Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/15

 

                                                              Н.Б, Н.Т нарт холбогдох

                                 эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.М даргалж, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

Прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Н.Б /цахимаар/, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны бичгийн дарга Д.Нямжав нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Т, Н.Б нарын тус тус давж заалдсан гомдлуудыг үндэслэн, тэдгээрт холбогдох, 2135000970178 дугаартай, 6 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ..Увс аймгийн .. төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч, менежмент мэргэжилтэй, Увс аймгийн ..ажилтай, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .. суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Я овогт Н-н Б, /регистрийн дугаар: /,

2. Монгол Улсын иргэн, .. Увс аймгийн .. төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, .. ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .. суух хаягтай, урьд  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т овогт Н-ын Т, /регистрийн дугаар: /,

1. Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт Сагил сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж Сагил сумын 4 дүгээр багийн иргэн Н.Уыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад явсан мэт болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн сангаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 530.800 төгрөгийг Н.Уын замын зардал нэрээр “сумын төвөөс гэр нь хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон” гэх тайлбар хэлж хуурч, халамжийн байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс өөртөө гаргуулан авсан,

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.У, У.М нарын халамжийн сангаас олгодог мөнгө болон тэднийг асардаг С.Г-д олгодог асаргааны мөнгийг өөрсдөдөө авахаар Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвийн захирал Н.Ттай үгсэн тохиролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд С.Г болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарт халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө, түлээ нүүрсний хөнгөлөлт зэргээр нийт 3.220.650 төгрөгийг хуурамч итгэмжлэл ашиглаж Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс гаргуулан авч хохирогч С.Гд хохирол учруулсан,

- 2019 оны 12 дугаар сард Сагил сумын 4 дүгээр багийн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй У.Мыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад түүнийг асран хамгаалагч С.Ггийн хамт Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн А.Н-т танилцуулан, улмаар “Би С.Г, У.М нарын Улаанбаатар хот руу эмчилгээ, сувилалд явж ирсэн талаарх баримтуудыг ажлын өрөөндөө мартсан байна, удахгүй аваад ирнэ” гэх тайлбарыг хэлж, нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгүүлэн баталгаажуулалт хийлгэж, улмаар хуурамч итгэмжлэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс нийт 1.060.500 төгрөгийн гаргуулан авч нийгмийн халамжийн санд хохирол учруулж албан тушаалын байдлаа ашиглан залилах гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Н.Т нь Төрийн банкны Увс аймаг дахь салбарын Сагил сумын тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бтай бүлэглэн үгсэн тохиролцож хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч С.Г, түүний нөхөр Н.У, хүү У.М нарт халамжийн сангаас олгох халамжийн мөнгийг авахаар үгсэн тохиролцож, С.Г нарын халамжийн мөнгийг банкнаас авч байх эрхийг тус банканд үйлчлэгчээр ажилладаг Х.Зд олгосон хуурамч итгэмжлэл үйлдэж, уг итгэмжлэлийг тус сумын Засаг даргын тамгын газрын нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байсан Х.Бөөр гэрчлүүлэн, улмаар итгэмжлэлийг ашиглан С.Г, Н.У, У.М нарын халамжийн мөнгө нийт 4.281.150 төгрөгийг Х.З-аар дамжуулан банкнаас бэлнээр гаргуулан авч хохирогч С.Г болон нийгмийн халамжийн санд хохирол учруулж,албан тушаалын байдлаа ашиглан залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Н.Б, Н.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Я овогт Н-н Б, Т овогт Н-ын Т нарыг “бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглан, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Т нарын тус бүрийг 11.000 /арван нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгож шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Т нарт оногдуулсан торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон гурван жилийн хугацаанд сайн дураараа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

- шүүгдэгч нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.671.375 (хоёр сая зургаан зуун далан нэг мянга гурван зуун далан тав) төгрөг, шүүгдэгч Н.Таас гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого  2.140.575 (хоёр сая нэг зуун дөчин мянга таван зуун далан тав) төгрөгийг тус тус тэдгээрийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлогод оруулж,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн итгэмжлэл 1 ширхэг, Н.Баас хураан авсан Н.Уын тэтгэмж, асаргааны 21 хуудас бүхий хувийн хэрэг, У.Мын тэтгэмж, асаргааны 21 хуудас бүхий хувийн хэргүүдийг эрүүгийн 215000970178 хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,

- шүүгдэгч Н.Бын эзэмшлийн 87-64 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай тогтоолыг хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,

- шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

- энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Н.Т давж заалдсан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хэргийн бүрдэл, зүйлчлэлийн талаар миний зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Харин анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бие анх удаа гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлсэн ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогч нарт бүрэн төлж, гэм хорыг арилгасан. Өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшин харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Миний бие  Увс аймгийн Сагил суманд ам бүл-6, нөхөр, 2- 12 насны 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Нэг хүүхэд минь хүнд өвчтэй, миний байнгын асаргаанд байдаг. Нөхөр маань хааяа том машинаар тээвэр хийдэг орлого нь тогтмол биш зэрэг байдлууд байдаг.

Иймд миний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнөө үү” гэжээ.

5. Шүүгдэгч Н.Б давж заалдсан гомдолдоо: “Анхан шатны шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Б, Н.Т нарын тус бүрийг 11.000 /арван нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 11.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Мөн Н.Б миний нэр дээр байдаг машиныг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсэн.

Миний бие нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр тогтмол ажил эрхэлдэггүй бөгөөд би өөрөө гэмт хэрэгт холбогдсон болохоор ажил хөдөлмөр эрхлэх нь эргэлзээтэй байна.

Иймд миний хувийн байдал болон анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлсөн, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээг оногдуулж, миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн тогтоолыг  хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг. Би эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа. Би анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Та бүхэн миний хувийн байдлын харгалзан үзэж торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Миний эзэмшлийн приус загварын авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Би машинаа зараад торгох ялаа төлөх бодолтой энэ гомдлыг гаргасан” гэв.

7. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Б, Н.Т нарт холбогдох хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 04 дүгээртэй шийтгэх тогтоол гаргасан. Энэхүү шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ял тэдний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн хэр хэмжээнд нийцсэн гэж үзэж байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Шүүгдэгч Н.Бын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Миний үйлчлүүлэгч Н.Б давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан. Нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа учраас Улаанбаатар хотод эмчлүүлж байгаа, ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хэлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл шийтгэх тогтоолд хохирлоо нөхөн төлсөн гэж дурдсан.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Миний үйлчлүүлэгч надтай 3 төрлийн асуудал ярилцсан. Нэгдүгээрт, торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Торгох ялын доод хэмжээг оногдуулах үндэслэлээ сая тайлбарласан. Нийгэм эдийн засаг хүндэрсэн энэ үед 11 сая төгрөгийн торгох ял гэдэг бол тийм амар биш. Энэ хүн өөрөө эмэгтэй хүн учир үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ. Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд тодорхой хэмжээний зардал гарна.

Хоёрдугаарт, шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.671.375 /хоёр сая зургаан зуун далан нэг мянга гурван зуун далан тав/ төгрөгийг хураан авч улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн хуулийн 3 дахь хэсэгт: “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж  тус тус заасан.

Шүүгдэгч Н.Б нь өөрийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.671.375 төгрөгийг нийгмийн халамжийн санд төлсөн. Өөрөөр хэлбэл учруулсан хохирлоо төлсөн. Шүүгдэгч Н.Баас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байгаагүй. Нэгэнт төлсөн хохирлыг албадан хураан авч улсын орлогод оруулж байгаа нь давхардуулж байгаа нэг хэлбэр юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.

Мөн шүүгдэгч Н.Б-ын машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шүүгдэгч нь “би машинаа зараад торгох ялаа төлнө”  гэж хэлсэн. Би үүнийг үндэслэл бүхий гэж үзэж байна. Авто машиныг хурааж улсын орлого болгохоор заагаагүй бол цаашид энэ машиныг битүүмжлэх шаардлагагүй. Хураах гэж байгаа мөнгө, түүнд нийцүүлэн битүүмжилсэн машины үнэ хоёр хол зөрүүтэй байна. Хураах гэж байгаа хөрөнгөтэй ойролцоо дүнтэй буюу 2-3 сая төгрөгийн үнийн дүнтэй эд хөрөнгө битүүмжилсэн бол арай өөр. Гэтэл машин битүүмжилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд “хүнлэг бус харьцаж болохгүй” гэж заасан.

Ийм учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Н.Бт торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж улсын орлого болгохгүйгээр торгох ялд оруулж тооцож өгнө үү. Машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч  нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Н.Б, Н.Т  нарт холбогдох, 2135000970178 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Н.Б, Н.Т нарт холбогдох хэргийг анхан шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны  шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ. 

3. Шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт Сагил сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа

- Увс аймгийн Сагил сумын 4 дүгээр багт оршин суудаг,  хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.У-ыг Улаанбаатар хот уруу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад явсан мэт болгож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх хөнгөлөлт тусламжийн халамжийн сангаас 530.800 төгрөгийг Н.Уын замын зардал нэрээр  2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр  “сумын төвөөс гэр нь  хол байгаа хүмүүсийн халамжийн мөнгийг халамжийн байцаагч нэг удаа халамжийн тэмдэг дарж авдаг болсон” гэх тайлбар хэлж,  халамжийн байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурж Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс теллер Б.Дэлгэрмаагаар гаргуулан өөртөө авсан,

- хөгжлийн бэрхшээлтэй иргэн Н.У, М нарт халамжийн сангаас олгодог мөнгө болон тэднийг асардаг С.Г-д олгодог асаргааны мөнгийг өөртөө авахаар Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвийн захирал  Н.Т-тай үгсэн тохиролцож, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд С.Г болон түүний нөхөр Н.У, хүү У.М нарт халамжийн сангаас олгох асаргааны болон эмийн мөнгө, түлээ нүүрсний хөнгөлөлт зэрэг нийт 3.220.650 төгрөгийг хуурамч итгэмжлэл ашиглан Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс  гаргуулан авсан,

- 2019 оны 12 дугаар сард Сагил сумын 4 дүгээр багийн иргэн, хөгжлийн бэрхшээлтэй,  насанд хүрээгүй У.Мыг Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд яваагүй байхад түүнийг асран хамгаалагч С.Ггийн хамт  Улаанбаатар хот руу эмчилгээ, рашаан сувилалд явсан мэтээр Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын халамжийн сангийн олголт хариуцсан мэргэжилтэн А.Н-т танилцуулан, “С.Г, У.М нарын Улаанбаатар хот  уруу эмчилгээ, сувилалд явж ирсэн талаарх баримтуудыг ажлын өрөөндөө мартсан байна, удахгүй аваад ирнэ” гэх тайлбарыг хэлж, нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн систем дотоод сүлжээ болох Wais программд бүртгүүлэн баталгаажуулалт хийлгэж, улмаар хуурамч итгэмжлэл ашиглан 2019 оны 12 дугаар сард Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвөөс нийт 1.060.500 төгрөг гаргуулан авсан,

- шүүгдэгч Н.Т нь Төрийн банкны Увс аймаг дахь салбарын Сагил  тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа тус сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Б-тай бүлэглэн хохирогч С.Г, түүний нөхөр Н.У, хүү М нарт халамжийн сангаас олгох халамжийн мөнгийг авахаар үгсэн тохиролцож, С.Г нарын халамжийн мөнгийг банкнаас авч байх эрхийг тус банкны үйлчлэгч ажилтай Х.З-д олгосон хуурамч итгэмжлэл үйлдэж, уг итгэмжлэлийг тус сумын Засаг даргын Тамгын газрын нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байсан Х.Б /сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан/-өөр гэрчлүүлэн, улмаар итгэмжлэлийг ашиглан С.Г, Н.У, У.М нарын халамжийн мөнгө нийт 4.281.150 төгрөгийг Х.Заар дамжуулан банкнаас бэлнээр гаргуулан авч, Н.Б-тай хуваан авсан  үйл баримт тус тус хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох:

- хохирогч С.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний нөхөр Н.У нь 2018 оны 12 дугаар сарын эхээр даралт харвасан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл группэд байгаа. Мөн миний хүү У.М нь 2016 онд моринд өшиглүүлснээс болж толгойдоо хүнд гэмтэл авсан. Би нөхөр Н.У, хүү У.М нарыг өөрөө харж асардаг. Улмаар 2017 оны 02 дугаар сараас эхлэн миний хүү У.М нь группэд орж, сар бүр 140.000 төгрөгийн тэтгэмж авах болсон. Би өөрөө хүүгээ асардаг учраас Нийгмийн халамжийн сангаас асаргааны мөнгө гэж сар бүр 76.000 төгрөг авч байсан. Мөн 2018 оны 5 дугаар сараас эхлэн Нийгмийн халамжийн сангаас нөхөр Н.Уын асаргааны мөнгө гэж сар бүр 60.000 төгрөг авч байсан. Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газрын халамжийн байцаагч Н.Б нь миний нөхөр Н.У-ын асаргааны мөнгийг тогтоож өгөхдөө надад "Нөхрийн чинь асаргааны мөнгийг 5 сараар тогтоож өглөө. Чи 2018 оны 10 дугаар сарыг дуустал асаргааны мөнгө авна шүү" гэж хэлсэн. Би нөхрийнхөө асаргааны мөнгийг 2018 оны 10 дугаар сарыг дуустал авсан. 2018 оны 11 дүгээр сараас хойш эхлээд асаргааны мөнгө олгогдохгүй шүү гэж хэлсэн. Гэтэл 2020 оны 01 дүгээр сард манай сумын нэг хүн /хэн гэдгийг нь огт санахгүй байна/ надад танай нөхөр, хүүхдийн чинь асаргааны мөнгийг Сагил сумын Төрийн банкны манаачийн эхнэр нь аваад байх шиг байна" гэж хэлсэн. Тэгээд би Х.З руу утсаар ярьж “Та миний нөхөр, хүүхдийн асаргааны мөнгийг аваад байгаа юм уу гэж" асуухад Х.З “халамжийн байцаагч Б, Төрийн банкны эрхлэгч Т нар надад Гэрэлмаагийн гэр хол байгаа болохоор асаргааныхаа мөнгийг өөрөө ирж авах боломжгүй байна. Бид нар итгэмжлэл хийж өгнө. Чи Гэрэлмаагийн асаргааны мөнгийг аваад бид нарт өгөөд байгаарай. Бид нар цааш нь Гэрэлмаад дамжуулж өгнө” гэж хэлээд надад итгэмжлэл өгсөн. Би Б, Т нарын хэлсний дагуу чиний асаргааны мөнгийг аваад Б, Т нарт өгдөг байсан. Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр Увс аймгийн Сагил сумын Засаг даргын Тамгын газрын Халамжийн байцаагч Н.Бтай утсаар ярьж “Яагаад миний асаргааны мөнгийг өөр хүнээр авхуулаад, та нар өөрсдөө авч ашиглаад байсан юм бэ. Миний асаргааны мөнгийг өөрт маань өгч болоогүй юм уу. Би та нарт итгэмжлэл хийж өгөөгүй шүү дээ” гэж асуухад Н.Б Төрийн банкны эрхлэгч Т надаас “Чи Гэрэлмаагийн асаргааны мөнгө дээр итгэмжлэл хийгээд өгөөч. Би тэр мөнгийг нь аваад Гэрэлмаа руу явуулчихна" гэх гуйсан. Би энэ асуудалд хамааралгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь Сагил сумын Төрийн банкны эрхлэгч Ттай утсаар холбогдон ярихад Б өөрөө надаас Гэрэлмаагийн асаргааны мөнгийг гаргаад өгөөч, дэвтэр нь надад байгаа. Би өөрөө Гэрэлмаад өгөөд байна" гэж гуйгаад байсан учраас итгэмжлэлээр мөнгө гаргаж өгч байсан" гэж хэлсэн. Би 2020 оны 02 дугаар сараас эхлэн нөхөр Н.У, хүү У.М нарын асаргааны мөнгийг өөрөө авч эхэлсэн ” гэх мэдүүлэг /1дүгээр хх-ийн  16-27 дахь тал, 3 дугаар хх-ийн  206-208 дахь тал/,

- гэрч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сард тал цус харваж Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Би эмнэлэгт 2 сар орчим эмчилгээ хийлгэж 2018 оны 02 дугаар сард гэртээ ирсэн. Тухайн үед би хэвтэрт байсан тул миний эхнэр С.Г нь намайг харж, асардаг байсан. Би эмчийн заалтаар 2018 оны 02 дугаар сараас эхлэн групп тогтоолгосон. 2018 оны 5 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарыг дуустал Нийгмийн халамжийн сангаас миний асаргааны мөнгө гэж авч байсан. Гэтэл хүү бид хоёрын асаргааны мөнгийг Н.Б Н.Т нар үргэлжлүүлэн авч байсан талаар миний эхнэр С.Гд хүн хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн  28-30 дахь тал/

- гэрч Х.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ итгэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр манай сумын Төрийн банкны салбарын эрхлэгч Н.Т надад авч ирж өгсөн. Тэр хэлэхдээ энэ итгэмжлэлийг сумын Засаг даргын тамгын газарт халамжийн байцаагч ажилтай Н.Б эгч өглөө. Энэ С.Г гэх хүний гэр хөдөө байдаг юм байна. Тэр байнга орж ирж чадахгүй учраас чи энэ итгэмжлэлээр мөнгийг нь аваад Н.Бт өгч байх юм байна. Н.Б авч дансанд нь хийнэ гэсэн утгатай зүйлийг хэлээд сая үзүүлсэн итгэмжлэл болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр нэртэй С.Ггийн цээж зураггүй ногоон өнгийн хуучирсан маягийн, гадар нь халтардуу дэвтэр авч ирж өгсөн. Би тэр дэвтрээр сар бүрийн 20-ны өдрийг гаргаад мөнгө авдаг байсан. Тухайн үед авсан мөнгийг Н.Т болон Н.Б нарт өгч байсан. Н.Т нөгөө хүний мөнгө авсан уу Н.Б аваад ир гэж хэллээ гээд мөнгийг авдаг байсан. Тухайн үед Н.Бт өгснийг түүний нэрээр, харин Н.Тт өгснийг түүний гэрийн нэр болох Хараа гэх нэрээр нь тэмдэглэн бичиж өгч байсан. Итгэмжлэлийн ард балаар бичигдсэн тооцоо бол миний гараар бичигдсэн зүйл юм. Би уг итгэмжлэл, С.Г гэх хүний дэвтрээр мөнгийг авах болгонд итгэмжлэлийг сумын Төрийн банкны теллер хуулбарлан авч, дэвтэр дээр нь бичилт хийж өгч байсан. Би уг итгэмжлэлээр Ууганбаяр, Мөнх-Оргил гэх хүмүүсийн халамжийн мөнгийг 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл авч байсан. Тэр итгэмжлэлээр авсан мөнгөнөөс би ямар нэгэн байдлаар нэг ч төгрөг өөртөө хэрэглэхгүйгээр Н.Б, Н.Т нарт өгсөн. Би ямар нэгэн байдлаар уг итгэмжлэлийн дагуух мөнгийг өөрийнхөө болон хэн нэгэн хүний дансанд хийлгэж авч байгаагүй. Итгэмжлэлийг теллерт үзүүлж, хуулбарлуулсны дараа мөнгийг бэлнээр авдаг байсан.  

Н.Тын өгсөн С.Ггийн итгэмжлэлээр 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Бт 2.284.500 төгрөг, Н.Тт 2.228.650 төгрөг нийт 4.513.150 төгрөг авч өгсөн. Мөнгө орсон өдөр нь эсхүл маргааш нь орж ирээд С.Гд өгч явуулж байна, Н.Б аваад ир гэж байна, нөгөө хүний мөнгө явуулах гэж байна гэсэн тайлбарыг хэлээд авдаг байсан. Би тухайн үед мөнгө авсан өдрөө хүүхдүүдийнхээ хичээлийн балыг аваад мөнгө орж ирсэн тооны байдлыг бичээд хэн авсныг бичдэг байсан. Тэр хоёроор ямар нэгэн гарын үсэг зуруулж авдаггүй байсан. Би тухайн үед Н.Б, Н.Т нар нь ээлжлээд мөнгийг аваад байдаг байсан тул сэжигтэй санагдаад 2019 оны 12 сарын 19-ний өглөө Н.Б манай гэрээс мөнгө аваад явсны дараа гэрт байсан Өнөржаргал гэх эгчид надад байсан итгэмжлэлийг үзүүлээд Н.Т, Н.Б гэх 2 хүн энэ С.Г гэх хүний мөнгийг надаар итгэмжлэлээр авхуулаад байгаа. Та энэ С.Г гэх хүнийг танина биз дээ гэж хэлэхэд Өнөржаргал танина, нэг багийн хүмүүс гэж хэлэхээр нь би тэр хүнд хандан “Та С.Г гэх хүнд энэ талаар хэлээд мөнгө авч байгаа юу гээд асуугаад өг гэж" хэлээд явуулсан. Би Н.Тт ямар нэгэн байдлаар иргэний үнэмлэхээ өгч байсан удаа байхгүй. Х.Б итгэмжлэл хийхдээ 2 талын иргэний үнэмлэхийг хуулбарлан авч, гарын үсэг зуруулдаг юм байлаа. Тухайн үед ямар шалтгааны улмаас тэр шаардлага тавихгүйгээр итгэмжлэл хийснийг мэдэхгүй байна. Н.Т надад уг цаасыг авч ирээд өгөх үед нь миний нэр бичиж гарын үсэг зурсан байхыг хараагүй. Сүүлд миний нэрийг бичсэн байхаар нь харчхаад Н.Т зурсан байх гэж бодсон. Би Н.Б Н.Т нарт маш их гомдолтой байна. Миний нэрийг ашиглаж хүний мөнгө авч, миний нэр төрийг сумаар нэг гаргаж байгаад нь гомдож байна” гэх мэдүүлэг 1 дэх хх-ийн  31-38 дахь тал/,

- гэрч Б.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.З нь Төрийн банкны Увс аймгийн Сагил сум дахь салбарын үйлчлэгч ажилтай. Х.З нь 2019 онд иргэн С.Ггийн асаргааны мөнгийг Төрийн банкны манай салбараас авч байсан. Тухайн үед X Золжаргал нь С.Г би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү Мөнх-Оргилын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5-р багт оршин суух Хурцаа овогтой Золжаргалд итгэмжлэн олгож байна гэх итгэмжлэлээр гаргуулан авч байсан. Х.З надаас хэд хэдэн удаа дээрх итгэмжлэлээр мөнгө гаргуулан авч байсан. Х.З нь уг мөнгийг юунд ашигладаг, хэнд өгдөг байсан талаар би сайн мэдэхгүй байна. Мөн уг итгэмжлэлийг хуурамч болохыг мэдэхгүй байсан. Итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан байсан учраас би жинхэнэ итгэмжлэл гэж ойлгоод гүйлгээ хийдэг байсан..” гэх мэдүүлэг /1 дэх хх-ийн  52-24 дэх тал/

- гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.З нь Төрийн банкны Увс аймгийн Сагил сум дахь салбарын үйлчлэгч ажилтай. Х.З нь 2019 онд иргэн С.Ггийн асаргааны мөнгийг Төрийн банкны манай салбараас авч байсан. Тухайн үед Х.З нь С.Г би энэхүү итгэмжлэлийн дагуу хүү Мөнх-Оргилын асаргаа, замын зардал, нөхөр Н.Уын нөхцөлт мөнгөн тэтгэмж авах эрхийг Сагил сумын 5 дугаар багт оршин суух Хурцаа овогтой Золжаргалд итгэмжлэн олгож байна гэх итгэмжлэлээр гаргуулан авч байсан. Х.З надаас хэд хэдэн удаа дээрх итгэмжлэлээр мөнгө гаргуулан авч байсан. Х.З нь уг мөнгийг юунд ашигладаг, хэнд өгдөг байсан талаар би сайн мэдэхгүй байна. Мөн уг итгэмжлэлийг хуурамч болохыг мэдэхгүй байсан. Итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулсан байсан учраас би жинхэнэ итгэмжлэл гэж ойлгоод гүйлгээ хийдэг байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хх-ийн  55-57 дахь тал/,

- гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаа /нүүрэлдүүлэн байцаах/-д  өгсөн “..Би Х.Зын хэлснийг сонслоо. Х.З үнэн хэлж байна.Одоо бодоход Х.Зын үнэмлэхийг хуулбарлан авч, нотариат хийж байсан удаа байхгүй. Би Н.Тын гуйлтаар уг итгэмжлэлийг хийж өгч байсан. Н.Тыг С.Гтай нэг баг, багаас нь гарсан төлөөлөгч тул С.Гд тус болж байна гэж бодож хийж өгсөн “ гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 48 дугаар тал/,

- А.Нийн “2019 оны 7 дугаар сард манай байгууллагын мэргэжилтэн Н.Б Сагил сумаас аймгийн төвд ажил дээр ирсэн. Тэр Н.Ут олгох зардлын талаарх баримтыг авч ирж байсан. Тухайн үед Н.Ут олгох замын зардлын материалаас суугчийн талон буюу онгоцоор ниссэн талаарх баримт дутуу байсан. Тухайн үед Н.Бт дутуу баримтыг явуулаарай гэж хэлж байсан. Н.Быг манай байгууллагад олон жил ажиллаж байгаа, мөн ажилдаа сайн тул түүнд итгээд баталгаажуулалт хийж өгч байсан.

2019 оны 12 дугаар сард Н.Б нь С.Г-гийн замын зардал 335.000 төгрөг, У.Мын замын зардал 445.000 төгрөг, Н.Уын түлээ нүүрсний зардлын 140.000 төгрөгийн материалуудыг хагас дутуу материал авч ирж байсан. Тухайн үед Н.Б энэ хүмүүсийн мөнгийг баталгаажуулаад өгөөч, оны төгсгөл болох гэж байна. Би баримтыг гүйцээгээд материалыг явуулна гэж хэлээд бүртгэл хийлгэж, баталгаажуулаад, жагсаалт гаргаж авч байсан...Тухайн үед 2019 оны төгсгөл болж байсан, мөн материал нь дутуу байсан ба Н.Б удахгүй гүйцээгээд аваад ирнэ гэж хэлж байсан тул санд бүртгэн баталгаажуулж, жагсаалт гаргаж байсан. Би Н.Бт дээрх бүртгэлийг хийж өгснөөр тэндээс ямар нэгэн шан харамж, хувь авч байгаагүй. Би түүнд итгэж хийж өгч байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84-85дугаар тал/

- гэрч Н.Мөнхсоёлын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.У нь нийгмийн даатгалын сангаас халамж авч байгаа талаар мэдээлэл гарч ирж байсан. Харин У.М нь манай халамжаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргаа дэмжих мөнгөн тусламжийг авч байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хх-ийн 67-68 дахь тал/,

- гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Замын зардлын хүрээнд эмчилгээ, рашаан сувилалд явсан, ирсэн талаарх зам унааны баримт, эмнэлгийн байгууллагаас эмчилгээнд явж байгаа талаарх 13А маягт, эмчлэгч эмнэлэг болон рашаан, сувиллын байгууллагаас эмчилгээ хийлгэсэн талаарх 13Б маягт ирнэ. Мөн оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр, чадвар алдалтын комиссын шийдвэр зэрэг баримтууд байна. Түлээ нүүрсний зардлын хүрээнд үүссэн миний дээр ярьсан замын зардалтай адил дэс дарааллын хүрээнд үүснэ. Тухайн баримтын хүрээнд бүрдүүлэх баримтыг бүрдүүлж өгнө. Энэ зардалд санхүүгийн баримт шаардагдахгүй” гэх мэдүүлэг /1 дэх хх-ийн  97-99 дэх тал/,

- гэрч С.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Дээрх зардлын талаарх баримтыг Н.Б манай байгууллагын архивд 2019 онд хүлээлгэж өгөөгүй нөхцөл байдал тогтоогдсон. Сагил сумаас 2019 онд дээрх иргэдээс бусад иргэний замын зардал, түлээ нүүрсний мөнгө олгосон талаарх санхүүгийн материал манай байгууллагын архивд байсан. Албан бичгийн баримтыг бүрдүүлж байхдаа Н.Баас эдгээр хүнд халамж олгосон талаарх санхүүгийн анхан шатны баримт хаана байгаа талаар асуухад уг баримтуудыг олохгүй байна. Сумын болон өөрт байх архивын материалаас олдохгүй байгаа талаар тайлбарыг хэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хх-ийн 100-102 дахь тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх асуултаас сонсож байхад Н.Б-ын энэ үйлдэл нь тэр чигээрээ хууль зөрчсөн байна. Н.Б нь халамжийн мэргэжилтэн байж гэр нь хол байгаа хүний мөнгийг нэг удаа авах ёстой гэж мэргэжилтний тэмдэг дарж, мөнгө гаргуулан авч болохгүй. Манай байгууллагын зүгээс мэргэжилтэн нарт дээрх чиглэлийг өгч, гэр нь хол байгаа хүмүүсийг авч өг гэсэн удаа байхгүй. Хууль дүрэмд энэ үйлдэл байх ёсгүй. ...Би гэм буруутай этгээдээс дээрх 1.591.300 төгрөгийг манай байгууллагын Нийгмийн халамжийн 162000495157 тоот Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжийн дансанд буцаан төлүүлж авна. Дээрх мөнгө тухайн дансанд орсноор улсын төсөв буцааж төвлөрүүлэн татаад авчихдаг” гэх мэдүүлэг /3 дахь хх-ийн 199-205 дахь тал/,

- Криминалистикийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 21/39 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Итгэмжлэл дээрх цэнхэр өнгийн балаар бичигдсэн гар бичмэл нь төрийн банкны Увс аймаг дахь Салбарын Сагил сумын тооцооны төвийн эрхлэгч ажилтай Б.Таас гаргуулан авсан гэх бичгийн хэвийн чөлөөт, харьцангуй чөлөөт болон туршилтын загварын гар бичмэлтэй тохирч байна” гэх дүгнэлт /1 хх-ийн  104-109 дэх тал/,

- мөрдөгчөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нийгмийн халамж, үйлчилгээний нэгдсэн мэдээллийн сүлжээ болох Вайс гэх программд нэвтэрч үзлэг хийсэн тэмдэглэл /3 дахь хх-ийн 234-235 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Б, Н.Т  залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж  бүлэглэн үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 2.1-т тус тус зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Н.Б нь Увс аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт Сагил сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа хууль тогтоомжоор өөрт олгогдсон албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэрэг  залилан мэхлэх аргаар хэд хэдэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг авсан,

Н.Т нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд Төрийн банкны Увс салбарын Сагил тооцооны төвийн захирал гэх албан тушаалын байдлаа ашиглан Н.Бтай үйлдлээрээ нэгдэж, тус банкны үйлчлэгч Х.Зын нэр дээр хуурамч итгэмжлэл хийж, уг итгэмжлэлээ нотариатч Х.Бөөр гэрчлүүлэн уг итгэмжлэлийг ашиглан банкнаас хохирогч С.Гд олгох халамжийн мөнгийг авахад хамжиж хамтран оролцсон  болох нь нотлогдож тогтоогдсон, энэ талаар болон шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан залилах гэмт хэргийн “ албан тушаалын байдлаа ашиглаж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж дүгнэв.

5. Шүүгдэгч нар нь бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдэж,   хууль бусаар 4.281.150 төгрөг / хөрөнгө/ -ийн орлого олсон байх тул уг орлогыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулахаар  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.

6. Шүүгдэгч Н.Б, Н.Т нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Г-д 3.220.650 төгрөгийн, халамжийн санд 1.060.500 төгрөгийн  хохирол тус тус учирсан нь хэрэгт  авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг болон бичгийн баримтуудаар  нотлогдсон ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

7. Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүхэд “... торгох ялын хэмжээг багасгаж, торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Миний эзэмшлийн  тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэж,   

- шүүгдэгч Н.Т “шүүхээс оногдуулсан торгох ялын хэмжээг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус гаргасан байх бөгөөд уг гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

7.1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Н.Б, Н.Т нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэрэгт: “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн хохирол, хор уршигт нийтдээ 6.973.000 төгрөг нөхөн төлсөн нөхцөл байдал, шүүгдэгч нар бага насны олон хүүхдүүдтэй, шүүгдэгч Н.Т-ын хүү Э.Энхбилгүүн өвчний улмаас ээж Н.Тын байнгын асрамжид байдаг зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, торгох ялын хэмжээг арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван нэгэн сая төгрөгөөр тогтоосон нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцжээ. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б, Н.Т-т оногдуулсан торгох ялын хэмжээг багасгах хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын хэмжээг өөрчлөх боломжгүй байна.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-т “хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжлэх”-ээр хуульчилсан ба прокурор дээрх   заалтыг баримтлан яллагдагч Н.Бын эзэмшлийн 8764 улсын дугаартай, Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор битүүмжилсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн 8764 улсын дугаартай, Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн прокурорын 41 дүгээр тогтоолыг Н.Бын хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хугацаанд хэвээр хэрэглэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах  үндэслэлгүй  байна.

9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч нарын давж заалдсан гомдлыг  тус тус хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Т, Н.Б нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

         ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.ЖАМБАЛСҮРЭН