Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00105

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2025/00105

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

155/2025/00042/И

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Х газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн Х шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн М.С нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны биенесийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд шалгарсан бүлэгт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулж, түүнд 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. М.С нь зээлийн төлбөрөөс 1,500,000 төгрөгийг төлж, үлдэх 8,500,000 төгрөгийг төлөөгүй байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч тус ажиллагаа амжилтгүй болсон.

Иймд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд шалгарсан бүлэгт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 8,500,000 төгрөгийг М.С гаас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч М.С гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд: Миний бие Б.М нь М.С гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

Хөвсгөл аймгийн Х газраас нэхэмжилсэн 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. М.С нь 2020 оноос умайн хүзүүний хавдартай болсон бөгөөд тус өвчнөө эмчлүүлэхээр Улаанбаатар хотод шилжсэн. Одоогоор өвчин илааршсан бөгөөд санхүүгийн байдал сайжирч байгаа тул тус нэхэмжилсэн мөнгийг төлөх болно. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х аймгийн Х нь хариуцагч М.С д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Х нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М.С гаас нэхэмжлэлийн шаардлага 8,500,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 150,950 төгрөгийн тал хувь болох 75,475 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х газрын нэхэмжлэлтэй, хариуцагч М.С д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,500,000 (найман сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч М.С гаас улсын тэмдэгтийн хураамжид 75,475 (далан таван мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Р.САРАНТУЯА