Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2024/00982

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, шүүгч Х.Отгонжаргал, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Марина нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 22,124,671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

            Хариуцагч Г.*******

            Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд

            Иргэдийн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг

ТОХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 22,124,671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Ж.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчимд Тоёота приус 11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота ланд крузер 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Иймд жолооч Г.*******аас машинд учруулсан хохирол 17,531,000 төгрөг, машины засварын ажлын хөлс 3,850,000 төгрөг, бензин тос, шатахууны зардал 743,671 төгрөг, нийт 22,124, 671 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Тухайн өдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон ослын улмаас Toyota Land Cruiser 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тухайн хэрэг нь гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослыг тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эрх бүхий албан тушаалтны магадлагаа гарсан. Тус магадлагаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.10-т Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн 15 дугаар зүйлийн 15.8-д Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох шалтгаан болсон гэж заасан байна. Мөн тус магадлагааны 2.1.б-д Toyota prius 11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.*******ын буруутай үйлдлээс осол гарсан болохыг тодорхой заасан бөгөөд магадлагааг хүлээн зөвшөөрч хариуцагч Г.******* гарын үсэг зурсан байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Вендо хөрөнгийн үнэлгээний компаниас гаргасан үнэлгээний тайлангаар нийт хохирлын дүн 20,406,563 төгрөг гэж гарсан ба хариуцагч Г.******* нь тус үнэлгээний зардлыг төлсөн. МөнххадаХХК нь учирсан хохирлын эд ангиудын жагсаалт, ажлын хөлсний зардал нийлээд 24,371,000 төгрөг болно гэж нэхэмжлэх, үнийн санал гаргасан. Мөн нэхэмжлэгч авто машины сэлбэгээ худалдан авч Акума төвөөр засуулсан бөгөөд нийт 12,551,000 төгрөгийн зардал гарсан. Ингээд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үнийн дүнг учирсан хохирол 17,531,000 төгрөг, авто машины засварын ажлын хөлс 3,850,000 төгрөг гэж тодорхойлсон. Хариуцагч талаас учирсан хохирлын үнэлгээний үнийн дүнг ялгаатай гэж маргаж байгаа хэдий ч Акуматөвөөр хийлгэсэн засварын дүн, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайлангаар гарсан үнийн дүн хоёр зөрүүтэй гараагүй. Тиймээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд нийт хохиролд 22,124,671 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Г.******* хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2023 оны 12 сарын 27-ны орой Хэрлэн сумын 7 дугаар баг, Үйлчилгээний төвийн баруун талд байх Венера дэлгүүрийн такси зогсоолоос хүн аваад 17 цаг 40 минутын орчимд Хэрлэн сумын 1 дүгээр баг, Уурхайн засмал замаар хойш яваад “Эвт нуур” дэлгүүрийн харалдаа гарцаар гараад, гэр хороолол руу ордог туслах замаар зүүн тийш явж байтал /13 милл хурдтай/ баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр урд зүгээс гэнэт Ланд 200 маркийн машин гарч ирж намайг мөргөсөн. Тухайн машин нь гэрлээрээ дохих болон дуут дохио өгөөгүй, зогсоох арга хэмжээ авалгүй намайг шууд ирж мөргөсөн. Мөн тийм бага хурдтай явж байхад тойроод ч гарах бүрэн боломжтой байсан. Энэ бүхнийг надтай хамт явсан эмэгтэй бүрэн гэрчлэх ёстой байтал замын цагдаагаас огт асууж тодруулалгүй материалыг хааж шийдвэрлэсэн байна. Энэ эмэгтэй бол ланд 200 машины буруу болохыг тодорхойлох гол гэрч байсан. Тэр эмэгтэй яарч байсан учир миний дансанд 5000 төгрөг шилжүүлээд буусан. Цаг минуттайгаа байгаа. Иймд би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.   

Миний бие  2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр уурхайн замаар хойшоо явж байгаад баруун гар тийш эргэн, дэлгүүрийн туслах замаар явж байхад зам тээврийн осол гарсан. Миний машинд сууж байсан зорчигч 05 цаг 40 минутад 5000 төгрөг шилжүүлээд буусан байсан учраас тухайн зам тээврийн ослыг 05 цаг 37 минутын үед гарсан гэж үзэж байгаа. Тухайн өдөр саргүй харанхуй шөнө байсан. Би уурхайн замаар явж байгаад гарцаар эргэж, зорчигчоо буулгах гэж туслах замаар ороод 50 метр орчим явж байтал баруун гар талаас нэг хар машин ирээд мөргөсөн. Тэгээд би сандраад машинаасаа буутал ******* гуай намайг чи яаж байгаа юм бэ, баруун гар талаас ирж байгаа машиныг харахгүй гээд аашилж зандарсан. Миний машинд зорчиж байсан эмэгтэй ч сандраад над руу мөнгө шилжүүлчихээд буугаад явсан. Би тухайн үед баруун гар талаас ирж байгаа машинд зам тавьж өгөөгүй нь миний буруу гэж бодож байсан хэдий ч би 11-12 км цагийн хурдтай буюу маш зөөлөн тээврийн хэрэгслээ жолоодож байсан. Авто цагдаагийнхан намайг адил замын уулзвараар зорчиж байсан гэж үзэж буруутгаж байгаа. Би уурхайн замаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баруун гар тийшээ эргэсэн ба дөрвөн замын уулзвар, туслах замын ердөө зүүн хойд талд явж байсан. Урд талаас ирж байсан Toyota Land Cruiser 200 маркийн авто машины явж байсан зам нь зам биш байсан. Уурхайн замын зүүн талд байрлах МАК-ийн стандарт бус зассан шороон зам дээр машин явдаггүй бөгөөд тухайн газрын зүүн талын эгнээ, уурхайн зам болон МАК-ийн зам хоёрын дундуур хэн дуртай нь явж байдаг хоосон талбай байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн талбайгаар яг голлож ирээд миний машины дугуйг хавсарч мөргөсөн. Хэрэв тухайн талбайг зам гэж үзвэл ******* гуай баруун гар талын дүрмийг баримталж тээврийн хэрэгслээ жолоодох ёстой байсан. Хэрэв миний машины хоёр хаалганы голоор мөргөсөн бол би болон машины арын суудалд сууж байсан эмэгтэй үхэх байсан. Түүнчлэн шаардлагатай үед ямар ч жолооч дохио өгөх ёстой байдаг. Гэрэл ч байхгүй харанхуй юм ирээд миний машиныг дайрсан. Миний машинд сууж байсан зорчигч хүртэл ахаа нөгөө машин чинь гэрэлгүй явж байсан шүү дээ гэж хэлж байсан. Би стандарт бус зам дээр маш зөөлөн явж байсан бөгөөд ******* гуай гэрэл ч үгүй, дохио ч үгүй ирж мөргөчихөөд, машинаасаа бууж ирээд үнэтэй машин яаж байгаа юм бэ гэж намайг загнасан. Хэрвээ ******* гуай баруун гар талын дүрмийг баримталж тээврийн хэрэгслээ жолоодсон бол тийм осол гарахгүй байсан. Мөн би авто замын байцаагчид хэргээ хүлээхгүй байна гэж хэлж байсан. Намайг адил замын уулзвараар зорчиж байхдаа баруун гар талаас ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөгүй, намайг 100 хувь буруутай гэж дүгнэсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас би Батбаатараас нөгөө машин маань хэдэн км цагийн хурдтай явж байсан, хэдэн метр яваад тоормослосон болохыг асуухад 5 метрийн хооронд тоормослож зогссон байна лээ гэж хэлж байсан. Ахлах дэслэгч Намуун гэдэг албан хаагч ирээд зураг авч, хэмжилт хийсэн боловч албан бус шинжээчийн дүгнэлт гарсан байсан. Тэгээд би хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй танилцахад хэдэн км цагийн хурдтай явж байсан, хэдэн метрийн зайтай тоормослосон болохыг тодорхой бичээгүй бөгөөд “адил замын уулзвар дээр хоёр машин мөргөлдсөн, ******* 100 хувь буруутай” гэж бичсэн байсан. Шинжээчийн дүгнэлтэд тээврийн хэрэгслийг хэдэн км цагийн хурдтай жолоодож байсан, хэдэн метрийн зайтай тоормослосон болохыг тодорхой бичих ёстой байтал бичээгүй учраас би огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн үед би өөрийнхөө машины зөв талын арын дугуйг хэдэн метр яваад тоормослосон болохыг харахад 40 см яваад тоормослоод зогссон байсан. Би шинжээчийн дүгнэлтийг дутуу байна гэдгийг Батбаатарт хэлсэн боловч Та шүүхээрээ шийдвэрлүүл, болохгүй бол танд зөрчлийн хэрэг үүсгэж, прокурор руу шилжүүлчихье, цагдаа дээр байх сайхан байна уу? хааяа таксиндаа явах сайхан байна уу? Та хэл амгүй шүүх дээрээ учраа ол гэж хэлсэн. Би зүгээр тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад мөргүүлчихээд байхад нэхэмжлэгч 22 сая төгрөгийн хохирол шаардаж байгааг гайхаж байна. Мөн ******* гуай надтай хамт Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар учирсан хохирлоо үнэлүүлэхэд 20,400,000 төгрөг болж байсан. Би тус үнэлгээний зардалд 900,000 төгрөг төлж, 100,000 төгрөгөөр торгуулж, 5 оноогоо хасуулсан. Нэхэмжлэгч авто машинд учирсан хохирол 17,531,000 төгрөг, засварын ажлын хөлс 3,850,000 төгрөг, шатахууны зардал 743,671 төгрөг, нийт 22,124,671 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Вендо үнэлгээний компанийн үнэлгээнээс давсан мөнгө нэхэж байна. Гэхдээ би тэр машиныг мөргөөгүй. Мөн нэхэмжлэгч өөрийн машины баруун гар талын крыло хэсэгт олон жилийн өмнө ховхорсон хэсгийг үнэлгээний компаниар үнэлүүлж, 1,152,250 төгрөгийн хохирол тооцуулсан байсан. Ийм бусармаг зүйл байж болохгүй. Би маш их гомдолтой байна гэв.

3. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн хэрэг болсон 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч тээврийн хэрэгслээ жолоодон уурхайн замаас хойшоо эргээд баруун гар тийшээ гэр хорооллын замд 40-50 метр явж байхад урд зүгээс гэрэлгүй авто машин ирж мөргөснөөр тус зам тээврийн осол гарсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 1 дүгээр зүйлийн 1.5-т Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино, 12 дугаар зүйлийн 12.5.г/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км цагаас дээш хурдтайгаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэж тус тус заасан байдаг. Хариуцагч Г.******* нь баруун гар талаас ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөнө гэсэн дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа боловч Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээгээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 8 төрлийн гэмтэл учирсан болох нь харагдаж байна. Тиймээс нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээ жолоодон хариуцагчийн тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх замын хөдөлгөөний дүрмээр нэхэмжлэгч жолооч буруутгагдах нөхцөл байдал хангалттай тогтоогдсон хэдий ч Г.******* нь хууль мэдэхгүйн улмаас эрх бүхий албан тушаалтны магадлагаанд гомдол гаргалгүй, түүнд шийтгэл оногдуулсан нөхцөл байдал харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэгч нь эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхээ тодорхойлж чадаагүй байна. Хариуцагч Г.******* нь шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс тус хүсэлтийг хангахаас татгалзсан байдаг. Мөн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно, 514.2-т Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж шүүх гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх тухай зохицуулалтыг хуульчилсан байдаг. Хариуцагч Г.******* нь ам бүл 1, 1 жилийн хугацаатайгаар тэтгэврийн зээл авсан, түүний нэр дээр өөр эд хөрөнгө бүртгэлгүй тухай баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч Г.******* нь өнөөдрийг хүртэл тухайн хэрэгт өөрийгөө буруугүй гэж тайлбарладаг. Мөн нэхэмжлэгч нь гэрлээ асаагаад 13 км цагийн хурдтай явж байгаа авто машиныг мөргөсөн нөхцөл байдал нийтэд илэрхий байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгах эсвэл бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Зам тээврийн байцаагчийн дүгнэлтийг хариуцагч зөвшөөрөх ёсгүй байсан бөгөөд хариуцагчийг хууль мэдэхгүйн улмаас хууль бус дүгнэлтийг зөвшөөрсөн гэж ойлголоо. Нэхэмжлэгч харанхуй шөнө авто машиныхаа гэрлийг асаалгүй яваагүй бол тус осол гарахгүй байсан гэж бодож байна. Миний хувьд жолооны дүрэм сайн мэдэхгүй. Гэхдээ би хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

5. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрх бүхий албан тушаалтны 2023.01.03-ны өдрийн магадлагаа, 0770739 дугаартай Шийтгэлийн хуудас, Г.*******ын иргэний болон жолооны үнэмлэх зэрэг баримтуудын хуулбар, Бараа материалын зарлагын баримт, И-баримтууд, “Вендо” ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын баримт, “Вендо” ХХК-ийн 2024.01.06-ны өдрийн №46372/ ДД№28724363 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан, “Мөнххада” ХХК-ийн Нэхэмжлэх үнийн саналын хуулбар /нотлох баримтын шаардлага хангахгүй/ зэрэг баримтуудыг, хариуцагч талаас хариу тайлбараас гадна 2024.04.05-ны өдрийн 0211 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, зураг, ХААН банктай байгуулсан 2024.11.20-ны өдрийн ЗГ/58616876 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээ, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Г.*******ын Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг баримтуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-18, 32-33, 78-84 тал)

6. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр ыг гэрчээр асууж мэдүүлэг авах ажиллагааг явуулсан болно. (хх 64-65 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.******* нь тус шүүхэд хариуцагч Г.*******т холбогдуулан “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт буюу тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн үнэд 17,531,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд төлсөн 3,850,000 төгрөг, шатахуун болон тосны үнэд 743,671 төгрөг, нийт 22,124,671 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ. (хх 1 тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцсон ба нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ “…2023.12.27-ны өдөр болсон ослын улмаас Toyota Land Cruiser 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тухайн хэрэг нь гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослыг тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар Toyota prius 11 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.*******ын буруутай үйлдлээс осол гарсан болохыг тогтоосон. Уг магадлагааг хариуцагч Г.******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохиролд 22,124,671 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү…” гэж тайлбарладаг.

Хариуцагч Г.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг ба татгалзлын үндэслэлээ “...би тээврийн хэрэгслээ 11-12 км цагийн хурдтай маш зөөлөн жолоодон явж байтал баруун гар талаас нэг хар машин ирээд намайг мөргөсөн. Албан бус шинжээчийн дүгнэлт гарсан, уг дүгнэлтэд хэдэн км цагийн хурдтай явж байсан, хэдэн метрийн зайтай тоормослосон болохыг тодорхой бичээгүй учир уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Би шинжээчийн дүгнэлтийг дутуу байна гэдгийг байцаагчид хэлэхэд Та хэл амгүй шүүх дээрээ учраа ол гэж хэлсэн. Тухайн машин нь гэрлээрээ дохих болон дуут дохио өгөөгүй, зогсоох арга хэмжээ авалгүй, мөн намайг бага хурдтай явж байхад тойроод явах боломжтой байхад намайг шууд ирж мөргөчихөөд надаас 22 сая төгрөгийн хохирол шаардаж байгааг гайхаж байна. Нэхэмжлэгчийн автомашинд олон эд зүйл эвдэрсэн байгаагаас үзэхэд тэрээр хариуцагчийн машиныг мөргөсөн болох нь харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхээ тодорхойлж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Уурхайн замын зүүн талд хариуцагч Г.*******ын жолоодож явсан Toyota prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нэхэмжлэгч Ж.*******ийн жолоодож явсан Toyota Land cruiser 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол болжээ. (хх 6-7 тал)

2. Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн гаргасан үнэлгээгээр дээрх ослын улмаас нэхэмжлэгч Ж.*******ийн жолоодож явсан Toyota Land cruiser 200 маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 20,406,563 төгрөгийн эвдрэл, хохирол гарсан гэж тогтоосон байна. Уг үнэлгээг хийлгэх үйлчилгээний зардал 922,000 төгрөгийг хариуцагч Г.******* нь хариуцан тус үнэлгээний компанид төлсөн байна. (хх 10-16 тал)

3. “Акума-Эрин” ХХК-ийн зарлагын баримтаар улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 22,551,000 төгрөгийн авто сэлбэг худалдан авсан болох нь, “Ник” ХХК-ийн e-баримтуудаар нийт 744,171 төгрөгийн шатахуун худалдан авсан болох нь тус тус тогтоогдож байна. (хх 5-6 тал)

4. Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбаатар дээрх зам тээврийн осол гарсан асуудалд хариуцагч Г.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.10 “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газар жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 15.8 “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн, уг заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол болох гол шалтгаан болсон гэх үндэслэлтэй гэж дүгнэн “Эрх бүхий албан тушаалтны магадлагаа” гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0770739 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар холбогдогч Г.*******т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. (хх 6-8 тал)

5. Хариуцагч Г.******* нь дээрх 0770739 дугаартай шийтгэлийн хуудсын дагуу 100,000 төгрөгийн торгуулийг төлсөн нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд талууд зам тээврийн осол болсон үйл баримтын талаар маргадаггүй, харин тухайн осол хэний буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас болсон талаар маргадаг боловч иргэний хэргийн шүүх нь зөрчлийн хэрэг хянан шалгасан ажиллагаанд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй бөгөөд харин зөвхөн зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 

Хариуцагч Г.******* нь “...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээчийн дүгнэлтийг дутуу байна гэдгийг байцаагчид хэлсэн. Гэтэл таны буруу гээд намайг хүчээр торгож, 5 оноо хассан...” гэж тайлбарладаг, мөн гэрч “...Манай гэр лүү эргэдэг зам дагуу явж байтал тэр ахын машиныг мөргөх шиг л болсон. Тэгээд буугаад харсан том оврын жип байсан. Манай таксины жолооч зөөлөн явж байсан...” гэж мэдүүлдэг боловч хариуцагч Г.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0770739 дугаар “Шийтгэлийн хуудас”-тай танилцаж гарын үсгээ зурсан, тухайн шийдвэрийг эс зөвшөөрч буй тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул түүний дээрх тайлбар, татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд ...гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар тус тус зааснаас гадна мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хуульд ийнхүү зааснаас үзвэл гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл байх, уг үйлдлийн улмаас гэм хор учирсан байх, хууль бус үйлдэл гэм буруу хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа тохиолдолд гэм хорыг хариуцан арилгах үүрэг бий болох ба учирсан хохирлыг тухайн эд хөрөнгийн өмчлөгчид төлнө.

Нэхэмжлэгч Ж.******* нь тухайн зам тээврийн осол болоход Toyota Land cruiser 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь тогтоогдож байх боловч түүнийг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай.

Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нэхэмжлэгч Ж.*******ийг маргаан бүхий Toyota Land cruiser 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохоо нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Г.*******т холбогдох “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 22,124,671 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ийн “...хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв. 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,573 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.*******т холбогдох “бусдын эд хөрөнгөд гэм хорын учруулснаас үүсэх үүрэгт 22,124,671 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,573 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА                                                   

                                            ШҮҮГЧИД                             Х.ОТГОНЖАРГАЛ                                                                                                                 

                                                          Б.МАРИНА