| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Түмэнжаргал |
| Хэргийн индекс | 185/2018/0124/Э |
| Дугаар | 157 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
улсын яллагч Ц.Амгаланбаатар,
шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан /ҮД:1587/,
хохирогч Л.Бат-Эрдэнэ,
гэрч Г.Лхагвагарав нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хороолол 21 дүгээр байрны 196 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, Тэргүүн монгол овгийн Т.Т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201625021709 дугаар 185/2018/0124/Э индекстэй хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Т.Т 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Үндэсний баялаг” ББСБ-ын зээлийн барьцаанд тавьсан 77-79 УБП улсын дугаартай Range rover маркийн автомашиныг Л.Бат-Эрдэнэд зарж удахгүй нэр дээр чинь шилжүүлэн өгнө гэж хуурч 16-66 УБӨ дугаартай Audi А-8 маркийн автомашин, 4.700.000 төгрөгийг залилан авч Л.Бат-Эрдэнэд 42.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Т.Т 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Үндэсний баялаг” ББСБ-ын зээлийн барьцаанд тавьсан 77-79 УБП улсын дугаартай “Range rover” маркийн автомашиныг хохирогч Л.Бат-Эрдэнэд зарж удахгүй нэр дээр чинь шилжүүлэн өгнө гэж хуурч 16-66 УБӨ дугаартай Audi А-8 маркийн автомашин, 4.700.000 төгрөгийг залилан авч 42.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т: 2014 оны 09 сард автомашинаа Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан. Үүний дараагаар 2014 оны 12 дугаар сарын 20-ны үеэр “үнэгүй.мн”-ээр машинаа зарах гээд зар тавьсан. Машинаа зараад ББСБ-ын зээлийг чөлөөлнө гэж бодож байсан. Тэгээд 12 дугаар сарын 23, 24-ний өдөр “үнэгүй.мн”-ээр Audi маркийн автомашиныг зарна гэсэн зар байхаар нь утас руу нь залгаж асуусан. Тэгээд уулзахаар болоод Сүхбаатар талбайн урд байрлах Blue Sky-н урд талын зогсоолд 16 цагийн үед уулзсан. Тэгэхэд Г.Лхагвагарав, Л.Бат-Эрдэнэ нар хамт ирээд машинаа сольж унаж үзье гээд солилцож унасан. 2 хоногийн дараа Л.Бат-Эрдэнэ над руу залгаад хоёулаа машинаа сольё. Надад зөрүү 5.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Миний машин Үндэсний баялаг Банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан учраас 5.000.000 төгрөг дээр нь нэмж төлөөд барьцаанаас чөлөөлнө гэж бодсон. Audi маркийн машин Г.Лхагвагаравын нэр дээр байсан. 2014 оны 5 дугаар сард автомашиныг нь өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан. Хүнд мөнгөө алдаад Банк бус санхүүгийн байгууллагын мөнгийг өгч чадаагүйн улмаас ийм зүйл болсон. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлнө гэж мэдүүлсэн мэдүүлэг
Улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон:
хохирогч Л.Бат-Эрдэнийн: 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т.Т уулзсан. Уулзахаас өмнө үнэгүй.мн сайтаас машин зарна, солино гэсэн зараар утсаар нь холбогдож уулзахаар тохиролцсон. Тухайн үед би Г.Лхагвагарав найзтайгаа таараад Сүхбаатар талбайн урд байрлах Blue Sky-н урд талын зогсоолд очиж хамт уулзсан. Төгсбилгүүн нэг найзтайгаа явж байсан. Машины гэрчилгээг нь хартал өөрийнх нь биш компанийн нэр дээр байсан. Тэгээд асуутал манай компанийн нэр дээр байгаа 1 дэх өдөр шилжүүлээд өгье, ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн. Маргааш нь Т.Тмашиныхаа нэрийг шилжүүлээд өгөөч гэж над руу залгасан. Тухайн үед Audi маркийн машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж амжаагүй байсан учраас найз Г.Лхагвагарав руугаа залгаад машиныхаа нэрийг шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Үүний дараагаар Audi маркийн машиныг Т.Төгсбилгүүнд нотариатаар гэрээ хийж шилжүүлж өгсөн. Машины зөрүү 4.000.000 төгрөгийг дансаар, 700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь өөрийнх нь машины нэрийг шилжүүлэх болтол эхлээд зуслан дээр байна очих боломжгүй гэх шалтгаанаар хойшилсоор байгаад сүүлдээ утас нь холбогдохгүй болсон. Фэйсбүүкээр асуутал завгүй байна, хөдөө явж байна гэсэн олон шалтаг тоочсон. Тэгтэл 2015 онд Range Rover машиныг нь ББСБ хурааж авсан. Тэр үед машин нь Банк бус санхүүгийн байгууллын зээлийн барьцаанд байсныг мэдсэн. Банк бус санхүүгийн байгууллын захирал Бүдрагчаатай очиж уулзахад Т.Төөрөө 1 сарын дотор хохирлыг барагдуулж, машиныг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж амласан боловч тэр хугацаанд төлж барагдуулаагүй. Дахиад л машиныг нь хурааж авсан. Ээж нь бэлнээр 4.000.000 төгрөг өгсөн. Одоо машины үнэлгээний дагуу 37.500.000 төгрөг, мөн урьдчилгаанд төлсөн 4.700.000 төгрөг буюу нийт 38.200.000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг
гэрч Г.Лхагвагаравын: 7779 УБӨ дугаартай автомашиныг Т.Т унаж ирэхэд нь гэрчилгээг нь хартал компанийн нэр дээр байсан. Тэгээд асуутал надад хамааралтай компани байгаа юм, нэр шилжүүлэхэд асуудалгүй гэж хэлсэн. “Audi” маркийн 1666 УБӨ машиныг 2014 онд Л.Бат-Эрдэнэд худалдсан боловч нэр дээр нь шилжүүлж өгч амжаагүй байсан. “Audi” маркийн машиныг 2014 оны сүүлээр Т.Төгсбилгүүнд шилжүүлсэн. Л.Бат-Эрдэнэд машинаа зарахдаа амаар тохиролцсон байсан, Т.Төгсбилгүүнтэй хэрхэн тохиролцсныг сайн мэдэхгүй байна. Т.Т тухайн үед зээлийн барьцаанд тавьсан талаараа хэлээгүй, дараа нь Л.Бат-Эрдэнээс мэдсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг
Мөрдөн байцаалтад гэрч С.Будрагчаагийн: ... 2014 оны 09 дүгээр сард манай ББСБ-д 77-79 УБП улсын дугаартай Range rover маркийн автомашиныг унаж явах нөхцөлтэйгөөр 16.000.000 төгрөгийн барьцаанд тавиад зээл авсан. …Тэгээд манай ББСБ Range rover маркийн машиныг хөдөлгөөнд оролцож байхад нь олж авахад Б.Базарпүрэв гэдэг хүн явж байсан. Бат-Эрдэнэ гэх хүнтэй утсаар яриад ажлын байран дээрээ авчраад ямар наймаа хийсэн талаар бичүүлж аваад Бат-Эрдэнэд хандаад цагдаад ханд гэж зөвлөөд 3 сарын хугацаа өгсөн. …Тэгээд би сарын хугацаа дуусаад барьцаа хөрөнгө болох Range rover маркийн машиныг хурааж аваад 2016 оны 09 дүгээр сард дуудлага худалдаагаар 27.000.000 төгрөгөөр зарж борлуулж Төгсбилгүүний зээлийн төлбөрийг барагдуулсан… гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-79, 80, 173/,Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-17-19/, Тээврийн хэрэгслийн бүртгэх маягт /хх-20-22, 24, 26, 28, 30, 35, 37-39/, тээврийн хэрэгсэлийн итгэмжлэл /хх-23/, Булган алт ХХК-н албан тоот /хх-25/, Капитал авто ХХК-н албан тоот /хх-27/, Үндэсний баялаг ББСБ ХХК-н тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэр шилжүүлэх тухай албан тоот /хх-29/, автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-31/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-32-34/, Эко капитал ББСБ-н албан тоот /хх-36/, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-40/, 2016 ны 08 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тогтоол /хх-44/, эрэн сурвалжлалт зардах /хх-46-50/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-51-54/, Үндэсний баялаг ББСБ ХХК-н албан тоот /хх-73, 85/, техникийн тодорхойлолт /хх-81/, Зээлийн гэрээ /хх-82-83/, Барьцааны гэрээ /хх-84/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-86/, Дельтамон ХХК-н үнэлгээ хийсэн тухай албан тоот /хх-87/, Тэнцвэр эстимэйт ХХК-н тодорхойлолт /хх-90/, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтэсийн албан тоот /хх-116-117/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтэсийн албан тоот /хх-119-122/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-110/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-112/, Гэрэгэ эстимэйт ХХК-н -хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-155-164/, Зээлийн гэрээ хуулбар /хх-168-170/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-171/, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-172/, техникийн тодорхойлолт /хх-173/, Үндэсний баялаг ББСБ ХХК-н албан тоотын хуулбар /хх-176/, Тэнцвэр эстимэйт ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-184-189/ зэрэг цуглуулж бэхжүүлж авсан баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.
Сүхбаатар дүүргийн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн 93 дүгээр яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Тийн …2014 оны …үйлдлийг 2015 оны … гэж тэмдэглэсэн нь техникийн алдаа болохыг шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Т түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээж байгаа, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүгийн 201620521709 дугаар хэргийг шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Т-г 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Л.Бат-Эрдэнийн 37.500.000 төгрөгний үнэ бүхий 16-66 УБӨ дугаартай Audi А-8 маркийн автомашин, 4.700.000 төгрөгийг залилан авч Л.Бат-Эрдэнэд 42.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Шүүгдэгч Т.Тд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна, 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ гэж хуульчилжээ.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1-д Гэмт хэрэг үйлдсэн хүн, …Өршөөл үзүүлэх тухай хуулиар, …эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлж болно гэжээ. Иймд шүүгдэгч Т.Т нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 заалтад хамаарч байгаа тул түүнд оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Тийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Бат-Эрдэнэд учирсан 42.200.000 төгрөгий хохирлоос 4.000.000 төгрөг төлөгдсөн байгаа тул Т.Тээс 38.200.000 төгрөгийг гаргуулан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.