Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 201/МА2020/00032

 

Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/01051 дугаар шийдвэртэй, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нэхэмжлэлтэй Н.Цгийн эх байх эрхийг хязгаарлуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Нн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 11 сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, Н.Т, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Н, өмгөөлөгч З.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Ивээлийн ___ тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч одоо Хэрлэн сумын 1 дүгээр баг Малчны ____ тоотод түр оршин суух Н.Ц нь өөрийн төрсөн хүүхдүүд болох Ц.С, Ц.С нарын сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчихөөс гадна хүүхдийг орон байр, хувцас, хоол ундаар гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бус ашигласан, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн хэлбэрт өртүүлж байгаа учир үүнээс урьдчилан сэргийлж Ц.С, Ц.С нарын төрсөн эх болох Н.Цгийн эх байх эрхийг хязгаарлуулах хүсэлтийг гаргасан. Дээрх нэхэмжлэлийн дагуу холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Манай байгууллагаас хэд хэдэн баримтуудыг үндэслэж нэхэмжлэл гаргасан бөгөөд үүний нэг нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн хамтарсан баг буюу тухайн багийн хэсгийн цагдаа, өрхийн эмч, нийгмийн ажилтан, багийн засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй иргэний нөхцөл байдлыг тодорхойлсон дүгнэлт юм. Энэ дүгнэлтээр Ц.С, Ц.С нарыг асрамжийн газарт өгөх тухай саналыг манай байгууллагад ирүүлсэн. Мөн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 тоот хуралдаанаар гаргасан тогтоолыг үндэслэсэн. Уг тогтоолоор Ш.Н, Н.Ц нарын үйлдсэн хүүхдийн эрхийг зөрчсөн талаарх гомдлыг шалгасан хүүхдийн эрхийн улсын байцаагч Д.Цгийн зөрчил шалган шийдвэрлэх тухай 04 дугаар зөрчлийн хэрэг, 2020 оны 2 дугаар дүгнэлтийн дагуу харъяалах шүүхэд Н.Цгийн эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Э.Жавхланд олгосон. Мөн дээрх хүүхдийн эрхийн зөрчлийн хүрээнд эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргахтай холбогдуулан Н.Цгийн хүүхдэд шаардлагатай хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасан байна. Манай байгууллагын хувьд 2010 оноос эхлэн Ш.Н, Н.Ц нарт хамтарсан багийн хариу үйлчилгээг үзүүлж ирсэн бөгөөд тухайн өрхийн нөхцөл байдлыг сайжруулах бүх талын арга хэмжээг олон нийтийн болон хүүхэд хамгааллын хамтарсан багийн дэмжлэгтэйгээр авч хэрэгжүүлж байсан. Гэвч асран хамгаалагчийн зүгээс төрөөс үзүүлж байгаа сургууль, цэцэрлэгийн боловсролын үйлчилгээг дэмжихгүй байх, эх байх үүргээ биелүүлэхгүй байх зэрэг нөхцөл байдлуудыг удаа дараа гаргаж хүүхдүүдийн эрхийг хязгаарлаж байсан учир хуульд заасны дагуу хүүхдийн сурч боловсрох эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдруулах эрхийг зөрчсөн гэж үзэн эх Н.Цд торгуулийн арга хэмжээ хүртэл авч байсан. Мөн Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор С.Чойдор нь бага насны хүүхэд болох Ц.Сийг хүчирхийлсэн гэм буруутайд тооцож, холбогдох хариуцлагыг хүлээлгэсэн байгаа. Энэ нөхцөл байдлыг үүсэхээс өмнө манай байгууллага чиг үүргийнхээ дагуу хүүхдүүдийг 2010 онд асрамжийн төвд өгч байсан боловч эмээ нь үүнийг хүлээн зөвшөөрөхгүй хүүхдүүдийг оргуулж байсан. Мөн 2016 онд Ц.Сийг бэлгийн хүчирхийлэлд өртөхийг завдсан гэж үзэн холбогдох этгээдийг шалгаж, 16 жилийн хорих ял оногдуулсан. Тухайн шүүх хуралдаанд би хууль ёсны төлөөлөгчөөр нь ажиллаж байсан. Иймд удаа дараа буюу 2016, 2018, 2020 онуудад Н.Цгийн гаргаж байгаа хууль зөрчсөн үйлдлүүдэд нь үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. ...Хүүхдүүдийн эмээ болох Ш.Н нь өөрөө гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ирээд хүү Сүрэнжавын толгой нь гэмтсэн, тархины эмчилгээ хийх шаардлагатай байна гэсэн. Мэдээллийн дагуу нөхцөл байдлыг харахаар холбогдох мэргэжилтэн, цагдаа нар гэмтлийн эмнэлгээр хүүг хайсан боловч олдоогүй. Ингээд гэрт нь очиход хүү Сүрэнжав нь гэртээ байхгүй, худаг руу усанд явсан байсан бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй байсан. Өөрөөр хэлбэл, Ш.Н нь худал мэдээлэл өгч ажлыг төөрөгдүүлсэн. Тухайн өдөр бид Ц.С, Ц.С нартай ярилцахад Ц.С нь ...ээжийн найз ах манайд ирж намайг айлгаж, өмдийг маань тайлсан, эмээ намайг эрт унт унт гээд байсан, дүү бид хоёрыг зэс утсаар зодсон, хогийн цэг рүү хамт очиж хог түүсэн, эмээ Пүрэвээ ах хоёр унтсан гэх зүйлүүдийг ярьж байсныг бид баримтжуулан тэмдэглэсэн. Дээрх нөхцөл байдлуудыг бид Ш.Нгээс асууж тодруулсаны эцэст Хүүхэд хамгааллын тухай хуулийн 11.5, 11.7 дахь заалтуудыг үндэслэн тухайн өдөр хүүхдүүдийг тусгаарлах арга хэмжээг авч тусгаарласан. Тусгаарлах явцад хүүхдүүдээс хамгаалах байрны талаар нөгөө газраа очих уу гэхэд хүүхдүүд өөрсдөө зөвшөөрсөн. Ер нь Хүүхэд хамгааллын тухай хуульд тухайн хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн бол шууд тусгаарлаж болно гэж заасан байдаг. Одоогоор хүүхдүүд аймгийн асрамжийн төвд хүмүүжиж байна. Ц.С нь Шинэ хөгжил цогцолбор сургуулийн Албан бус ангид, Ц.С нь 1 дүгээр ангид суралцаж байна. Сурагчийн дүрэмт хувцас ч өмсөж үзээгүй байсан. Одоо бусад хүүхдийн адил сургуульд сурч, зусланд амарч, боловсрол эзэмшиж байна. Хүүхдүүдийн эх Н.Ц нь группт байдаг, боловсролгүй, хүүхдэд зүй бус үйлдэл гаргадаг, биеэ авч явах байдал нь маш сул, мөнгө төгрөг зарцуулж мэддэггүй, архины хамааралтай. Архи уусан үедээ ээжийгээ, хүүхдүүдээ зодох зэргээр 10 гаруй удаа зөрчил гаргаж байсан. Энэ талаарх баримт хэрэгт байгаа. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-д заасны дагуу дээрх нөхцөл байдлыг харгалзан Ц.С, Ц.С нарын төрсөн эх болох Н.Цгийн эх байх эрхийг хязгаарлуулах тухай хүсэлтийг хангаж өгнө үү. Хүүхдүүдийн эмээ болох Ш.Н нь манай байгууллага дээр ирж ажилтнуудыг дарамтлах, өшиглөх, хэл амаар доромжлох зэрэг үйлдлүүдийг гаргадаг гэдгийг хэлмээр байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие өөрийн хүүхдүүд болох Ц.С, Ц.С нарыг өөрийн асрамжид байлгах хүсэлтэй байна. Өмнө нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас манай хүүхдүүдийг хуурч байгаад авч явсан. Намайг элдвээр хэлж загнасан. Өнөөдөр би ядуу зүдүү байж болно. Гэхдээ би хүүхдүүдээ хайраар дутаагаагүй гэж бодож байна. Сүрэнжавыг сургуульд оруулах гэж хөөцөлдсөн боловч өвчин гараад сургуульд явуулж чадаагүй нь миний буруу. Өнөөдөр эмээ, ээж нь амьд сэрүүн байхад яагаад манай хүүхдүүдийг авах гэж улайран зүтгээд байгаа юм бэ? Би өөрийн 2 хүүхдээ тэжээн тэтгээд сургуульд оруулж сурах боломжоор хангаад байж чадна. Өмнө нь манайх гэргүй байсан, одоо ТОУУ ХХК-иас шинэ гэр өгсөн. ...Миний хүүхдүүдийг асрамжид минь үлдээч өгөөч.” гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Ц нь миний охин, Ц.С, Ц.С нар нь миний охины хүүхдүүд юм. Би хүүхдүүдээ хоолгүй хонуулж үзээгүй, өнгөтэй өөдтэй хувцсаа өмсүүлдэг. Туяацэцэг нь гэрийн гаднаас намайг элдвээр доромжилж хүүхдүүдийг авч явсан. Сүрэнчимэгийг өөр хүнтэй унтууллаа, хэвтүүллээ, гэрээ авна гэж загнасан. Бид хоёртой хүүхдүүдийг уулзуулаагүй. Ээж нь гадуур явах хооронд нөхрийг нь мөрдөнд аваачаад хийчихсэн. Миний хувьд гомдолтой байна. Өөрөө хүүхдүүдээ хүмүүжүүлээд хоол ундыг таслахгүй өсгөж чадна. Намайг гуйлгачин гэж загнадаг. Гэхдээ засгаас 900 000 төгрөг авдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/01051 дугаар шийдвэрээр:   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг баримтлан Халх овогт Нн Цг /_____/ 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.С, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ц.С нарын эх байх эрхийг 6 /зургаан/ сарын хугацаагаар хязгаарлаж,

Гэр бүлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.С, 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Ц.С нарыг Бүхнийг хүүхдийн төлөө ТББ-ийн дэргэдэх Anna Home хүүхдийн асрамжийн газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Н давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бодит байдалд нийцээгүй шийдвэр гэж үзэж байна. Ядуу хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргахад үнэхээр хүнд, төрийн байгууллага ажлаа хийж өгөхгүй, ядуучуудад хүнд суртал гаргадаг. Нэн ялангуяа хүүхдийн байгууллага бидний нэрээр улсаас төсөл хэрэгжүүлээд энэ мөнгөөрөө бидний эрх, эрх чөлөөнд халдаж байгаад үнэхээр гомдолтой байна. Тэгээд дараа нь хүүхдийн байгууллагын ажилтнууд бидэнд өөрсдөө мөнгө өгчихсөн, ажлаар хангаж орон байр өгсөн юм шиг загнаж байгааг ойлгохгүй байна.

Хүүхдийн эх байх эрхийг хасна гэж шүүхийн байгууллагад өгсөн мөртлөө багийн хэсгийн цагдаа, өрхийн эмч, нийгмийн ажилтан, багийн засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан багийн нөхцөл байдлыг тодорхойлсон дүгнэлт гаргаж нотлох баримтаар өгсөн байна. Энэ дүгнэлтдээ хүүхдийг орон сууц, хувцас хоол ундаар байнга гачигдуулсан гэсэн нотлох баримт нэг ч байхгүй. Мөн хүүхдийн хөдөлмөрийг зүй бусаар ашигласан, гуйлагчлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан талаар хамтарсан багийн хурлын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтдаа нэг ч заалт байхгүй. Хоол ундаар дутаагаагүй байна, хувцас цэвэрхэн байна, тусламжийн тохилог гэрт амьдарч байна гэсэн дүгнэлт байгаа нь эцэг эх байх эрхийг шүүхээр хязгаарлуулах хуулийн заалт байхгүй байна.

Харин ч төрийн байгууллага хүүхдийн байгууллага хамтарсан баг төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу хөтлөөгүй, Гэр бүлийн тухай хуулийн 27.1-д заасан заалтуудыг эцэг, эх зөрчсөн гэсэн нэг ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Төрийн байгууллага Үндсэн хуулинд заасан эх нялхас төрийн хамгаалалтанд байна гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ хуульд заасан арга хэрэгслээр хүний эрхэнд халдах ёстой. Ядуу хүн гэж дээрэлхэж, хүүхдийг гаднаас нь хулгайлж, ээждээ битгий хэлээрэй гэж хүүхдэд 10 000 төгрөг өгч, эмнэлэгт үзүүлж, хүүхдийг хууль бусаар халамжийн байгууллагад өгч болохгүй. Хүүхдийн байгууллага ажлаа хуулийн дагуу хийж, үйлчлүүлэгч нартайгаа зөв харьцаж байх шаардлагатай байна гэж шүүх хуралдаан дээр манай өмгөөлөгч З.Нямсүрэнгийн гаргасан санал дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч дэмжиж байна.

Шүүхийн шийдвэрт Ц.С-ийг бэлгийн хүчирхийлэлд өртөхийг завдсан 2020.06.26-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн С.Ч-ын хэргийг энэ хэрэгт нотлох баримт болгож байгаа нь буруу. Үндсэн хуульд бусдын гэм бурууг хамаатан садан, ах дүү, хамаарал бүхий хүмүүст халдаахыг хориглоно гэж заасан байхад нэхэмжлэгч хурал дээр эрүүгийн хэрэг ярьж байгаа нь буруу гэсээр байтал энэ хэргийн шийдвэрт нотлох баримтаар тусгаж байгаа нь биднийг хэлмэгдүүлж байна гэж үзэж байна.

Энэ хэрэгт хүү С толгой гэмтсэн, тархины эмчилгээ хийх шаардлагатай гэсэн нотлох баримт байхгүй. Мөн Ц.С, Саранчимэг нартай ярилцахад “ээжийн найз манайд ирж намайг айлгаж, өмдийг маань тайлсан, эмээ намайг эрт унт унт гэж байсан, дүү бид хоёрыг зэс утсаар зодсон, хогийн цэг рүү хамт очиж хог түүсэн, эмээ Пүрвээ ах хоёр унтсан” гэсэн зүйлүүдийг ярьж байсныг бид баримтжуулан тэмдэглэсэн гэж шүүхийн шийдвэрт тусгажээ. Хүүхдийн байгууллага хамтарсан багийн дүгнэлтэд дээрх нотлох баримт огт байхгүй байхад шийдвэрт худлаа зүйл бичиж байгаа нь шүүхийн шийдвэр буруу гарах үндэслэл болсон гэж үзэж байна.

Манай өмгөөлөгч төрийн албан хэрэг хөтлөлтийн журмыг мөрдөж баримтаа хуульд зааснаар гарга гэж шүүх хурал дээр хэлсэн нь үнэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, бид 900 000 төгрөгийн цалинтай бөгөөд гаднаас нь харахад өөрсдөө муухай хувцастай, ханзархай гуталтай, уранхай дээлтэй, хог түүж амьдардаг ч гэсэн бидний сэтгэл уранхай биш ээ. Хүүхдээ хоолоор дутаагаагүй, орон сууц, хувцас бэлэн, хүүхдээр зүй бус ажил хийлгээгүй, хүүхдээ орон гэрээсээ хөөгөөгүй байхад хүүхдийн байгууллага биднийг гадуурхаад байгааг ойлгохгүй байна.

Бидний хүүхдийг хүн хүчиндсэн гэж хамтран амьдрагчийг нь шоронд явуулсан явдал бол хүүхдийн байгууллага биднийг гүтгэсэн гэж үзэж байгаа. Шинэ нөхцөлөөр энэ хэргийг шалгуулна. Эмч нар манай хүүхдийг цоо эрүүл, онгон хальс хөндөгдөөгүй, хүнтэй унтаагүй гэж бидэнд хэлж байсан. Энэ хуулийн зүйл заалтыг зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний эх байх эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь гуравдагч этгээд  Н.Цгийн эх байх эрхийг хязгаарлах тухай хүсэлтийг шүүхэд гаргасныг гуравдагч этгээдийн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагын хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гуравдагч этгээд Н.Ц нь өөрийн төрсөн хүүхдүүд болох Ц.С, Ц.С нарын сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж сургуульд суралцуулаагүй, орон байр, хувцас, хоол ундаар байнга гачигдуулсан, тэдний хөдөлмөрийг зүй бусаар ашиглан хог түүлгэж амьдруулсан, архины хамаарлын улмаас байнга эрүүлжүүлэгдэн, баривчлах байранд баривчлах шийтгэл удаа дараа эдэлсэн, охин Ц.Ст байнгын анхаарал халамж тавьдаггүйгээс болж эрүүгийн гэмт хэргийн хохирогч болгосон нь тогтоогдсон байна. /хх-ийн 4-21, 31-36, 52-55, 61-62,67-75 дахь талууд/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай,  ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Ц.С, Ц.С нарын эх Н.Цгийн эх байх эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Нн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл байхгүй байна. Учир нь: Гуравдагч этгээд Н.Ц нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах,сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 26.2.3-т “хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох” зэрэг хуульд заасан үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх / охин Ц.С, хүү Ц.С нарыг/ үүргээ биелүүлээгүй байна.

Мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргаж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ш.Н нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 138/ШШ2020/01051 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Н.Цгийн төлөөлөгч Ш.Нн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар гуравдагч этгээд Н.Цгийн төлөөлөгч Ш.Н нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                              Ж.ДОЛГОРМАА

                                               З.ЭНХЦЭЦЭГ