| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01346/И |
| Дугаар | 320/ШШ2025/00075 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 320/ШШ2025/00075
| 2025 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 320/ШШ2025/00075 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** гэх газар оршин суух, Д Д-гийн Г,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01346/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д-гийн Г нь 1977 оны 9 дүгээр сарын 01-нд Х сумын 10 жилийн сургуульд элсэн орж суралцаад 1987 оны 6 дугаар сарын 01-нд 10 дугаар ангиа төгсөөд 1987 оны 8 дугаар сарын 01-нд ***ын Идэрийн Ундрал нэгдэлд элсэн орж, 1988 оны 10 дугаар сарын 16-ныг хүртэл малчин хоньчноор ажиллаж байгаад, 1988 оны 10 дугаар сарын 16-аас 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ардын цэргийн алба хаасан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилтэнд тамга байхгүй байгаагаас ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Д.Г миний биеийг ***ын Идэрийн Ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: Д Д-гийн Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн Сан хөмрөгийн эрхлэгч Г.Н-ийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ***ын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1983-1986, 1987-1989 оны тушаал шүүж үзэхэд Д.Гийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/996 дугаартай албан бичиг, ***ын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарынн 20-ны өдрийн РР00000000 регистрийн дугаартай Д- овогтой Г нь Идэрийн Ундрал нэгдлийн Хужирт бригадад 1987 оны 8 дугаар сараас 1988 оны 11 сар хүртэл малчнаар ажиллаж байсан. Цалингийн цэсний лавлагааг гаргаж хавсралтаар хүргүүлэв. гэх бичилт бүхий 03/270 дугаартай албан бичиг, Д- овогтой Гийн ***ын Идэрийн Ундрал нэгдлийн Хужирт бригадад ажиллаж байсан хугацааны буюу 1987 оны 8, 11, 12 дугаар сар, 1988 оны 1-8, 10, 11 дүгээр саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт ***ын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын Д-гийн Г БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120/277/ дугаар ангид алба хааж, Батлан хагаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 631126 дугаарын цэргийн батлахтай халагдсан. гэх бичилт бүхий 7091 дугаартай архивын лавлагааны хуулбар, ***ын Идэрийн Ундрал нэгдлийн захиргаанаас Д- овогтой Гт 1991 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтэр эх хувиар, ***аас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет гэх баримтын хуулбар зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 1-22 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Ж, Д.Х нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Д.Гийн ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, гаргуулж тус тус нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 37-38, 48-52 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Г нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хүсэлт зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д.Г нь ***ын Идэрийн Ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Д Д-гийн Гийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
***ын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр түүвэрлэн гаргасан Д- овогтой Гийн тус сумын Идэрийн Ундрал нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан 1987 оны 8, 11-12, 1988 оны 1-8, 10-11 саруудын цалин хөлсний түүвэр, цалингийн 70 дугаар дансны хуулбарт ***ын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 4-7 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 30/1513 тоот албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Д- овогтой Гийн ХААТР 1(А) баримтын 14-т ажилладаг байгууллага гэх хэсэгт Идэрийн Ундрал нэгдэл, ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бригад гэх хэсэгт 4-р, эрхэлдэг ажил гэх хэсэгт малчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Галт гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас),
Гэрч Ц.Жийн: ... Д.Г нь 1987 онд 10 жилээ төгсөж байсан. үүний дараа цэрэгт яваад 1989 онд халагдаж ирээд, Идэрийн Ундрал нэгдэлд хоньчноор томилогдон ажиллаж байсан. Цэрэгт явахынхаа өмнө мөн нэгдэлд хонь хариулж байсныг нь мэднэ. ... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Хгийн: ... Д.Г нь 1987 онд 10 жилээ төгсөж байсан. 10 жилээ төгсөөд эцэг, эхийн хамт мал маллаж байсан. үүний дараа цэрэгт яваад 1989 онд халагдаж ирээд, Идэрийн Ундрал нэгдэлд хоньчноор томилогдон ажиллаж байсан. гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Г нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний ***ын Идэрийн Ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д Д-гийн Гийн ***ын Идэрийн Ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН