Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/14

 

Б.Б, Р.Б нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, шүүх хуралдааны бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдсан гомдлуудыг тус тус үндэслэн Б.Б, Р.Б нарт холбогдох, 2235002170008 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөний шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, .. мэргэжилтэй, .. .. ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн .. оршин суух хаягтай, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар тэнсэж байсан, Б овогт Р-ийн Б, регистрийн дугаар:ОО87050538,

2. Монгол Улсын иргэн, .. төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .. ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 ахын хамт Хөвсгөл аймгийн Х сумын .. суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шд овогт Б-ын Б, регистрийн дугаар:,

1. Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын нутагт байрлах Хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн эмчид үзүүлэхээр тус ангийн эрүүл мэндийн төвийн сувилагч С.З-тай хамт явахдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор алба хааж байгаа цэргийн анги, байгууллагаа дур мэдэн орхиж явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- шүүгдэгч Р.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ангийн захирагчийн тушаалаар шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвд сургалтын төвийн ар тал, хангалт хариуцсан офицерээр ажиллаж байхдаа Хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б.Быг жагсаалаас хоцорсон гэх шалтгаанаар түүнтэй цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, хацар хэсэгт нь савхин бээлийгээр цохиж зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Б.Б, Р.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолоор:

-  Шүүгдэгч Ш овогтой Б-ын Б-ыг “Цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан буюу цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Б овогт Р-ийн Б-ийг “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон буюу дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт зургаан сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бөд долоон сар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Р.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

-шүүгдэгч Б.Б, Р.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

- энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б, Р.Б нараас гаргуулах хохирол хор уршиг байхгүйг дурдаж,

-хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа нар хамтран гаргасан давж заалдсан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Шүүх шийтгэх тогтоолд дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1-т заасан гэмт хэргийн объект нь хууль, цэргийн албаны дүрмээр тогтоосон захирах, захирагдах журам байна гэж дүгнэжээ. Хуулийн онолын тайлбараар: Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн гэмт үйлдлийн улмаас зөрчин халдаж байгаа  цэргийн захирагдах ёс журам байхаар хуульчилсан. Тогтоолд: Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, зодсон, хүч хэрэглэсэн идэвхитэй үйлдлийг хийснээр төгсдөг.

Онолын тайлбараар : Дүрмийн бус байдлаар харьцана гэдгийг Монгол улсын цэргийн дүрмээр тогтоосон журмыг илтэд зөрчиж, эрх чөлөөг нь хясан боогдуулан дүрмэнд заагдаагүй үйлдэл хийлгүүлэх, гүйцэтгүүлэх, зодож хүч хэрэглэсний улмаас захирагдагчийн биед гэмтэл учруулснаар гэмт хэргийн бүрэлдэхүүн төгсөнө гэж хуульчилсныг буруу тайлбарлаж, миний үйлчлүүлэгч Р.Бийн эрх зүйн байдлыг дордуулж, үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 зүйлийн 3-т зааснаар гэм буруутай шинжийг тодорхойлохдоо хуулийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцсон.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн субъект нь албан тушаалын болон цэргийн цолны эрэмбээр өөртөө захирагдсан цэргийн албан хаагчид дүрмийн бус хүч хэрэглэсэн захирагч байхыг хууль шаардаж буйг анхаарч үзээгүй. Гэтэл шүүгдэгч иргэн Б.Б нь шүүгдэгч Р. Бөд захирагдах цэргийн албан хаагч биш байна.

Үндэслэл нь: Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 9-р сарын 29-ний өдрийн 180 тоот зарлиг гарсантай холбогдуулан” Цэргийн нийтлэг дүрмийг батлах тухай” Монгол улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 тоот зарлигийг хүчингүй болсонд тооцсон байхад улсын яллагч яллах дүгнэлтдээ:  2019 оны Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүдийн 122 зүйлд байлдагч нь тасгийн захирагчид захирагдах бөгөөд итгэмжлэн хариуцуулсан зэвсэг, техникийг чадамгай эзэмшиж, байлдаанд байнга бэлэн байлгах, захирагчийн өгсөн үүрэг тушаалыг ягштал биелүүлнэ гэж хуульчилсаныг шүүх зөвтгөж шийдвэрлэсэн гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна.

2022 оны Монгол улсын цэргийн нийтлэг дүрмүүдэд дээрхи зүйл заалт байхгүй байгааг дурьдах нь зүйтэй. Шинэчилсэн дүрмийн зохицуулалтаар Монгол улсын иргэн цэргийн жинхэнэ албанд орохдоо цэргийн тангараг өргөхийг Цэргийн албаны тухай хуулийн 5-т заасныг үндэслэхийг хуульчилжээ.

Хавтаст хэргийн 18 дугаар талд Хил Хамгаалах Ерөнхий газрын даргын тушаалаар баталсан 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/62 тоот журмаар “Хугацаат цэргийн албан хаагчдын тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах журмыг хавсралтаар баталсан. Хавтаст хэргийн 19-р талд журмын 3.1.1-т цэргийн жинхэнэ албанд татагдаж ирсэн Монгол улсын иргэнийг хилийн цэргийн тоо бүртгэлд авмагц “байлдагч” цол олгож, “хилчин” албан тушаалд томилохоор хуульчилсан атал шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн хууль ёсны зарчмыг эс анзаарч, энэ хуулийн 1.2 дугаар зүйлийн 4,5-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж иргэн Б.Б-ыг байлдагч цол авч, цэргийн тангараг өргөсөн, өргөөгүйгээс үл хамаарч прокурорын яллах дүгнэлтийг үндэслэл болгож буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна.

4.3. Шүүх тогтоолдоо Монгол улсын ерөнхийлөгчийн 2022 оны зарлигийг 2019 оны гэж дүгнэснийг дурьдаж байна. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1-т зааснаар Р.Б-ийг хүч хэрэглэсэн бол гэсэн хууль зүйн зохицуулалт 2 өөр утгыг илэрхийлж байна гэж үзэж байна. Учир нь зодсон гээд таслал, хүч хэрэглэсэн бол гэдгийг нэг утга агуулгаар тайлбарлаж шийдвэрлэснийг анхааран үзээсэй гэж хүсч байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Бын үйлдлийг шүүх дүгнэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүний 4 элемент бүрдсэн гэж дүгнэсэн хэдий ч онолын тайлбараар цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг нь цэргийн албан хаагч өргөсөн тангаргаасаа няцаж, цэргийн алба хаах талаар тогтоосон журам зөрчиж, байлдах чадварыг хангах, бие бүрэлдэхүүний сахилгыг бэхжүүлэхэд хохирол учруулдаг хор уршигтай гэмт хэрэг юм байна. Иймд дээрх үндэслэлүүдийг анхааран үзэж, Р.Бөд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Шүүгдэгч Б.Б, өмгөөлөгч М.Мөнхөө нар хамтран гаргасан давж заалдсан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор Б.Быг Цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан буюу цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сар хорих ял шийтгэсэн.

Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийнхээ хор уршгийг ойлгож ухаарсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай төдийгүй хувийн байдлын хувьд цэргийн ангиасаа оргон зайлсан ч буцаад цэргийн ангируугаа алхаж байсан  Б.Бын үйлдэл нь цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх бүрэн боломжтойг илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Б.Бт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэжээ.

6. Шүүгдэгч Р.Бийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1-т ... дарга дүрмийн бус байдлаар харьцаж ... гэж заасан. Дарга биш, захирагдахгүй гэж үзэж гомдлоо гаргасан. 2022 оны дүрмээр прокурорын яллах дүгнэлтэд заасан 122 дугаар зүйл, 2022 оны 9 дүгээр сарын 29-нд 180 дугаартай тушаалаар хүчингүй болж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс шинэ дүрэм хэрэгжиж эхэлсэн. Б.Бын үйлдэлтэй яагаад холбосон бэ гэвэл тангараг өргөсөн байхыг шаарддаг учраас шинэ дүрмийн 1 дүгээр заалтаар цэргийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөхийг хуульчилсан. Б.Б нь дөнгөж цугларалтад ирээд Монгол улсын цэргийн дүрэм, хуулийг суралцаж, танилцаж эхэлж байсан. Б.Б нь цэргийн тангараг өргөснөөр цэргийн жинхэнэ албан хаагч болох ёстой.

Гэтэл Б.Б тухайн үед тангараг өргөөгүй байсан. Хавтаст хэргийн 18-р талд Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 10-ны А/62 тушаал дээр хугацаат цэргийн алба, шилжилт хөдөлгөөний журмыг зохицуулсан. Энэ тушаалаар 2019 оны тушаалыг хүчингүй болгосон. Цэргийн жинхэнэ албанд татагдаж буй Монгол улсын иргэнийг тоо бүртгэлд бүртгэж аваад байлдагч цол олгож хилчний албан тушаалд томилох ёстой. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт байхгүй материалыг байгаа мэтээр хуулийг төсөөтэй хэрэглэж шийдвэр гаргасан.

Хэрэв Б.Б байлдагч цолтой болсон байсан бол Р.Б-өд захирагдаж болох байсан нөхцөл байдал тогтоогддог. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хэлбэрийн бүрэлдэхүүн болон хохирол учирсан байхыг шаардахгүй гэж дүгнэсэн. Онолын тайлбараар бол хохирол учруулснаар гэмт хэргийн үйлдэл төгсөнө, субъектийн хувьд дарга байхыг шаардаж байна. Р.Б нь 0245 дугаар ангийн дарга биш, сургалтын төвийн ар тал хариуцсан офицер гэх албан тушаалтай, Б.Б нь байлдагч гэх цолгүй, ийм цол огт байдаггүй, байлдагч цол олгосон гэх баримт хэрэгт байхгүй, гэтэл байгаа мэтээр тайлбарлаж, хуулийг төсөөтэй хэрэглэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б өөрийг нь цохиж зодсон гэж мэдүүлсэн ба энэ тухай холбогдох гэрчүүд ч мэдүүлэг өгсөн. Тухайн үед Б.Быг хариуцсан дарга нь буюу салааны захирагч нь Мөрөн гэж хүн байсан. Гэтэл ар талын албыг хариуцаж байсан хүнийг Б.Бын дарга гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1.4-т заасныг хэрэглэх үндэслэл байна гэж харж байна. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 28.1 дүгээр зүйлийг голцуу тайлбарласан. Р.Б энэ гэмт хэргийн субъект биш гэж үзэж байгаа тул Р.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Б.Быг цэргийн албанаас оргон зайлсхийсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний субъект биш гэж маргаж өмгөөллөө явуулсан боловч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Тус шүүхээс гаргасан шийтгэх тогтоолдоо Б.Б нь цэргийн жинхэнэ албан хаагч биш, цэргийн үүрэгтэн учраас энэ гэмт хэргийн субъект мөн гэж дүгнэсэн. Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн мөрдөн байцаалтын шатнаас хойш цэргийн албанаас оргон зайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Цэргийн ангиас ямар нэгэн байдлаар хохирол хор уршиг нэхэмжлээгүй. Б.Б нь цэргийн албанд татагдаж орж ирээд уг гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан нөхцөл байдаг. Иймд Б.Бт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү, шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

8. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл тус бүрт дүгнэлт хийж, яагаад тус зүйл, хэсгээр зүйлчилсэн тухайгаа хангалттай дэлгэрэнгүй тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж бодитой дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. 

Цэргийн албан хаагч гэж хэнийг хэлэх вэ гэх тодорхойлолт нь тангараг өргөсөн эсэх нь хамаагүй. Б.Б тангараг өргөөгүй байсан нь үнэн, энэ тухай баримт ч хэрэгт байхгүй. Тангараг өргөөгүй гээд цэргийн албан хаагч биш гэвэл Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект биш болно. Ингэснээр энгийн иргэний биед халдсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргээр зүйлчлэгдэхээр болж таараад байгаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол хор уршиг учруулсан байхыг шаардахгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй. Өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн, зодсон байвал энэ гэмт хэрэг ямар хор уршиг хохирол учирснаас үл хамааран төгсдөг гэмт хэрэг юм. Хэрэв бээлийгээр цохиод гэмтэл учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлгийн тохирох, зүйл хэсгээр давхар зүйлчлэгдэх шаардлагатай болох юм. Хүчингүй болсон дүрмийг баримталлаа гээд байна. Хүчингүй болсон ч бай, хүчин төгөлдөр ч бай Монгол улсын ерөнхийлөгчийн баталсан цэргийн дүрэмд дарга нь захирагдагчтайгаа харьцахдаа ямар нэгэн байдлаар сүрдүүлэх, бээлийгээр болон нударгаараа ч бай зангаж, цохиж нүдэхийг хориглосон. Энэ бол цэргийн дүрмийн харьцаа биш. Цэргийн дүрэмд сахилгын зөрчил, алдаа дутагдал гаргасан цэргүүдийг шийтгэх тусгай дүрэм байдаг. Энэ дүрэмд савхин бээлийгээр хацарт нь цохиж шийтгэнэ гэж заасан зүйл байхгүй. Б.Б болон Р.Б нарын үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой. Хилийн цэргийн 0245 дугаар ангийн удирдлагууд Б.Б-ыг цэргийн албанаас бүрмөсөн халсан. Цэргийн албаны тухай хуулиар шүүхээр шийдэж ямар нэгэн байдлаар шийдвэр гарч шийдвэр албажих хүртэл цэргийн албыг нь үргэлжлүүлэн хаах ёстой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б, Р.Б нарт холбогдох, 2235002170008 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Б.Б, Р.Б нарт холбогдох хэргийг анхан шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

3. Шүүгдэгч Р.Б нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Хилийн Цэргийн 0245 дугаар ангийн зэвсэг, химийн албаны даргаар томилогдон ажиллаж байхдаа тус ангийн захирагчийн 2022 оны 10 дүгээр сарын 21-ний өдрийн А/70 дугаар тушаалаар шинэ дайчдад цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтын төвд ар тал, хангалт хариуцсан офицероор томилогдон ажилласан байх бөгөөд уг албан үүргээ  гүйцэтгэж байх үедээ 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж байсан хугацаат цэргийн алба хаагч  Б.Быг “жагсаалаас хоцорсон, юм сурахгүй байна” гэх шалтгаар түүний шанаа хэсэгт савхин бээлийгээр 2-3 удаа цохиж зодсон үйл баримт,

- шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын нутагт байрлах Хилийн Цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байх үедээ буюу цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус ангийн эрүүл мэндийн төвийн даргын зөвшөөрлөөр, ээлжийн сувилагч С.Зулаагийн хамт тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзлэг шинжилгээ хийлгэхээр явж, эмчид үзүүлэх дараалал хүлээх зуур хамт явсан цэргийн албан хаагчдаа мэдэгдэхгүйгээр эмнэлгээс гарч явж, цэргийн ангидаа эргэж очоогүй, улмаар тус цэргийн анги эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, мөн аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэнээр эрэн сурвалжлах АСАП санд бүртгэгдэж, эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, түүнийг Улаангом сумын 12-р багийн нутаг дэвсгэрээс олж, цэргийн ангид хүлээлгэн өгсөн үйл баримт тус тус хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би хоолондоо гарах гээд заалан дотор сууж байтал гаднаас ахмад Р.Б орж ирсэн, тухайн үед манай байлдагч нарыг “гараад жагс” гэхээр нь би гараад жагсаалдаа орох гэтэл Р.Б ахмад дахин намайг жагсаалын урд дуудсан, би тухайн үед очоод дүрмийн дагуу харьцахад гартаа барьчихсан байсан савхин бээлийгээр миний шанаа хэсэг рүү 3 удаа цохисон, тэгээд би эргээд жагсаалдаа орсон. Р.Б ахмад намайг цохих үед надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй бөгөөд би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тухайн үед гартаа барьчихсан байсан савхин бээлийгээр миний зүүн шанаа хэсэг рүү 3 удаа цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

 - гэрч Ч.Амартүвшин /хугацаат цэргийн алба хаагч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын албаны дарга Р.Б нь Б.Б-ыг цохиж байхыг би харсан. Сургалтын дарга ахмад Р.Б байлдагч нар үдийн цайнд орох гээд сургалтын төвөөс гарч ирж жагсаалын талбай дээр жагсаж байх үед Б.Быг дуудаж зогсоогоод “чи яагаад юм сурдаггүй юм бэ” гэж хэлээд хацар луу нь гартаа барьсан бээлийгээр хоёр удаа цохиж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 52-54 дэх тал),

-гэрч Т.Н /хугацаат цэргийн алба хаагч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын дарга Р.Б нь Б.Б-ыг цохиж байхыг би харсан. Сургалтын дарга ахмад Р.Б үдийн цайнд орохоор сургалтын төвөөс гарч ирж байх үед Б.Быг дуудаж зогсоогоод Б.Быг “чи яагаад юм сурдаггүй юм бэ гэж хэлээд хацар луу нь гартаа барьсан бээлийгээр хоёр удаа цохисон ” гэх мэдүүлэг (хх-ийн 63-65 дахь тал),

- гэрч Х.Б / хугацаат цэргийн алба хаагч/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай салааны захирагч Д.Мөрөн, Сургалтын төвийн дарга Р.Б нар нь миний биед халдаж, цохиж байсан зүйл байхгүй. Харин өнөөдөр өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бид үдийн хоолондоо орох гээд сургалтын төвийн гадна жагсаж байхад сургалтын албаны дарга, ахмад Р.Б савхин бээлийгээ гартаа бариад байлдагч Б.Бын нүүр лүү хэд хэдэн удаа цохиж байсан” гэх мэдүүлэг (хх-ийн 66-67 дахь тал),

- гэрч Э.О / хугацаат цэргийн алба хаагч/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сургалтын төвийн дарга ахмад Р.Б нь сургалтын төвийн амралтын заалан дотор байлдагч Б.Б-ыг савхин бээлийгээр түүний нүүр хэсэгт хэд хэдэн удаа ташсан. Мөн сургалтын төвийн гадна цэргүүд хоолонд орох гээд жагсаж байхад ахмад Р.Б дахин Б.Быг савхин бээлийгээр нүүрлүү нь 3-4 удаа ташсан. Мөн сургалтын төвийн гадна цэргүүд хоолонд орох гээд жагсаж байхад ахмад Б дахин Б-ыг савхин бээлийгээр нүүр лүү 3-4 удаа ташсан.

Сургалтын төвийн дарга ахмад Р.Б ямар шалтгаанаар Б.Бын биед халдаж цохисныг би мэдэхгүй. Цэргүүд үдийн хоолонд орох үеэр сургалтын төвийн амралтын зааланд манай салааны захирагч дэслэгч Д.Мөрөн нь цэргүүд хоолонд орсны дараа Б.Б-ыг эмнэлэг дагуулж явж хөлийг нь үзүүлнэ гэж хэлээд түүнийг амралтын зааланд үлдээх гэж байхад ахмад Р.Б гаднаас орж ирээд “наад цэрэг чинь яасан юм” гэж Д.Мөрөн дэслэгчээс асууж байгаад Б.Б-ыг дуудаж савхин бээлийгээр хацар луу нь цохисон” гэх мэдүүлэг (хх-н 68-70 дахь тал),

- гэрч С.З / Хилийн 0245 дугаар ангийн эрүүл мэндийн төвийн сувилагч/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хилийн 0245 дугаар ангийн байрлалаас хугацаат цэргийн албанд шинээр татагдан ирсэн байлдагч Б.Б-ыг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэхээр ангийн байрлалаас гараад Нэгдсэн эмнэлгийн 2 давхрын 208 тоот өрөөний үүдэнд дугаарлаад сууж байтал байлдагч Б.Б нь “бие засмаар байна” гээд 00-ын өрөө рүү орсон, эргээд гарч ирэхээр нь би “сандал дээр сууж бай” гэхэд “хөл өвдөөд сууж чадахгүй байна” гээд зогсож байсан. Тэгээд би оочирлож сууж байгаад 2 минутын дараа эргээд хартал байлдагч Б.Б байхгүй болохоор нь би эмнэлэг дотор хайсан боловч олдоогүй тул  ангийн эмч Х.Анхбаярт мэдэгдэж, ангийн бие бүрэлдэхүүн тухайн байлдагчийг хайж эхэлсэн. Тухайн байлдагч нь өвдөгний хуучин бэртэлтэй гэж хэлж байсан бөгөөд ангийн эмч ахмад Х.Анхбаяр нь намайг  “Б.Б-ыг гэмтлийн эмчид үзүүлээд зураг авахуулаад зөвлөгөө аваад ир” гэж хэлээд дагуулж явуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47 дахь тал),

- гэрч Х.Анхбаяр / Хилийн цэргийн 0245-р ангийн Эрүүл мэндийн төвийн дарга/ -ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн байлдагчийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед манай эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч С.З хариуцаж эмнэлэгт үзүүлэхээр миний зөвшөөрлөөр авч явсан юм. Цэргийн анги байрлалаас хугацаат цэргийн алба хаагчийг эмнэлэгт үзүүлэх шаардлагатай үед Увс аймгийн нэгдсэн эмнэлэг дээр урьдчилан цаг аваад цаг нь болохоор анги байрлалаас гаргасан юм. Тухайн шинэ цэрэг нь анх 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үзүүлсэн бөгөөд цэрэгт татагдахын өмнө мориноос унасан, хөл чинэрч өвдөөд байна, хөл нугалахад хэцүү байна гэхээр нь би өвчин намдаах эм уулгасан, тэгтэл дахин 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тухайн байлдагчийн салаан захирагч, дэслэгч Д.М надад “байлдагч Б.Б-ын хөл нь өвдөөд хэцүү байна гэнэ, дахин үзээд өгөөч” гэхээр нь түүнийг эрүүл мэндийн төвд оруулж ирээд дахин үзэх гэхэд зүүн хөлийн өвдөг хэсэгт огт хүргэхгүй байсан бөгөөд аргалаад үзэхэд ямар нэгэн илт мэдэгдэх гэмтэл шарх сорви байхгүй байхаар нь би “чи  наад хөлөө яг яаж гэмтээсэн юм бэ” гэхэд би бэлтгэл хийж байгаад хөл дээрээ штанк унагаасан бөгөөд эмчилгээ хийлгэж байсан, нэлээн хэдэн жилийн өмнө бэртэж байсан” гэж хэлсэн. Тэгээд би “ чи ийм бэртэлтэй байсан юм бол анхнаасаа үзүүлэхгүй яасан юм бэ” гэхэд тухайн байлдагч надад “би эндээс явах юм бол зардал мөнгө их гарна биз дээ” гэж хэлсэн, тэгэхээр нь би нэг их зүйл ярилгүй, “ гэмтлийн эмчид чамайг үзүүлж өгье гэхэд за гээд явсан юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тэр цэргийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид цаг авч үзүүлэхээр болоод С.Зулаа сувилагч аваад явсан. Тухайн шинэ байлдагч Б.Бын биед ямар нэгэн шинээр үүссэн шарх сорви, хөхрөлт, няцралт огт байгаагүй. Тухайн 4 дүгээр салааны захирагч дэслэгч Д.М нь надад тухайн цэргийн хөл нь болохгүй байна гээд удаа дараа хэлээд яваад байдаг байсан... ” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49 дэх тал),

- гэрч К.А / ХЦ-ийн 0245-р ангийн тасгийн дарга /-ийн мөрдөн шалгах ажиллгааанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийн ажлын байран дээр байж байтал 14 цагийн үед манай цэргийн ангийн штабын дарга дэд хурандаа Р.Э намайг өрөөндөө дуудахаар нь очтол надад “ манай цэргийн ангид 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгаас шинээр татагдан ирсэн Б.Б нь эмнэлэг дээрээс алга болсон байна, төөрсөн байж магадгүй гэж хэлэхээр нь би тухайн үед цэргийн ангийн 40 гаруй алба хаагчидтай хамт гадуур хайсан боловч огт олдоогүй. Тэгтэл оройн 19 цагийн үед цагдаагийн алба хаагч нар олсон байсан. Тухайн байлдагчийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед манай ангийн ээлжийн сувилагч С.З хариуцаж эмнэлэгт үзүүлэхээр штабын дарга дэд хурандаа Г.Э-ын зөвшөөрлөөр авч явсан бөгөөд ангийн байрлалаас цэрэг гарч байгаа тохиолдолд штабын даргын зөвшөөрлөөр гардаг” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51 дэх тал),

- гэрч Б.Л / Увс аймгийн Цагдаагийн Газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч/-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Өмнөговь сумаас Улаангом сумын чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Л.Д-гийн хамт ирж байсан бөгөөд 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18 цаг 55 минутад Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ундрага Увс шатахуун түгээх станцын орчимд замаар явж байтал нэг ногоон өнгийн цамцтай, саарал өнгийн жинсэн өмдтэй хагас түрийтэй хар өнгийн гуталтай, хар малгайтай хүн Увс аймгийн төв рүү чиглэлд алхаж байсан. Тухайн үед Цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан хүний хувцастай их адилхан харагдаад байхаар нь тухайн хүнийг шалгатал Б.Б гэх иргэн байсан тул цагдаагийн газар дээр авч ирж мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Г-д хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45 дахь тал),

- гэрч Д.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн цэрэг нь анх ирсэн цагаасаа эхлээд бусад цэргүүдээс бага зэрэг ялгарч байсан,  ер нь их дотогшоогоо, дуу султай байлдагч юм. Мөн анх цэрэг татлагад ирээд байлдагч нартай нэг бүрчлэн тусгайлан уулзалт хийхэд тухайн цэрэг нь: “ би Орхон аймаг руу шилжиж болох уу,  би Орхон аймагт цэргийн алба хаана гэж боддог байсан юм” гэж надад хэлж байсан. Би Б.Б гэх байлдагчтай ганцаарчлан 3 удаа уулзалт хийсэн бөгөөд анх ирээд 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уулзахад  “аав ээжийгээ санаж байна, гэхдээ манай 2 ах албаа Увс аймагт хаасан, би бас хаамаар байна, цэргийн хувцас гоё байна” гэж хэлдэг байсан. Харин 2 дахь удаагаа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уулзалт хийхэд “би гэрээ санаад байна, нэг жил урт санагдаж байна” гэж хэлэхээр нь би “цаашид алба хаахад хүндрэлтэй санагдаж байна уу” гэж асуухад тийм гэж хариулж байсан. Тэгэхээр нь би 0245 дугаар ангийн сэтгэл зүйчтэй уулзуулсан, харин 3 дахь удаа 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзахад  тэр “салааны зарим цэргүүдтэй таарамж муутай байна” гэж хэлсэн боловч хэн гэдэг нэрийг нь огт хэлээгүй. Би тухайн үед салааныхаа цэргүүдийг ажиглаад байхад Б.Б нь сэтгэл санаагаар унаад бусдаас бага зэрэг зайгаа бариад байхаар нь би удаа дараа ойр ойрхон уулзсан юм. Гэхдээ байлдагч Б.Б их хувирамтгай зантай нэг харахад инээж юм яриад нэг болохоор ганцаараа дуугаа байдаг, гэхдээ бага зэрэг худлаа ярьж бусаддаа онгирдог байсан юм ” гэх мэдүүлэг (хх-ийн 41-43 дахь тал),

- гэрч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр эрүүл мэндийн төвийн дарга ахмад Х.Анхбаяр нь өдрийн хоолонд орохын өмнө миний өрөөнд орж ирээд Б.Б гэх цэргийн хөл нь  өвдөг хэсгээрээ өвдөөд байна гэнэ, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэж мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40 дэх тал),

- Увс аймаг дахь Цагдаагийн газраас Б.Б-ыг эрэн сурвалжилсан, олж тогтоосон тухай баримт, мэдээллүүд (хх-ийн 05-12дахь тал),

- Б.Б-ын цэргийн жинхэнэ албанд татагдсан тухай цэргийн үүрэгтний үнэмлэх / дугаар 38201022/-ний хуулбар / хх-ийн 16дахь тал/,

 - Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 10/104 дугаартай “Хөвсгөл аймгаас 2022 оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд татагдсан Бямбацогт овогтой Бүрэнбаяр нь цэргийн албанд тэнцэн татагдаж, Хилийн 0245 дугаар ангид хуваарилагдсан иргэдийн нэрсийн жагсаалтын 19 дугаарт : регистрийн дугаар РХ02292116, цэргийн үүрэгтний үнэмлэхийн дугаар:38201022, гэрийн хаяг: Хатгал тосгоны 1 дүгээр хэсэг гэсэн бүртгэлтэй бүртгэгдсэн нь үнэн болно” гэх албан бичиг (хх-ийн 23 дахь тал),

- яллагдагч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Хилийн 0245 дугаар ангид татагдан ирсэн цагаас эхлэн тухайн ангийн цэргийн алба хаагч нар намайг удаа дараа хэл амаар доромжилдог байсан. Харин манай ангийн ахмад Р.Б нь удаа дараа над дээр ирээд “ аятайхан албаа хааж чадахгүй бол шоронд чинь явуулна шүү” гэж хэлдэг байсан. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед үдийн хоолонд орох гээд нэгдэж байхад Б ахмад жагсаалын урд ирээд намайг жагсаалаас гараад ир гэхэд нь би жагсаалаас гараад илтгэл рапорт өгөхөд Б ахмад намайг үгийн зөрүүгүй “ шоронд чинь явуулж чадна шүү” гэж хэлсэн. Савхин бээлийгээр миний шанаа хэсэг рүү 2 удаа цохисон.

2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үдийн хоолны дараа Хилийн 0245 дугаар ангийн эмч миний хувцсыг солиод намайг дагуулаад Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү дагуулж явсан. Тухайн цэргийн ангийн эмч бид хоёр эмнэлэг дээр ирээд гэмтлийн тасаг руу ороход эмч байхгүй байсан болохоор хүлээгээд сууж байгаад би бие засаад ирье гэж хэлээд яваад эргээд ирэхэд намайг дагуулаад явж байсан эмч унтаж байхаар нь би эмнэлгээс гараад байшингийн дундуур яваад замгүй газраар зүүн зүг рүү яваад төвөөс гарсан. Унаа олоод Хөвсгөл аймаг явах гэсэн боловч таних хүн байхгүй, унаа олдохгүй байсан. Би Тэгээд би зүүн зүг рүү уул даваад нэлээн явтал ямар нэгэн машин таарахгүй байсан, мөн газар мэдэхгүй байсан тул би эргээд зам дагаад алхаж байтал цагдаагийн машин ирээд намайг аваад явсан” гэх мэдүүлэг (хх-ийн 110-112 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Р.Бийг  дарга, захирагч нь захирагдагчаа зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Быг цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй гэж дүгнэв.       

5. Шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа нар давж заалдах шатны шүүхэд : “ Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн  1-т заасан гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлож, хуулийг төсөөтэй хэрэглэсэн байна.

Энэ гэмт хэргийн субьект нь албан тушаалын болон цэргийн цолны эрэмбээр өөртөө захирагдсан цэргийн албан хаагчид дүрмийн бус хүч хэрэглэсэн захирагч байхыг шаардсан байна. Гэтэл шүүгдэгч Б.Б нь шүүгдэгч Р.Бөд захирагдах цэргийн албан хаагч биш байна.Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар баталсан 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/62 тоот журмын 3.1.1-д цэргийн жинхэнэ албанд татагдаж ирсэн Монгол улсын иргэнийг хилийн цэргийн тоо бүртгэлд авмагц байлдагч цол олгож хилчин албан тушаалд томилохоор хуульчилсан байхад шүүх Б.Быг байлдагч цол авч, цэргийн тангараг өргөсөн, өргөөгүйгээс үл хамаарч энэ гэмт хэргийн субъект болно гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, энэ гэмт хэргийн шинжийг хангаагүй тул  Р.Б-өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэх,

- шүүгдэгч  Б.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар “ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Б.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий  давж заалдах  гомдлуудыг тус тус  гаргасан ба уг гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

5.1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т :  “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг ”, мөн зүйлийн  3.1.8-т :  "хугацаат цэргийн алба хаагч" гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэнийг ойлгоно”, мөн хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-т: “ цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба болон бэлтгэл албанаас бүрдэнэ” , мөн зүйлийн 6.2-т: “ цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т: “ хугацаат цэргийн алба хаах хугацааг 12 сар байна” гэж, мөн зүйлийн 7.3-т:  “Хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс, дуусгасан хугацааг бэлтгэлээр халах тухай цэргийн ангийн захирагчийн тушаалд заасан өдрөөс тус тус тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б нь  хугацаат цэргийн алба хаахаар 2022 оны II ээлжийн цэрэг татлагаар Хөвсгөл аймгаас цэргийн албанд татагдаж,  2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймаг дахь Хилийн Цэргийн 0245 дугаар ангид хуваарилагдаж, улмаар тус ангид цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдаж байсан болох нь Хөвсгөл аймаг дахь Цэргийн штабаас Б.Бт олгосон “38201022” дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/104 дугаартай албан бичиг болон хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Бын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдсон байх бөгөөд Б.Бын  хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг тус ангид хуваарилагдсан өдрөөс буюу 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй байх тул  түүнийг  хугацаат цэргийн алба хаагч гэж үзнэ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд Б.Б нь Хилийн Цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, цэргийн анхан шатны мэдлэг олгох сургалтанд хамрагдаж байсан нь тогтоогдсон тул тэрээр хугацаат цэргийн алба хаагчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болно.

5.2. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-т: Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал нь захирах, захирагдах зарчимд тулгуурлана, мөн Цэргийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т: “ Дэслэгч, ахлах дэслэгч, ахмад цолтой офицерыг дунд офицер гэнэ” гэж, мөн Цэргийн дотоод албаны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2-т:  “ цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр захирагч болон захирагдагч байх бөгөөд албан хаагчид хоорондоо харилцахдаа Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан захирах, захирагдах зарчмыг мөрдөнө” гэж тус тус заасны дагуу ахмад цолтой офицер Р.Б нь хугацаат цэргийн алба хаагч Б.Бын хувьд захирагч байх бөгөөд захирагч нь цэргийн алба хаагч нарын өмнө Б.Бын эрх чөлөөнд халдаж, зодож буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.              

5.3.  Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх  суурь үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх нөхцөл бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлага нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх үед болон түүний өмнөх шатанд хэрэгжсэн байхыг ойлгоно. 

Түүнчлэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх гэдэгт: 1.Гэм буруутай үйлдлээ зөвшөөрсөн байх, 2.гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байх, 3. гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тухайн гэмт хэргийг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг хамааруулж үздэг.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч М.Мөнхөө гэм буруугийн шүүх хуралдаанд: “шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт гаргаж мэтгэлцсэн, шүүгдэгч Б.Б нь өмгөөлөгчийнхөө гаргасан дүгнэлтийг  дэмжиж  оролцсон байх тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон  давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх үед гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэн, хорих оногдуулахгүйгээр тэнсэх журмыг хэрэглэх үндэслэл болохгүй юм. 

6. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Р.Б-өд холбогдох хэргийг гэм буруугүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.             

7. Шүүгдэгч Б.Б, Р.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2023 оны 03 дугаар сарын 02-ны  өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 47/дөчин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/34 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Ц.Алтанзаяа нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Р.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл тус тус цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг тус тус  эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйгтус тус тайлбарласугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

                                          ШҮҮГЧ                                                           Л.АЛТАН

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН