| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0003/Э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2017-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.М |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгч: Ч.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овгийн Ч. А-д холбогдох эрүүгийн ,,,дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ч.А
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.А нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр Өмхтийн ам гэх газар иргэн С.Т-г “чи манай хаваржааг санаатай малдаа идүүллээ гэх шалтгааны улмаас зодож биеийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.Ты өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Өмхтийн ам гэх газар би морьтой хонио хариулаад явж байхад А морь унаж ирээд мэндийн зөрүүгүй надад хандаж “чи манай хаваржааг санаатай малдаа идүүллээ” гэж хэлээд барьж ирсэн богино модоор миний гар луу хоёр гурван удаа цохиж аваад мориноосоо буугаад намайг буугаад ир гэж зандраад байхаар нь би буугаагүй. Тэгсэн морио тушиж байгаад намайг дахиад буугаад ир гээд байхаар нь би мориноосоо буутал миний цулбуурыг булааж аваад миний нүүрэн дундуур ороолгож аваад чи хонио аваад манай хаваржааны газраас яв чи гээд намайг хөөж туугаад би хонио туугаад ахынхаа гэрийн гадна очоод ахдаа намайг зүгээр байхад А зодлоо гэж хэлэхэд ах цагдаад мэдэгдсэн юм. Би А-д буруу зүйл хийгээгүй, хэлээгүй. Дуугүй болохоор цохиж зодож дээрэлхэж байна. Өнгөрсөн жил манай дүүг бас манай бэлчээр лүү малаа бэлчээлээ гэж зодоод сүүлд нь хоорондоо учраа олоод салсан юм. Одоо энэ хүн бэлчээрийн нутгийг өмчлөөд авчихсан юм шиг дураараа загнаж тэнд амьдарч байгаа хүмүүсийг дээрэлхэж байгаад гомдолтой байна. Барьж ирсэн богино модоороо зүүн талын мөр дагуулаад хоёр гурван удаа цохисон, цулбуураар нүүрэн дундуур нэг удаа ороолгож зодсон. Миний толгой их өвдөж байна. Бид хоёр өмнө маргалдаж муудалцаж байсан зүйл байхгүй. Би угаасаа хөдлөөгүй, цулбуураар нүүрэн дундуур ороолгож авчхаад дахиад ороолгох гэхэд нь би та одоо болио гэж хэлсэн өөр юу ч яриагүй. Намайг л цохиж зодож байгаад явсан. А тухайн үед архи согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй эрүүл саруул байсан. Тухайн үед уг асуудал болох үед Абид хоёроос өөр хүн байгаагүй ээ. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгаж энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 хуу/
Гэрч Ү.Э-ын өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө С.Т г малдаа явчхаад орой ирэхгүй болохоор нь ах Г руу нь залгаж асуухад манайд байна, хониндоо явж байгаад А-д зодуулчихсан байна гэж хэлсэн. Цагдаа дуудсан ирэхээр нь уулзчихаад очих байх гэж хэлсэн. Тэгээд 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгэхэд манай нөхрийн баруун талын хацар нь хөхрөөд хавдчихсан, хамар нь шалбарчихсан ирсэн юм. Аах хонио хариулаад явж байхад нь ирээд манай хаваржаа руу малаа бэлчээлээ гэж уурлаад ирээд хоёр гурван удаа цохиж авсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,
Гэрч С.Г-ын өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн орчим Т хонио хариулаад манай гадаа ирэхдээ А намайг цулбуураар ороолгож зодлоо гэсээр орж ирсэн. Би харахад хамар болон хацар нь хавдаад хөхөрчихсөн байсан. Тэгээд манайхаас цагдаад дуудлага өгчхөөд ирэхийн хүлээж сууж байгаад харанхуй болоод оройтчихоор нь гэр лүүгээ явсны дараа цагдаа манайд ирсэн юм. А, Төгсбуян нар нь өмнө маргалдаж муудалцсан хувийн таарамжгүй харилцаа байсан талаар сайн мэдэхгүй байна. Төгсбуяны биед хамарных нь хажууд шалбараад цус гарчихсан, хацрын дагаад нарийн зураас шиг хөхрөөд хавдчихсан байсан. А-гийн хаваржааны бэлчээр лүү хонио тууж орууллаа гэж цохиж зодсон гэж Т хэлж байсан. Ер нь А нь тэр хавийн айлын малыг хаваржааны бэлчээр лүү орлоо гэж дандаа хөөж тууж байдаг юм г...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
Гэрч С.Н-гийн өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед Г ахынд Торж ирсэн байсан. Манайх Г ахынхтай айл байдаг юм. Намайг Г ахын гэрт ороход Т нь хэлэхдээ намайг хонио хариулаад явж байтал А морьтой давхиж ирээд бэлчээр идүүллээ гэж цулбуураар ороолгож цохиж зодсон гэж байсан. Т-ы баруун талын шанааг дагуулаад ороолгосон оромтой хөхөрч хавдчихсан, хамарных нь хажууд шалбараад цус гарчихсан байсан.Ч.А, С.Т нар нь өмнө маргалдаж муудалцсан, хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Тухайн үед Т-ы баруун талын шанааг дагуулаад ороолгосон оромтой хөхөрч хавдчихсан, хамарных нь хажууд шалбараад цус гарчихсан. А-гийн хаваржаа, өвөлжөөний газрыг малаараа идүүллээ гэж ийм асуудал болсон байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Ч.А-гийн яллагдагчаар мэдүүлсэн: ... 2017 оны 11 сарын 15-ны өдөр Архангай аймгийн Их Тамир сумын Бугат багийн Өмхтийн ам гэх газарт үдээс хойш 13 цагийн орчимд мал маллаад явж байтал манай хаваржааны бэлчээр дээр Т өөрийн малыг бэлчээгээд орж ирсэн байсан. Би очоод яагаад орж ирж малаа манай бэлчээрт бэлчээж байнаа гэтэл С.Т ганцхан өнөөдөр орж ирж байна гэсэн. Тэгэхээр нь худлаа хэлж байгаад нь уур хүрээд би өөрийнх нь унаж явсан морины цулбуураар бие рүү нь ороолгоод ороож ирээд үзүүр нь баруун хацар шанаа руу нь ороолгосон. Тэгээд би өөрийн барьж явсан модоор цохисон. Тэгээд би мордоод явсан. Архангай аймгийн Их Тамир сумын Бугат багийн Өмхтийн ам газрыг манай өмч гэж өгсөн зүйл байхгүй. Манайх тэрүүгээр хаварждаг байгаа юм. Гэхдээ энэ газарт нутагладаг талаар манай нутгийн хүмүүс мэднэ. Би үл ялих зүйлээс болж Төгсбуяныг зодсон. Манай бэлчээрт Төгбуян малаа маллаж бэлчээж байгаа болохоор цохиж зодсон. С.Т намайг зодоогүй. С.Тг цохиж биед нь гэмтэл учруулсан морины цулбуур Төгсбуянгийнх байгаа юм. Би тэр цохисон гэх модоо хээр цасан дунд шидсэн. Дараа нь хэсгийн төлөөлөгч аваад ир гэхэд огт хайгаад олоогүй. Цас ороод шуурсан байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. С.Т тай өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Надад бог, бод нийлсэн 800 гаран мал байгаа. Хохирогч ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31-35 хуу/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 504 дүгээр дүгнэлт:
1. С.Тгийн биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын баруун угалзанд шарх, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 16 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 27-28 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.А нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэр Өмхтийн ам гэх газар иргэн С.Т-тай маргалдан түүний мөрөн тус газар модоор 2-3 удаа цохьсон, нүүрэн тус газар нь цулбуураар 1 удаа ороолгож зодсон нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.А нь хохирогчийг зодсон үйлдэл болон гэм буруугийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.Т, гэрч С.Н, Ү.Э, С.Г нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 504 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.А нь хохирогч С.Т-ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Ч.Агийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.А-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч С.Т нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.А-гын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн мяндасыг устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Ч-ийн А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Ч.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ч.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Ад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ч.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 метр урттай цагаан өнгийн мяндасан олсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ