| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэрэлийн Тэгшсуурь |
| Хэргийн индекс | 2217001530013 |
| Дугаар | 2023/ДШМ/03 |
| Огноо | 2023-05-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Нансалмаа |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2023/ДШМ/03
Б.А, Б.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Прокурор Т.Нансалмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Нансалмаагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч, хохирогч Б.А, Б.М нарт холбогдох 2217001530013 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн дугаар хороо, -тоотод оршин суух,
Урьд Сүхбаатар аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх Х овогт Б-Э А /РД:/,
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 21-нд Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол - тоотод оршин суух,
Урьд Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 312 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох ялаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх Ч овогт Б М /РД: /,
Шүүгдэгч, хохирогч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Боржигон чуулгын хашааны дотор иргэн Б.М маргалдаж, түүний баруун хөл рүү өшиглөж хавсарч унагаан эрүүл мэндэд нь баруун хөлний гадна, дотно хавчаар ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч, хохирогч Б.М нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Боржигон чуулгын хашааны гадна байсан иргэн Б.А эзэмшлийн - УЕК улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуугаар цохиж хагалан /тээврийн хэрэгслийн орой, спойлер, крыло, салхины шил/ зэргийг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээн 925.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Б.А, Б.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-Э А холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.А цагаатгаж, шүүгдэгч Ч овогт Б М бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.А, Б.М нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 1 268 219 /нэг сая хоёр зуун жаран найман мянга хоёр зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо дугаар байрны тоотод оршин суух Х овогт Б-Э А /РД: / олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Нансалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1, 39.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Б-Э А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Б М нарт холбогдох 2217001530013 дугаартай хэрэгт оролцож эсэргүүцэл гаргаж байна. Анхан шатны шүүхэд дээд шатны прокуророос эсэргүүцэл бичигдсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Б.М, Б.А нар шүүгдэгч, хохирогчоор оролцсон байхад хохирогч гэж оролцогчийг бичээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт шүүгдэгч Б.А Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан атлаа тогтоох хэсгийн 8 дахь заалтад шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг зөрчигдсөн байх тул эдгээр заалтуудыг зөвтгүүлэхээр дүгнэлт оруулж байна. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Б.М, Б.А гэж тогтоох хэсгийн 8 дахь заалтад шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 хэсэгт зааснаар давж заалдсан гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч, хохирогч Б.А нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Боржигон чуулгын хашааны дотор иргэн Б.М маргалдаж, түүний баруун хөл рүү хавсарч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч, хохирогч Б.М нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Боржигон чуулгын хашааны гадна байсан иргэн Б.А эзэмшлийн - УЕК улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг чулуугаар цохиж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-Э А холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.А цагаатгаж, шүүгдэгч Ч овогт Б М бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.А үйлдлийг шинжээч эмчийн “... хавсарч унагааснаас үүдэлтэй гэж хэлэх боломжгүй харин далий буюу эвгүй гишгэх үед үүссэн хугарал гэж хэлэхээр байна “ гэсэн мэдүүлгийг үндэслэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан болон шүүгдэгч Б.М бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэж үзэн ял шийтгэл оногдуусан болон түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл, түүнд оногдуулсан ял тохирсон, эрүүгийн хуулийн агуулга, зорилод нийцсэн байна.
Прокурорын эсэргүүцлийн “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Б.М, Б.А нар нь шүүгдэгч, хохирогчоор оролцсон байхад хохирогч гэж бичээгүй” гэсэн нь үндэслэлтэй боловч тогтоолд өөөрчлөлт оруулах шаардлагагүй байна.
Харин прокурорын эсэргүүцлийн “...шүүгдэгч Б.А ...цагаатгасан атлаа ...хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг зөрчсөн...” гэсэн нь үндэслэлтэй ба энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. “ гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДНЯМАА
ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА
ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ