Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 201/МА2020/00030

 

Д.Тийн нэхэмжлэлтэй, Т.Бад холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 31-ний өдрийн 138/ШШ2020/00885 дугаар шийдвэртэй, Д.Тийн нэхэмжлэлтэй, Т.Бад холбогдох  гэм хорын хохиролд 7 836 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдын гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 9 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т.Бад зодуулж нэг нүд бүрэн хараагүй болж 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар группд орсон. Гэвч нөгөө нүдэндээ нөлөөлж 2017 оны 1 дүгээр сараас 63 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болсон. Т.Б нь дээрх гэмтлийг учруулсан хэргээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгэгдэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээр шийдүүлэн өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Шүүхээс надад 2 194 100 төгрөгийн хохирлыг олгуулж, бусад зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж болно гэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2019 онд 2 194 100 төгрөгийг Б төлсөн. Тэгээд Бтай ярилцаад дахин шүүхдэлцэхгүйгээр 5 сая төгрөг надад өгөхөөр тохиролцсон боловч одоог болтол төлөөгүй. Би зодуулахаасаа өмнө хувиараа мал махны наймаа хийж байнгын орлоготой байсныг Б мэднэ. Зөвхөн 2014 оны орлогыг тооцвол 16 085 000 төгрөг гарч байна. Зодуулснаас хойш хөдөө явж наймаа хийж чадахаа больсон. Зодуулсны дараа хэд хоноод хаван хавдар нь арилах байх гэж бодсон, өвдөөд хатгуулаад байхаар нь үзүүлтэл сохорсон байна гэж хэлсэн. Би анхандаа хүний муу үзээд яахав, хагалгаанд орчихвол хараа орно гэж бодсон. Тэгээд Бад Улаанбаатар хот явж хагалгаанд ор гэсэн, 5-6 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхэд мөнгө олж өгнө гээд өгөөгүй. Миний хувьд эмчилгээний зардлаа бүрдүүлэх гэсээр эмнэлэгт хожуу очиж хугацаа алдснаас хараа орох найдваргүй болсон. ...Зээл авч, бусдад түрээсэлдэг байсан байраа зарж хагалгаанд орсон. Б миний нүдийг өшиглөж сохлоогүй бол би ломбарднаас мөнгө зээлэх, байраа зарж өөрөө орлогогүй болох, хагалгаанд 5 удаа орох зэрэг ийм их асуудлууд гарахгүй байсан. Б нь Монгол Улсын шүүхээр шийдэгдчихээд байхад өөрийгөө хилс хэрэгт гүтгэсэн гэж ярьдаг. Тухайн үед эмч нар нүдийг минь ухаж авах шаардлагатай гэж байсан ч гуйсны эцэст эмч нар зөвлөлдөж гоо сайхныг минь бодож хагалгаа хийсэн. Одоо зүүн талын нүд харанхуй болсон бөгөөд нөгөө нүдний хараа өдөр хоног ирэх тусам муудаж холын хараа 6, ойрын хараа 4 болсон. Миний хувьд Баас болж сэтгэл санаа болон бие махбодын хохирол ихээр амссан. Иймд Баас 2014 оны 11 дүгээр сараас 20-ноос 2015 оны 7 дугаар сарын 23-ныг хүртэлх нөхөн олговор 1 536 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэлх нөхөн олговор 550 000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх нөхөн олговор 770 000 төгрөг, хагалгаанд орохдоо барьцаалан зээлдэх газраас зээлсэн 3 сая төгрөгийн хүү /4 сарын/ 1 200 000 төгрөг, байраа түрээслээд олох байсан орлого 3 780 000 төгрөг, нийт 7 836 000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

Хариуцагч Т.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д.Т нь Т.Б надаас ...нийт 7 066 000 төгрөг нэхэмжилжээ. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч утгагүй зүйл надаас нэхэмжилсэн байна. Д.Т нь намайг нүд сохолсон гэж олон жил эрүүгийн хэрэгт хилсээр гүтгэж 2014 оноос хойш миний үйл тамыг үзэж байна. Би шүүх, цагдаагаар гүтгэгдэн ээрэгдэж байх хооронд хамаг мал хунараа алдаж, амьдрал ахуй хүртэл доошилж хамаг байдгаа малын хулгайч нарт алдаж залхаад Монгол улсын шүүхээс ял хариуцлагыг өршөөлд хамруулж шийдвэрлэсэн болохоор нь шүүхээс тогтоосон мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан. Энэ хүнд би ийм хүнд гэмтэл хохирол учруулаагүй. Иймд Д.Тийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 2 дугаар сард барьцаалан зээлдэх газраас 3 сая төгрөг зээлсэн зээлийн хүү 1 200 000 төгрөг, байраа түрээслэж олдог байсан орлого 3 780 000 төгрөг гэх мэтчилэн нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэмтэл авсан атлаа 7 сарын дараа Бад холбогдуулж гомдол гаргасан. Хэрэг шалгах явцад намайг өшиглөөгүй гэж ярьсан асуудал байдаг, мөн надад 1 сая төгрөг өгөхөөр нь би ингэж хэлчихсэн юм гэхчилэн худлаа ярьсан байдаг. Мал махны наймаа хийдэг, байр түрээслэдэг хүн энэ бүх зүйлээ зарж үрсний дараа үүнийгээ олох гэж цагдаад гомдол гаргасан. Эрүүгийн хэрэгт нэхэмжлээд байгаа мөнгийг авч яваад эмчилгээнд зарцуулсан гэсэн баримтууд байдаггүй. 2015 оны сүүлээр Болор мэлмий гэх эмнэлгээс 1 сая төгрөгийн баримт авчирч өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, байраа зарсан мөнгөөрөө эмчилгээнд орж, тэр мөнгийг Баас нэхэмжилсэн зүйл эрүүгийн хэрэгт байдаггүй. Мөн 3 сая төгрөгийг зээлж хагалгаанд ороод 4 сарын хүүгээр хохирсон гэж нэхэмжилдэг. Дансны хуулга нь тухайн хүний олдог байсан орлогыг нотлохгүй бөгөөд тухайн дансаар орсон, гарсан мөнгийг нотлох баримт юм. Үүнийг энэ хүний орлого гэж ойлгож болохгүй. Барьцаалан зээлдэх газраас 3 сая төгрөг авсан гэрээ хэлцэл гээд баримт хэрэгт хавсаргаж өгсөн байна. Энэ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ мөнгийг зээлж аваад юунд ч зарцуулах боломжтой. Хагалгааны зардалд энэ мөнгө зарцуулагдсан гэдгийг нотлох ямар ч нотолгоо байхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлох үүрэгтэй. Мөн олох ёстой байсан орлогын хувьд тухайн орон сууцыг бусдад түрээслэж насан туршдаа орлого олох байсан мэтээр ярьж байгаа боловч бусдад түрээслээд 3 780 000 төгрөг олох байсан гэдгээ бүрэн дүүрэн нотлож чадахгүй байна. Нэхэмжлэгч нь 7 сард зарсан гэж байгаа боловч 4 сард зарсан гэдэг лавлагаа гарч ирж байна. Тухайн хүний нүдийг гэмтээсэн үйл баримттай эдгээр гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагууд огт авцалдахгүй байгаагаас гадна эдгээр хохирлыг хариуцагч Т.Баас гаргуулах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 31-ний өдрийн 138/ШШ2020/00885 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Баас гэм хорын хохиролд 2 856 000 /хоёр сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 980 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Баас улсын тэмдэгтийн хураамжид 60 646 төгрөг гаргуулж төсвийн орлого болгож, шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Т.Б нь хэлэхдээ “Д.Т гэгч нь намайг бүтэн 4 жил гэмт хэрэгт гүтгэж, араас их төлбөр мөнгө нэхэж, асар олон жил эрүүгийн хэрэгт хилсээр гүтгэж 2014 оноос хойш одоог хүртэл миний амар заяаг үзүүлэхгүй шүүх цагдаагийн хаалга татуулсаар өдий хүрч байна. Энэ шалгагдах явцад хичнээн ч удаа шүүх урал болов. Хэдэн ч удаа мөрдөн байцаалтад буцав. Энэ хооронд би гэм буруугүй гэдэг нь тодорхой болж цагаатгагдаж ч үзсэн. Ингэж гүтгэгдэж явах хооронд хамаг мал эд хөрөнгөө малын хулгайчдын гарт алдаж залхаад 2018 оны 10 сарын 10-ны өдөр тус аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээлийг минь нөмрүүлчихгүйхэн шиг торгох ял өгөөд өршөөлд хамруулж шийдсэнийг би хэргийг минь хэрэгсэхгүй болгочихсон гэж ойлгоод тэр шийдвэрт гомдол гаргаагүй орхисон нь миний буруу болж байгаа юм шиг байна. Намайг хилсдүүлсэн, үнэн мөн нь хэзээ нэгэн цагт тодорхой болж л таараа. Би энэ хүний нүдийг огт сохлоогүй. Надад ямар ч буруу байхгүй гэж тайлбарладаг.”

Иймд анхан шатны шүүхээс гаргасан 2 856 000 төгрөг төлж барагдуулах тухай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: “Өргөдөлд бичсэн зүйл бүхэлдээ үндэслэлгүй байна. Харин ч хохирогч бөгөөд нэхэмжлэгч Д.Тийг хохироосон гэм буруугаа хүлээхгүй олон жил хохироон чирэгдүүлж цаг хожиж явсаар зорилгодоо хүрч өршөөлд хамрагдан ял эдлэхгүй өнгөрсөн. Шүүх гэм буруутай болохыг тогтоосон. Тиймээс хохирогч Д.Т өөрт учирсан материаллаг хохирлоо иргэний журмаар нэхэмжилсэн боловч шүүхээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үндэслэлтэйгээр төлөх ёстой төлбөрийн асуудлыг шийдсэн. “Би бие эрхтэн, сэтгэл санаа эд материал, олбол зохих орлогоо олж чадахгүй хохирсон. Өшөө ч энэ хохирол үргэлжилсээр байна. Надад биеэр амсаж буй өдөр тутмын хохирол, эрсдлийг энэ хүн ойлгохгүй л дээ, бараг тавлах биз. Иймд ямар ч хуулийн гадуур юм нэхээгүй, хүнийг гүтгээгүй учир гомдлыг нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Т.Бад холбогдуулан “Гэм хорын хохиролд 7 066 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 770 000  төгрөгөөр нэмэгдүүлж нийт 7 836 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-3, 38 дахь талууд/

Анхан шатны шүүх зохигдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолоор хариуцагч Т.Быг 2014 оны 11 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн нутаг дэвсгэр “Зүүн бүрд” гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн Д.Тийг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсон, энэ гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Д.Тийн зүүн нүд хараагүй болсон үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 17-25 дахь талууд/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболд нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар  давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрт хариуцагч Т.Баас 2 856 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тжхай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 31-ний өдрийн 138/ШШ2020/00885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболдоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                               Ж.ДОЛГОРМАА

                                               З.ЭНХЦЭЦЭГ