Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/10

 

 

С.О, Б.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Шүүгдэгч С.Оын өмгөөлөгч М.Э,

Шүүгдэгч Б.Нийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгч С.О,

Шүүгдэгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/24 дугаар цагаатгах тогтоолыг прокурор Ц.Б эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр С.О, Б.Н нарт холбогдох эрүүгийн 2216001800201 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогтой Б.Н нь 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ... настай, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ............ сумын ........... багийн ... - ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ЧД................. регистрийн дугаартай,

 

Б овогтой С.О нь 19... оны ... дугаар сарын ... -нд төрсөн, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ......... сумын .......... багийн ... - ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ДЛ................. регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч С.О, Б.Н нар нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагаас 21 цаг 15 минутын хооронд Говь-Алтай аймгийн ........... сумын ............... багийн нутаг дэвсгэр ТБС-ын урд талд байх ногоон байрны гадна талд байсан хохирогч Х.Ц эзэмшлийн 1 тооны адууг /даага/ машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Х.Цт 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт буруутгагджээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт С.О, Б овогт Б.Н нарт холбогдох 2216001800201 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.О, Б.Н нарыг цагаатгаж, шүүгдэгч С.О, Б.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди /CD/-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2216001800201 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Б би, Эрүүгийн 2216001800201 дугаартай С.О, Б.Н нарт холбогдох хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/24 дугаартай цагаатгах тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хянаж үзэхэд 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1, 6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл уг хэрэгт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь шууд санаатай шунахай сэдэлттэйгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлдэг. Үүгээрээ бусдын эд хөрөнгийг өөр зорилго, сэдэлтээр нууцаар авах үйлдлээс ялгагддаг. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлдог. Гэхдээ гэмт этгээдийн нууцаар авч байгаа арга нь субьектив ойлголт бөгөөд зарим тохиолдолд хүмүүсийг үл тоомсорлож, тэдний дэргэд хулгайлах тохиолдол байж болдог.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.О, Б.Н нарын хүүхдүүд нь автомашинд дайруулж хөлдөө гэмтэл авсан даагыг эмчлэх саналыг ээж Б.Нт тавьсан байна. Шүүгдэгч Б.Н нь бага эмч сувилагч мэргэжилтэй /яллах дүгнэлтэд бичсэнээр/ бариа хийдэг, харин шүүгдэгч С.О нь лам бөгөөд энэ талаараа шүүхэд мэдүүлж байна.

Шүүгдэгч Б.Н, С.О нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд мэдүүлсэн хоёр хүүхэд “ээж та хүн барьдаг юм чинь энэ унагыг авч яваад эмчилж болохгүй юм уу” гэж хэлэхээр нь үзээд байж байтал Г.А эгч гарч ирээд “энэ унага хашаан дотор явж байдаг юм өнөөдөр ажлаас ирэхэд хөл нь гэмтсэн байна. 1 сар гаруй энэ орчмоор яваад байсан. Эзнийг нь мэдэхгүй байна. Хашаа хороогоор орж гараад баас, шээс цуглуулаад байх юм аваад яваач” гэж хэлэхээр нь үзээд эмчилье гэсэн үүднээс авч явсан. Дайруулаад нялх унага байхаар нь өрөвдөөд эмчилье гэдэг сэтгэлтэйгээр авч явсан болохоос хулгайлъя гэдэг бодлоор авч яваагүй. Уг даагыг эмчлэх зорилгоор авч явсан, хэрэв тэр даага хөлдөө гэмтэл аваагүй бол авч явахгүй байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.А-ийн ...8 сарын эхээр хөлөө дайруулсан юм шиг явж байсан. Ажил тараад хаалгаа цоожлох гэж байхад тэр даага хашаанаас гараад гадаа явж байсан. Тэр даага хөлөө чирсэн явж чадахгүй байхад энэ хоёр хүн ингээд хөлийг нь боовол эдгэж магадгүй гэж яриад байсан. Ачихад нь хамт байгаагүй. Гэрийн хаягаа ............ гэж хэлж байсан. ...Хоёр хүүхэд хамт явж байсан. Эхнэр нь хөлийг нь өргөөд хаандаа гэмтэл авсан байна гэж хэлж байсан. Нөхөр нь эмчилье гэсэн бодолтой байсан. Хулгайлах талаар мэдэхгүй, нөхөр нь хөдөөний гэмээр хүн байсан. Эмчилбэл яах бол гээд эхнэрээсээ асуугаад байсан... гэх мэдүүлэг, хохирогч Х.Ц ...МСҮТ-ийн уурын зуухны урдуур явж байгаад нэг хүнээс асуухад та ачаад зогсож байсан биз дээ гэхээр нь би ачаагүй гэж хэлэхэд цагаан машинтай хүн ачиж байхаар нь таныг гэж бодсон юм гэж хэлэхээр нь машинтай хүн ачаад явсан юм байна гэж бодсон... гэх мэдүүлэг мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг зэргээс дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Н, С.О нар нь уг даагыг шууд санаатай шунахайн сэдэлтээр нууцаар авч явсан болох нь тогтоогдохгүй харин эмчлэх эдгээх зорилгоор авч явсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан ба шүүгдэгч нарын дээрхи нөхцөл байдал буюу даагыг эмчлэх зорилгоор авч явсан, нууцаар авч яваагүй, 2 хүн ачилцаж өгсөн, гэрийнхээ хаягийг А-д хэлсэн болох нь гэрч Г.А, хохирогч Х.Ц нарын мэдүүлэгтэй зөрүүгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцэж байх тул шүүгдэгч нарын мэдүүлгийг нотлох баримтаар тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэрэг мөн эсэхийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдсэн этгээдийн уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу үйлдлээ ухамсарласан эсэх, хүсэл зориг, санаа сэдэл нь ямар байснаас хамаарч гэм буруугийн санаатай болон болгоомжгүй аль хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн эсэхийг эргэлзээгүйгээр тогтоосон байхыг шаарддаг.

Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай шунахайн сэдэлттэй байхыг шаардах бөгөөд үйл явдлын гадаад шинж байдлын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэнд халдсан мэт боловч гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн дотоод сэтгэхүйн хувьд хуульд заасан гэм буруугийн санаатай шинж байхгүй бол гэмт хэрэгт тооцдоггүй. Иймд шүүгдэгч нарын үйлдлээ ухамсарласан байдал болох гэмт хэргийн дотоод талыг түүний илрэн гарах үйлдлийн шинж байдалд дүн шинжилгээ хийх замаар тогтоох нь зүйтэй юм.

Тухайн үйл баримтын хувьд гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлт тогтоогдохгүй үгүйсгэгдэж байх тул шүүгдэгч С.О, Б.Н нарын өмгөөлөгч М.Э, Ж.Д нарын гаргасан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй байгаа учир мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож өгнө үү гэсэн хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв гэж дүгнэн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

 

Цагаатгах тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

 

2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр С.О нь эхнэр Б.Н, 8-10 насны 2 хүүхэд болох Оын С, Оын Б нарын хамтаар Говь-Алтай аймгийн төв буюу Есөнбулаг сумын Авто тээврийн төвийн хашааны үүдэнд Х.Ц эзэмшлийн баруун урд хөл нь гэмтсэн даагыг авч явсан үйл баримт тогтоогдсон.

 

Шүүхийн цагаатгах тогтоолд яллагдагч нар нь дээрх адууг эмчлэх зорилгоор авч явсан энэ нь тэдний болон гэрч Г.А-ийн мэдүүлгээр давхар нотлогдсон гэж дүгнэсэн.

 

Гэтэл гэрч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ “...Тэр өдрийн орой намайг дэлгүүр ороод буцаж ирэхэд нөгөө даага аюулгүйн тойргийн арын эмнэлгийн урт байшингийн доогуур урд буланд ганганы хажууд зогсож байсан. Хажууд нь нөгөө эхнэр, нөхөр хоёр бас байсан. Тэр хоёр хүн хоорондоо энэ даагыг авч яваад эмчлээд авъя гэж ярилцсан. Тэгэхээр нь би тэднээс хаашаа авч явах гэж байгаа юм гэж асуухад эмэгтэй нь юм хэлээгүй харин эрэгтэй нь манайх ............ багт байдаг гэснээс өөр зүйл хэлээгүй. Би тэр хүмүүст наад даага чинь явж чадахгүй ш дээ гэж хэлэхэд аргалаад авч явна л гэж байсан. Тэр хүмүүс өөрсдөө надад дааганы эзэн нь хайгаад ирэх юм бол тэр хаяг дээр байгаа шүү гэж хэлээгүй...Би ачиж явахыг нь хараагүй...” гэж мэдүүлсэн,

Мөн шүүх хуралдааны үед би тухайн даагыг С.О, Б.Н нарыг авч яв гэж хэлээгүй харин цаашаа холдуулаадах гэж хэлсэн гэж шүүх хуралдааны үед мөн мэдүүлсэн байна. Тиймээс С.О, Б.Н нар нь бусдын эзэмшлийн даагыг бусдад мэдэгдээд авч явсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Шүүх хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдлын талаар дүгнэхдээ бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.

Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаартай тогтоолд “Бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр авч байх үед дэргэд нь байгаа этгээд тухайн үйлдлийн шинж чанарыг ойлгож мэдээгүй... тул түүний зүгээс хориглох, эсэргүүцэх явдал гаргахгүй гэж тухайн этгээд тооцон бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдлийг хулгайн гэмт хэргээр зүйлчилнэ” гэж заасан.

Бодит байдалд яллагдагч С.О, Б.Н нар нь мал хулгайлах үйлдэл хийхдээ дэргэдээ байсан иргэн Г.А өөрсдийн үйлдлийн шинж чанарыг ойлгуулахгүй байх зорилгоор буюу эмчилнэ гэж ярьсан, гэрийн хаягаа тодорхой хэлэлгүйгээр ............ гэж хэлсэн гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлт тогтоогдохгүй үгүйсгэгдэж байна гэж дүгнэжээ. Гэмт хэргийн субьектив талын шинжид гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго тогтоогдсон байхыг шаарддаг. Гэм буруу нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын агуулгыг илэрхийлэх гол шинж, түүний цөм нь бөгөөд гэм буруугүйгээр гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилгын тухай яригдах боломжгүй юм. Гэм буруугийн тухай асуудал нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ойлгон ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байхыг шаардана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэж заасан ба дээрх тохиолдолд тухайн этгээдийг гэм буруугийн зарчмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Түүнчлэн гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байх бөгөөд мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцдог.

Анхан шатны шүүх хуралдааны явцад яллагдагч С.О, Б.Н нар нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр авч явж байгаа үйлдэл хууль бус гэдгийг мэднэ гэж мэдүүлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Тиймээс С.О, Б.Н нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай үйлдэл гэж үзэхээр байна. Шүүх яллагдагч нарын мэдүүлэгт дурдагдсан “адууг эмчлэх зорилгоор авч явсан” гэх мэдүүлгийг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон.

Гэтэл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн яллагдагч нар өөрсдийн үйлдлийг зөвтгөх байдлаар өгсөн дээрх мэдүүлгээр шүүх гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаагүй гэж дүгнэсэн бодит байдалд нийцэхгүй юм. Гэрч Г.Агийн мэдүүлэгт “эмчлээд авъя гэж ярьж байсан” гэсэн болохыг дахин дурдах нь зүйтэй байна.

Тухайн даага нь хулгайд алдагдсанаас хойш 47 хоногийн дараа С.Оын өмчлөлийн хашаанаас олдсон болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

 

С.О, Б.Н нар нь энэ хугацаанд тухайн даагыг эмчилж, асарч байгаа талаар олон нийтийн цахим сүлжээнд зар байршуулаагүй мөн цагдаагийн байгууллага болон баг хорооны Засаг дарга, нийгмийн ажилтанд мэдэгдээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Мөн Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” болно. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй.

Яллагдагч С.О, Б.Н нар нь гэм буруугийн шүүх хуралдааны үед тухайн даага ачихдаа хажуугаар явж байсан танихгүй 2 залууг дуудаад даагыг машинд ачилцсан гэдэг боловч камерын бичлэгт тухайн үед ойр орчмоор нь хүн явж байгаа болон хамт ачилцаж байгаа гэх зүйл харагддаггүй бөгөөд яллагдагч нар нь тухайн хүмүүсийг танихгүй, мэдэхгүй гэж мэдүүлдэг.

Тиймээс эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэтэрхий нэг талыг барьж шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолгооны хувьд ач холбогдолтой гэж үзэж хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтуудыг үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн бага насны хүүхэд тухайн бусдын өмчлөлийн малыг аваад явъя гэснээр бусдын өмчлөл, эзэмшилд байгаа малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч явсан тохиолдол нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш юм. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч С.О, Б.Н нарын хүүхдүүд нь автомашинд дайруулж хөлдөө гэмтэл авсан даагыг эмчлэх саналыг ээж Б.Нт тавьсан байна. Шүүгдэгч Б.Н нь бага эмч сувилагч мэргэжилтэй /яллах дүгнэлтэд бичсэнээр/ бариа хийдэг, харин шүүгдэгч С.О нь лам бөгөөд энэ талаараа шүүхэд мэдүүлж байна.

Анхан шатны шүүхээс бусдын өмчлөл, эзэмшилд байгаа малыг С.О, Б.Н нар нь нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн асуудлыг үндэслэлтэйгээр няцааж чадаагүй энэ талаар мөн цагаатгах тогтоолд тайлбарлаж, дүгнээгүй байна. Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэр нь хэн нэгэн этгээд нь бусдын гудамж талбай, бэлчээрт байгаа малыг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн, захиран зарцуулсан, мөн бага насны хүүхэд аваад явъя гэхээр авч явж болох мэтээр нийгэмд сөрөг, буруу ойлголт төрүүлэхээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гарсан бөгөөд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд шүүгдэгч С.О, Б.Н нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/24 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.О, Б.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

 1. Прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын талаар:

Прокуророос шүүгдэгч С.О, Б.Н нарыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагаас 21 цаг 15 минутын хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ........... багийн нутаг дэвсгэр ТБС-ын урд талд байх ногоон байрны гадна талд байсан хохирогч Х.Ц эзэмшлийн 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Х.Цт 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд  буруутгаж, шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

1.1. Прокуророос шүүгдэгч С.О, Б.Н нарын дээрх үйлдлийг бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын малыг хулгайлан хохирогчид 500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл гэж үзэж, шүүгдэгч нарын уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

1.2. Анхан шатны шүүх шүүгдэгч С.О, Б.Н нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

2. Хэргийн үйл баримт, нотлох баримтын талаар.

 

2.1. Шүүгдэгч С.О, Б.Н нар нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............. багийн нутаг дэвсгэр ТБС-ийн эсрэг талд байрлах орон сууцны гадна талаас Х.Ц эзэмшлийн хөл нь гэмтсэний улмаас явж чадахгүй, хэвтэж байсан даагыг авто машинаар ачиж авч явж, эмчилж тэжээж байсан байна.

 

2.2. Энэ үйл баримт нь гэрч Г.Агийн: “Тэр орой нөгөө даага аюулгүйн тойргийн арын урт байшингийн урд буланд зогсож байсан. Хажууд нь нөгөө эхнэр, нөхөр хоёр бас байсан. Тэр хоёр хүн хоорондоо энэ даагыг авч яваад эмчлээд авъя гэж ярилцсан. Тэгэхээр нь хаашаа авч явах гэж байгаа талаар асуухад эрэгтэй нь манайх ............ багт байдаг гэж хэлсэн. Би тэр хүмүүст наад даага чинь явж чадахгүй шүү дээ гэж хэлэхэд аргалаад авч явна гэж байсан.” тухай мэдүүлэг,

 

2.3. “Уг даага нь 2021 оны 08 дугаар сард гарсан хэнз унага бөгөөд 2022 оны 08 дугаар сард даага болсон. 2022 оны 08 дугаар сарын 23-нд машинд дайруулаад буруу талын урд хөл нь хугарсан байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20-21 цагийн хооронд аюулгүйн тойргийн хойд хэсэгт байхад нь цагаан өнгийн портертой хүмүүс ачиж авч явсан талаар хүмүүс хэлсэн” тухай мэдүүлэг,  

 

   2.4. Аюулгүйн тойргийн арын урт байшингийн өмнө байсан даагыг цагаан өнгийн ачааны авто машинд ачиж авч байгааг тусгасан камерийн бичлэгүүд,

 

   2.5. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ............ багийн ... - ... тоот хашаанд үзлэг хийхэд уг хашаанд буруу талын урд хөлийг нь цагаан өнгийн зүйлээр боож цээж хэсгээр нь сойж уясан, дөрвөн хөл нь цагаан хүрэн зүсмийн даага байсныг тусгасан үзлэгийн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг, фото зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

2.6. Гэрч, шүүгдэгч нарын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны 20-21 цагийн үед болсон дээрх үйл явдлын талаарх мэдүүлгүүд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, ноцтой зөрүүгүй, харилцан бие биенээ нөхсөн шинжтэй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой шүүгдэгч нарын дээрх үйлдлийг нотлож байна.

 

3. Эрх зүйн дүгнэлт, прокурорын эсэргүүцлийн үндэслэлийн талаар.

 

3.1. Шүүгдэгч С.О, Б.Н нарын уг даагыг авч явсан үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

3.2. Учир нь шүүгдэгч С.О, Б.Н нар нь мал бэлчээрлэхэд зориулагдаагүй, хот суурин газрын нийтийн эзэмшлийн талбайд байсан даагыг авч явж эмчилж авах талаар хөндлөнгийн хүн болох гэрч Г.А хэлж, авто машинд мөргүүлж хөл нь гэмтсэний улмаас босч явж чадахгүй, хэвтэж байсан уг даагыг илээр авч явсан байна.

Өөрөөр хэлбэл гэрч Г.А нь шүүгдэгч нартай ярилцах явцад шүүгдэгч нар ............ багт амьдардаг бөгөөд уг дааганы эзэн биш боловч авч явж эмчилж авах бодолтой байгаагаа илэрхийлж уг даагыг авч явж эмчилж, тэжээж байсан болох нь тогтоогдсон байна.   

 

3.3. Мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын малыг нууцаар, бусдад мэдэгдэлгүйгээр, ашиг олох зорилгоор авсан буюу бусад хүмүүс уг малыг хулгайлан авч байгааг мэдээгүй гэж тооцон бусдын малыг авсан, захиран зарцуулах боломж бүрдүүлсэн болон захиран зарцуулсан үйлдэл байдаг.

3.4. Шүүгдэгч С.О, Б.Н нар нь хөл нь гэмтсэн даагыг авч явж байгаагаа бусдад мэдэгдэж, илээр авч явж, тэжээж байсан нь тогтоогдсон байна. Тиймээс шүүгдэгч нарын үйлдэлд мал хулгайлах гэмт хэргийн бусдын малыг нууц далд аргаар авсан шинж үгүйсгэгдэж байна.

 

3.5. Мөн уг даага нь 8 дугаар сард төрсөн, хэнз бөгөөд машинд дайруулж, хөлөө хугалаад 15 хоносон, уг даагыг худалдан борлуулж ашиг олох боломж хязгаарлагдмал, уг даагыг шүүгдэгч нар эмчлэх талаар ярилцаж байсныг гэрч Г.А гэрчилсэн бөгөөд шүүгдэгч нар уг даагыг ашиг олох, шунахайн сэдэлт зорилгоор авч явсан болох нь тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нарын уг даагыг нууцаар, ашиг олох зорилгоор авч яваагүй гэсэн агуулга бүхий мэдүүлгийг анхан шатны шүүх үнэн зөв гэж үнэлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

3.6. Хохирогч Х.Ц нь даагыг дайрч гэмтээсэн хүмүүс авч явсан юм байна гэж бодоод тухайн хүмүүсийг олъё гэж цагдаад гомдол гаргасан. Шүүгдэгч нар дайраагүй харин ч даагыг тэжээж байсан тул учирсан хохиролгүй гэж үзэж  шүүгдэгч нарыг цагаатгах саналтай байгаагаа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлжээ.

3.7. Түүнчлэн хоёр залуу даага ачилцаж өгсөн гэж шүүгдэгч нар мэдүүлдэг ч ийм үйл явдал камерын бичлэгт бичигдээгүй гэж прокурор тайлбарлаж байгаа боловч шүүгдэгч нарыг даага ачих гэж байхад тойргийн арын урт байшингаас хоёр хүн гарч ирж уг даагыг ачилцаж байгаа нь хэрэгт авагдсан дүрс бичлэгт бичигдсэн байна.

3.8. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын гаргасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/24 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД                                  Ш.БАТТОГТОХ

                                                        Ч.ЭНХТӨР