Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 34

 

Х.Сийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00660 дугаар шийдвэртэй

Х.С-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.П-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.С, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлт болон тайлбарт: “Х.С нь 1986 онд 8 дугаар анги төгссөн. 1987-1989.10 дугаар сар хүртэл хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажилласан. Дээрх хугацааны ажилласан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч уг дэвтэрт ажилд анх орсон, ажлаас гарсан тушаалууд бичигдээгүй, архивд түүний ажиллаж байсантай холбоотой баримт бүрэн хадгалагдан үлдээгүй зэргээс үүдэлтэйгээр ажилласан байдал тогтоогдохгүй болж түүний эрх ашиг хохирч байгаа. Нийгмийн даатгалын байгууллагаас нэгдэлд ажилласан хугацааг шүүхээр тогтоолго гэсэн. Иймд түүний ажиллаж байсан байдлын талаар архивын лавлагаа гарахгүй байгаа талаарх тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, өмч хувьчлалын баримт зэрэгт үндэслэн Дүйнхэр тэргүүтэн овогт Хонхорын Сийн Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1987.01.01-1989.10.01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.           

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00660 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.С-ийн Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Х.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.Пгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.П би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00660 дугаартай шийдвэрийг 2020.07.07-ны өдөр гардан аваад шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Х.Сийн улсад ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Түүний ажиллаж байсан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн, мөн гэрчүүд ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Харин иргэний бүртгэлээс гарсан иргэний үнэмлэх, регистрийн дугаар авсан маягтуудад яагаад өөрөөр бичигдсэнийг өөрөө мэдэхгүй. Үүнийг тухайн үед хөдөлбөргүй үнэн зөв бичигдсэн гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Бодит үнэн нь ээжтэйгээ хамт мал маллаж байсан. 1989.10 дугаар сараас хойш тухайн үеийн Цэцэрлэг хотод суурьшин амьдарч эхэлсэн. 1989.12.15-ны өдрөөс явагдсан хүн амын тооллогоор энэ хаягтаа бүртгэгдсэн байдаг. Гэтэл хөдөлмөрийн дэвтрийг үнэлэх боломжгүй, гэрчүүдийн мэдүүлгийг бусад баримтаар үгүйсгэгдсэн гэж үзэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Х.Сийн улсад ажилласан байдал тогтоолгох хүсэлттэй хэргийг хянаж хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Х.С 2020.03.30-ны өдөр хүсэлт гаргаж, Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд 1987.01.01-1989.10.01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг шаарджээ.

Анхан шатны шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... ажиллаж байсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэл заажээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... хөдөлмөрийн дэвтрийг үнэлэх боломжгүй, гэрчүүдийн мэдүүлгийг бусад баримтаар үгүйсгэгдсэн гэж үзэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгч 2020.04.07-ны өдөр 129/ШЗ2020/01801 дүгээр захирамж гаргаж Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн карт, маягт №1-ийг, 2020.05.20-ны өдөр 129/ШЗ2020/02579 дүгээр захирамж гаргаж Үндэсний төв архиваас лавлагааг тус тус гаргуулжээ.

1987 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн маягт №1-д Х.Сийг Алтанбулагийн ХАА-н техникумын 2 дугаар ангид суралцдаг гэж, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн БНМАУ-ын хүн амын регистрийн 68 дугаар картад 1988 оноос Архангай аймгийн Цэцэрлэг хотод оршин суудаг гэж, хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн 22 дугаар хуудсанд Архангай аймгийн Цэцэрлэг хотын оршин суугч гэж тус тус тэмдэглэснийг үзвэл хүсэлт гаргагч 1987.01.01-1989.10.01-ний өдөр хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцжээ.

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр нь дээрх нотлох баримтуудаар няцаагдсан, уг хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийг 1987-1989 онд Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажиллаж байсан гэж тэмдэглэсэн байх боловч тэрээр 1988 оноос Архангай аймгийн Цэцэрлэг хотод оршин сууж байсан нь тогтоогдсон, анхан шатны шүүх хөдөлмөрийн дэвтрийг үнэн зөв нь эргэлзээтэй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-г зөрчөөгүй байна.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан ба энэ тохиолдолд шүүх нотлох баримтыг өөрийн санаачилгаар бүрдүүлж болно.

Хүсэлт гаргагч нь 1987-1989 онд Архангай аймгийн Ихтамир сумын Гэрэлт зам нэгдэлд ажиллаж байсан гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Алтанбулагийн техникумд сурч байгаагүй гэх тайлбараа хүсэлт гаргагч нотлоогүй байна.

Хүсэлтийн шаардлагыг нотлох баримтыг хүсэлт гаргагч гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд шийдвэр гаргана.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн төлөөлөгч С.П-ийн гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                 ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                        В.ЦЭЦЭНБИЛЭГ