| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2024/01047/И |
| Дугаар | 138/ШШ2024/00989 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2024/00989
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,845,666 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* /цахимаар/
Хариуцагчийн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,845,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“******* ******* *******” ХХК нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газартай тохиролцож, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/010 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Тус гэрээний 2.5-д “Худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр тасалбар болгож тухайн сардаа бүрэн төлж барагдуулна” гэж заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны дотор төлөгдөх ёстой байсан 1,684,524 төгрөгийн 68 хоногийн алданги 572,738 төгрөг, 05 дугаар сарын 31-нд төлөгдөх ёстой байсан 22,202,835 төгрөгийн 68 хоногийн алданги 7,548,964 төгрөг, 06 дугаар сарын 31-нд төлөгдөх ёстой байсан 2,030,920 төгрөгийн 38 хоногийн алданги 385,875 төгрөг, 06 дугаар сарын 31-нд төлөгдөх ёстой байсан 2,939,909 төгрөгийн 23 хоногийн алданги 338,090 төгрөг, нийт хугацаа хэтэрсэн 197 хоногийн алданги 8,845,666 төгрөгийн алданги бодогдсон байна. Иймд Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 8,845,666 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Алданги 8,845,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай компани хариуцагч байгууллагатай нэг нутагт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байсан. 2023 онд манай компаниас хариуцагч байгууллагын үүнтэй адил асуудлыг ойлгож, алданги гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаагүй. Манай компаниас хариуцагч байгууллагын нягтлантай удаа дараа утсаар холбогдож, 4, 5, 6 дугаар сарын төлбөр төлөлтийн хугацаа хэтэрсэн болохыг сануулж байсан. Улмаар 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн ба 6 дугаар сараас 08 дугаар сарын хооронд төлбөр төлөх хугацаа олгосон. Мөн хариуцагчийн төлөөлөгч гэрээнийхээ зүйл, заалтыг харах сөхөөгүй байсан гэж хэлж байгаа боловч анх гэрээний талууд харилцан тохиролцож, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулж, гэрээ байгуулж байсан. Манай компанийн бараа бүтээгдэхүүний үнэ өндөр учраас мөнгө эргэлтэд оруулах тусам ашиг олдог. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага хугацаандаа үндсэн төлбөрөө төлсөн бол манай компани 0.5 хувиас илүү ашиг олох бүрэн боломжтой байсан.Тиймээс гэрээнд заасан үүргийн дагуу алданги гаргуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан эрсдэлийн үнэлгээ нь тус алданги тооцсон хугацаанд хамаарахгүй байна гэж үзэж байна. Манай байгууллагаас 2024 оны 4, 5, 6 дугаар сарын төлбөрийн алдангийг шаардсан бөгөөд дээрх үнэлгээ нь 2023 оны 11 дүгээр сараас 12 сарын хугацааны эрсдэлийн үнэлгээ байна гэв.
2. Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч ******* хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд байгуулсан гэрээнд төлбөр төлөх хугацаа, нөхцөл, хариуцлага зэргийг нарийн тусгасан байсан ч 2022-2023 оны өвөлжилтийн байдал хүндэрч манай сум цагаанаар зудархуу ангилалд өвөлжиж хаваржсан. Төлөгч байгууллагаас үл шалтгаалан өвөлжилт, хаваржилтын үед цаг үеийн давагдашгүй нөхцөл байдал үүсэж гэрээний хугацаанд төлбөрөө барагдуулаагүй нь алданги төлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Манай сум сарын 910,000 төгрөгийн шатахууны төсөвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын улмаас худалдан авалтын төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй дээрх байдалд хүрсэн. Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс ******* сумын 2023 оноос 2024 оны өвөлжилт, зудын эрсдэлийг цагаанаар зудархуу болон цагаан зуд ангилалд хамаарч байна гэж дүгнэсэн. Дээрх нөхцөл байдлын улмаас отрын штаб байгуулах, олон тооны адуу мал овоорох, айлууд өвөлжөө рүүгээ гарах боломжгүй болох, Монгол гэртэй айлууд цасаар хучигдах зэрэг хүндрэл гарч байсан. Улмаар айлуудад зам гаргах, өвс тэжээл хүргэх, отрын штаб байгуулах зэрэг өвөлжилттэй холбоотой олон ажлуудын зардлын улмаас батлагдсан төсвөөс хэтэрсэн зардал гарсан. Уг өвөлжилтийн байдал нь зөвхөн ******* сумын асуудал бус Улсын хэмжээний асуудал болсон. Тус зудын улмаас ******* суманд 52,000 мал хорогдсон бөгөөд Хэрлэн гол гэсэхээс өмнө малын сэг зэмийг цэвэрлэхийн тулд их хэмжээний шатахуун зарцуулсан. Улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссоос зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг цэвэрлэх үүрэг, чиглэл өгч байсан. Бид гэрээний дагуу давагдашгүй хүчин зүйлийн талаар гэрээний нөгөө талд бичгээр мэдэгдэх үүрэгтэй хэдий ч гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд ажиллаж байсан. Сумын түвшинд аймагтай адил тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага байхгүй учраас даргаасаа эхлээд үйлчлэгч хүртэл ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл суманд баяр наадам, ган зуд, түймэр гэх мэт бүх нөхцөл байдалд Тамгын газрын 30 орчим албан хаагч ажилладаг. Дээрх нөхцөл байдлыг иргэн, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө мөнгө, хүн хүчний дэмжлэгтэйгээр даван гарсан. Бид батлагдсан төсвийн хэмжээнд үндсэн төлбөрөө төлж, үлдсэн төлбөрөөс алданги тооцуулж, дээрх нэхэмжлэлийн дүн гарсан. Мөн манай сум 07 дугаар сарын 27-ны өдөр төсвийн тодотгол хийсэн боловч бүх сумын төсвийн тодотгол зэрэг хийгдэж байж нэгдсэн журмаар төсөв татагддаг. Ингээд 08 дугаар сарын сүүлээр төсөв татагдаж, нэхэмжлэгч байгууллагын үлдсэн төлбөрийг төлж барагдуулсан. Нэхэмжлэгч байгууллага нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т заасны дагуу 8,845,666 төгрөгийн алдангийг манай байгууллагаас нэхэмжилж байна. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т гэрээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөр бүрэн төлөх хүртэлх хугацаанд дараагийн сарын шатахуун нийлүүлэлтийг зогсооно гэж заасныг хэрэгжүүлээгүй тул алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэдээж бизнесийн байгууллага хугацаандаа төлбөрөө авч, үйл ажиллагаагаа явуулах ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ нэхэмжлэгч компаниас манай байгууллагын нягтлан бодогчид удаа дараа мэдэгдээгүй бөгөөд би энэ тухай шүүх хуралдаанд орохоос өмнө болон нэхэмжлэгч байгууллагаас албан бичиг ирэх үед нягтлан бодогчоосоо асууж лавлаж байсан. Манай сумын Засаг даргын Тамгын газар сарын 910,000 төгрөгийн шатахууны төсөвтэйгөөр бүх үйл ажиллагаагаа явуулдаг. Зудын нөхцөл байдлын улмаас их хэмжээний шатахуун зарцуулсан. Түүнчлэн манай сум 07 дугаар сарын 27-ны өдөр төсвийн тодотгол хийсэн боловч бүх сумдад төсвийн тодотгол хийгдсэний дараа аймгаас төсөв татдаг учраас 08 дугаар сарын сүүлээр төлбөрөө төлөх боломжтой болсон. Зуд, өвөржилт хаваржилтын нөхцөл байдал 06 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Ядарсан малд тэжээл зөөх ажил 2, 3 дугаар сарыг хүртэл, хорогдсон малын сэг зэмийг зөөх ажил 5, 6 дугаар сарыг хүртэл тус тус үргэлжилдэг. Ингээд наадмын өмнө малын сэв зэмийг булж, устгаж дуусдаг. Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс зудын байдлыг үнэлсэн бөгөөд биднийг ажлыг дүгнээгүй. Дээрх үүссэн нөхцөл байдал нь 2023 оны 11 дүгээр сараас 2024 оны 06 дугаар сар хүртэл үргэлжилсэн гэв.
3. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “******* ******* *******” ХХК, ******* сумын Засаг даргын тамгын газрын хооронд 2024.02.20-ны өдөр байгуулагдсан 2024/010 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ” болон Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* сумын Засаг даргын 2013.10.23-ны өдрийн Б/25 дугаар *******г ажилд томилох тухай захирамж гэх баримтуудын хуулбар, *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* сумын Засаг даргын тамгын газарт нийлүүлсэн шатахууны алдангийн тооцоо, Карт №30, Карт №39, “******* ******* *******” ХХК-ийн ХААН банк дахь ******* тоот дансны хуулга зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 5-23 тал)
4. Хариуцагч талаас: ******* сумын Засаг даргын тамгын газрын 2024.11.06-ны өдрийн 3/422 дугаартай “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” болон 2024.12.09-ний өдрийн 3/470 дугаартай “Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохоос татгалзах тухай” албан бичиг, нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2024.11.28-ны өдрийн 280 дугаартай “Зудын эрсдлийн үнэлгээ хүргүүлэх тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “******* ******* *******” ХХК-д шатахууны төлбөр төлөлтийн баримт, ******* сумын том малын хорогдлын мэдээ, ******* сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны төсвийн хуваарь зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 26, 43-49 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь тус шүүхэд хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар /цаашид ЗДТГ гэх/-т холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу алдангид 8,845,666 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. (хх 1-4 тал)
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон бөгөөд нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ “...Манай компаниас хариуцагч байгууллагын нягтлантай удаа дараа утсаар холбогдож, 4, 5, 6 дугаар сарын төлбөр төлөлтийн хугацаа хэтэрсэн болохыг сануулж байсан. Улмаар 2024 оны 08 сарын 08-ны өдөр албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн ба 6-8 сарын хооронд төлбөр төлөх хугацаа олгосон боловч гэрээнд зааснаар бараа бүтээгдэхүүний үнийг төлөөгүй. Манай байгууллагаас гэрээний 5.2-т заасан арга хэмжээг авч, хэрэгжүүлсэн. Бид өмнөх сарын төлбөрөө төлөөгүй тохиолдолд картыг нь хураан авч, нээдэггүй. Гэтэл танай байгууллагаас ямар нэгэн байдлаар манай нягтлантай холбогдож, дараа сарын худалдан авалтаа хийсэн. Иймд гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу хариуцагч компаниас 8,845,666 төгрөгийн алдангийг гаргуулах хүсэлтэй байна...” гэж тайлбарладаг.
Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ЗДТГ-ыг төлөөлж тус газрын дарга ******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Манай суманд 2023-2024 оны өвөлжилт хүндэрч, зудын эрсдэлийн улмаас айлуудад зам гаргах, өвс тэжээл хүргэх, отрын штаб байгуулах зэрэг өвөлжилттэй холбоотой олон ажлуудын улмаас батлагдсан төсвөөс хэтэрсэн зардал гарсан. Зудын улмаас ******* суманд 52,000 мал хорогдсон бөгөөд Улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссоос Хэрлэн гол гэсэхээс өмнө малын сэг зэмийг цэвэрлэх үүрэг, чиглэл өгч, үүний улмаас их хэмжээний шатахуун зарцуулсан. Тамгын газар сарын 910,000 төгрөгийн шатахууны төсөвтэйгөөр бүх үйл ажиллагаагаа явуулдагтай холбоотой гэрээнд заасан хугацаанд шатахууны үнийг төлж чадаагүй. Нэхэмжлэгч нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т гэрээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлбөр бүрэн төлөх хүртэлх хугацаанд дараагийн сарын шатахуун нийлүүлэлтийг зогсооно гэж заасныг хэрэгжүүлээгүй. Эдгээр үндэслэлээр алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж тайлбарладаг.
Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг талуудын гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газартай 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2024/010 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, тус гэрээгээр “******* ******* *******” ХХК нь ******* сумын ЗДТГ-т чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр нийлүүлэх үүргийг, ******* сумын ЗДТГ нь зээлээр худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр тасалбар болгон тухайн сардаа бүрэн төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.
2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч ******* сумын ЗДТГ-т 2024 оны 4 дүгээр сард 1,684,524 төгрөгийн, 5 дугаар сард 22,202,835 төгрөгийн, 6 дугаар сард 2,030,920 төгрөгийн, нийт 25,918,279 төгрөгийн шатахууныг нийлүүлжээ.
3. Хариуцагч ******* сумын ЗДТГ нь “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.5-д заасан хугацаанд шатахууны үнийг нэхэмжлэгчид төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн байх боловч 2024 оны 6 дугаар сард 4,381,410 төгрөг, 8 дугаар сард 18,596,960 төгрөг, 9 дүгээр сард 2,939,909 төгрөг, нийт 25,918,279 төгрөгийг төлж барагдуулан, нэхэмжлэгчээс худалдан авсан шатахууны үнийг бүрэн төлсөн байна.
Үүнээс үзэхэд талууд дээрх гэрээг байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43.2.1, 232 дугаар зүйлийн 232.3, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагдсан байна.
Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдал болон нийлүүлсэн шатахууны хэмжээ, шатахууны үнийг төлсөн үнийн дүнгийн талаар тус тус маргадаггүй бөгөөд тус гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээх” талаар, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.
Түүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.5-д “Худалдан авагч, худалдан авсан шатахууны төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр тасалбар болгож тухайн сардаа бүрэн төлж барагдуулна” гэж, 5.1-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний 2.5-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги тооцно” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* сумын ЗДТГ-т шатахуун нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч ******* сумын ЗДТГ нь тухайн нийлүүлсэн шатахууны төлбөрийг гэрээнд заасан хугацааны дотор төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хууль болон гэрээнд зааснаар үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Гэвч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаартай “Зудын эрсдлийн үнэлгээ хүргүүлэх тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* сумын том малын хорогдлын мэдээ, ******* сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны төсвийн хуваарь зэрэг баримтууд болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр хариуцагч ******* сумын ЗДТГ-т сард шатахууны төсөвт 910,000 төгрөг төсөвлөгддөг байхаас гадна тус сум нь 2024 оны 1-2 дугаар сард зудын эрсдэл нь “Цагаанаар зудархуу болон цагаан зуд”-ын эрсдлийн түвшинд байсан, үүний улмаас өвөлжилт хүндэрсэн айл өрхүүдэд өвч тэжээл хүргэх, зам гаргах, малын хорогдол ихтэй байснаас 2024 оны 7 дугаар сарыг хүртэлх хугацаанд малын сэг зэмийг устгахтай холбоотойгоор шатахууны хэрэглээ ихээр нэмэгдсэн болох нь, батлагдсан төсвөөс илүү гарсан зардлыг өөр бусад зардлаас зориулалт бусаар зарцуулах боломжгүйгээс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй болох нь тус тус тогтоогдож байна.
Түүнээс гадна талуудын хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 5.2-д “Худалдан авагч нь 2.5-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдагч дараагийн шатахууны нийлүүлэлтийг төлбөр бүрэн төлөх хүртэл хугацаанд зогсооно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь гэрээнд ийнхүү зааснаар хариуцагч талыг худалдан авсан шатахууны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад шатахууны нийлүүлэлтээ зогсоох эрхээ хэрэгжүүлэлгүй, нийлүүлэлтийг үргэлжлүүлэн хийж байсан нь шатахуун олгосон картууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна. (хх-н 12-18 тал)
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан.
Шүүх хэргийн нөхцөл байдал буюу хариуцагч ******* сумын ЗДТГ-т сард шатахууны зардалд 910,000 төгрөг төсөвлөгддөг боловч тус сум нь 2024 оны хавар зудын эрсдлийн улмаас батлагдсан төсвөөс илүү шатахууны хэрэглээ гаргасан, төсвийн мөнгийг зориулалт бусаар зарцуулах боломжгүйгээс нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөх боломжгүй байсан нөхцөл байдал, мөн нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.2-т зааснаар шатахууны нийлүүлэлтийг бүрэн зогсоох эрхээ хэрэгжүүлэлгүй, нийлүүлэлтийг үргэлжлүүлэн хийж байснаас төлбөрийн хэмжээ ихээр нэмэгдсэн нөхцөл байдлуудыг харгалзан алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/010 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэг буюу алданги 4,422,833 /50 хувьтай тэнцэх/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* монгилиа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,422,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,481 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85,715 /4,422,833 төгрөгт ногдох/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/010 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 4,422,833 /дөрвөн сая дөрвөн зуун хорин хоёр мянга найман зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* монгилиа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,422,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,481 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 85,715 /наян таван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ******* монгилиа” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь хуульд заасан хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА