Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00109

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00109

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

155/2024/01388/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Н.Н нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжпэг олгох гэрээг байгуулж, түүнд 4,800,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Гэвч Н.Н нь зээлийн гэрээний хугацаанд ямар ч эргэн төлөлт хийгээгүй. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч Н.Н нь дуудсан хугацаанд ирээгүйн улмаас ажиллагаа амжилтгүй болсон.

Иймд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 4,800,000 төгрөгийг Н.Н гээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Н.Н 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд: Миний бие Н.Н нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2019 онд 4,800,000 төгрөгийг авсан нь үнэн. Тухайн мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч тал дээрх зээлийн төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул дахин хариу тайлбар гаргав. гэх хариу тайлбарыг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд: Миний бие Э.Х нь Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Н д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Хариуцагч Н.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн төлбөр болох 4,800,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлжээ.

Хариуцагчийн хариу тайлбартаа бичсэн 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлийн төлбөрийг төлж барагдуулах тухай саналыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хүсэлтийг тус тус ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х газар нь хариуцагч Н.Н д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4,800,000 төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах тухай хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг зохигч эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зохигчийн энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул нэхэмжлэгч Х газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 4,800,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 91,750 төгрөгийн тал хувь болох 45,875 төгрөгийг хариуцагч Н.Н гээс гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Н д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,800,000 (дөрвөн сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Н гээс 45,875 (дөчин таван мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА