| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 138/2020/01164/И |
| Дугаар | 201/МА2020/00034 |
| Огноо | 2020-12-03 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 201/МА2020/00034
С.Буниагийн нэхэмжлэлтэй хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Ж.Долгормаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 138/ШШ2020/01103 дугаар шийдвэртэй, С.Буниагийн нэхэмжлэлтэй садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэргийг прокурор Д.Нямдэлэгийн гаргасан давж заалдах гомдлоор 2020 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Буниа, прокурор Д.Нямдэлэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч С.Буниа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбалын Сугарын төрсөн охин Цэрэнгээс төрсөн хүүхэд юм. Намайг өргөж авсан эцэг Жамбалын Сугар 1938 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр 46 настай байхдаа баригдаж буудан алах ялаар шийтгүүлсэн юм билээ. Манайхаас 1938 онд хэлмэгдсэн 4 хүн байдаг юм. Хоёр нь буудуулсан. Хоёр нь амьд ирсэн. Миний аав Сугар болон миний ээж Лэгжмаагийн аав хоёр буудуулсан. Миний ээжийн ах нар амьд эргэж ирсэн. Миний төрсөн эх Цэрэндулам нь Сугарын том охин юм. Аав маань баригдах үедээ хүүхдүүдийнхээ нэгнийх нь ч нэрийг бүтнээр хэлээгүй юм билээ. Цэрэн, Пунцаг, Минжээ гэх мэтээр хэлсэн юм билээ. Намайг төрөхөд ээж Лэгжмаа нөхрийнхөө нэрээр овоглож өргөж авсан бөгөөд Лэгжмаа ээжийнхээ гар дээр өссөн. Төрснөөсөө хойш аав Сугараар овоглосон. Эсэргүүний хүүхэд гээд сургуульд ч орж чаддаггүй байсан. Тэгээд 14 настай байхад минь буюу 1954 онд 11 настай болгон насыг маань дарж, төрсөн ээж Цэрэнгийн овгоор овоглуулж, Бунханы сургуульд оруулж байсан. Тэгэхээр би 1940 он хавьцаа төрсөн юм шиг байна лээ. Түүнээс хойш 1943 онд төрсөн гэж явах болсон. Паспорт бичиг баримт маань Сугар нэрээс Цэрэн болж солигдоогүй юм. Аав ээж хоёр маань 6 хүүхэдтэй, бүгд нилээн эрт нас барсан. Одоо үр удам гээд байх хүн байхгүй. Ах нар маань их л залуухан 30 гарантай байхдаа ойр ойрхон нас барцгаасан. 1939 оны дайнд Гэндэн ах Аюуш ах хоёр явсан. Аюуш нь эргэж ирээгүй. Гэндэн ах бол амьд ирж байсан ба нэг их удалгүй нас барсан гэдэг. Пунцагхоролоо гэдэг нь намайг оюутан байх үед, Минжээдорж ч гэсэн намайг төгсөхийн өмнө, миний төрсөн эх Цэрэндулам 1997 онд, эгч Бүрзиймаа маань 2011 онд харвалт өгөөд тус тус нас барсан. Ер нь өндөр настай болсон байсан. Миний ээж Лэгжмаа 1988 онд 101 нас хүрээд миний гар дээр нас барсан. Миний эгч Бүрзиймаа 1999 онд цагаатгалын нөхөн олговор нэг сая төгрөгийг авахдаа аавын маань цагаатгалын гэрчилгээ бусад баримт бичгийг шүүхэд өгөөд надад огт баримт үлдээгээгүй байсан. Ингээд би өөрөө материалаа бүрдүүлэх ёстой болсон. Тагнуулын газраас шаардлагатай бичиг баримтуудыг цуглуулж авсан. 2014 онд Дээд шүүхээс хөөцөлдөж байгаад цагаатгалын гэрчилгээг нь нөхөж авсан. Гэхдээ тэр үедээ хэлмэгдлийн мөнгө авах талаар бодоогүй, ямартай ч үр хойчдоо баримтыг нь үлдээх ёстой гэж бодсон юм. Жил бүр надад хэлмэгдэгчдийн хойч үе гээд урилга ирж хуралд суудаг. Тэгээд би ер нь энэ мөнгө нөхөж өгч байгаа талаар ч мэдсэнгүй. Саяхан нэг цуглаан дээр надад нэг хүн бичиг баримтаа цуглуулах ёстой гэж хэлэхээр нь аймгийн Цагаатгалын комисс дээр очиж уулзаад эхлээд шүүхэд хандах ёстой гэдгээ мэдсэн. Иймд миний бие аав Сугарынхаа нөхөх олговрыг авах шаардлагатай байгаа тул намайг Жамбалын Сугарын үрчлэгдсэн хүүхэд мөн болохыг тогтоож өгнө үү. гэв.
Төрийг төлөөлж шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Буниагийн нэхэмжлэлтэй садан төрлийн холбоо тогтоолгох тухай иргэний хэрэгт прокуророор оролцож байна. Буниа нь Сугарын өргөмөл охин мөн болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлж байна. гэв.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 138/ШШ2020/01103 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Буриад овогт Сугарын Буниа /РД:ЖЭ43070708/ нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбалын Сугарын үрчилж авсан хүүхэд мөн болохыг тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Нямдэлэг давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч С.Буниа нь Жамбалын Сугар, Ваадайн Лэгжмаа нарын төрсөн охин болох Цэрэндуламаас төрсөн байх ба түүнийг албан ёсоор Ж.Сугар, В.Лэгжмаа нарын нэр дээр үрчлэгдсэн тухай бүртгэл байхгүй боловч В.Лэгжмаа нь нөхөр Ж.Сугарын нэр дээр овоглон үрчлэн авсан, мөн Монгол Улсын иргэний бүртгэлийн нэгдсэн системд тэрээр эцэг Ж.Сугараар овоглон бүртгэгдсэн тухай үйл баримтууд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтууд болох иргэний үнэмлэх болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн тухай 03-05/1997 тоот лавлагаа зэрэг бичгийн баримтуудын нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрч Б.Цэндэм, Ц.Дугар нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн эцэг болох Жамбалын Сугар нь Онц бүрэн эрхт комиссын 1938 оны 11 сарын 22-ны өдрийн 37 дугаар хурлын тогтоолоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, Шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэнийг Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 01 сарын 13-ны өдрийн 13 дугаар магадлалаар цагаатгагдсан болох нь мөн хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Сугарын Буниа нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбалын Сугарын үрчилж авсан хүүхэд мөн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж дүгнэв. гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Сугарын Буниа нь 1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбалын Сугартай садан төрлийн холбоотой буюу Ж.Сугарын төрсөн охин Цэрэндуламаас төрсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч хэлмэгдэгч Ж.Сугар нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар хурлын тогтоолоор хуулийн дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгүүлсэн байх ба Сугарын Буниа нь 1943 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба дээрх нотлох баримтаар Жамбалын Сугар нь Буниаг 1943 онд үрчлэн авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав. гэжээ.
Нэхэмжлэгч С.Буниа 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний яг төрсөн он маань 1940-өөд оны хүн байгаа юм. Миний бие Сугарын Цэрэндулам гэдэг том охиноос нь гарсан. Тэр үед гарсан эх маань бага арван хэдтэй байхад нь нагац ээж болох Лэгжмаа нь хэлмэгдсэн нагац ааваар минь овоглон өсгөсөн эх минь юм. Би шүүхээр гаргуулсан шийдвэрээ хүлээн авсан үед өөрийн төрсөн хүү Өвдөлдаш нь хавдрын 4 дүгээр үетэй муудсан тул Улаанбаатар хот явсан. Нэгэнт очсоных Цагаатгалын газраар материалаа аваад очиход Дорнодыг хариуцсан Пагма гэдэг хүн дээр очиж материал шийдвэрээ үзүүлсэн чинь ашиг сонирхлын үүднээс гаргасан шийдвэр байна. Уртнасан гэж ямар юм байдаг юм гээд бүх материалыг минь канондож авч үлдсэн тэгээд намайг гар гэж хөөж гаргасан үүнд би хэдэн үг хэлээд гарсан. гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.Буниа нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбалын Сугартай садан төрлийн холбоо тогтоолгох /үрчилж авсан хүүхэд мөн болохыг тогтоолгох/ тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жамбалын Сугарыг 1938 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улс төрийн хэрэгт баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 37 дугаар хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 48 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн, Дээд шүүх цэргийн коллегийн 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар магадлалаар цагаатгасан байна./хх-ийн 21 дэх тал/
Мөн хэлмэгдэгч Ж.Сугарын эхнэр В.Лэгжмаа нь том охин Цэрэндуламаас /зарим баримтанд Цэрэн гэж тэмдэглэгдсэн/ 1943 оны 07 дугаар сарын 07-ны өдөр /Дорнод аймгийн Баяндун сумын нутагт/ төрсөн охин С.Буниаг /нэхэмжлэгч/ нөхөр Ж.Сугараар овоглож, үрчилж авсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна./хх-ийн 4-7, 15 дахь талууд/
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд, 13 дугаар зүйлийн 13.2.1-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор заасан байх тул нэхэмжлэгч С.Буниа нь энэхүү хуулийн зохицуулалтаар хэлмэгдэгчийн үрчилж авсан хүүхэд гэдэгт хамаарахгүй юм.
Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч С.Буниаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.Сугарын үрчилж авсан хүүхэд мөн болохыг тогтоосон нь эрх зүйн ач холбогдлын хувьд үндэслэлгүй шийдвэр болсон байна. Энэ талаар гаргасан прокурорын гомдлыг хүлээх авах үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч С.Буниагаас шүүхэд хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Прокурор давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын гомдлыг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 138/ШШ2020/01103 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Буниагийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч С.Буниагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
З.ЭНХЦЭЦЭГ