Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00114

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00114

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

155/2025/00021/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн О.Н нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулж, түүнд 2,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн.

Гэвч О.Н нь зээлийн төлбөрөөс 200,000 төгрөгийг төлж, үлдэх 1,800,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 1,800,000 төгрөгийг О.Н ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч О.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд: Миний бие Э.Г нь О овогтой Н-ийн итгэмжлэгдсэн бие төлөөлөгчөөр халамж үйлчилгээний төвөөс нэхэмжилсэн 1,800,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах болно. гэх хариу тайлбарыг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд: Миний бие Э.Х нь Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Н д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Хариуцагч О.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн төлбөр болох 1,800,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлжээ.

Хариуцагчийн хариу тайлбартаа бичсэн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулах тухай саналыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хүсэлтийг тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х нь хариуцагч О.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүгсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,800,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг зохигч эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зохигчийн энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул нэхэмжлэгч Х нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 1,800,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 43,750 төгрөгийн тал хувь болох 21,875 төгрөгийг хариуцагч О.Н ээс гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х нэхэмжлэлтэй, хариуцагч О.Н д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.Н ээс 21,875 (хорин нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА