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” хувьцаат компанийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолын 1 дүгээрт нь 2006 оны тогтоолд дурдсан энэ чиглэлүүдээрээ “Б” хувьцаат компанийг 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс мөн эхлэн байгуулсугай гэсэн байна. Энэ 2 нөхцөл байдлыг харахаар нэхэмжлэгч Р.Б гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага нэг болохоор 2006 онд “Б” хувьцаат компани шинээр үүсгэн байгуулаад 2011 онд дахиад шинээр үүсгэн байгуулсан ийм нөхцөл байдал харагдаад байгаа. Нэхэмжлэгч талаас тайлбарлаад байгаа тайлбаруудыг харахаар 2006 онд “Б” компанийг байгуулаад 2011 онд өөрчлөн байгуулагдсан. Дүрмийн сангийн хэмжээ өөрчлөгдсөн, гишүүдийнх нь тоо нэмэгдсэн гэж тайлбарлаад байгаа боловч хэрэгт өгөөд байгаа энэ дүрэм болон тогтоолуудыг нь харахаар 2011 онд ч гэсэн мөн адил шинээр үүсгэн байгуулагдсан нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Энэ тохиолдолд улсын бүртгэлийн зүгээс 2006 онд “Б” хувьцаат компанийн шинээр үүсгэн байгуулагдсан гэж үзэх үү 2011 онд үүсгэн байгуулагдсан гэж үзэх үү гэдэг нь эргэлзээтэй. Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлага нь 2006 оны үүсгэн байгуулагдсан дүрэм тогтоол 2011 онд үүсгэн байгуулагдсан дүрэм тогтоол энэ хоёрыгоо хоёуланг нь бүртгүүлэхийг улсын бүртгэлд даалгана гээд байгаа юм. Үүнээс гадна 2006 онд “Б” хувьцаат компанийг нэхэмжлэгч миний бие байгуулсан л гэж үздэг. Гэтэл энэ дүрэм тогтоолыг харахаар зөвхөн Р.Б-ын гарын үсэг байдаг. Яг тухайн тэр хавтаст хэрэгт авагдсан 2006 оны баримтуудаар тухайн цаг хугацаанд “Б” хувьцаат компанийг Р.Б- байгуулсан юм уу гэдэг нөхцөл байдал бас эргэлзээтэй. Үүнээс гадна 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” хувьцаат компанийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолын 3-д нь Улсын бүртгэлийн албанд бүртгүүлж гэрчилгээ авахыг “Б” хувьцаат компанийн захирал Р.Б-т зөвшөөрсүгэй гэсэн байгаа. Эндээс харахаар Р.Б- нь анхнаасаа тус компанийн гүйцэтгэх захирал байсан гэдэг нөхцөл байдал харагддаг. Улсын бүртгэлээс ирүүлсэн лавлагаа, албан бичиг мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ч гэсэн үүсгэн байгуулагч нь Д.Ж, гүйцэтгэх захирал нь Р.Б- гэдэг нөхцөл байдал  хангалттай тогтоогдож байгаа. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар компанийн эрх барих дээд байгууллагад хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж заасан байгаа. 59.2-т нь нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдлаар яах вэ гэхээр нэгэнт л Д.Ж- бас компанийн хувьцаа эзэмшигч байгаа тохиолдолд компанийг өөрчлөн байгуулж байгаа ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулж байгаа. Энэ нөхцөл байдалд бүх холбогдох баримт бичиг, зөвшөөрлийг бол Д.Ж болон улсын бүртгэлд ч гэсэн тухайн холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэхдээ энэ хувьцаа эзэмшигчдийнх нь хурал буюу компанийн эрх барих дээд байгууллагаас ямар нэгэн зөвшөөрөл олгосон юм уу гэдэг нөхцөл байдлыг мөн харгалзан үзсэний үндсэн дээр мөн холбогдох өөрчлөлтүүдийг хийгээд явах ёстой. Мөн Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д дараах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар нэхэмжлэгч нар хийсэн байгаа. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа асуудал, мөн компанийн дүрмийн шинэчилсэн найруулга компани өөрчлөн байгуулж байгаа энэ тохиолдолд бол хувьцаа эзэмшигчдийн хурал буюу хувьцаа эзэмшигчдийн хуралд байхгүй нэг хувьцаа эзэмшигчтэй тохиолдолд хувьцаа эзэмшигчийнхээ зөвшөөрлөөр дараах үйл ажиллагааг явуулдаг. Д.Ж- зөвшөөрөөгүй байгаа тохиолдолд 2006 онд ч юм уу, эсвэл 2011 онд шинээр “Б” хувьцаат компанийг өөрчлөн байгуулаад захирлаар нь Р.Б гэдэг хүн бүртгээд явах ямар ч боломжгүй. Үүнээс гадна “Б” хувьцаат компани гэдэг компани байгуулагдсан байгаа. Холбогдох улсын бүртгэлийн архивд байгаа баримт бичгүүд нь “Б” гэдгээр байгаа гэж тайлбарлаж байна. “Б” компанийн хурлын тогтоол өгчхөөд “Б” ХХК-иар бүртгэчихлээ. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд зааснаар энэ улсын бүртгэгчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ тохиолдолд улсын бүртгэгч энэ үйлдлийг илт хууль бус гэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасныг үзэх боломжгүй. Яагаад гэхээр тухайн компанийн нэрийн л зөрөө байгаа. Д.Ж- хүсэлтээ өгөөд ч юм уу улсын бүртгэгчдээ өгөөд энэ алдааг засах боломж байгаа. Энэ алдааг засах, залруулах боломжтой тохиолдолд тухайн захиргааны актыг илт хууль бус гэж үзэж болохгүй. Тэгэхээр зөвхөн “Б” гэдэг компанийг “Б” гэдэг энэ 4 тогтоолоор бүртгэчихсэн байна гэдэг үндэслэлээр илт хууль бус болох боломжгүй. “Б” ХХК нь бүртгүүлэх үед өөр аймагт үйл ажиллагаагаа явуулж байсан. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад тухайн энэ улсын гүйцэтгэгчийн бүртгэсэн  байгаа архивд байгаа баримтыг залруулаад өөр баримт бичгээр солиулах боломж байна уу гэхээр бүрэн боломж байгаа. Энэ тохиолдолд илт хууль бус нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болоод нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Гуравдагч этгээд Д.Ж- шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Д.Ж- миний бие “Б” ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулж, компаниа өөрөө татварын хэлтэст бүртгүүлэн 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ********* тоот улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Уг улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүдийн тоо нэг буюу Д.Ж- миний бие ганцаараа үүсгэн байгуулснаар тодорхой бичигдсэн. Тус компанийг Д.Ж- миний бие 100 хувь ганцаараа эзэмшиж байгаа. Тухайн үед миний бие “Б” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа 6.000 төгрөгийн үнийн дүн бүхий өөрийн өмчлөлийн **** АРА улсын дугаартай микро автобусыг бүртгүүлж, Р.Б-ыг 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилж байсан. Түүнээс хойш Р.Б- нь гүйцэтгэх захирлын ажлаа хийж, гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь манай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Р овогтой Б-ыг захирлаар томилсныг, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр “Б ХХК-ийн үүсгэн байгуулагчдын тоо 7 болж дүрмийн сангийн хэмжээ нэмэгдсэнийг  тус тус бүртгэж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт  оруулсанд миний бие маш их гомдолтой байна. Учир нь “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Ж- миний бие Р.Б-ыг “Б” ХХК-ийн захирлаар томилохыг, үүсгэн байгуулагчдын тоо болон дүрмийн сангийн хэмжээ нэмэгдсэн талаар огт мэдээгүй, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад миний гарын үсэг бүхий ямар ч баримт бичиггүйгээр бүртгэл хийж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, дээрх хууль бус бүртгэлээс болж миний компанийнхаа үйл ажиллагаанд оролцох, мэдээллээр хангуулах, компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрхүүд хязгаарлагдаж, зөрчигдсөнөөс гадна санхүү, эдийн засгийн олон хохирол амссан. Үүнээс гадна Улсын бүртгэлийн мэдээллийн санд Р.Б-ыг “Б” ХХК-ийн захирал гэх ямар ч баримт, мэдээлэл байхгүй, одоог хүртэл Р.Б- гүйцэтгэх захирлаараа. “Б” ХХК-ийн дүрмийн сангийн хэмжээ 6.000 төгрөг хэвээрээ байхад ямар баримт бичгийг үндэслэн бүртгэл хийсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байна. Иймд ********* регистрийн дугаартай, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Р овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

9. Гуравдагч этгээд Д.Ж бие даасан шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Б” ХХК-ийн **** гэсэн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ 2011 оны 11 сарын 15-ны өдөр 10 дугаартай Б-ыг захирлаар томилсон. 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн үүсгэн байгуулагчдын тоо 7 болж, дүрмийн сангийн хэмжээ 210 мянгаар нэмэгдэж 216 мянга мянган төгрөг болсон. Энэ нь хууль бус юм. Яагаад гэхээр 2006 онд энэ компанийг үүсгэн байгуулаад нэг хүнийг хязгаарлагдмал хариуцлагатай компаниар одоог хүртэл явж байгаа учраас шинээр компани байгуулж байгаа юм бол нэрийг нь давхардуулахгүйгээр компани байгуулаад явах байсан байх. Тийм учраас хууль бус гэж үзэж байна. Яагаад гэхээр 2006 оны тэр дүрмийн сан, хурлын тогтоолд гүйцэтгэх захирлаар томилсон байна. Өмнө нь байгуулчихсан компани дахиж байгуулна гэж юу байхав, би уг компанийг үүсгэн байгуулчихсан 100% хувьцаа эзэмшигч хамтын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн хуулийн этгээдийн дүрмийн санг нь өөрчлөх ямар нэгэн чиглэлийг нэмэх эрх байхгүй. Тийм учраас энэ нь үндэслэлгүй байна. 2007 оны 3 сард би энэ компанийн захирал гэдэг нь  гэрчилгээний ар дээр бичигдсэн байгаа. Энэ дагуу гэрчилгээг нь гаргаж өгөөч ээ гэдэг хүсэлтийг л гаргаж байгаа гэв.

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Б гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн хувьд бие даасан шаардлага гаргасан байгаа.  “Б” хувьцаат компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Р овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв. 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн үүсгэн байгуулагчдын тоо 7 болж, дүрмийн сангийн хэмжээ 210-аар нэмэгдэж 216 мянган төгрөг болж өөрчлөгдсөнийг бүртгэв гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Гуравдагч этгээд талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.1.6 буюу иргэн, хуулийн этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлт гаргасан. Тухайн “Б” хувьцаат компанийн анх үүсгэн байгуулахад хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар Ж гэдэг хүн анх бүртгэгдсэн байгаа. Одоо хүртэл цахим мэдээллийн санд үүсгэн байгуулагч нь Ж, гүйцэтгэх захирлаар Б гуай гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хариу тайлбар ч гэсэн ийм нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэтэл яасан бэ гэхээр тухайн компанийг үүсгэн байгуулсан захирал Б гэдэг хүн зөвшөөрөл авахгүйгээр “Б” хувьцаат компанийн захирлаар Б гэдэг хүнийг солиод дүрмийн сангийн хэмжээг нь өөрчлүүлээд, мөн гишүүдийнх нь тоо, үүсгэн байгуулагчдын тоо 7 болж өөрчлөгдсөн гэх байдлаар улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан байгаа. Захирлаас нь буюу хувьцаа эзэмшигчээс ямар ч зөвшөөрөл аваагүйгээр хийж байгаа үйлдэл нь өөрөө тухайн иргэн, хуулийн этгээдийн эрхэд халдах ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй, ихэвчлэн зөрчсөн ийм үйлдэл байгаа. Өөрөөр хэлбэл компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т зааснаар компанийн энэ хувь хөрөнгийн хэмжээг өөрчлөлт оруулах тохиолдолд зөвхөн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрт үндэслэнэ гэсэн байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь нэг гишүүнтэй байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхийг өөрөө хэрэгжүүлдэг. Мөн компани нь өөрчлөн байгуулагдаж байгаа, дүрэм нь ч гэсэн өөрчлөгдөж байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар орж тухайн асуудлуудыг шийдвэрлэх ёстой байгаа. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх эрх хэмжээтэй асуудлыг бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлээгүй. Зөвхөн гүйцэтгэх захирал нь эрх хэмжээний хүрээнд баримт бичиг гаргаад Улсын бүртгэлийн хэлтэст өгчихдөг. Тухайн улсын бүртгэлийн хэлтэс нь тэр зөвхөн өгсөн баримтуудыг нь яг энэ хураангуй нэмэлт өөрчлөлт хийчхэж байгаа. Энэ нөхцөл байдал өөрөө хууль бус байгаа. Архивд ямар ч цаасан болон бичгийн баримтууд байдаггүй. Улсын бүртгэлийн хэлтэст нотлох баримтаар гаргаж өгсөн “Б” хувьцаат компанийн 6 гарын үсэгтэй баримтад тухайн тэр хувьцаа эзэмшигчдийнх нь хурлын зөвшөөрөл ч юм уу, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гэсэн хавсралтад нь тийм баримт юу ч хавсаргаж өгөөгүй байхад зөвхөн өгсөн баримтынх нь хүрээнд та захирал нь болсон юм уу, та захирлаар өөрчлөгдсөн юм уу, дүрмийн сангийн хэмжээнд 7 болж өөрчлөгдсөн юм байна гээд өгсөн баримтынх нь хэмжээнд шаардлага тавихгүйгээр бүртгэж байгаа үйлдэл нь өөрөө илт хууль бус байгаа. Энэ нь Ж-ы эрх ашигт шууд халдсан үйлдэл байгаа учраас шүүхээс илт хууль бус болохыг тогтоож өгөөч ээ, нэхэмжлэлийн шаардлагыг бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Үүнээс шалтгаалаад Ж- тухайн компанийн захирал байж эрх хэмжээгээ хэрэгжүүлэх боломжгүй, эрх ашиг нь зөрчигдөөд байгаа учраас эрхээ хамгаалуулахаар бие даасан шаардлага гаргасан байгаа гэв.

11. Нэхэмжлэгч “Б” ХХК гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: “ ... Архангай аймагт Авто тээврийн газар шинээр байгуулагдахад тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан. Архангай Улаанбаатарын чиглэлд хувиараа зорчигч тээврийн үйл ажиллагаа явуулж байсан жолооч нартай хамтран 2006 онд “Б” ХХК-г байгуулан ажиллахаар болсон юм. Анх 2006 онд “Б” ХХК-ийг үүсгэн байгуулах санаачилгыг миний бие Р.Б-, А.Б, Р.Д, Ч.Ё, Д.Ж, нартай хамтран компани байгуулах саналтай байгаагаа тухайн үеийн Авто тээврийн төвийн дарга Д.Ж-д танилцуулахад бололгүй яах вэ гэж хэлэхээр Р.Б- миний бие санаа шулуудаж ... Архангай аймгийн Татварын хэлтсээр хөөцөлдөж байж 2006 оны 5 дугаар сарын 5-ны өдөр “Б”ХХК байгуулах хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулах хуудас №********* хуудас бөглөж Архангай аймгийн Татварын хэлтэс буюу бүртгэх эрх бүхий байгууллагаас “Б” ХХК гэсэн хуулийн этгээдийн нэрийг миний бие авсан. Ингээд нэлээд хэд хоногийн дараа Үндэсний Татварын албанд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг үүсгэн байгуулагчийн хувьд миний бие гаргаад завгүй сууж байхад тухайн үеийн Авто тээврийн газрын дарга Д.Ж- дарга манай өрөөнд орж ирээд надад ... Та ажил ихтэй байгаа юм байна, “Б” ХХК байгуулах бичиг баримтыг нь би бүрдүүлж өгье гэж хэлээд миний бичиг баримт, жолооч нарын нэрс, машины гэрчилгээг өгч дүрмийн санг байгуулахаар микро бус маркийн **** УБВ улсын дугаартай машиныг 6 сая төгрөгөөр үнэлүүлэхээр өгч дарга Д.Ж-д Архангай аймгийн Татварын хэлтэст бүртгүүлэхээр өгч явуулсан юм. Гэтэл нэхэмжлэгч Д.Ж- нь Архангай аймгийн Татварын хэлтэст 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр миний үүсгэн байгуулж буй “Б” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ, “Б” ХХК-ны үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол,”Б” ХХК-ны дүрэм гэгчийг 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бичиж хувилан аймгийн Татварын хэлтэст хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагчаар Д.Ж- гэж өөрийн нэр дээр, бүртгүүлэхээс гадна дүрмийн сан байгуулахаар өгсөн миний машиныг оруулаагүй өөрийнхөө микро бус маркийн **** ара улсын дугаартай машиныг бүртгүүлсэн ... энэ байдлууд нь намайг эртнээс хуурч мэхлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал олгож, намайг хуурч мэхлэн бүртгүүлэн, “Б” ХХК-ны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулан авсныг би сүүлд нь хожуу 2022 оны 4 сард мэдсэн юм. 2011 оны 10 дугаар сарын 15 өдөр “Б” ХХК-ны үүсгэн байгуулагчдын хурал хуралдаж, тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Компанийн тухай” хуулийн зүйл заалтад нийцүүлэн “Б” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын гишүүдийн тоог болон хувьцаа эзэмшигчдийн тоог 7 /долоо/ болгон өөрчлөн нэмэгдүүлж, дүрмийн санг 216 000 000 /хоёр зуун арван зургаан сая / төгрөг болгон нэмэгдүүлж, улсын бүртгэлд би 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр бүртгүүлэн хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжин өдөрт явах цагуудын давтамжийг нэмэгдүүлэн манай “Б” ХХК нь 7 хоногийн 14 цагт хот хооронд зорчигч тээвэрлэх 2 өдөр, 19 цагийн 6 өдрийг Авто тээврийн үндэсний төв олгож үйл ажиллагаа өргөжин тэлсэн юм. Одоо манай “Б” ХХК нь нийт 30 гаран гишүүд, ажилчидтай тул тэдний хууль ёсны эрх, эрх ашиг хөндөгдөж байна гэжээ.

12. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Р.Б гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хурлын дүрэм, тогтоолоо Ж.В-д өгсөн. Өмнө шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байгаа гэв.

13. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: “Б” ХХК нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Татварын хэлтэст бүртгүүлж, анх үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын хувийн хэрэг нотлох баримтад Д.Ж-ы гарын үсгээр баталгаажсан “Б” ХХК нэртэй дүрэм, үүсгэн байгуулах тогтоол, Р.Б-ын нэр, регистрийн дугаараар олгосон “Б” ХХК-ийн оноосон нэрийн баталгааны хуудас, татварт бүртгүүлсэн **** маягт, тэмдэгтийн хураамж төлсөн 2 баримт байна. 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар улсын бүртгэлийн гэрчилгээнд Р.Б-ыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл хийгдээгүй байна гэжээ.

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас тайлбараа бичгээр гаргаж өгсөн. Ерөнхийдөө 2010 болоод 2011 оны тэр шийдвэр тогтоолууд гэрч Ж.В-ын бүртгэсэн гэх цаасан нотлох баримтууд нь байхгүй байгаа учраас одоо бүртгэж чадахгүй байна гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаарсан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд

1.1. “Б” ХХК-иас тус компанийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрэм зэргийг бүргүүлэхээр Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, тус хэлтсээс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 719 дүгээр албан бичгээр татгалзсан хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 18-19)

1.2. Улмаар дээрх асуудлаар 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, тус газраас 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 7/5736 дугаар албан бичгээр маргаантай асуудлаа шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн байгууллагад хандах талаар хариу ирүүлжээ.(1 дүгээр хавтаст хэргийн 20-22 дахь тал)

1.3. Ийнхүү нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2022 оны 7 дугаар  сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан шаардлагыг хангасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан байх тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д.Ж- нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал)

2. Уг хэргийн маргааны үйл баримтыг дурдахад

2.1. “Б” ХХК нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд зорчигч тээврийн үйлчилгээний үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэл бүхий 1 хүний үүсгэн байгуулсан компани байна. (1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал)

2.2. Иргэн Д.Ж- нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн “Б” ХХК-ийг үүсгэн байгуулж №1 дугаартай тогтоол гаргаж, уг тогтоолыг 2 дахь заалтаар тус компанийн гүйцэтгэх захирлаар Р.Б-ыг томилж, уг компанийг Улсын бүртгэлийн албанд бүргүүлж гэрчилгээ авахыг захирал Р.Б-д зөвшөөрч байжээ.

2.3. Мөн Д.Ж- нь 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай “Б” ХХК-ийн дүрмийг баталж, хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл гаргаж, аж ахуй нэгжийн гишүүний анкетыг бөглөж, “Б” ХХК нь тус аймгийн Хаан банкинд ************* данстай гэх тэмдэглэл хийжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 58, 74-75, 78, 81, 87 дахь тал)

2.4. Иргэн Р.Б нь “Б” ХХК-ийг үүсгэн байгуулах №01 дугаартай тогтоол, компанийн дүрмийг баталж, 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний татварын албанд “Б” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргаж, аж ахуй нэгжийн гишүүний анкет бөглөж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 76-77, 80 дахь тал)

2.5. Үүнээс хойш Архангай аймгийн “Б” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн №2 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагч Д.Ж-, Р.Б-, Ж.Б нар нь  “Б” ХХК-ийн захирлаар Д.Ж-ыг томилж, “Б” ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулж, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 59 дэх тал)

2.6. Улмаар Архангай аймгийн “Б” ХХК-ийг үүсгэн байгуулагчдын хурлын 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №01 дүгээр тогтоолоор үүсгэн байгуулагч болох Р.Б-, О.Г, Р.Д, Д.Ж, Д.Ё, А.Б, Д.Э нар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт зорчигч тээвэр, аялал жуулчлал, техникийн засвар, худалдаа эрхлэх чиглэлээр “Б” ХХК-ийг 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байгуулж, компанийн захирлаар Р.Б-ыг томилж, компанийг улсын бүртгэлийн албанд бүртгүүлж гэрчилгээ, эрх авахыг “Б” ХХК-ийн захиралд зөвшөөрсөн талаарх баримтууд хэрэгт авагдсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал)

2.7. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа”-нд хуулийн этгээдийн регистрийн дугаар: РД:******, оноосон нэр: “Б” ХХК, хуулийн этгээдийн хэлбэр: Хязгаарлагдмал хариуцлагатай компани, үүсгэн байгуулсан гишүүний тоо 1, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл, үүсгэн байгуулагчийн мэдээлэл: 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн, иргэний бүртгэлийн ************** дугаартай, Д Ж, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл Р Б, 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс захирал гэж тус тус бүртгэгджээ.(1 дүгээр хавтаст хэргийн 206 дахь тал)

2.8. Уг хэрэгт нэхэмжлэгч “Б” ХХК-иас “ ... тухайн үед Авто тээврийн дарга байсан Д.Ж- нь Архангай аймгийн Татварын хэлтэст 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр миний үүсгэн байгуулж буй “Б” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ, миний өгч явуулсан “Б”ХХК-ны дүрэм, үүсгэн байгуулагчийн тогтоол хоёрыг өгөлгүй, түүний оронд “Б” ХХК-ны үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, ”Б” ХХК-ны дүрэм гэгчийг 2006 оны 5 дугаар сарын 15 өдөр бичиж хувилан аймгийн Татварын хэлтэст хувьцаа эзэмшигч болон үүсгэн байгуулагчаар Д.Ж гэж өөрийн нэр дээр, бүртгүүлэхээс гадна дүрмийн сан байгуулахаар өгсөн миний микро бус маркийн **** УБВ машиныг оруулаагүй өөрийнхөө микро бус маркийн **** ара улсын дугаартай машиныг бүртгүүлсэн байсныг саяхан буюу Ж-ыг миний үүсгэн байгуулсан компани гэж маргаан гаргахаар нь Архангай аймгийн улсын бүртгэл дээр очиж шүүлгэж үзээд мэдлээ ...” гэж;

2.9. Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс “ ... Улсын бүртгэлийн мэдээллийн санд 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Д.Ж бүртгэлтэй байх тул үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарын үсэг зурагдаагүй шийдвэр, тогтоолыг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй ...” гэж;

2.10. Гуравдагч этгээд Д.Ж-аас: “ ... миний бие “Б” ХХК-ийг 2006 онд үүсгэн байгуулж материалыг аймгийн татварын хэлтэст нотариатаар баталгаажуулан өгсөн юм. Татварын хэлтсийн байцаагч Ц гэх хүн тамгаа хийлгээд ир гэсэн. Тэгээд миний бие Улаанбаатар хотруу явж тамганы үйлдвэр дээр очин захиалга өгөхөд тамганы үйлдвэрийн мэргэжилтэн нэрийг нь шүүж үзье гэсэн. Ингээд шалгатал “Б” гэсэн нэртэй компани Өвөрхангай аймагт байсан учир намайг нэрээ өөрчил гэсний дагуу “Б” ХХК болгож өөрчилж шалгуултал давхцаагүй тул тамга хийлгэж ирсэн юм. “Б” ХХК-ийн тамгыг авчихаад аймгийн татварын хэлтэст бүртгүүлэн ********* дугаартай бүртгэлийн гэрчилгээ авсан. Компанийн нэрийг өөрчилсөн тухайгаа хэлэхэд тамга, гэрчилгээ дээр “Б” ХХК гэсэн байгаа тул миний өгсөн материалыг солих шаардлагагүй гэсэн. Ингээд үндсэн хөрөнгөө бүртгүүл гэсний дагуу ******* улсын дугаартай микро автобусаа бүртгүүлж, 6.000.000 төгрөгийн үнэлгээтэйгээр бүргүүлсэн ...” гэж тус тус тайлбарлаж байна.

2.11. Дээрх тайлбартай холбогдуулан, гэрч Р.Д шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Б-, Р.Д, А.Б, Ч.Ё, Д.Ж, Д.Э нар ... манай компани 2011 онд үүсгэн байгуулагдсан ... би 2011 онд өөрсдөө байгуулсан тухайн үед Р.Б- гэж хүнд бүгдийг даатгаад, үүсгэн байгуулахдаа 6.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, бид нар тус тусдаа 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 4 автобус худалдаж авч байсан ...” гэж;

2.12. Гэрч А.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... 2011 онд бид нар өөр өөрсдөө хөрөнгө босгоод “Б” ХХК-ийн дүрмийн санг байгуулсан ... ер нь алсдаа аймагтаа татвар, түрээсийн мөнгийг Архангай аймагтаа оруулахын тулд компани байгуулах талаар тэр үеэс ярилцаж эхэлсэн ...” гэж,

2.13. Гэрч Ц.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... компанийн дүрмээ 2006 оны үед авж байсан байх, тэр талаар сайн санахгүй байна, тухайн үед би Р.Б-тай хамт явж компанийн дүрмээ бүртгүүлж, татварын газарт очиж бүртгүүлж байсан. Тэр үед Д.Ж- гэж хүн энэ компанийг үүсгэн байгуулахад байгаагүй, ямар ч оролцсон зүйл байхгүй ... 2011 онд би байгаагүй, хөдөө байсан ...” гэж,

2.14. Гэрч Ж.Б шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... үүсгэн байгуулах хурал болсон талаар сайн мэдэхгүй байна. Бид 3 сууж байгаад Д.Ж- гэж хүн би Тээврийн албаны дарга болохоор “Б” ХХК гэсэн компанитай байж болохгүй байна. Иймд Р.Б- ахыг гүйцэтгэх захирлаар томилъё, намайг болохоор гишүүнээр оруулъя гэж ярьсан. Энэ хурал нь үүсгэн байгуулах хурал юм уу үүсгэн байгуулагдсаны дараа болсон хурал юм уу би тэр талаар сайн мэдэхгүй байна. Тус хуралд Д.Ж-, Р.Б-, тэгээд би байсан .... компанийн үүсгэн байгуулагч бол Д.Ж- мөн. Р.Б- ахыг гүйцэтгэх захирлаар томилсон талаар би мэдэж байна. Р.Б- ах бид 2 тухайн үед тээвэр зохицуулагч байсан. Даргаар нь Д.Ж- байсан. Тухайн үед билет бичүүлэх гээд ирэхээр тал хувийн шимтгэл авдаг байсан. Энэ шимтгэл энэ мөнгөнүүдийг нь компани руу шилжүүлж авдаг байсан. Ийм л зорилгоор үүсгэн байгуулсан. Би тус компанид хувь нэмэр өгөх, үүсгэн байгуулах тамга тэмдэг авах гэх мэт зүйлүүдэд оролцоогүй ямар ч байсан гурвуулаа сууж байгаад “Б” ХХК-ийн захирлаар Р.Б- ахыг томилъё, намайг гишүүнээр оруулъя гэсэн талаар мэдэж байна ...” гэж тус тус мэдүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 128-129, 142-147 дахь тал)

2.15. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Б” ХХК нь 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд гаргасан “Б” ХХК-ийн анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Р.Б намайг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын уг хэсгээс татгалзсан тул шүүх тус шаардлагад хамаарах хэргийг тусгаарлан, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно.

2.16. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийг анх хэн, хэрхэн үүсгэн байгуулсан талаарх хэргийн оролцогч нарыг маргаангүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж үзэж энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхгүй болохыг тэмдэглэв.

 

3. Хууль зүйн үндэслэлийн талаар

 

3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3/-т зааснаар иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.

3.2. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.”, 30 дугаар зүйлийн 30.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг иргэн, хуулийн этгээд хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулж болно.”, 34 дүгээр зүйлийн 34.1. дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ.”, 34.2. дахь хэсэгт “Компанийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно.” гэж заасан.

3.3. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.”, 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт “Компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно.”, 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсэгт “Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.”, 12.3. дахь хэсэгт “Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.”, 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэгт “Компани байгуулах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор компанийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад өгнө.”, 15.2. дахь хэсэгт “Компанийг бүртгэхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.” гэжээ.

3.4. Улмаар 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэг Хуулийн этгээдийг дор дурдсан байгууллага /цаашид "бүртгэх байгууллага" гэх/ бүртгэнэ: 7.1.1.-д “нөхөрлөл, компани, ... улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар”, 13 дугаар зүйлийн 17 дугаар зүйлийн 17.4. дэх хэсэгт “Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж өргөдөл гаргагчид улсын бүртгэлийн гэрчилгээ буюу дугаар олгоно.” гэж тус тус зааснаар “Б” ХХК-ийг 2006 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хуулийн этгээдээр бүртгэж, ******** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгон компанийн хувьцаа эзэмшигч, гишүүн, үүсгэн байгуулагчаар Д.Ж бүртгэгдсэн бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид шүүхэд маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1.-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4.-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар уг хэргийн тухайд “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 2006 оны үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, компанийн дүрэм, 2011 оны үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, компанийн дүрмийг бүртгэхээс татгалзсан Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эс үйлдэхүй нь хууль бус эсэхэд шүүх дүгнэлт хийлээ.

3.6. Тодруулбал, энэ хэргийн тухайд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр иргэн Д.Ж- бүртгэлтэй, уг бүртгэл хуулийн хүчин төгөлдөр байна.

3.7. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт “Өргөдөл гаргагч шинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.”, 14.2. дахь хэсэг Өргөдөлд дараах мэдээллийг тусгана: 14.2.5.-д “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээлэл”, 14.2.10.-т “хуулийн этгээдийн хувьд эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл.”, 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэг Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно: 15.1.1.-д “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага”, 15.1.2. дахь хэсэгт “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч”, 15.1.3.-т “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан”, 22 дугаар зүйлийн 22.1. дэх хэсэг Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: 22.1.3.-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл”, 22.1.4.-д “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, 22.1.9.-т “улсын бүртгэлийн гэрчилгээ” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч “Б” ХХК-ийн шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг бүртгэхэд өмнө тус компанийг 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэх тухай Р.Б-ын гаргасан өргөдөл, Архангай Б ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/31 дугаартай Д.Ж-ыг захирлаас чөлөөлсөн тушаал зэрэг баримтууд авагдсан бөгөөд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд иргэн Д.Ж бүртгэлтэй болох нь нотлогдож байна.

            3.8. Иймд дээрх хуулийн этгээдийн бүртгэл, мэдээлэл зөрүүтэй байдлын улмаас  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4. дэх хэсэг Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: 19.4.2.-т “энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3.-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1. дэх хэсэг Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана: 18.1.2.-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэж зааснаар бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            3.9. Иймд дээрх бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэхийг даалгах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

            3.10. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэг Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1.-д “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2.-т “бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3.-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4.-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5.-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6.-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7.-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус захиргааны актын илт хууль бус байх шинжийг хуульчилсан.

            3.11. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Ж” гэж бүртгэсэн нь дээрх хуулийн аль хэсэгт зааснаар илт хууль бус гэж үзсэн болох, улмаар Р.Б-аар залруулан бүртгэхийг даалгах хууль зүйн ямар үндэслэл бий талаар тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2024/01392 дугаар шүүгчийн захирамжаар Р.Б-аас нэхэмжлэгч Д.Ж-д холбогдуулан гаргасан “Б” ХХК-ийн анх үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, өмчлөгчөөр Р.Б-ыг тогтоолгох” сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, дээрх асуудлаар нэхэмжлэгч тухайлан шүүхэд хандах эрх нь нээлттэй.

            3.12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулгаагүй, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Р.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            3.13. Гуравдагч этгээд Д.Ж-ы бие даасан шаардлагын тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж зааснаар “********* регистрийн дугаартай, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Р овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсч, “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Д.Ж миний бие Р.Б-ыг “Б” ХХК-ийн захирлаар томилохыг, үүсгэн байгуулагчийн тоо болон дүрмийн сангийн хэмжээ нэмэгдсэн талаар огт мэдээгүй, үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байхад миний гарын үсэг бүхий ямар ч баримт бичиггүйгээр бүртгэл хийж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ...” гэж тайлбарлаж байна.

            3.14. Дээрх бие даасан шаардлагад холбогдуулан хариуцагчаас “ ... улсын бүртгэлийн гэрчилгээнд Р.Б-ыг гүйцэтгэх захирлаар томилсон, хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн бүртгэл хийгдсэн боловч улсын бүртгэлийн мэдээллийн санд Р.Б-ыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл хийгдээгүй байна” гэх тайлбар ирүүлжээ.

            3.15. Хэрэгт авагдсан “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хэсэгт “2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Р овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Үүсгэн байгуулагчийн тоо 7 болж дүрмийн сангийн хэмжээ 210000,0-р нэмэгдэж 216000,0 мян төгрөг болж өөрчлөгдсөнийг бүртгэв.” гэх тэмдэглэл хийгджээ. Дээрх хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл нь улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

            3.16. Хариуцагчаас дээрх бүртгэлийг хийсэн талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэл хийхдээ тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн Д.Ж хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан эсэхийг шалгаж тодруулаагүй нь 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн  11.5. дахь хэсэг Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна: 11.5.1.-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”, 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 15 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 16.1.2.-т “хуулийн этгээд байгуулах тухай эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 16.1.3.-т “хуулийн этгээдийн дүрэм”, 16.1.4.-т “хуульд заасан бол үүсгэн байгуулах гэрээ”, 17 дугаар зүйлийн 17.1, 22 дугаар зүйлийн 22.1., 22.2. дахь заалтыг тус тус зөрчжээ.

            3.16. Энэ нь 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэг Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: 3.1.4.-т “үнэн зөв, бодитой, ... байх; 3.1.5.-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 3.1.6.-д “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж,  ...” гэж заасан зарчимд нийцээгүй байна.

3.17 Иймд маргаан бүхий дээрх бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.2. дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.”, 47.3. дахь хэсэгт “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.”, 47.4. дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.” гэж зааснаар илт хууль бус байх тул   гуравдагч этгээд Д.Ж-ы бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн гарсан шийдвэрүүд нь илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.6 дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ  нь:

            1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4. дэх хэсгийн 19.4.2., 19.4.3. дах заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1., 18.1.2. дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгэхийг Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Архангай аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн “Б” ХХК-ийн улсын бүртгэлд “Б” ХХК-ийн дүрэм, үүсгэн байгуулагчийн шийдвэрийг бүртгэсэн бүртгэл болон “Б” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд “Хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл болон үүсгэн байгуулагчийн мэдээлэл хэсэгт Д.Ж” гэж бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигч, болон үүсгэн байгуулагч гишүүний мэдээлэл хэсэгт Р.Б-аар залруулан бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.6 дахь заалт, 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4., 3.1.5., 3.1.6. дахь заалт, 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.2. дахь заалтуудыг тус тус баримтлан гуравдагч этгээд Д.Ж-ы бие даасан шаардлагыг хангаж, ********* регистрийн дугаартай, “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Р овогтой Б-ыг захирлаар томилсныг бүртгэв”, 2012 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Үүсгэн байгуулагчдын тоо 7 болж 210000,0-р нэмэгдэж, 216000,0 мян.төг болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн шийдвэрүүдийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс бие даасан шаардлагад төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээдэд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОДОНТУЯА