| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01051/И |
| Дугаар | 138/ШШ2024/00955 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 138/ШШ2024/00955
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын хүсэлттэй
“Т.*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай” хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.******* нь тус шүүхэд “Т.*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Т.*******тай 1994 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид 1994 оноос 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хамт амьдрахдаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. 1998 онд хүүхэд үрчилж авсан. Миний нөхөр Т.******* нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүнд өвчний улмаас нас барж, би өндөр насны тэтгэврийг өвлөн авах гэтэл хамтран амьдарч байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд ******* овогтой ******* намайг 1994 оноос 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ******* овогтой *******тай хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн болон Т.*******ын иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ, хүү *******ын төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтууд, гэр бүлийн фото зургууд зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-7 тал)
Шүүхээс *******, нарыг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно. (хх 10-13 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч В.*******ын “Т.*******тай хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай” хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч В.******* нь Т.*******тай гэр бүл болсноо хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй гэх нөхцөл байдлаас үндэслэн шүүхээр хамт амьдарч байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч нь дээрх үйл явдлыг тогтоолгосноор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан “...өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ” гэсэн зохицуулалтад хамрагдах учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна. Хамтын амьдралтай байсан болохоо батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байх учир шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь овогт *******гийн *******тай иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй боловч 1994 оноос хамтран амьдарч, 1 хүүхэд үрчлэн авч эцэг эх болсон байх бөгөөд Т.******* нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичгийн баримтууд болох:
- нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
- хүү *******ын //-ын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
- Т.******* //-ын нас барсны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Дорнод аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “...тус багийн иргэн Т.******* нь 2024 оны 07 сарын 27-нд нас барсан. Эхнэр В.*******тай 1994 оноос гэр бүл болон амьдарсан нь үнэн тухай” тодорхойлолт,
- гэр бүлийн фото зургууд,
- гэрч *******ын “...Манай ах Т.******* нь эхнэр В.*******тайгаа 1994 онд нэг гэрт орж амьдарсан. Түүнээс хойш 2024 оны 07 сарын 27-ны өдөр ахыг нас барах хүртэл 30 орчим жил хамт амьдарсан. Ах, эгч хоёр дундаасаа үр хүүхэдгүй. Анх гэр бүл болоход бэр эгч В.******* нь гэдэг нэг охинтой байсан. 1990 оны сүүлээр хүү ыгаа өргөж авсан. Ингээд ах маань эхнэр, хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн суманд амьдарч байсан. Хүүхдүүд нь том болж тусдаа гарсан. Охин нь нөхөр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Хүү нь эхнэр, 2 хүүхдийн хамт сумандаа аав, ээжтэйгээ хөрш зэргэлдээ амьдардаг байсан юм. Ах маань сая элэгний хорт хавдар өвчний улмаас 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Тэднийг яагаад гэрлэлтээ батлуулаагүй гэдгийг нь мэдэхгүй байна. Энэ олон жил гэр бүл болж хамт амьдарсан учир гэрлэлтээ батлуулсан л гэсэн ойлголттой байсан. Сая эгчийг энэ асуудлаар шүүхэд хүсэлт гаргах боллоо гэж хэлэхэд нь л гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй юм байна гэдгийг мэдсэн...” гэх,
- гэрч гийн “...Манай эхнэрийн ах Т.******* нь эхнэр В.*******тайгаа 1994 онд гэр бүл болсон гэж ярьдаг байсан. В.******* нь ахтай гэр бүл болохдоо 1 охинтой байсан. 1998 онд нэг хүү өргөж авсан. Ингээд ах эхнэр В.*******, 2 хүүхдийн хамт, ам бүл 4-үүлээ насаараа Дорнод аймгийн сумандаа амьдарсан хүмүүс юм. Т.******* ах өнгөрсөн зун наадмын дараахан, 07 дугаар сарын сүүлээр өвчний улмаас нас барсан. Тэр хүртэл л эхнэртэйгээ хамт гэр бүл болж амьдарсан. Хүүхдүүд нь том болж тусдаа гарцгаасан...” гэх мэдүүлэг, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд В.*******ыг Т.*******тай 1994 оноос 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр /Т.******* нас барсан/-ийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч В.******* нь шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт цугларсан бичгийн баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /*******/-ыг 1994 оноос 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл овогт *******гийн ******* //-тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч В.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА