Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

Ө.Б, Ч.Б нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Турдыбек, шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч О.Батсүх /цахимаар/, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Бгийн давж заалдсан гомдлыг үндэслэн, Ч.Б, Ө.Б нарт холбогдох, 2135001560041 дугаартай, 3 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... өдөр Увс аймгийн .. төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч, .. мэргэжилтэй, .. ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .. оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ч-ийн Б, регистрийн дугаар:,

Монгол Улсын иргэн, .. өдөр Увс аймгийн .. төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .., “.. ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .. оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц ургийн овогт Ө-гийн Б, регистрийн дугаар:,

1. Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Ц ургийн овогт Ө-гийн Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироох,

- шүүгдэгч Х ургийн овогт Ч-гийн Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүй хохироох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэгт тус тус холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ц овогт Ө-гийн Б, Х овогт Ч-гийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” буюу хүний амь насыг болгоомжгүй хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө-гийн Б, Ч-гийн Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ө.Б-г хоёр жил, Ч.Б-ыг нэг жил, зургаан сарын хугацаагаар тус тус тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь амь хохирогчийн оршуулгын болон бусад зардалд 8.300.000 /найман сая гурван зуун мянга/ төгрөг төлж, хохирогчийн ар гэрийн амьдралыг сайжруулах зорилгоор Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 32 айлын орон сууцны 2 дугаар орцны 3 давхарын 9 тоот хаягт байрлах 47.5 м2 бүхий, 85.500.000 /наян таван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий, 2 өрөө орон сууцыг хохиролд тооцон шилжүүлэх өгөхөөр тохиролцсон байх тул шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарыг гэмт хэргийн хор уршигт нийтдээ 93.800.000 /ерэн гурван сая найман зуун мянга/-н төгрөг төлсөнд тооцож, энэ шийтгэх тогтоолоор тэдгээрээс нотлох баримтаар нэмж гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, “А” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр 1 ширхэг, цагийн бүртгэлийн дэвтэр 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “А” ХХК-д буцаан олгож, бал 2 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгаж,

үүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Ө.Б давж заалдсан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт хэт өрөөсгөл дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэлээ.

Учир нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан, аваагүй байсан гэх асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу амь хохирогч Ц.М нас барсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоо байхгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс шууд шалтгаант холбоогүй үйл баримтад буруутгаж, намайг гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хууль, хууль зүйн логик, уялдаа холбоог зөрчсөн дүгнэлт хийсэн байна.

“А” ХХК-ийн хувьд барилгын ажил эхлүүлэх хүсэлтийг 2020 оны 4 дүгээр сард эрх бүхий байгууллагад хүргүүлсэн боловч Ковид-19 цар тахал өвчний шалтгаанаар зөвшөөрлөө албажуулах ажил удааширсан буюу төрийн эрх бүхий байгууллагын ажил удаашруулсан, хариуцлагагүй асуудлаас үүдэлтэй юм.

4.2. Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:

Уг шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй, шууд ажил олгогчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

“А” ХХК-ийн хувьд өөрсдийн ажилчдын амь нас, эрүүл мэндэд тогтмол анхаарч жил бүр эрүүл мэндийн үзлэгт оруулж хэвшүүлсэн бөгөөд ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас багаж тоног төхөөрөмж, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, худалдан авч өгсөн. Энэ талаарх нотлох баримт буюу хувцас хамгаалах хэрэгсэл олсыг складны нярав, талбайн нярав гэх ажилтнууд хүлээлцсэн актыг гарган өгсөн. Гэвч энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч уг баримтуудыг хэргийн материалд хавсаргаагүй болохыг анхан шагны шүүх хуралдааны явцад мэдсэн. Хэргийн материалд гэрчийн мэдүүлэгт байдаг.

Мөн ажил олгогчийн зүгээс ажилтнуудад ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг олгосоор байхад ажилчид хэрэглээгүй, энэ талаарх шууд хяналтыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хариуцсан ажилтан тавиагүй байсныг прокурор, шүүхээс буруугаар ойлгож, ажил олгогч хангаагүй гэж шууд ажил олгогчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж зааснаар “А” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилж ажилуулсан.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд 27.3.1. “Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх”, 27.3.2-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих”, 27.3.3-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах”, 27.3.4-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах”, 27.3.5-т “Ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих”, 27.3.6-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах”, 27.3.7-т “Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг” гэж зааснаар компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг тус мэргэжилтэн хариуцах бөгөөд түүний ажлын байрны тодорхойлолтоор Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шууд хариуцах юм.

Өөрөөр хэлбэл, шууд хариуцах мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолт, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйд ажил олгогч гэх утгаар шууд намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор Ө.Б намайг гэм буруутайд тооцсон хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

5. Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “Ө.Б нь давж заалдах гомдлоо 2 агуулгаар гаргасан.

5.1. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн үйл баримт буюу “А” ХХК-ийн захирал Ө.Бг гэм буруутайд тооцож байгаа үйл баримт хоорондоо зөрүүтэй, хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Яагаад гэвэл барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, хамгаалах хувцас хэрэгслээр хангаагүй байна гэх  дүгнэлт хийсэн. Амь хохирогч буюу талийгаач нас барьж байгаа үйл явдалтай барилгын ажил эрхлэх зөвшөөрөл авсан эсэх нь шалтгаант холбоо байхгүй.

Ажил олгогчийн зүгээс ажилчдадаа нэг бүрийн хамгаалах хэрэгсэл өгч байсан талаарх хэд хэдэн баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Хавтаст хэргийн 174, 187 дугаар талд “А” ХХК-ийн өрлөгчин Бямбажав гэдэг хүн мэдүүлэг өгсөн. Мөн хавтаст хэргийн 188 дугаар талд 2021 оны 11 дүгээр 20-ны өдөр ерөнхий инженер З.Баатар гэх хүн гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэгт хамгаалах малгай, хэрэгсэл бүх ажилчдад олгогдсон, хамгаалалтын бүстэй байсан, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг Ч.Б нь өгөх ёстой байсан гэж хэлсэн. Ажил олгогчийн зүгээс ажлын онцлогт нь тохирсон хувцас, хэрэгсэл олгоогүй гэдэг үйл баримт байхгүй.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай сургалт зохион байгуулаагүй гэх асуудлыг дурдсан. Бичиг баримтад үзлэг хийсэнтэй холбоотой цугларсан баримтад сургалтад суулгасан, аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, дүрэм журам, норм баталсан нь баримтууд авагдсан. 2021-2022 оны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг компанийн захирал Ө.Б батлаад ерөнхий инженер З.Баатар гарын үсэг зураад хэрэгжүүлж ажиллаж байсан. / хх-ийн 87 дугаар тал/ Үүнээс үзэхэд Ө.Б нь ажил олгогчийнхоо хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн.

5.2. Анхан шатны шүүх нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Анхан шатны шүүх нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцөлд хийсэн Ууганбаатар гэдэг мэргэжилтний дүгнэлтийг үндэслэсэн. Энэ дүгнэлтэд дурдсан зүйлийг хэн зөрчсөн бэ гэвэл ажил олгогч нь хариуцна гэсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн заалтыг тайлбарласан.

Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаж, чиг үүрэг нь байхгүй болсон. Энэ хүн нь бусад нотлох баримтаар эрх зүйн дүгнэлт өгөх эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй. Шүүх, прокурорын байгууллагын ажиллагаанаас өмнө нь энэ дүгнэлтийг гаргасан байдаг. Ийм учраас энэ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөрдөн байцаах, шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа болон хөдөлмөрийн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг ажилтнууд хэрэглэж байгааг ажил олгогч хариуцаж, хяналт тавих ёстой эсэхийг анхаарч үзэх хэрэгтэй.

Хуульд ерөнхий заалтаараа ажил олгогч гэж байгаа боловч ажил олгогч өөрөө бүтэц нэгжээ байгуулж, ерөнхий инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээ томилчихсон. Ажил олгогч нь тухайн чиг үүргийг хамаарах хүмүүст хариуцуулж өгсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан тусгай чиг үүрэгтэй хүн томилогдон ажиллаж байхад тэр хариуцсан хүнд нь хариуцлага ярихгүйгээр давхар ажил олгогчийг буруутгаад байна. Хавтаст хэргийн 41 дүгээр талд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Ч.Б-ыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр томилсон “А” ХХК-ний захирлын тушаал, мөн хавтаст хэргийн 83 дугаар талд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ч.Быг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр томилсон шийдвэр тус тус авагдсан. Тэгэхээр тухайн чиглэлийн сургалтад хамрагдсан хүнийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр томилсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан инженер Ч.Б нь ямар чиг үүрэгтэй вэ гэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, журам стандарт хэрэгжиж байгаа эсэхэд үзлэг хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, сургалт зохион байгуулах, энэ чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлаа ажил олгогчийнхоо өмнө тайлагнах, ажил мэргэжлийн онцлогт тохирсон хувцас хэрэгслийг ажилтанд олгох, хэрэглээнд нь хяналт тавих зэрэг чиг үүрэгтэй ажилладаг.

Гэтэл Ө.Б-г анхан шатнаас шүүхээс буруутай гэж үзсэн. Хуулиар хүлээсэн чиг үүргийг нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн хүлээх зохицуулалттай байна. Харин мэргэжилтэн нь ажил олгогчийнхоо өмнө нь хүлээдэг. Ажил олгогч нь мэргэжлийн хүнд хариуцуулаад томилчихсон байхад нөгөө хүнийхэн хариуцлагын асуудал ярихгүй байна. Компанийн захирлуудыг буруутгаад байвал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн томилох шаардлагагүй. Компанийн захирал нь өдөр тутмын ажил үүрэгт оролцдоггүй. Компанийн өдөр тутмын ажлыг нь хэн хариуцах вэ гэхээр талбайн инженер, ерөнхий инженер нар хариуцна.

Ажилтны эрүүл ахуйн стандарт мөрдөгдөж байгаа эсэхийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер хэрэгжүүлдэг.Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Монгол хүнийхээ хувьд, ажил олгогчийнхоо хувьд ажилтан нь нас барсан байхад би буруугүй гэж  хэлэхгүй. Гэхдээ Ө.Б-гийн үйлдэл нь эрх зүйн хувьд гэмт хэргийн шинжтэй юу гэдэгт дүгнэлт хийж өгнө үү гэж шүүхээс хүсэж гомдол гаргасан. 

Байгууллагын ажилтан нь нас барсан байхад надад хамааралгүй гэж хэлэхгүй. Ө.Б нь хохирогчийн  ар гэрийн амьдрах баталгаа нөхцөлийг хангах үүднээс тусалж дэмжээд явж байгаа. Ажил олгогчийн хувьд тухайн асуудлыг хариуцсан тусгай хүнийг томилоод ажиллуулж байгаа нөхцөлд өөрөө буруутаж байгаа тохиолдолд үүнийг анхаарч үзэх нь зүйтэй болов уу гэсэн саналтай байна” гэв.   

6. Прокурор А.Турдыбек давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ө.Б нь “А” ХХК-ний 5 давхар, 30 айлын орон сууцны ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.15, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, 28.1.8-т заасан аюулгүй ажиллагааны журмуудыг зөрчсөний улмаас Ц.М нь 5 давхар барилгаас унаж нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон.

6.1. Давж заалдах гомдолтой танилцахад анхан шатны шүүх нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.15-т заасан буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзсэн байна. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.15-т барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид “барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэлнэ гэж заасан. Гэтэл 5 давхар, 30 айлын орон сууцыг барих явцад энэ хуулийн заалтыг хэрэглээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар тухай байгууллага нь дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж бөгөөд аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авсан байх ёстой. Энэ зөвшөөрлийг авахгүйгээр барилга байгууламжийн үйл ажиллагаа явуулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл нөхцөл байхгүй байна.

6.2. Анхан шатны шүүх нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж гомдолдоо дурдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т ажилтныг түүний ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргийг ажил олгогч хүлээнэ гэж заасан. Шүүх нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт хэрэглэж энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тэгэхээр анхан шатны шүүх нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээгүй гэсэн нөхцөл байдал байхгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд тухайн гэмт хэргийг Ө.Б үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон, түүнийг анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Иймд Ө.Бгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч Ө.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 125-р хуудсанд авагдсан 32 айлын бичиг баримтыг мөрдөн байцаагч нь гадна талаас нь зургийг нь авчихсан байна. 32 айл, 30 айлын орон сууцны бичиг баримтыг тус тусад нь бүрдүүлж, инженер томилоод 6 дугаар сарын 10-нд өгсөн. Энэ тухай мөрдөн байцаагч нь дурдаагүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтны тушаалыг нь аваад хэргийн материалд хавсаргасан байсан. Ковидын улмаас энэ ажил хойшлоод барилгын ажил хугацаандаа эхлэх байсан учраас цаг хугацаандаа шахагдаад ажил эхэлчихсэн байсан.

Бичиг баримтыг бүрдүүлж өгөх асуудлын хувьд манай компанийн зүгээс бүрэн гүйцэт баримт бичиг өгсөн. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт дахиад бичиг өгөхөд танайх барилгын ажлаа эхэлчихсэн учраас шинэ дүрмээрээ шүүхээр шийдүүлэх ёстой. Шүүхээс шийдвэр гарсны дараа ажил эхлэх зөвшөөрөл олгогдоно гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ууганбаатар гэдэг хүнээр дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг хэргийн материал бүрэн гүйцэт биш байхад гаргуулсан гэж үзэж байна. Уг дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан томилуулан ажиллуулаагүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүний дараа Ч.Бын диплом болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар томилогдсон тушаал зэрэг баримтыг үзээд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан ажлын хувцас, хамгаалах малгай хэрэгсэл өгөөгүй тухай асуудал ярьсан. Анхан шатны шүүхэд өмгөөлөгч Б.Батгэрэл нь хувцас олгогдоогүй байна гэдгийг тодруулж нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргаж, нэмэлт ажиллагаа явуулсан.Нэмэлт ажиллагаагаар хувцас хэрэгсэл, хамгаалах малгай олгосон тухай баримтууд хэргийн материалд авагдсан. А ХХК нь хавар бүр ажилчдыгаа үзлэгт оруулж байсан тухай санхүүгийн баримтаа хэрэгт хавсаргасан. 2020 онд Улаанбаатар хотоос мэргэжлийн хяналтын хүмүүс авч ирээд ажилчдаа сургалт мэдээлэл өгсөн. Ч.Быг мөрдөн байцаагч нь дахин байцааж асуухад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Миний хувьд ууган ажилтнаа алдсандаа маш их харамсаж байна. Гэм буруугаа ойлгож байна. Би давж заалдах гомдол гаргахдаа хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргасан боловч одоо  гомдлын агуулгаа өөрчлөж, анхан шатны шүүхээс оногдуулсан  тэнсэн харгалзах хугацааг багасгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан тэнсэнгийн хугацааг багасгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ө.Б-гийн давж заалдах гомдлыг үндэслэн Ө.Б, Ч.Б нарт холбогдох, 2135001560041 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Ө.Б,Ч.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

3. Шүүгдэгч Ө.Б нь барилгын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “ А” ХХК-ийн захирлаар, шүүгдэгч Ч.Б нь тус компанийн  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр тус тус ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус компанийн Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутагт баригдаж байсан 5 давхар, 30 айлын орон сууцны барилга дээр өрлөгийн ажил гүйцэтгэж байсан Ц.М нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус барилгын 5 давхраас унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг  тус тус үйлдсэн болох нь:

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ц.М нь “А” ХХК-д 2009 оны 5 дугаар сараас  анх өрлөгчин, мужаанаар орж ажиллаж байсан бөгөөд нийт 12 дахь жилдээ ажиллаж байгаа юм. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нөхөр Ц.М 08 цаг 05 минутад ажилдаа явсан ба өдөр 13 цаг 30 минутын үед надтай утсаар ярьж, хоолондоо орж байна гэж хэлсэн. Манай нөхрийн ажиллаж байсан “А” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг,  Өнөр 90 айлын орон сууцны эсрэг талын 5 давхар 30 айлын орон сууцны барилга барьж байсан бөгөөд нөхөр маань уг барилга дээр өрлөгийн ажил хийж байсан юм. Тэгтэл тухайн өдрийн 14 цаг 40 минутын үед манай гэрт “А” ХХК-ийн 4 ажилчин ирээд  нөхөр Ц.Мг барилга дээрээс уначихлаа, эмнэлэг дээр байна, биеийн байдал нь гайгүй байна гэж хэлсэн тул би эмнэлэг дээр очиход нөхөр маань томографийн шинжилгээнд орж байсан бөгөөд тэр ухаангүй байсан. Томографийн шинжилгээ дуусаж, нөхрийг маань эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эмчилсэн боловч сэхээний эмч Отгонбаяр, 103-ийн эмч Мөнхтуяа нар миний нөхрийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...Миний нөхөр Ц.М энэ компанид 12 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байхдаа урьд өмнө нь ч, тухайн өдөр ч гэсэн ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл хэрэглэдэггүй, компанийн зүгээс ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл өгдөггүй байсан, барилгын ажил хийхдээ зүгээр л ажлын даавуун өмд, цамц өмсдөг байсан. Нөхрийг маань барилгын ажил хийхэд хамгаалах хэрэгслээр хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчлага өгөөгүй “А” ХХК-д маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 133-134, 136-137, 139 дэх тал),

- гэрч Д.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Ц.М барилгын 5 давхрын баруун урд талын хэсэгт тагтны хэсгийн хана өрж байсан, Мгийн баруун талд Б, Б-ын баруун талд би зэрэгцэж зогсоод хана өрж байсан, миний баруун гар талд Буянхишиг өрлөг хийж байсан. Бид нар үдийн цайны дараа гарч ирээд барилга дээр 30 гаруй минут ажиллаж байтал Баттогтох ах гэнэтхэн “М” гээд орилсон. Тэгээд би яасан бэ гэхэд “М уначихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Буянхишиг бид хоёр түрүүлээд Мгийн ажиллаж байсан хэсэгт очиход М нь барилгын тагтан дээрээс доош нь уначихсан байсан.

Манай “А” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь Баттогтох гэх хүн ажилладаг юм. Өнөөдөр өглөө би ажилдаа хоцорч ирсэн бөгөөд намайг 8.40 минутад барилга дээр ирэхэд ажил эхэлчихсэн байсан ба надад аюулгүй ажиллагааны зааварчлага өгөөгүй, өглөө бүр ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөө ирээд аюулгүй ажиллагааны зааварчлага дээр гарын үсэг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсгээ зурахгүй ажилд гардаг. Мөн компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн “А” ХХК гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажлаа хийдэг бөгөөд өөр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хувцас байдаггүй юм.

Мөн манай компанийн зүгээс бид нарыг ажилд гаргахдаа хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн эсэхийг шалгадаггүй, ямар нэгэн хяналт байхгүй, ажиллаж байхад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй байсан юм. Бид нарт каск малгай ч байхгүй, өрлөг өрөхдөө ямар нэгэн бэхэлгээ олс хүртэл байхгүй ажиллаж байгаа юм. ...Мд ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс гэх зүйл байгаагүй. Талийгаач Ц.М нь “А” ХХК-ийн үндсэн ажилчин бөгөөд компанид олон жил буюу 10 гаруй жил ажиллаж байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 144-145 дахь тал),

- гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би А ХХК-д өрлөгчнөөр ажилладаг бөгөөд манай байгууллага тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Тобу төвийн баруун талд 30 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байгаа.

2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би, талийгаач Ц.М, М, Б бид 4 туслахын хамтаар уг барилгын 5 давхрын гадна өнгөлгөөний өрлөг өрж байсан. ...М 5 давхрын тагтны хэсэгт өнгөлгөөний тоосгыг арчиж байсан, гэтэл гэнэт хүмүүс  орилолдоод эхлэхээр нь очиж хартал Ц.М газар унасан байсан. Дээрээс харахад зүүн гараа нүүрний урд талын хэсэгт дэрлэсэн байдалтай, газар уруу нүүрээ харуулсан байдалтай уначихсан байсан юм. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь Баттогтох ах байсан бөгөөд өөрөө давхар өрлөг өрж байгаа тул өглөөд ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөө ирээд аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсгээ зурахгүй ажилдаа гардаг. Манай компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн “А” ХХК гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажилладаг.

Мөн манай компанийн зүгээс бид нарыг ажилд гаргахдаа хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн эсэхийг шалгадаггүй, ямар нэгэн хяналт байхгүй, намайг уг барилга дээр ажиллаад 5 хонож байхад ямар нэгэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга гэх зүйл өгөөгүй, бид нарт каск малгай ч байхгүй, өрлөг өрөхдөө ямар нэгэн бэхэлгээ олс хүртэл байхгүй ажиллаж байсан юм. Тухайн өдөр манай ажилчдад  хамгаалах бүс, малгай байхгүй байсан. Талийгаач Ц.М унах үедээ ямар нэг хамгаалах бүс, хамгаалах малгайтай байгаагүй. Талийгаачийн унасан тагт нь 5 давхрын, ямар нэг хашлага хаалт байдаггүй, задгай, 3 метрийн урттай, 1 метрийн өргөнтэй, бетонон тагт байсан юм. Би Ц.Мг яаж унасаныг хараагүй. Тэр манай байгууллагын үндсэн ажилтан байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал),

- гэрч Н.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачид хамгаалах, хэрэгсэл өгч гаргаагүй. Талийгаач унах үедээ ямар нэгэн хамгаалах бүс, хамгаалах малгайгүй байсан. ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал),

- гэрч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би талийгаач Ц.Мгийн туслахаар ажиллаж байсан бөгөөд бид хоёр өнөөдөр эхлээд барилгын 5 давхрын зүүн урд талын хэсгийн 12-ын өнгөлгөөний өрлөгийг өрж дууссан, дараа нь бид хоёр барилгын баруун урд талын булангийн хананы өрлөгийг өрж эхэлсэн юм. М бид хоёр таван давхрын барилгын баруун урд талд өрж байсан өрлөгөө өрж байсан бөгөөд талийгаач өрлөгөө өрсөн, харин би Мд шавар, тоосго дөхүүлж өгч байсан. Тэгээд тагтны хажуу талын ханыг дээшээ өрж дуусаад шатаа зөөе гэж хэлээд багажаа надад өгчихөөд шатнаас буусан, тэгээд би тэрэгтэй шавраа хажуу талын хананы өрлөг рүү түлхэж дөхүүлээд шатнаас холдуулчихаад эргээд явж байтал Баттогтох ах “М доошоо уначихлаа” гэж хэлээд орилсон. Тэр үед би М ахаас зайтай байсан учраас харж амжаагүй, тэгээд М ахын өрж байсан барилгын баруун урд талын хананы тагтны хэсгээр доошоо харахад М ах тагтны харалдаа газарт доошоо хараад уначихсан байсан.

“А” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэх хүн байдаг эсэхийг нь мэдэхгүй байна, бид нарыг 09 дүгээр сарын 08-наас хойш ирж ажиллаж байхад ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчлага өгөхгүй талдаа байдаг юм. ...Өнөө өглөө манай компаниас ажилчдыг ажилд нь гарахад нь ямар нэгэн зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Манай барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэх хүн байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би энэ барилга дээр ирээд 1 сар гаруй хугацаанд ажиллаж байхад ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Манай компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн “А” ХХК гэсэн бичиглэлтэй, даавуун өмд, хувцастай ажлаа хийдэг. Бид нарыг өглөө ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй юм. Мд ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс гэх зүйл байгаагүй” гэх мэдүүлэг (1дэх хавтаст хэргийн 153-154 дэх тал),

- гэрч Ц.Н-гийн 2021 оны 9дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажил өглөө 08:00 цагт цуглаж ажилдаа орцгоосон бөгөөд би өглөө 08 цаг 00 минутын үед ажилдаа ирсэн. Бид нар өглөө ажилдаа ирчихээд хувцсаа сольж өмсөөд ажилчид өөрсдөө аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт зарим нь гарын үсэг зураад, зарим нь гарын үсэг зурахгүйгээр ажилдаа гарцгаасан юм. Манай компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, өрлөгчдөд болон барилгын ажилчдад ямар нэгэн бэхэлгээ олс өгдөггүй учраас бид нар хамгаалах олс, бүс хэрэглэдэггүй. Талийгаач Мд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Бид нар өөрсдөө л дэвтэр дээр гарын үсэг зурчихаад ажилдаа гардаг байсан юм. Талийгаач Мд ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс гэх зүйл байгаагүй юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 161-162 дахь тал),

-  гэрч Л.Д-гийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2017 оны 6 дугаар сараас газрын кадастрын мэргэжилтнээр ажиллаж байгаад барилга хот байгуулалтын хэлтсийн зураг төсөл хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байгаа юм. А ХХК-ийн хувьд тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах 30 айлын орон сууцны барилгын хувьд барилгын ажил эхлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх ёстой. А ХХК манай байгууллагаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах албан бичгийг 2021 оны 11 дүгээр сард манай байгууллагад ирүүлсэн юм. Уг нь албан бичгийн хамт бүрдүүлсэн материал нь ирэх ёстой, гэтэл өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр намайг ажлын байрандаа байхад А ХХК-ийн ажилтан гэх эрэгтэй хүн бүрдүүлсэн бичиг баримтуудыг авчирч өгсөн. Түүнээс өмнө ямар нэгэн байдлаар манай байгууллагад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар албан бичиг баримт материалын хамтаар ирүүлж байгаагүй. Ер нь барилгын ажлын батлагдсан зураг төсөл нь заавал надаар дамждаг, би уг зураг төслийг нь шалгадаг. А ХХК-ийн зүгээс зураг төсөл урьд өмнө ирүүлээгүй, өнөөдөр л ирүүлж байна. Миний санаж байгаагаар 2021 оны 7 дугаар сард байх барилгын ажил эхлүүлэх А зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхлүүлсэн А ХХК-ийн  2 барилга байсан. Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт баригдаж байсан 30 айлын орон сууцны барилга, Улаангом сумын 7 дугаар багийн нутагт баригдаж байгаа 32 айлын орон сууцны барилга зэрэг нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан. Энэ талаар манай хэлтсийн дарга Б.Б очиж хяналт шалгалт хийгээд үүрэг даалгавар өгсөн. Энэ талаар манай байгууллагын пейж хуудсанд мэдээлэл нь байгаа. Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах А ХХК-ийн  Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах 30 айлын орон сууцны барилга одоог хүртэл барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал),

- гэрч Ж.Жигжидсүрэнгийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа А ХХК-ийн 30 айлын орон сууцны барилгын үйл ажиллагаанд хяналт тавьсан. Би 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр очиж ерөнхий инженер Ж.Б-тай хамт Улаангом сумын нутагт баригдаж байгаа А ХХК-ийн барьж байгаа 3 барилгад хяналт тавьсан. А ХХК-ийн 2021 онд баригдаж байгаа 30 айлын орон сууцны барилгын суурийг 2020 онд тавьсан ба 2021 оны 5 дугаар сараас барилгын ажил эхлүүлсэн. Би А ХХК-ийн тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах 30 айлын орон сууцны барилга дээр хяналт тавиад бичиг баримтны зөрчилтэй буюу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан тул улсын байцаагчийн албан шаардлага уг компанид хүргүүлсэн. Барилгын компани нь барилгын ажлын зөвшөөрлийг авахдаа хууль тогтоомжид заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлэн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Д гэгчид өгч хянуулаад Аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж зөвшөөрөл авдаг. Тийм учраас би Л.Д рүү гар утсаар ярьж, А ХХК-ийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт барьж байгаа 30 айлын орон сууцны барилга дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан эсэх талаар тодруулахад “зөвшөөрөл аваагүй, хүн осолдсон учраас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй талаар хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 199 дэх тал),

- гэрч Ж.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажиллаж байна. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн маягтыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас цахим бар кодтойгоор ирүүлдэг болчихсон. Миний зүгээс түүнийг баталгаажуулж барилгын ажил эхлүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. А ХХК нь Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт барьж буй 30 айлын орон сууцны барилга дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал),

- гэрч Б.М-гийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт 8 цагаар ажиллаж байсан. Өдөр 14.00 цагийн үед барилгаас унасан гэх өгүүлэмжтэй эрэгтэй хүнийг манай эмч Ананд дуудлагаар очиж, нэгдсэн эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт ирэх үед талийгаач Ц.М ухаангүй, орчиндоо харьцаагүй. Биеийн ил харагдах хэсэгт гар хугаралтай, толгой няцралттай, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Анхны тусламж үзүүлж сэхээн амьдруулалт хийх үед хавирганы яс дуугарч хугарсан мэт зүйл сонсогдож байсан. Сэхээн амьдруулалт хийсний дараагаар комьпютер, томографид цээж, толгой үзүүлээд сэхээний эмчид мэдэгдээд сэхээний тасаг руу шилжүүлэх хооронд талийгаач нь нас барчихсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 182-183 дахь тал),

- шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай: “Талийгаач Ц.М-гийн биед гэмтэл тогтоогдлоо. Хүзүү, эрүү, биеийн баруун талд зурагдсан зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн гэмтлүүд байна.  Дээрх гэмтлүүд нь биеийн баруун тал, цээж хэсгээрээ өндрөөс унах үед үүсэх бүрэн боломжтой. Талийгаач Ц.Мд учирсан гэмтлүүд нь нас барах буюу амьд үед нь үүссэн байна. Талийгаач Ц.М нь дээрх гэмтлийг авсны дараа бие даан хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаач Ц.М өвчүүний хугарал, баруун, зүүн хавирганы зөрөөтэй хугарлын улмаас уушги няцарч, цээжний хөндийд шингэн хурснаар амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 231-234 дэх тал),

- шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05-0292/26 дугаартай: “Иргэн Ц.М барилгаас унаж нас барсан осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажпын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Ажилтан өөрийн ажил үүрэгтэй холбоотой ажлын байр буюу тухайн осол гарсан ажлын талбай дээр осолд өртсөн байна. Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажпын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажпын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэх заалтыг зөрчсөн байна. А ХХК-ийн ажил олгогч ажилчдад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл тавьж олгоогүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, өөрөөр хэлбэл тухайн хийх ажпын онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг, дадлага олгоогүй, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, тухайн ажпын байрны эрсдлийг үнэлж тогтоогоогүй зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, стандартын шаардлагыг мөрдөөгүй байна” гэх дүгнэлт  (2 дахь хавтаст хэргийн 9-12 дахь тал),

- шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай: “1.Шинжилгээнд ирүүлсэн баримтууд шинжилгээнд тэнцэнэ. “А” ХХК-ийн “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр, 30 айлын орон сууцны барилга” дэвтэр гэсэн гарчигтай дэвтрийн 24-р хуудасны №17 гэж дугаарласан тооны ард байх Ц.М гэсэн нэрний ард зурсан шинжилж буй гарын үсэг нь чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсгүүдтэй тохирохгүй байна. Харин чөлөөт загвараар ирүүлсэн “Татвар төлсөн баримт”-ны доод гол хэсэгт байх “гарын үсэг” гэсний ард зурагдсан гарын үсэг болон мөн чөлөөт загвараар ирүүлсэн “2-р сургууль, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны” дэвтрийн 05-р сарын 26-нд гэсэн бичиглэл бүхий нүүрний №18 гэж дугаарласан тооны ард байх Ц.М гэсэн нэрний ард зурсан гарын үсэг нь хоорондоо тохирч байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн гарын үсэг нь үл уншигдах элементээс бүрдсэн учир харьцуулах загвараар ирүүлсэн Ч.Б-ын гэх хэв загвар, гар бичмэлийн загвартай харьцуулах боломжгүй” гэх дүгнэлт ( 2 дахь хавтаст хэргийн 19-22 дахь тал),

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 08-17 дахь тал),

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 19-28 дахь тал),

-  эд зүйл хураан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал),

- улсын бүртгэлийн газраас ирүүлсэн А ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх  тал),

-  Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 728 албан бичгээр, хавсралтаар ирүүлсэн баримтууд (1 дэх хавтаст хэргийн 78-97 дахь тал),

-  Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт (1 дэх хавтаст хэргийн 106-115 дахь тал),

 - мөрдөгчийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 123-128 дахь тал),

-  хэв загвар, дээж авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 118-121 дэх тал),

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал),

-  А ХХК-ийн захирлын тушаал, холбогдох баримт (1 дэх хавтаст хэргийн 45-51 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ө.Б, Ч.Б  нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг  үйлдсэн нь нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ч.Б нь “А” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа тус компанийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан 5 давхар, 30 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан ажилтнуудад, тухайлбал 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус барилгын 5 давхарт өрлөгийн ажил гүйцэтгэж байсан Ц.Мд ажлын зааварчилга өгөхгүйгээр ажилд гаргаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилга өгөх журам, стандартад заасан үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх ба хохирогчийн амь нас хохирсон үйл баримт  шүүгдэгчийн гэм буруутай шалтгаант холбоотой талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

6. Шүүгдэгч  Ө.Б давж заалдах шатны шүүхэд : ” барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан, аваагүй гэх асуудал нь М нас барсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй тул шүүхээс намайг шууд шалтгаант холбоогүй үйл баримтад буруутгасан нь өрөөсгөл дүгнэлт болсон. Мөн барилга барих зөвшөөрлийг авахаар 2020 оны 4 дүгээр сард холбогдох төрийн байгууллагад хүсэлт гаргасан боловч ковид-19 цар тахал болон зарим нэгэн бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэх шалтгаанаас зөвшөөрөл өгөх ажил удааширсан буюу төрийн эрх бүхий байгууллагын хариуцлагагүй асуудлаас үүдэлтэй.

“А” ХХК нь ажилчдадаа ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, багаж тоног төхөөрмж, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж байсан боловч ажилчид өөрсдөө хэрэглэдэггүй байсан.  Мөн хуульд зааснаар энэ ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий ажилтан хяналтаа тавиагүй байхад ажил олгогчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү”  гэх агуулга бүхий давж заалдах  гомдол гаргасан ба уг гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна .

6.1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон байх бөгөөд шүүгдэгч Ө.Бд  холбогдох хэргийг гэм буруугүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Б-гийн эзэмшлийн “А” ХХК нь 2021 оны 5 дугаар сараас эхлэн Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 5 давхар, 30 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, харин осол гарсны дараа буюу  2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр уг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авах хүсэлт гаргасан нь гэрч Л.Д, Ж.Э, Ж.Ж нарын мэдүүлэг болон Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 728 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн  баримтуудаар тус тус  тогтоогдсон байна.

“А” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 5 давхар, 30 айлын орон сууцны барилгын  ажлыг эхлүүлэхдээ эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл аваагүй нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.15 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн түүнчлэн, “А” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, хохирогч Ц.М нь тухайн өдөр барилгын ажлын талбар дээр буюу барилгын 5 давхрын гадна хананы өрлөгийн ажил гүйцэтгэх үедээ  ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас буюу аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бэхэлгээ зэрэг хамгаалах хэрэгслээр хангагдаагүй байснаас осол болж,  түүний амь нас хохирсон  нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалтай нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүх тодорхой, үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

6.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Ө.Б нь “А” ХХК-ийн захирал буюу ажил олгогчийн хувьд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасны дагуу тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд хяналт тавих, учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үүрэг  үүсэх бөгөөд Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн барилга, байгууламж барих ажлыг тусгай зөвшөөрлийн дагуу эхлүүлэх, ажилтанг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах, хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийлгэх,  ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар журам баталж мөрдүүлэх, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, зааварчилга өгөх, сургалтад хамруулах, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх зэрэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь бусдын амь нас хохирсон үйл баримттай шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ө.Б нь  уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч тэрээр хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй нь хүний амь нас хохирсон үр дагаварт  хүргэсэн байх тул  түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн буюу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ө.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн  гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6.3. Шүүгдэгч Ө.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд : “ Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахыг хүссэн давж заалдсан гомдлынхоо агуулгыг өөрчилж, гэм буруугаа ойлгож байгаа тул шүүхээс оногдуулсан тэнсэнгийн хугацааг багасгаж өгнө үү” гэх тайлбар гаргасан ба уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Бд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал,  үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлсөн байдал, хохирогчийн “хорих ял оногдуулахгүйгээр  шийдвэрлэж өгнө үү “ гэх хүсэлт зэрэгт үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэнийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэлгүй ба шүүхээс тогтоосон тэнссэн хугацааг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/ 03 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                                             ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ