Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 201/МА2020/00033

 

Ж.Цийн нэхэмжлэлтэй, Т.Цд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 29-ний өдрийн 138/ШШ2020/01049 дугаар шийдвэртэй, Ж.Цийн нэхэмжлэлтэй, Т.Цд холбогдох 817300 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 1337152 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Цгийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 11 сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ц, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нөхөр маань Дорнод аймагт ажиллах болсон учир түрээсийн байр хайсан юм. Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нөхөр маань надтай ярихдаа төмөр замд нэг байр түрээслэхээр боллоо, манай хамаатны хүн түрээслүүлдэг юм байна гэсэн. Ингээд нөхрийн хамт Т.Ц-н Хэрлэн сумын 8 дугаар багт байрлах 56 дугаар байрны 44 тоотын 2 өрөө байрыг сарын 100000 төгрөгөөр хөлслөн суух болсон. Түрээсэлсэн үеэс л одоо хурдан мөнгөө хий гэж шаарддаг байсан. Ер нь бол сар дуусаагүй байхад буюу 1 сарын өмнөөс түрээсийн мөнгөө нэхдэг байсан. Тухайн үедээ бид гэрээ огт хийгээгүй. Учир нь хамаатан садны хүн учир 2 жил амьдруулчих байх гэж итгэсэндээ гэрээ хэлцэл хийгээгүй. Гэрээ хийх үү гэхээр гэрээ хийнэ л гээд яваад өгдөг, хүний үг ер нь огт сонсдоггүй хүн байсан. Анх түрээсийн байрандаа ороход Ц нь байрнаасаа гарахгүй 14 хоног бидэнтэй хамт амьдарсан. ...Ингээд 1 жил гаран хугацаанд түрээсийн мөнгөө өгөлцөж, авалцаж явсан. Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 10-ны үеэр одоо мөнгөө авмаар байна гээд л нэхээд байсан. Тэгээд Цтэй ярихад ...би 50000 төгрөг нэмж авна, та хоёр сарын 150000 төгрөгөөр түрээслэвэл түрээслээд суу, өөр суух хүн байна гэсэн. Би 50000 төгрөг нэмж төлөхийг хүлээн зөвшөөрөөд 3 сараар нь мөнгийг нь өгье, тэрнээс илүү өгч чадахгүй гэхэд өөрөө зөвшөөрч тохирсон. Ингэж тохирсоны дараа хөдөө яваад ирэхэд хаалгыг маань эвдээд, түлхүүрийг нь сольчихсон байсан. Үүнээс болж би 3 хоног гадуур хоносон. Би энэ хүнтэй ярьж тохирох гэж их хичээсэн боловч ерөөсөө ойлголцохгүй байсан бөгөөд надаас цоож солиулсан мөнгөө хүртэл нэхсэн. Би 20000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түлхүүрээ өгөх байх гэж бодсон чинь өгөөгүй. Тэгээд 6 дугаар сарын 17-ны өдөр миний бие Хэрлэн Номингийн АТМ-ээс 200000 төгрөг, 300000 төгрөг шилжүүлээд түлхүүрээ авъя гэхэд бас л өгөхгүй байсаар бүр шөнө 10 цагийн үед түлхүүрээ авсан. Энэ хүнтэй таарч тохирохгүй юм байна гээд тэр байрнаас 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Манайхыг нүүсэнийг байрны хүмүүс гэрчилнэ. Тэгээд би 6 дугаар сарын 26-ны өдөр 57 дугаар байрны 39 тоот байрыг түрээслээд тэнд нүүж орсон. Би энэ хүнд 7 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 450000 төгрөг өгсөн. Мөн ирж очиход их зардал гарсан гээд 50000 төгрөг нэмж авсан. Байранд нь үргэлжлүүлэн суугаагүй тул дээрх 500000 төгрөгөө нэхэмжилж байна.

Мөн Т.Цгээс цоожны мөнгө 20000 төгрөг, тоолуурын үнэ 50000 төгрөг, обойны үнэ 210000 төгрөг, сангийн материалыг үнэ 17300 төгрөг, засварын үнэ 20000 төгрөг, нийт 317300 төгрөг нэмж нэхэмжилсэн. Одоо засвар хийхэд зарцуулсан 247300 төгрөгийг нэхэхээс татгалзаж байна. Түрээсийн төлбөр болон замын зардалд төлсөн 500000 төгрөг, цоож солиулахад шилжүүлсэн 20000 төгрөг, халуун хүйтэн усны тоолуур солиулахад гарсан зардал 50000 төгрөг, нийт 570000 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагчийн надаас нэхэмжлээд байгаа зүйлүүд бүгд ямар ч үндэслэлгүй байна. Би тэр байрнаас 6 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Гэтэл яагаад надаас 6-8 сарын нийтийн аж ахуйн төлбөр нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Би 5 дугаар сарын мөнгийг төлчихсөн байсан бөгөөд 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх зардлыг байцаагчаар бодуулахад 58373 төгрөг гарч байна гэсэн. Энэ мөнгийг би өөрийн нэхэмжлээд байгаа 570000 төгрөгөө авчихвал төлнө. Иймд би энэ хүний надаас нэхэмжлээд байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд миний хувьд хариуцагчаас 570000 төгрөгөө л авмаар байна.” гэжээ.

Хариуцагч Т.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би Ц гэх хүнийг танихгүй учир энэ хүнтэй тооцоо хийхгүй. Энэ хүний нөхөр Б нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түлхүүрийг хүлээж авсан. Гэрээ хийе гэхэд нөхөр нь 300000 төгрөг өгчихсөн байсан. Манай эхнэр 300000 төгрөгийг өгнө гээд гэрээ хийхгүй байсан. 2020 оны 6 дугаар сарын 1-нд хотоос Цтэй ярьсан бөгөөд нөхөр нь утсаа аваагүй. 6 дугаар сарын 14-ний өдөр би хотоос ирсэн. Гэрээгээ сунгах гэж байгаа бол 6 дугаар сарын 15-наас эхлээд 150000 төгрөгөөр тооцоо хийгээрэй гэхэд за гэж хэлчихээд алга болчихсон. 3 өдөр намайг чирэгдүүлсэн учир арга ядахдаа 6 дугаар сарын 17-ны өдөр цоожны голыг нь сольсон. Ж.Ц нь тэр өдрөө 2020 оны 6 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацааны 3 сарын түрээсийн мөнгө 450000 төгрөг өгсөн. 50000 төгрөгний хувьд наашаа цааш чирэгдүүлээд байгаа учир би мөнгөө нэхэмжилсэн. Тэгээд намайг ирж, очсоны зардал гэж 50000 төгрөг нэмж өгсөн нь үнэн. Энэ хүн хэрэглээний мөнгийг түрээсийн мөнгөтэй хольж хутгаад байна. Мөн 7 дугаар сарын 1 гэж яриад байх юм. 6 дугаар сарын 15-наар төлбөрөө авдаг байсан. 20000 төгрөгний тухайд би 6 дугаар сарын 17-ны өдөр цоожийг нь сольсон учир 20000 төгрөгийг энэ хүнээс нэхсэн. Өөрөө цоожны голыг авчихаад яагаад надаас энэ цоожны мөнгийг нэхээд байгааг мэдэхгүй байна. Халуун хүйтэн усны тоолуурыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн учир 50000 төгрөгийг төлөхгүй. Өөрсдөө эвдчихээд гарах болохоор эвдсэн эд зүйлийнхээ мөнгийг нэхээд байгааг нь ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Хариуцагч Т.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг _____ тоот байрыг бусдад түрээсэлдэг. Б 2019 оны 6 дугаар сарын 15-наас одоог хүртэл түрээсэлж байгаа бөгөөд түрээсийн төлбөрт сарын 150000 төгрөгөөр бодоод 500000 төгрөг төлсөн. Миний хувьд эдгээр хүмүүст байраа 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл сунган түрээсэлсэн. Одоо нэхэмжлэгчээс гэрлийн төлбөр 39300 төгрөг, байрны төлбөр 63300 төгрөг, гал тогооны цонх хагалсан төлбөрт 60000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 14, 8 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос ирсэн зардал 150000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 225000 төгрөг, түлхүүр солих дуудлагын зардал 20000 төгрөг, ирж буцах зардал 20000 төгрөг, төмөр зам руу 6 дугаар сарын 15,16,17-ны өдрүүдэд 3 хоног намайг чирэгдүүлж явуулсан зардал 30000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр би энэ хүний нөхөрт 5 түлхүүр, цоожны голтой хамт хүлээлгэж өгсөн учир тус комны үнэ 30000 төгрөг, нийт 637600 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн би байраа 150000 төгрөгөөр түрээслэнэ гэхэд засвар хийгээд орно гээд 100000 төгрөгөөр түрээсэлсэн. Нэхэмжлэгч байр засварласан хөлс нэхсэн. Иймд 2019 оны 6 дугаар сарын 15-наас 2020 оны 6 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацааны нэг жилийн зөрүү 600000 төгрөг /нэг сарын зөрүү 50000 төгрөгийг 12 сараар бодон/, нийтийн аж ахуй үйлчилгээний хэрэглээний төлбөр 99552 төгрөг тус тус нэхнэ. Нийт 1337152 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна.” гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 сарын 29-ний өдрийн 138/ШШ2020/01049 дугаар шийдвэрээр:   Монгол Улсын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 289 дүгээр зүйлийн 289.2.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Цгээс 300000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 517300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Цээс 63201 төгрөг гаргуулан хариуцагч Т.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1273951 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШЗ2020/02638 дугаар захирамжаар Т.Цг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25810 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Т.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 9650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Цд олгож, нэхэмжлэгч Ж.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулан төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Ц давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Хариуцагч Ц надаас шүүхийн шийдвэрийн 1. Иргэний хуулийн 205.1, 289 дүгээр зүйлд зааснаар 300 000 төгрөг гаргуулж, Ж.Цд олгохоор болж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1 273 951 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2. Үндсэн нэхэмжлэлийн тухайд хариуцагч Т.Ц би 2019 оны 6 сарын 15-ны өдөр байрны түлхүүрийг Б гэх хүнд хүлээлгэж өгсөн. Байрны түрээсийг сар бүр 100 000 төгрөг авахаар тохиролцсон. Баярцогт нь 2020 оны 6 сарын 19-ний өдрийг хүртэл суусан нийт 1 жилийн хугацаанд буюу 12 сар 4 хоног суусан. Надад түрээсийн мөнгө нийт 1 200 000 төгрөг төлөх байсан. Түрээсийн гэрээг Баярцогттой 2020 оны 6 сарын 15-ны өдрөөс эхлэн сунгаж, 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл суулгахаар болсон. Энэ гэрээг сунгахдаа түрээсийн төлбөрөө 150 000 төгрөг байхаар тохиролцсон. Надад 500 000 төгрөг өгсөн. Дээрх 500 000 төгрөг бол 450 000 төгрөг нь 150 000 төгрөгөөр тооцож, 3 сарын мөнгө юм. Өнөөдрийг хүртэл надад байрыг маань хүлээлгэж өгөөгүй, түлхүүр ч өгөөгүй, түрээсийн асуудал нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л байгаа. Би 8 сарын 6-нд гэрээ байгуулж, өөр айл оруулсан. Энэ хүмүүс 2020 оны 8 сарын 01-ний өдөр хүртэл тус байранд суусан учир дээрх түрээсийн төлбөрөө төлөх ёстой. Энэ нөхцөл байдлыг шүүх харгалзан үзсэнгүй 300 000 төгрөгийг Т.Цгээс гаргуулан нэхэмжлэгч бус этгээд болох Ж.Цд олгосонд гомдолтой байна.

3. Б-той харилцан тохиролцож гэрээ байгуулсан атал хэлцэл гэрээнд хамааралгүй нэхэмжлэгч бус этгээд нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэгч гэж үзэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

4. Сөрөг нэхэмжлэл болох 1 337 152 төгрөгийг дараах байдлаар нэхэмжилсэн байдаг. Т.Цээс дараах байдлаар нэхэмжилж байгаа, цоож сольсон дуудлага өгсөн мөнгө 20 000 төгрөг, гэрлийн төлбөр 39 300 төгрөг, байрны төлбөр 63 300 төгрөг, цонх хагалсан 60 000 төгрөг, унааны зардал 150 000 төгрөг, түрээсийн төлбөр 225 000 төгрөг, 5 түлхүүр цоожны үнэ 30 000 төгрөг, хохирол 30 000 төгрөг, мөн унааны зардал 20 000 төгрөг, нийт 637 000 төгрөгийг шийдээгүй байна.

Мөн нийтийн аж ахуйн хэрэглээний зардал 99 552 төгрөг 1 жилийн түрээсийн төлбөр зөрүү 600 000 төгрөг нийт 1 337 152 төгрөг гаргуулан нэхэмжилсэн юм. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг мөн тодруулаагүй. 1 273 951 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдэх шаардлагыг яаж шийдвэрлэсэн нь мөн эргэлзээтэй тодорхой бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчим алдагдсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хэргийг анхан шатны шүүхэд буцааж дахин шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Т.Цгээс орон сууц хөлсөлсөн хөлс 450 000 төгрөг, замын зардал 50 000 төгрөг, цоожны үнэ 20 000 төгрөг, усны тоолуурын үнэ 50 000 төгрөг, обойны үнэ 210 000 төгрөг, сантехникийн материалын үнэ 17 300 төгрөг, засварын зардал 20 000 төгрөг, нийт 817 300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 247 300 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, үлдэх 570 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Т.Ц эс зөвшөөрч маргасан байна.

Хариуцагч Т.Ц нь нэхэмжлэгч Ж.Цээс гэрлийн төлбөр 39 300 төгрөг, байрны төлбөр 63 300 төгрөг, гал тогооны цонх хагалсан төлбөрт 60 000 төгрөг, 2020 оны 06 сарынн 14, 08 сарын 10, 09 сарын 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос ирсэн зардал 150 000 төгрөг, 2020 оны 06 сарын 15-наас 08 сарын 01-ний өдрийг хүртэлх байрны түрээсийн төлбөр 225 000 төгрөг, түлхүүр солиход гарсан зардал 20 000 төгрөг, ирж буцах зардал 20 000 төгрөг, төмөр зам руу 06 сарын 15, 16, 17-ны өдрүүдэд 3 хоног явахад гарсан зардал 30 000 төгрөг, 2019 оны 06 сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн түлхүүр, цоожны үнэ 30 000 төгрөг, орон сууц хөлсөлсний 12 сарын зөрүү 600 000 төгрөг, нийтийн аж ахуй үйлчилгээний хэрэглээний төлбөр 99 552 төгрөг, нийт 1 337 152 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ж.Ц эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг / ИХ-ийн 302.1, 196.1.1, 294.1.2, 289.1.5, 289.1.4, 289.2.2/ зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Ц нь 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс 10 сарын 01-ний өдөр хүртэл орон сууц хөлсөлсний төлбөр 500 000 төгрөгийг урьдчилан Т.Ц-д төлсөн. Гэхдээ талууд үл ойлголцлын улмаас орон сууц хөлслөх гэрээнээсээ хоёр тал татгалзаж, гэрээг дуусгавар болгосон. Нөгөө талаар хариуцагч Т.Ц 2020 оны 08 сарын 01-ний өдрөөс өөрийн орон сууцаа /Хэрлэн сумын 8 дугаар баг, Б-56-44 тоот/ бусдад хөлслүүлэхээр өөр хүн оруулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж,  хариуцагч Т.Цэцгээгээс орон сууц хөлсөлсний  урьдчилж төлсөн төлбөрөөс 300 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 517 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаас бүрээс нь зөв үнэлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зүйл тус бүр дээр дүгнэлт хийж, 63 201 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ж.Цээс гаргуулж, Т.Цд олгож, үлдэх хэсэг болох 1 273 951 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нөгөө талаар анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зардлууд хариуцагч Ж.Цийн гэм буруутайгаар холбоотой гарсан гэдгийг нэхэмжлэгч Т.Ц нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл байхгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Т.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Т.Ц нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах болон давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна. Гэвч хариуцагч Т.Цгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Цэцгээгээс  40 133 төгрөгийг гаргуулж улсын орлогод болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 29-ний өдрийн 138/ШШ2020/01049 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Цгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 40 133 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Л.НАРАНБАЯР

ШҮҮГЧИД                                  Ж.ДОЛГОРМАА

                                                  З.ЭНХЦЭЦЭГ