Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

 

Ц.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Иргэний нэхэмжлэгч Б.Б өмгөөлөгч Ж.Д,

Иргэний хариуцагч Б.Э өмгөөлөгч Г.У (цахимаар),

Яллагдагч Ц.Г (цахимаар), түүний өмгөөлөгч Д.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/44 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Х.Г эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Ц.Г холбогдох эрүүгийн 2116000470093 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогтой Ц.Г нь Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ... -ны өдөр ........... аймгийн ............. суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамтаар .......... аймаг, ........... сум, .............. баг, ... - ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ................ регистрийн дугаартай,

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллагдагч Ц.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Г холбогдох 2116000470093 дугаартай хэргийг Прокурорт буцааж, яллагдагч Ц.Г жолоочийн үнэмлэх, “ГМ” ХХК-ийн ...-... ...маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, яллах дүгнэлт гардан аваагүй тухай камерын бичлэг бүхий CD /сиди/ 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж, хэргийг Прокурорт очтол яллагдагч Ц.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

1. Прокурор Х.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхээс “уг хэрэг гараад 2 жил болоход мөрдөн шалгах ажиллагааг хангалтгүй хийсэн нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоолгохоор хэрэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн олж тогтоох үүрэгтэй. Тухайлбал: ...-... ... улсын дугаартай автобусны жолооч нь хэдэн км цагийн хурдтай явж байсан гэдгийг хэрэг гараад 2 жилийн хугацаа өнгөрсөн, ажиллагаагүй байсан эсэхээс үл хамаараад ................аймгаас болон зам дагуух сумдаас уг тээврийн хэрэгсэл хэдэн цагт гарсан, хэдэн цагт осол гарсан, замын нөхцөл гадаргуу, уг тээврийн хэрэгслийн жин, зэргийг үндэслээд тогтоох боломжтой гэж үзэж байна” гэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Г холбогдох эрүүгийн хэрэгт зам тээврийн ослын дүгнэлтийг 3 удаа гаргуулсан ба ШУТИС-ийн Механик, Тээврийн сургуулийн техникийн шинжээч И.Б, Ж.М, Н.М нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №14/43 дугаартай “...Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд ...-... ... улсын дугаартай автобусны жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна”,

...-... ...улсын дугаартай ачааны автомашины жолооч Ц.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт буюу Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд ....-.... ..... улсын дугаартай автомашины жолооч Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна.

Уг осол болох үед ....-.... ..... улсын дугаартай тоёота кроун маркийн автомашины жолооч Д.Н баруун гар тийш дарж замаас гарсан нь осол зайлшгүй тулгарсан үед түүнээс зайлсхийхийн тулд хийсэн үйлдэл болно.

Мөн ...-... ... улсын дугаартай автобусны жолооч Б.Б зорчих хэсэг дээрх саадыг хэт ойроос харсан байх тул тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан боловч бүрэн зогсоож амжаагүй байна.

Харин ...-... ... улсын дугаартай автобусны жолооч зүүн гар тийш дарж замаас гарсан нь эхний мөргөлдөх ослоос учирч болох хохирлыг багасгах зорилготой хийсэн үйлдэл гэж үзэж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р хавсралтад “Ослын зогсолтын тэмдэг” улаан хүрээтэй, цагаан өнгийн дэвсгэртэй буюу дэвсгэргүй /хөндий/ тэнцүү талт гурвалжин /нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжны талын 1/10-тай тэнцүү/ бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна.

Гурвалжны дотор талд “!” анхаарлын тэмдгийн дүрс байж болно. Энэ тэмдгийг Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-9.6 заалтын дагуу хэрэглэнэ гэж заасан байдаг. Иймд уул осол хэргийн газрын үзлэгээр авагдсан №5, №6 зураг харуулсан зүйлийг ослын зогсолтын тэмдэг гэж үзэхгүй.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын зорчих хэсгийг зорчих хэсэг гэнэ. ...-... ...улсын дугаартай ачааны автомашиныг замын зорчих хэсгийг чөлөөлсөн гэж үзэхгүй. Зорчих хэсэг дээр зайлшгүй шалтгаанаар зогссон жолооч нь тээврийн хэрэгслийг нэн даруй зайлуулах арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна” гэх дүгнэлт

Дотоод хэргийн их сургуулийн техникийн шинжээч Р.М, Д.Н, Д.Б, Б.Л, Т.А нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №202141 дугаартай “...Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд ...-... ... улсын дугаартай автобусны жолооч Б.Б болон Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь тогтоогдохгүй байна. ......-... ...улсын дугаартай ачааны автомашины жолооч Ц.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт: Хориглогдсон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байна.

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.5-р заалт “Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална гэснийг зөрчин 2,5 м-ээс өргөн автомашин замын хөдөлгөөнд оролцуулсан.

“Автотээврийн хэрэгслийн техникийн байдал тавигдах ерөнхий шаардлага МNS4598:2011 стандарт Монгол улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх бүх жин 3-н тэнхлэгтэй автомашинд 25 тн гэж заасан. Үүнийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан материалаас тодорхой байна” гэх дүгнэлт тус тус гарсан.

Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгааныг тодруулах зорилгоор тусгай мэдлэг эзэмшсэн шинжээчдээр 3 удаа дүгнэлт гаргуулахад уг дүгнэлтээр Ц.Г нь замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй боловч хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж, алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй.

Автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаар хууль зүйн зөв дүгнэлт хийхэд осол гарсан үндсэн шалтгааныг үндэслэлтэй зөв тогтоох шаардлага тавигддаг. Хүний субьектив хүчин зүйл болон техникийн хүчин зүйлийн нөлөөллийг зөв тооцоолсны үндсэн дээр гэм буруугийн дүгнэлт хийх ёстой.

Шинжээчдийн 3 удаагийн дүгнэлтээр Ц.Г нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-д заасан “Хориглогдсон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна”, гэснийг

Мөн дүрмийн 24.5 дугаар зүйлд заасан “Ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 м-ээс, өргөн нь 2.5 м-ээс, урт нь 20 м-ээс, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 м-ээс илүү, мөн хоёр чиргүүлтэй, эсхүл хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална” гэснийг

Мөн дүрмийн 9.3. “Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ. в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд”; ж/ тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд”,

Мөн дүрмийн 9.4-д заасан “Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: б/ “түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд”

Мөн дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон талаар ямар нэгэн зөрүүгүй дүгнэсэн энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон ослын газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зурагт дүрслэгдсэн тээврийн хэрэгсэлийн дугуйн мөр, зэргээр хангалттай тогтоогдсон.

Улмаар осол болох агшинд буюу мөргөлдөх цаг мөчид Б.Б нь аюулаас зайлсхийх зайлшгүй үйлдэл хийсэн гэж 2 удаагийн шинжээчийн дүгнэлтэд дурдаж, түүнийг тухайн осолд гэм буруугүй гэж үзсэн. Ердийн боломжит түвшинд самбаачлах хугацаанаас хэтэрсэн, маш богино хугацаанд тодорхой осол тулгарах үед түүнээс зайлахын тулд аливаа хүний хийж буй үйлдэл нь ухамсарт хөтлөгддөг гэхээсээ илүү хүний төрөлхийн зөн совин буюу инстиктэд тулгуурлаж хийгддэг тул ийм нөхцөлд субьектив хүчин зүйл буюу гэм буруу үгүйсгэгдэнэ.

Шүүгчийн захирамжид дурдагдсан ...-... ... улсын дугаартай автобусны дундаж хурдыг тогтоох боломжтой хэдий ч дундаж хурдаар нь тухайн осол гарах үед хурд хэтрүүлсэн гэж шууд дүгнэн түүнийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Учир нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаатай шууд хамаарах болохоос ................аймгаас Говь-Алтай аймаг руу явах замдаа зарим газар нь хурд хэтрүүлсэн байж болзошгүй үндэслэлээр таамаглал дэвшүүлж түүнийг гэм буруутай гэж дүгнэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэж байна.

Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй шаардлагагүй гэж үзэхээр байна.

 

Шүүгчийн захирамжид заасан бусад үндэслэл болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх асуудлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэх заалтад хамаарч байна.

Учир нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал нь шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан үндэслэл тогтоогдвол гэм буруугийн шатнаас хэргийг хойшлуулж, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Тиймээс яллагдагч Ц.Г холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүхийн эрх тэгш мэтгэлцээний явцад дээрх үндэслэл тогтоогдсон тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байхад прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/44 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул, прокурорын  гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2. Шүүх “Улсын Ерөнхий Прокурорын туслах прокурор Д.Б яллах дүгнэлтийг хүчингүй болгосон тогтоолдоо хэрэгт ямар ямар ажиллагааг хийхийг тодорхой заасан байхад тодорхой ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.” гэх талаарх дүгнэлт:

3. ...-... ... улсын дугаартай автобусны хол ойрын гэрэлтүүлгийн талаар 1х/х 201 дугаар  талд гэрч Б.Я “...Дарив сумын орчим холын гэрэл асахгүй байна гээд жолооч бууж хараад зүгээр байна гэсэн” гэж мэдүүлжээ.

4. Хэрэгт тусгай мэргэжил мэдлэгийн хүрээнд зайлшгүй тодруулах нөхцөл байдлын талаар тус аймгийн Авто тээврийн газрын инженер Л.А-ыг гэрчээр тогтоож байцаалт авсан нь хэрэгт хамааралтай байна. (Автобусны хол ойрын гэрлийн тусгал, тээврийн хэрэгслийн жин, зогсолт хийх хугацааны талаар.)

5. Мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогч нараас гаргасан гомдол хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй, үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж шийдвэрлэдэг, хэргийн оролцогч нараас дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах хуульд заасан эрхээ эдлэх хугацаанд хэргийг шүүх рүү шилжүүлдэг зэрэг оролцогчийн эрхийг хангадаггүй, үндэслэлгүйгээр хязгаарладаг зөрчил гарсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Улсын Ерөнхий прокурорт гаргасан гомдол хэрэг шүүхэд шилжсэн үндэслэлээр шүүхэд ирүүлснээр тогтоогджээ.

6. “АБ” ХХК-иар 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээг гаргасан боловч (3х/х 12-т)  шинжээч томилж шинжилгээ хийлгэх мөрдөгчийн тогтоол ( 3х/х 11-т ) 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу шинжээчийн дүгнэлт гарснаас хойш нэг жилийн дараа үйлдэгдсэн нь дээрх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна гэх дүгнэлт үндэслэл бүхий байна. Шинээр тухайн дүгнэлтийг гаргах шаардлагатай байна.

7. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүйгээс шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоолгохоор хэрэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн олж тогтоох үүрэгтэй.

8. Осол болох үед хэдэн км цагийн хурдтай явсан, тухайн автобус ................аймгаас осол болох хүртэл дунджаар хэдэн км цагийн хурдтай явсан, тээврийн хэрэгслийг зогсоох ямар арга хэмжээ авсан зэргийг шалгаж тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

9. Түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон хохирогч К.Б нь өндөр настай, энэ хэргийн талаар ярихаар даралт ихсээд байдаг. Хохирогчоор хүү Б.Е-ыг тогтоолгох хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд мэдүүлэх, шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх, хохирол нэхэмжлэх эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөрдөгч нь хэргийн материалыг танилцуулсан тэмдэглэл үйлдэхдээ өмнө хэргийн материал танилцуулсан баримтыг хувилж, хавтас хуудасны дугаар, огноо зэргийг штрикээр арилгаж засвар оруулж баримт бүрдүүлсэн талаар тодруулах энэ талаар тэмдэглэл үйлдэх боломжтой байна.

 

10. Мөн хэргийн 1-р хавтасны 18-т хэргийн газрын үзлэгийн үеэр хөндлөнгийн гэрч нарыг оролцуулах боломжгүй тул дуу, дүрсний бичлэг хийж, шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв, гэж тэмдэглэжээ. Хэргийн газрын үзлэгийн явцад хийсэн дүрс бичлэг хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар тодруулах шаардлагатай байна.

11. Прокурорын эсэргүүцэлд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах тохиолдол нь оролцогчдийн гомдлыг шийдвэрлэх буюу ял хүндрүүлэх тохиолдол байх ба энэ хэргийн тухайд хэргийг прокурорын газарт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.

Дурдагдсан ажиллагааг шүүхийн шатанд гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/44 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ЭНХТӨР

                               ШҮҮГЧИД                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                     Ш.БАТТОГТОХ