| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2025/00041/И |
| Дугаар | 320/ШШ2025/00115 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 320/ШШ2025/00115
| 2025 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 320/ШШ2025/00115 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/01388/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.У-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн М.У нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, түүнд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. М.У нь зээлийн төлбөрийг огт төлөөгүй.
Иймд М.У аас зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч М.У 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд: 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Х аймгийн ХХҮГ-аас М.У надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа.
Тус нэхэмжлэлийн шаардлагын дагуу төлбөрийг төлөх талаар дараах байдлаар тайлбарлав.
1. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн малчин өрхийг малжуулах гэрээнд М.У миний бие гарын үсэг зурсан ба гэрээнд тусгагдсан 5*** тоот данс нь миний болон миний хамаарал бүхий хүний данс биш юм.
2. Тус төслөөс олгогдсон (5,000,000) төгрөгийг миний бие аваагүй, нэг ч төгрөг захиран зарцуулаагүй бөгөөд тухайн төслийн мөнгийг авсан этгээдтэй ярьж тохирон төлбөр барагдуулах хугацааг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж дуусгахаар ярьж тохиров.
Иймд тухайн нэхэмжлэлийн төлбөр төлөх хугацааг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр тогтоож хугацаа тавьж өгнө үү. гэх хариу тайлбарыг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд: Миний бие Э.Х нь Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч М.У т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Хариуцагч М.У нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн төлбөр болох 5,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлжээ.
Хариуцагчийн хариу тайлбартаа бичсэн 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулах тухай саналыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хүсэлтийг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х нь хариуцагч М.У т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 5,000,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг зохигч эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зохигчийн энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул нэхэмжлэгч Х нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн тал хувь болох 47,475 төгрөгийг хариуцагч М.У аас гаргуулж, улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч М.У т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 (таван сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.У аас 47,475 (дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА